Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 63

 

МАГАДЛАЛ

 

2019.01.04                                                 Дугаар 63                                    Улаанбаатар хот

 

 

 

 

С.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/02245 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э.Э, З.З нарт холбогдох,

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 28 350 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.Т,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Б,

Хариуцагч нарын өмгөөлөгч: Д.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Э.Э, З.З нараас их хэмжээний мөнгийг өдрийн 10 хувийн хүүтэй зээлж аван, буцаан төлсөн юм. Э.Э, З.З нар зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байхад өндөр хэмжээний зээлийн хүү тооцож, надаас авсан нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Э.Э-ээс 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 10 000 000 төгрөгийн зээл авч, 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 11 000 000 төгрөгийг буцаан төлсөн тул      1 000 000 төгрөгийг, 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 5 000 000 төгрөгийн зээл авч, тухайн өдрөө 5 250 000 төгрөгийг буцаан төлсөн тул 250 000 төгрөгийг, 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 20 000 000 төгрөгийн зээл авч, 21 000 000 төгрөгийг буцаан төлсөн тул 1 000 000 төгрөгийг, 2014 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 10 000 000 төгрөгийн зээл авч, 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 11 000 000 төгрөгийг буцаан төлсөн тул 1 000 000 төгрөгийг, нийт 3 250 000 төгрөгийн зээлийн хүүг Э.Э надаас үндэслэлгүйгээр авсан тул гаргуулж өгнө үү.

З.З-аас 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 20 000 000 төгрөгийн зээл авч, тухайн өдрөө 21 000 000 төгрөгийг буцаан төлсөн тул 1 000 000 төгрөгийг, 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 10 000 000 төгрөгийн зээл авч, 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 10 300 000 төгрөгийг буцаан төлсөн тул 300 000 төгрөгийг, 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 10 000 000 төгрөгийн зээл авч, тухайн өдрөө 10 300 000 төгрөгийг буцаан төлсөн тул 300 000 төгрөгийг, 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 13 000 000 төгрөгийн зээл авч, тухайн өдрөө 13 400 000 төгрөгийг буцаан төлсөн тул 400 000 төгрөгийг, 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 10 000 000 төгрөгийн зээл авч, тухайн өдрөө 10 300 000 төгрөгийг буцаан төлсөн тул 300 000 төгрөгийг, 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр       15 000 000 төгрөгийн зээл авч, 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 15 600 000 төгрөгийг буцаан төлсөн тул 600 000 төгрөгийг, 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 11 300 000 төгрөгийн зээл авч, 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 11 600 000 төгрөгийг буцаан төлсөн тул 300 000 төгрөгийг, 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 18 000 000 төгрөгийн зээл авч, 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 18 540 000 төгрөгийг буцаан төлсөн тул 540 000 төгрөгийг, 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 28 000 000 төгрөгийн зээл авч, 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 29 400 000 төгрөгийг буцаан төлсөн тул 1 400 000 төгрөгийг, 2014 оны 7 дугаар сарын 01-ний 23 000 000 төгрөгийн зээл авч, тухайн өдрөө   23 700 000 төгрөгийг буцаан төлсөн тул 700 000 төгрөгийг, 2014 оны 7 дугаар сарын       01-ний 32 000 000 төгрөгийн зээл авч, 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 1 280 000 төгрөгийг, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 33 430 000 төгрөгийг буцаан төлсөн тул     2 710 000 төгрөгийг, 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 48 000 000 төгрөгийн зээл авч, 2014 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 50 000 000 төгрөгийг буцаан төлсөн тул 2 000 000 төгрөгийг, 2014 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 20 000 000 төгрөгийн зээл авч, 2014 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 20 800 000 төгрөгийг буцаан төлсөн тул 800 000 төгрөгийг, 2014 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 30 000 000 төгрөгийн зээл авч, 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 31 500 000 төгрөгийг буцаан төлсөн тул 1 500 000 төгрөгийг, 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 35 000 000 төгрөгийн зээл авч, 36 750 000 төгрөгийг буцаан төлсөн тул 1 750 000 төгрөгийг, 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 58 000 000 төгрөгийн зээл авч, 61 900 000 төгрөгийг буцаан төлсөн тул 3 900 000 төгрөгийг, нийт 25 100 000 төгрөгийн зээлийн хүүг З.З надаас үндэслэлгүйгээр авсан тул гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: С.С нь эрхэлж буй ажилд нь үе үе бэлэн мөнгөний хэрэгцээ гардаг, хүүтэй мөнгө зээлүүлэх хүсэлтийг З.Золбаяр, Э.Э нарт тавьсан байдаг. Ийнхүү Э.Э, З.З нар нь С.С-ийн санал болгосон мөнгийг түүнд 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд зээлж, С.С нь тохиролцсон зээл, түүнийг хүүг буцаан төлсөн нь үнэн. Өөрөөр хэлбэл С.С нь өөрөө сайн дураараа санал тавьж, мөнгө зээлж, зээлсэн мөнгөө     хүүтэй нь буцаан төлж, гэрээ дуусгавар болсон. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар талууд “үүрэг гүйцэтгэгчид үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн” гэсэн үндэслэлээр үүргийн гүйцэтгэл дууссан. Иймд нэхэмжлэгч С.С-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.С-ийн нэхэмжлэлтэй, Э.Э, З.З нарт холбогдох, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 28 350 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.С-ээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 305 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Гэтэл шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол хүү авах эрхээ алдана гэсэн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүү тогтоосон бол бичгээр байгуулах Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй тул хүү авах эрхээ алдсан гэж үзэх тул нэхэмжлэгчид хүү төлөх үүрэг үүсэхгүй, үндсэн зээлээс илүү төлсөн мөнгөө буцаан шаардах эрхтэй.  Иймд 28 350 000 төгрөгийг үүрэг үүсээгүй байхад төлсөн гэж үзэх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагчаас буцаан гаргуулах үндэслэлтэй, анхан шатны шүүх зээлийн хүү төлөх үүрэг үүссэн эсэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй, нотлох баримт болон хэргийн үйл баримтад тулгуурлан хэргийг шийдвэрлэсэн боловч шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч С.С нь хариуцагч Э.Э, З.З нарт холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 28 350 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар талуудын хооронд 2014 оны 05 дугаар сарын       14-ний өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх богино хугацааны хүчин төгөлдөр зээлийн гэрээ аман хэлбэрээр байгуулж, хүүгийн хэмжээг 1 хоногийн 10 хувьтай байхаар тохиролцсон байна. Мөн нэхэмжлэгч нь зээл, зээлийн хүүг буцаан төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, үүрэг дуусгавар болсон нь талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон. /хх 30, 56-61/

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан зохицуулалтын хүрээнд дүгнэлт хийж, хариуцагч нарыг зээлийн гэрээний төлбөрийг дансаар дамжуулан төлсөн гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй бөгөөд зохигчдын хооронд үүссэн маргаан, нэхэмжлэгчийн шаардах эрх, түүнд хамаарах эрх зүйн харилцааг шүүх зөв тодорхойлж, хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасантай нийцжээ.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгч С.С нь 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2014 оны 07 дугаар сарын    19-ний өдөр хүртэл хариуцагч нарт нийт зээлийн хүүд 28 350 000 төгрөгийг гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу тус тус шилжүүлжээ. Ийнхүү үүргээ зохих ёсоор гүйцэтгэснээр Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар үүрэг дуусгавар болсон талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Түүнчлэн, нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр мөнгийг хариуцагчид шилжүүлж байсан үйл баримт, талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй юм.

Нэхэмжлэгчид ямар хохирол учирч, хариуцагч хэрхэн үндэслэлгүй хөрөнгөжсөн нь тогтоогдохгүй байх тул гэрээний үүргийг хариуцагч нар зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд хариуцагч нарт илүү мөнгө өгсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй.

Шүүх нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, хариуцагчийн татгалзал, түүнд холбогдох нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцүүлэн дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна. Нэхэмжлэгч мөнгө шилжүүлсэн үйлдлээ хууль зүйн үндэслэлгүй байсан гэж үндэслэлээ тодорхойлж шаардсан байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах шаардлагатай.

Иймд шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/02245 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “492.1 дэх хэсэгт” гэснийг “492.1.1-т” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

               ШҮҮГЧИД                                        Ч.ЦЭНД

        М.НАРАНЦЭЦЭГ