Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/70

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр,

улсын яллагч Б.Ундармаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч ********,

шүүгдэгч с нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундармаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ********д холбогдох ******** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: ********

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг эсэргүүцэх” 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч ******** нь согтуурсан үедээ 2025 оны 02 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө 04 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Мичид” баарны гадна орчинд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан дэд ахлагч ******** олон нийтийн газар хэв журам сахиулахтай холбоотой тавьсан шаардлагыг үл хэрэгсэн хэл амаар доромжилж, улмаар биед нь халдан нүд болон цээж хэсэг рүү гараараа тус бүр 1 удаа цохиж тархи доргилт, зүүн доод зовхинд цус хуралт буюу хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь:

1.Хохирогч ******** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2025 оны 02 дугаар сарын 20-ны шөнийн 22 цагаас 02 дугаар сарын 21-ний шөнийн 06 цаг хүртэл эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан юм. Шөнийн 04 цагийн үед Есөнбулаг сум Оргил багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мичид баар хааж байх үеэр зодоон цохион болохоос урьдчилан сэргийлж хяналт шалгалтаар явж байхад Мичид баарнаас гарч ирсэн бололтой нэг залуу гудамжинд орилж чарлаж байхаар нь тухайн олон нийтийн газар орилж чарлаж бусдын амгалан тайван байдал алдуулаад байгаа залуу дээр ахлагч ********, дэд ахлагч ********, олон нийтийн цагдаа ******** нарын хамт очоод тухайн орилж чарлаад байгаа залууд гэртээ харьж амрах, олон нийтийн газар бусдын амгалан тайван байдал алдагдуулахгүй байх талаар сануулаад явсан. Шөнийн 04 цагийн өнгөрөөгөөд баар, караоке хаасан эсэхийг шалгаад төрийн банкны урд талын засмалаар өгсөөд Мичид баарны баруун талын замаар явж байхад нөгөө гудамжинд орилж чарлаад байсан залуу Мичид баарны зогсоол дээр зогсож байсан приүс-30 маркийн тээврийн хэрэгслийн хажуу талд хүнтэй маргалдаж байхаар нь ахлагч ********, дэд ахпагч ********, ******** нар очоод тухайн залууг дэд ахлагч ******** шалгахад ******** гэх хүн байсан. Тухайн залууг тайвшраад гудамжинд орилж чарлахгүй тайван байх талаар би удаа дараа сануулахад ******** гэх залуу тавьсан шаардлага биелүүлэхгүй Мичид баарны зогсоол дээр байсан машинуудыг өшиглөөд байсан. ********-г би албаны машинд суулгаад цагдаагийн газар руу авч явах гэхэд миний нүүр хэсэг рүү цохиж аваад, “...би мөнгөтэй хүн надаас хэдэн төгрөг авах юм бэ...” гэх зэргээр хэл амаар доромжилсон. ********-йг саатуулах байранд авчраад драгер үлээлгэхэд 1,38%-н согтолтой байсан... ******** миний зүүн нүд хэсэг рүү гараараа 1 удаа, цээж хэсэг рүү 1 удаа гараа цохиж авсан... Ахлагч ********, дэд ахлагч ********, ОНЦагдаа ******** нарын биед халдаагүй... Биеийн зүүн нүдний доод хэсгээр хөхөрч хавдсан.Тиймээ би албан үүргээ гүйцэтгэж байхдаа бусдад хэл амаар доромжлуулсан мөн миний биед халдсан тул гомдолтой байна...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/

2.Гэрч ******** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2025 оны 02 дугаар сарын 20-ны шөнийн 22 цагаас 02 дугаар сарын 21-ний шөнийн 06 цаг хүртэл эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан юм. Шөнийн 04 цагийн үед Есөнбулаг сум Оргил багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, гэмт хэрэг, зөрчил ихээр гардаг Мичид баарны баруун талын замаар хяналт шалгалтаар явж байхад Мичид баарнаас гарч ирсэн нэг залуу гудамжинд орилж чарлаж байхаар нь болих талаар сануулаад явсан... Шөнийн 04 цагийн өнгөрөөгөөд баар, караоке хаасан эсэхийг шалгаад төрийн банкны урд талын засмалаар өгсөөд Мичид баарны баруун талын замаар явж байхад нөгөө гудамжинд орилж чарлаад байсан залуу Мичид баарны зогсоол дээр зогсож байсан приүс-30 маркийн тээврийн хэрэгслийн хажуу талд нэг залуутай маргалдаж байсан... Ахлагч ********, дэд ахлагч ********, ******** нар очоод тухайн залууг би төхөөрөмж дээр шалгахад ******** гэдэг хүн байсан. Гудамжинд орилж чарлахгүй тайван байх талаар дэд ахлагч ******** удаа дараа сануулахад ******** гэх залуу тавьсан шаардлага биелүүлэхгүй Мичид баарны зогсоол дээр байсан машинуудыг өшиглөж эхлэсэн. Дэд ахлагч ******** нь ********г би албаны машинд суулгаад цагдаагийн газар руу авч явах гэхэд ******** дэд ахлагч ******** нүүр хэсэг рүү цохиж аваад, “...би мөнгөтэй хүн надаас хэдэн төгрөг авах юм бэ та нар надаас мөнгө авах уу гуйлгачин...” гэх зэргээр хэл амаар доромжилсон... ******** нь дэд ахлагч ******** зүүн нүд хэсэг рүү гараараа 1 удаа, цээж хэсэг рүү 1 удаа гараа цохиж авсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/

3.Гэрч ******** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...******** нь дэд ахлагч ******** зүүн нүд хэсэг рүү гараараа 1 удаа, цээж хэсэг рүү 1 удаа гараа цохиж авсан... ” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/

4.Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч  эмч,  цагдаагийн  ахмад ******** 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гаргасан “1. ******** биед тархи доргилт /эмнэлгийн бичиг баримтад: КТГ-д тархилаг эдийн нягтрал жигд бус гэснийг үндэслэсэн/, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх 96 дугаартай дүгнэлт. /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/

5.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх эргүүлийн томилгоо./хавтаст хэргийн 22 дугаар хуудас/

6.Яллагдагч ******** Драгер үлээлгэсэн тэмдэглэл. /хавтаст хэргийн 02 дугаар хуудас/,

7.Хохирогч ******** дансанд 3,000,000 төгрөг шилжүүлсэн талаарх баримт /хавтаст хэргийн 02 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг эсэргүүцэх” 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч ******** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч хэргийн материалтай танилцаад “...санал хүсэлт байхгүй...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 85 дугаар хуудас/-г гаргасан, шүүгдэгч хохирогчид 3,000,000(гурван сая) төгрөгийн хохирол төлсөн нь мөнгөн шилжүүлгийн гүйлгээний баримтаар /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/-аар тус тус тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.    

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 3,150(гарван мянга нэг зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,150,000 (гурван сая нэг зуун тавь мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700(хоёр мянга долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр хугацаа тогтоож шүүх шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч хохиролд 3,000,000(гурав сая) төгрөг төлсөн, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх, Эрүүлийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар 2700(хоёр мянга долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** оногдуулсан торгох ялуудыг нэмж нийт эдлэх ялыг 3150(гурван мянга нэг зуун тавь) нэгжтэй тэнжэх хэмжээний буюу 3,150,000(гурван сая нэг зуун тавь мянга) төгрөгөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** оногдуулсан торгох ялыг 1(нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялыг 15(арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1(нэг) хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч ******** сануулсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч хохиролд 3,000,000(гурван сая) төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА