Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 324

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга  Г. Гантогтох,

улсын яллагч  О.Багшбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч  Ц.Мандал ҮД:14-94, 

шүүгдэгч Т.Отгонцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Улаанбаатар хотод 1989 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эцэг, эх, дүү, 3 хүүхдийн хамт  Баянзүрх  дүүргийн 22 дугаар хороо, 29-р гудамжны 493 тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлийн хувьд: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байсан,  бие эрүүл, ухаан санаа  бүрэн  Боржигон овогт Төмөрхүүгийн Отгонцэцэгт /РД:89062620 /

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 2501 2353 дугаартай 105/2017/0334/Э индекстэй хэргийг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Отгонцэцэг нь шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар 2016 оны 04 дүгээр сарын 28-нй өдөр Сүхбаатар дүүргийн 05 дугаар Улаанбаатар их дэлгүүрийн автобусны буудал орчим автобусанд иргэн Д.Болдбаатарын энгэрийн халааснаас 250.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung Galaху S4” маркийн гар утсыг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Мөн давтан үйлдлээр Т.Отгонцэцэг, яллагдагч Б.Оюунтуяа нар нь бүлэглэн шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Сандэй” худалдааны төвийн урд байрлах гутлын лангуун /павилон/ дотор иргэн Г.Анугийн цүнхэн дотор байсан 190.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг-Галакси-Эс-5” маркийн гар утас, түрүүвчинд бэлэн байсан 296.000 төгрөг, иргэний үнэмлэх зэрэг нийт 486.000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгг,

Дээрх хэрэгт шалгагдаж байхдаа давтан үйлдлээр, яллагдагч Д.Амгалантай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хар хорин” худалдааны төвд иргэн Ц.Сарантуяагийн 600.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг-Галакси-Нөт-Эджи” гар утсыг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Отгонцэцэг мэдүүлэхдээ: Хохирогч Болдбаатарын тухайд тухайн үед аав маань хэвтэрт байсан учраас мөнгөний хэрэг гараад авсан. Хохирогч Анугийн талаар тэрийг Оюунтуяа гэх найзтайгаа явж байгаа авчихсан. Амгалан гэх эгчтэй таараад явж намайг халаасанд нь утас байна очоод авчих гэж хэлсэн тэгээд би очоод авсан гэв.

Талуудын хүсэлтээр  хавтас  хэргээс:

      Мөрдөн байцаалтанд хохирогч Д.Болдбаатарын: ... Би 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 18 цагийн орчим ТБД Андуудын урд талын автобусны буудлаас автобусанд суугаад Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Улаанбаатар” их дэлгүүр өнгөрөөд автобусны буудал хүрэх хооронд пиджакны энгэрийн халааснаас гар утсаа хулгайд алдсан. Тэгээд 102 луу мэдэгдээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр очсон. ... 2016 оны 06 дугаар  сарын 05ны өдөр  манай  эхнэрийн  гар  утсан  дээр  цагдаагаас  мессеж  ирээд  та  утсаа  алдсан  хүн  мөн үү?  Ирж  уулзаарай  гэсэн  тэгээд  би  цагдаагийн  газар  ирж  байна гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 109-110-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Л.Эрдэнэсүрэнгийн : ... Би 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Улаанбаатар” дэлгүүрийн орчим автобусанд сууж явсан иргэн Д.Болдбаатар пиджакны энгэрийн халааснаас “Самсунг-Галакси-Эс-4” маркийн гар утсаа алдсан хэрэг дээр биечлэн сурвалжлага хийж ажиллахдаа Т.Отгонцэцэгийг сэжиглэж эрэн сурвалжилж ажилласан. Т.Отгонцэцэг манай хэлтсийн сэжигтний бүртгэлд 2016 оны 04 дүгээр сард авагдсан этгээд байгаа юм. гэх мэдүүлэг /хх-ийн 111-р тал/

Мөрдөн байцаалтанд хохирогч Г.Анугийн: ...2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 14-р хороо “Сандэй” худалдааны төвийн урд байрлах гутал худалдаалдаг павилонуудаар гутал үзэж яваад туфель гэсэн бичигтэй павилон руу ороод барьж явсан цүнхтэй эд зүйлсээ лангуун дээр тавьчихаад гутал өмсөж үзчихээд эргээд харсан чинь миний барьж явсан цүнхний цахилгааныг онгойлгоод дотор нь байсан түрүүвчтэй утас мөнгө авчихсан байсан. Тэгээд би дэлгүүрийн эгчээс камер байгаа эсэхийг асуусан байхгүй цаана чинь цагдаа байна мэдэгдчих гэхээр нь цагдаад мэдэгдсэн. Тухайн үед цагдаа 1 эмэгтэйтэй юм яриад зогсож байхаар нь лангуу руу буцаад гараад ирсэн нөгөө цагдаа юм яриад зогсож байсан эмэгтэйгээс миний түрүүвч гар утсыг авч өгсөн. Би зүүн талдаа гутлын тавиур дээр тавьсан  байсан. Би гутал сонирхож байсан болохоор хэн авсныг сайн хараагүй. Ямар ч байсан цагдаатай юм яриад зогсож байсан  Би алдагдсан эдзүйлээ буцаагаад авчихсан.  Ямар нэгэн  хохирол байхгүй  болохоор  гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг / 1-хх-ийн 14-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч О.Одцэцэгийн:…Тэр өдөр 17 цагийн үед “Сандэй “худалдааны төвийн гадна нөхөртэйгээ уулзах гэж явж байгаад найз Оюунтуяа, Отгонцэцэг нартай тааралдсан. Ингээд тэр хоёртой тааралдаад юм яриад зогсож байсан Отгонцэцэг найз нь гутал авах гэж байгаа хамт гутал үзье гээд “Сандэй” худалдааны төвийн урд талын гутлын жижиг лангуу руу орсон. Тэр лангуу нилээн хүнтэй байх шиг байсан. Ингээд Отгонцэцэг бид 2 гутал үзээд зогсож байсан Отгонцэцэг, Оюунтуяа хоёр гарчихсан үүдэнд цагдаатай юм яриад зогсож байсан.гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 15-р  тал /

Мөрдөн байцаалтанд гэрч А.Мөнх-Эрдэнийн:…Тэр өдөр би 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Сандэй” худалдааны төвийн ойр орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж явж байх хугацаанд иргэн Г.Ануг гэгч нь 290.000 төгрөг гар утастайгаа хулгайд алдлаа гэж таарсан. Тэгэхээр нь тэр хавьд байсан хулгайн гэмт хэрэг үйлдэж болзошгүй Отгонцэцэг, Оюунтуяа нарыг шалгахад Отгонцэцэг куртик нь  дотроос нь хохирогчийн гар утас болон хэтэвчтэй 290.000 төгрөг гарч ирсэн. Ингээд цагдаагийн хэсэг рүү авч явж шалгасан.”Нарантуул” зах дээгүүр хулгай хийж болзошгүй байдалтай удаа дараа таарч байсан. Халаасны хулгай хийж болзошгүй этгээдийн судалгаанд хамрагдсан хүмүүс. Өмсөж явсан цайвар өнгийн цамцан дотроо ороочихсон байсан. Хохирогч гэх эмэгтэй лангуун дотроос эд зүйлээ алдчихлаа гэж хэлэхээр нь Оюунтуяа, Отгонцэцэг хоёрыг  хойшоо явж байхыг нь хараад араас нь очоод саяны утас түрүүвч хоёрыг гаргаад ир гэсэн чинь эхлээд бид  хоёр  аваагүй гэхээр нь куртикийг нь үзэхэд дотор нь боолттой байсан. Ингээд “Сандэй” худалдааны төвийн урд талын авто машины зогсоол руу дагуулж ороод хохирогчийг нь дуудаад энэ таны утас түрүүвч мөн үү гэсэн чинь мөн байна гэж хэлэхээр нь цагдаагийн хэсэг рүү дагуулж явсан. Лангууны ойролцоо явж байхыг нь хараад тэр  хоёр  авсан байж магадгүй гээд дуудсан. Тэр  хоёр  хамтдаа явж байсан. Сүүлд биед нь нэгжлэг хийгээд Отгонцэцэгийн биеэс гарч ирэх үед Отгонцэцэг би авчихсан юм аа гэж хэлж байсан. Харин хэсэг дээр ирээд тэр  хоёр  бие бие рүүгээ чихээд байсан.гэх мэдүүлэг /1-рхх-ийн 19-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Болормаагийн:..Тэр өдөр 18 цагийн үед гутлын дэлгүүрт гутлаа зараад байж байсан чинь гаднаас том цүнхтэй хохирогч гэх эмэгтэй орж гутал сонирхоод 2 гутал авахаар болоод надад мөнгөө өгөх гээд цүнхээ ухсан чинь түрүүвч нь байхгүй болчихлоо гэхээр нь үүдэнд цагдаа байна мэдэгд гэсэн чинь нөгөө охин цагдаад очиж мэдэгдсэн.гэх мэдүүлэг /1-рхх-ийн 16-р тал/

Мөрдөн байцаалтанд хохирогч Ц.Сарантуяагийн:..2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг 25 минутын орчим Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ Хархорин”худалдааны төвийн 1 давхарын урд талын хаалгаар орох үедээ халаасандаа хийсэн байсан гар утсаа хулгайд алдаад, алдсандаа мэдээд буцаагаад хүний утаснаас залгахад эрэгтэй хүн аваад гучин хоёрын автобусны буудал дээр гараад ир гэхээр нь битгий миний утсыг салгаарай гээд гарч очоод дахиад залгахад холбогдох боломжгүй болчихоор нь “Хар хорин” худалдааны төв рүү камерийг нь шүүж үзэхэд миний араас орсон эмэгтэй хулгай хийгээд хойно байсан эмэгтэйд өгч байгаа бичлэг байсан. Ингээд цагдаад хандсан. Би гар утсаа 2016 оны 02 дугаар сард нөхөр М.Эрхэмбаярт 1.300.000 төгрөгөөр авч байсан гэсэн. Эдэлж хэрэглэсэн гээд 700.000 төгрөгөөр үнэлж байна.гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 227-228-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Н.Алтансувдын:...2016 оны намар хүүхэд хичээл орох гэж байх үед миний хүүхэд хатгаа аваад Эх нялхасын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Тэр үед хамт хүүхдээ хараад Отгонцэцэг гэж эмэгтэй хэвтэж байсан. Тэгээд хамт нэг өрөөнд байсан учир бие биенээ таньдаг болсон. 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шиг санаж байна, орой хүүхдээ аваад баруун дөрвөн зам орох гээд явж байхад өмнө хамт эмнэлэгт байсан найз Отгонцэцэг залгасан. Ойр яриагүй байсан сонин сайхан юу байна, хүүхдүүд нь сайн уу хаана байна гэж асуухаар нь би дөрвөн зам дээр явж байна гэдгийг хэлсэн. Тэр үед Отгонцэцэг өө би ойрхон явж байна найз нь чамд нэг юм өгөөд явуулчихъя тэгээд маргааш авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу бэ, хүнд юм уу гэж асуухад Отгонцэцэг наад буудал дээрээ байж бай яг одоо очлоо гэж хэлээд утсаа салгасан. Би дөрвөн замын буудал дээр Отгонцэцэгийг хүлээсэн удалгүй Отгонцэцэг ирсэн. Тэгээд надад хар өнгөтэй дэлгэц нь хагарсан “Самсунг” маркийн гар утсыг ярьж байгаад авъя хүнд нь өгөх гэж байгаа юмаа гэж хэлсэн. Би гар утсыг аваад маргааш энэ хавиар явахдаа чамтай утсаар яръя гэж хэлсэн..Тэгээд би хороололын дэлгүүрээр явж байтал Отгонцэцэг утсаар яриад намайг хаана байгаа юм бэ гэж асуусан. Тэгэхээр нь би хороололд байна гэж хэлсэн.Тэр үед Отгонцэцэг нөгөө гар утсаа хүнд өгөх гэж байна хаанаас очиж авах бэ хаана уулзах уу гэж асуусан. Би хүүхдээ авах цаг болсон хороололд байж байя гэж хэлсэн. “Минж плаза” дэлгүүрийн орчим Отгонцэцэгтэй уулзсан. Ойр зуурын юм яриад хүүхэд шуухадыг нь асуугаад би гар утсыг нь өгөөд эргээд уулзъя гэж хэлээд яваад өгсөн. гэх мэдүүлэг /хх-ийн 245-р тал/

  1. Эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 108, 216-р тал/,
  2. Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6-р тал/
  3. Эд зүйл хүлээлгэн өгсөн баримт /1-р хх-ийн 7,107-р тал/ зэрэг  нотлох баримтуудыг  шинжлэн  судлав.

Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Хэрэгт цугларсан  бичгийн нотлох  баримтуудаас дүгнэхэд  Т.Отгонцэцэг нь  3  удаа буюу  давтан  үйлдлээр  бусдын  эд зүйлийг  хулгайлан авсан байна.

Иймд Т.Отгонцэцэгийг  шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар 2016 оны 04 дүгээр сарын 28-нй өдөр Сүхбаатар дүүргийн 05 дугаар Улаанбаатар их дэлгүүрийн автобусны буудал орчим автобусанд иргэн Д.Болдбаатарын энгэрийн халааснаас 250.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung Galaху S4” маркийн гар утсыг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

Мөн давтан үйлдлээр Т.Отгонцэцэг, яллагдагч Б.Оюунтуяа нар нь бүлэглэн шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Сандэй” худалдааны төвийн урд байрлах гутлын лангуун /павилон/ дотор иргэн Г.Анугийн цүнхэн дотор байсан 190.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг-Галакси-Эс-5” маркийн гар утас, түрүүвчинд бэлэн байсан 296.000 төгрөг, иргэний үнэмлэх зэрэг нийт 486.000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

Дээрх хэрэгт шалгагдаж байхдаа давтан үйлдлээр, яллагдагч Д.Амгалантай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хар хорин” худалдааны төвд иргэн Ц.Сарантуяагийн 600.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг-Галакси-Нөт-Эджи” гар утсыг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь талуудын хүсэлтээр  шинжлэн  судалсан  хэрэгт авагдсан хохирогчын мэдүүлэг болон бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Т.Отгонцэцэгийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т.Отгонцэцэг  нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байсан нь түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр нотлогдож байна  /хх-н 78-81, 225-р тал/

Шүүгдэгч Т.Отгонцэцэг нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна.

Шүүгдэгч  Т.Отгонцэцэг нь 02-14  насны  буюу бага  насны хүүхдүүдтэйгээ амьдардаг болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээгээр зэргээр тогтоогдож байна./ хх-н 9-11-р тал/

Харин Т.Отгонцэцэг нь өрх толгойлон амьдардаг болохоо нотолсон  баримт  хэрэгт авагдаагүй байна.

          Шүүгдэгч Т.Отгонцэцэг нь өөрийн гэсэн тодорхой хөрөнгө, орлогогүй тул тэдэнд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж шүүх  үзлээ.                                    

            Шүүгдэгч Т.Отгонцэцэг нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-т зааснаар,  анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55 дугаар зүйлийн 55.1.3-т зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж гэм хорыг арилгасан, 55 дугаар зүйлийн 55.1.9-т зааснаар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг  харгалзан ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэн үзэж  оногдуулсан  хорих ялыг  биеэчлэн  эдлүүлэх  шаардлагагүй гэж    үзлээ.

            Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Боржигон овогт Төмөрхүүгийн Отгонцэцэгийг  давтан  үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар Төмөрхүүгийн Отгонцэцэгийг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял  хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Т.Отгонцэцэгт  2 /хоёр/ жил 6  /зургаан/ сарын хугацаагаар  оногдуулсан  хорих ялыг жирийн  дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Т.Отгонцэцэг нь хэргийн улмаас  цагдан  хоригдсон  хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т  зааснаар Т.Отгонцэцэгт оногдуулсан  2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар  хорих ялыг  тэнсэж  2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж хянан харгалзсан  хугацаанд хяналт  тавихыг  Баянзүрх дүүргийн  цагдаагийн хэлтэст даалгасугай .

           

            6.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Отгонцэцэгт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр  үргэлжлүүлсүгэй.

7.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Отгонцэцэгт авсан бусдын  батлан даалтанд  өгөх  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

  

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.АЛТАНЦЭЦЭГ