Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/77

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ундармаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч ********,

Шүүгдэгч ******** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: *******

Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч ******** нь согтуурсан үедээ 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 12 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарлаг” худалдааны төвд дуудлагаар очин эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан цагдаагийн ахлагч ******** тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж “түй май, чамд хамаагүй” гэх зэргээр тэднийг хэл амаар доромжилж, ******** толгой хэсэгт 2 удаа, нүүр хэсэгт 1 удаа мөргөж, түүний энгэрийн камерыг газарт унагаан гэмтээж хүч хэрэглэн эсэргүүцсэн тул гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч ******** нь согтуурсан үедээ 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 12 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарлаг” худалдааны төвд дуудлагаар очин эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан цагдаагийн ахлагч ******** тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж “түй май, чамд хамаагүй” гэх зэргээр тэднийг хэл амаар доромжилж, ******** толгой хэсэгт 2 удаа, нүүр хэсэгт 1 удаа мөргөж, түүний энгэрийн камерыг газарт унагаан гэмтээж хүч хэрэглэн эсэргүүцсэн үйл баримтууд тус тус тогтоогдож байна.

Дээрх үйл баримтууд нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч ******** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг,

-Хохирогч ********  2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр би цагдаа жолоочоор жижүүрийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байсан чинь 11 цаг 40 минутын үед 7048102 тусгай дугаарт дуудлага ирээд зөрчлийн хэрэг бүртгэгчээр жижүүрт гарч байсан ******** хамт Нарлаг худалдааны төв дээр агсан согтуу тавиад манай нөхөр намайг зодох гээд байна гэсэн дуудлагын дагуу Нарлаг худалдааны төв дээр очсон чинь дэлгүүр дотор нэг танихгүй залуу байсан. Тухайн үед дэлгүүрийн худалдагч бид нарыг ална гэж заналхийлээд агсам тавиад эхнэрээ зодох гээд ажил хийхэд хүндрэлтэй байна. Лангуун дээр байсан сүүг хутгаар бүлээд цоолсон гэж хэлсэн. Тухайн иргэнийг өөрийн гаргаж байгаа үйлдлээ зогсоогоод дэлгүүрээс гараад цагдаагийн эрүүлжүүлэх саатуулах байранд аваачиж драгер үлээлгэхээр шаардлага тавьсан чинь гар утсаа оролдоод та хоёр байж бай гэж хэлээд зогсоод байхаар нь би та дэлгүүрээс гарна уу гэсэн чинь цагдаагийн дэд ахлагч ******** гар утсыг цохиж газарт унагаад салаавч гаргаад надыг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд дэлгүүрээс авч гараад машинд суулгаад эрүүлжүүлэх саатуулах байр луу авч явж байсан чинь гараараа хоёр удаа миний толгой хэсэгт цохиод эрүүлжүүлэх байрны гадаа нүүр хэсэгт мөргөөд энгэрийн камер татаж унгаасан. Тэгээд эрүүлжүүлэх байранд оруулаад драгер үлээлгээд эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэж өгсөн. Тухайн үед ******** гэх хүн дэлгүүрт агсам тавиад байна гэсэн дуудлагаар очиход ******** нь хууль ёсны шаардлага эсэргүүцэж хэл амаар доромжлоод 2 удаа толгой хэсэгт нэг удаа нүүр хэсэгт мөргөөд энгэрийн камер унагаж эвдэлсэн. Тухайн энгэрийн камерыг 2025 оны 01 дүгээр сард Улаанбаатар хотоос 250,000 төгрөгөөр хувиараа худалдаж аваад албандаа ашиглаж байсан. Албаны эд хөрөнгөд бүртгүүлээгүй. Би дэлгүүрт агсам тавиад байна гэсэн дуудлагаар очоод тухайн иргэнд гаргаж байгаа үйлдлээ болиод цагдаагийн газарт очиж драгер үлээгээд согтолтын зэргээ тогтоолгох талаар хууль ёсны шаардлага тавьсан. Хуулийн дагуу шалгаж шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дугаар хуудас/,

-Гэрч ******** 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр зөрчлийн хэрэг бүртгэгчээр жижүүрийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байсан чинь 11 цаг 40 минутын үед 7048102 тусгай дугаарт дуудлага ирээд цагдаа жолооч ахлагч ******** хамт Нарлаг худалдааны төв дээр очиход манай нөхөр намайг зодох гээд ажил хийхэд хүндрэлтэй байна. Лангуун дээр байсан сүүг хутгаар бүлээд цоолоод хаячихсан гэж хэлсэн. Тэгээд ахлагч ******** бид хоёр шаардлага тавиад дэлгүүрээс гаргах гэсэн чинь та хоёр байж бай гэж хэлээд дэлгүүр дотор хаалган дээр зогсоод байхаар нь та дэлгүүрээс гараад эрүүлжүүлэх саатуулах байранд очоод драгер үлээх шаардлагатай байна гэж хэлсэн. Тэгсэн чинь та хоёр байж бай гэж хэлээд дэлгүүрийн үүдэн дээр зогсоод байсан. Тэгээд ахлагч ******** авч гарах гэсэн боловч хэл амаар доромжлоод миний бичлэг хийж байсан гар утсыг гараараа цохиж унгаагаад над руу салаавч гаргаад ******** цохиж авах гээд хэл амаар доромжлоод байсан. Нарлаг худалдааны төвөөс гаргаад машинд суулгаад явж байтал жолооч ******** толгой хэсэгт 2 удаа цохисон. эрүүлжүүлэх саатуулах байрны гадаа очоод машинаас буулгаад оруулах гэсэн чинь орохгүй ******** нүүр хэсэгт мөргөөд энгэрийн камерыг газарт унагаасан. Тэгээд эрүүлжүүлэх байр луу оруулаад драгер үлээлгээд эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгсөн. ******** нь “түй май, чамд хамаагүй” гэх зэргээр намайг хэл амаар доромжлоод над руу салаавч гаргасан. Миний утас руу цохиж газар унагаасан боловч утас эвдрээгүй, хэвийн ажиллагаатай байгаа тул үнэлгээ гаргах шаардлагагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар хуудас/,

-Цагдаагийн дэд ахлагч ******** зүүж байсан энгэрийн камерын бичлэг “CD” 1 ширхэг,

-Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ******** 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “...******** биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх 88 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/

- “Ашид билгүүн” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №ТХҮ-921/56 дугаартай “...хөх өнгийн энгэрийн камерийн бодит үнэ цэнийг 250,000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-35 дугаар хуудас/

- Хохирогч ******** гаргаж өгсөн энгэрийн камерт үзлэг хийсэн  тэмдэглэл /хх-ийн 3-4 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх” гэмт хэргийн шинжийг хангасан, шүүгдэгчийн үйлдэл болон хохирогчид учирсан хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хууль сахиулагч гэж цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно гэж хуульчилсан.

Дээрхи нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч ******** нь 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 12 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарлаг” худалдааны төвд дуудлагаар очин эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан цагдаагийн ахлагч ******** албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцэн хэл амаар доромжилж “тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж “түй май, чамд хамаагүй” гэх зэргээр тэднийг хэл амаар доромжилж, ******** толгой хэсэгт 2 удаа, нүүр хэсэгт 1 удаа мөргөж, түүний энгэрийн камерыг газарт унагаан гэмтээж хүч хэрэглэн” эсэргүүцсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хууль сахиулагчийг эсэргүүцэх...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүйгээр үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд санаатай гэмт хэргийн тухайд гэм буруутай этгээд нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр атлаа хүсч хийсэн, эсхүл тэр хор уршигт зориуд хүргэсэн байдгаараа дээрх гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээс ялгагддаг.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “...Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно...” гэж заасны дагуу шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хууль сахиулагчийг эсэргүүцэх...” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирлын тухайд:

Гэмт хэргийн улмаас хохирогч ******** энгэрийн камерт учирсан хохирол 250,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч ********  бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж Хууль сахиулагчийг эсэргүүцэх...” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч ******** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч ******** танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг гаргасан бөгөөд шүүгдэгчийн зүгээс өөрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар ямар нэгэн саналыг гаргаагүй.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, сэдэлт, санаа зорилго, нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон хохирол төлбөргүй байдал, улсын яллагчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж шийдвэрлэлээ. 

Бусад асуудлаар:

Хэргийн хамт ирүүлсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 4-т зааснаар шүүгдэгч ******** тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч ******** оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавих үүргийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хэргийн хамт ирүүлсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ******** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ОДБАЯР