Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2020/ДШМ/55

 

Г.Отгонбаярт холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд

                   Даргалагч, шүүгч                           Д.Буянжаргал

                       Шүүгчид                                       Б.Эрдэнэхишиг                                 

                                                                              Г.Давааренчин

                                  Оролцогчид

                                    Шүүгдэгчийн өмгөөлөгч               П.Буманзаяа

                                        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолыг эс  зөвшөөрч  бичсэн шүүгдэгчийн  өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлоор Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Ганын Отгонбаярт холбогдох эрүүгийн 2033000000023  дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 14-ны өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, эрэгтэй, 39 настай, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, Цемент шохой ХХК-ийн бааз цехэд сантехникч ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг, 12 дугаар байр, 29 тоотод оршин суух, ******* овогт Ганын Отгонбаяр /РД:МК81071411/.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Отгонбаяр нь 2020 оны 05 сарын 01-нээс 2020 оны 05 сарын 02-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Номгон 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Их нүүдэл” амралтын газарт О.*******тай маргалдаж, биед нь халдан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Г.Отгонбаярт холбогдох хэргийг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолоор:

“1. Шүүгдэгч Ганын Отгонбаярыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Отгонбаярыг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Отгонбаяр нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Г.Отгонбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Г.Отгонбаяраас 1.163.016 төгрөг гаргуулж хохирогч О.*******т олгосугай.

6. Хохирогч  нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Г.Отгонбаяраас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, иргэний нэхэмжлэлээс 625 920 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Шүүгдэгч   энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

8. Энэ хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий СД 1 ширхэгийг хэргийн хамт хадгалсугай...” гэж, дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/34 шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ ... Иргэний нэхэмжлэлийн талаар: ...хохирогчийн өмгөөлөгчийн хөлс 800,000 төгрөгийг төлөхгүй гэсэн тайлбарыг гаргаж байна. Монгол Улсын иргэн нь хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл хууль зүйн туслалцаа авах эрхтэй гэж Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 14-т тусгагджээ. Тухайн хэргийн хувьд шүүгдэгч буруутай үйлдэл гаргаагүй бол хохирогч өмгөөлөгчид хандаж хууль зүйн туслалцаа авах шаардлагагүй байсан тул субьектив эрхээ хэрэгжүүлсний эрх зүйн хохиролтой үр дагаврыг гэм буруутай этгээдэд хариуцуулахыг шаардах эрхтэй гэж үзэж өмгөөллийн хөлсийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэлээ... гэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн байна.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1-р зүйлийн 12-д өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй. Мөн хуулийн 16.2-р зүйлийн 1.5-т гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэх хуулийн 36.3-р зүйлийн 1-т Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг эсхүл хэсэгчлэн хангаж эсхүл хэрэгсэхгүй болгоно гэсэн заалтуудад:

-Өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэн гэрээг нотлох баримтаар тооцохгүй, харин гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хохирол, иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээг нотлогдсон байдлаар гаргуулж шийдвэрлэнэ гэж хуульд заасан байхад өмгөөллийн хөлсийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хэрэгт 800.000 төгрөгөөр гэрээ байгуулсан боловч 800.000 төгрөг хохирогчоос өмгөөлөгчид өгсөн баримт сэлт байхгүй ба энэ талаар өмгөөлөгч, хохирогч нар “дараа нь өгнө” гэсэн тайлбарыг өгсөн болно. Иргэний хуулийн 505-р зүйл. Бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах заалтад өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хөлсний талаар тусгагдсан зүйл байхгүй, харин хохирогчид гэм хор учруулсан этгээд дутуу авсан цалин хөлс, орлого болон зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйг заажээ. Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл хууль зүйн туслалцаа авах эрхтэй гэж тухайн хувь хүний эрхийн асуудлыг заасан боловч чухам ямар эрх зүйн туслалцаа авах, өмгөөлөгч ямар хөлс, үнэтэй байхаар нарийвчлан заагаагүй ба харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуульд өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг нотлох баримтад тооцохгүй тухай тодорхой тусгаж өгчээ.

2. Шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1-т шүүгдэгч Г.Отгонбаярыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хуулийн 11.4 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн ба үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Г.Отгонбаяр нь “цемент шохой” ХК-д сантехникийн ажлын тушаалтай боловч одоогийн байдлаар үйлдвэрийн тоосжилтыг усаар шүршиж дараах зориулалт бүхий автомашиныг жолоодох ажлыг хийдэг ба хэрвээ 400 цагийн нийтэд тустай ажил хийх ялаа эдлэхээр бол ажилгүй болох, ар амьдралын нөхцөл байдал хүндрэх эрсдэл өндөр байгааг, мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн зохих хохирлыг нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзаж үзэж торгуулийн ялаар сольж өгнө үү ! Иймд сум дундын шүүхийн 2020/ШЦТ/34-р шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өмгөөллийн хөлсийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож, Г.Отгонбаярт оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж, торгуулийн ялаар сольж шийдвэрлэж өгнө үү гэв.                                                                             

Хохирогч түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ...Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг дор дурьдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хохирогч түүний өмгөөлөгч бид энэхүү тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Шүүгдэгчид шүүхээс шийтгэх тогтоолоор оногдуулсан ял нь түүний гэм бурууд тохирсон гэж үзэж байна.  Эрүүгийн хуулийн 5.1-р зүйлд эрүүгийн хариуцлагын зорилтыг тодорхойлохдоо: Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж хуульчилсан байдаг.

Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оноосон асуудал нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байна. Шүүгдэгч нь гэм хорын хохирлоо төлөөгүй байгаа тохиолдолд түүнд торгох ял оноох нь биелэх эсэх нь эргэлзээтэй юм.

Шүүгдэгч нь эхнэрийгээ битгий авч яв гээд байхад миний эхнэрийг “Хөтөл-Энержи” ХХК-ийн дарга С.******* аваад явчихсан байсан, эхнэрийгээ хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь хугас шил архи уусан гэж мэдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл түүний архи уусан, агсам согтуу тавьсан, бусдын биед гэмтэл учруулсан бүх буруу нь өөрт нь биш амралт, зугаалганд явсан эхнэр, авч явсан дарга нараас л болсон мэтээр мэдүүлээд байгаа шүүгдэгч нь чамаас болж би гэмт хэрэгтэн болсон чи торгуулийн мөнгийг төл гэх байдлаар эхнэртээ дарамт шахалт үзүүлж болзошгүй гэсэн дүгнэлтэнд хүрэхээр байсан.

Мөн торгуулийн ял оноосон тохиолдолд дан ганц өөрийнх нь цалин хөлс орлогоор төлөх эсэх нь тодорхойгүй бөгөөд торгуулийн ял нь гэр бүлийн гишүүдийн орлогоос гарахад хүрэх магадлалтай тул Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шудрага ёсны зарчим алдагдна гэсэн дүгнэлтэнд хүрсэн тул өмгөөлөгч миний зүгээс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тохиолдолд ялыг өөрөө биечлэн эдэлж гэр бүлд нь дарамт болохгүй, тухайн шүүгдэгчийг гэм буруугаа ойлгох, нийгэмшихэд нь илүү үр нөлөөтэй гэж үзэж шүүх хурал дээр саналаа хэлсэн юм.

Шүүгч ч гэсэн ялын хүмүүжүүлэх, цээрлүүлэх, нийгэмшүүлэх үр нөлөө, гэм буруу, хохирол нөхөн төлөөгүй байдал зэрэгт үнэлэлт дүгнэлт өгч ял оногдуулсан байгаа тул түүнд оногдуулсан ял нь тохирсон гэж үзэж байна. Түүнчлэн шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан ажил хөдөлмөр эрхэлдэг тул нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх боломжгүй гэсэн гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Шүүгдэгч нь улирлын чанартай ажилладаг Хөтөлийн “Цемент-Шохой” ХК-д ажиллаж байгаа тул сул зогсолтонд орох хугацаандаа ч нийтэд тустай ажлаа хийх боломжтой юм.

2. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн хохирогчийн хууль зүйн туслалцаа авсан өмгөөлөлийн хөлсийг төлүүлэхээр шийдвэрлэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.1-р зүйлийн 12 дах заалтыг зөрчсөн гэсэн гомдлын талаар: Шүүхээс хохирогчийн хуульзүйн туслалцаа авсан өмгөөлөлийн хөлсийг шүүгдэгчээр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх үед хохирогч нь цалин хөлс орлогогүй болсон, нөхөр нь дөнгөж ажилд орж байсан, эмчилгээ, сувилгаанд нь мөнгө төгрөг шаардлагатай цалингийн болон ипотекийн зээлээ ч төлж чадахгүй хүнд байдалтай байсан тул өмгөөлөгчийн гэрээт ажлын хөлсөө авах асуудлыг би өөрөө хойшлуулсан байсан энэ талаараа тайлбар хийсэн. Харин нөхөр нь өөр орон нутагт ажиллаж байгаад ирж өмгөөлөлийн хөлс 800.000 төгрөгийг төлсөн болно.

Ийм учраас Г.Отгонбаярын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нь өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зайлшгүй шаардлага үүссэнтэй холбоотойгоор өмгөөлөгч авсан тул энэ зардал нь Иргэнийн хуулийн 505-р зүйлд заасан бусад зайлшгүй зардалд орно гэж үзэж байна. Тэгээд ч шүүгдэгч нь шүүх хурлын явцад хохирогчид гэм хорын  хохирол бусад зардлыг төлөхөө илэрхийлж байсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1-р зүйлийн 12 дахь заалтыг шүүгдэгчийн өмгөөлөгч нь өөрийн дураар тайлбарлаж буруу хэрэглсэн гэж үзэж байна. Уг заалтыг хууль тогтоогчид илүү өргөн утгаар нь оруулсан гэж үзэж байна. Энэ заалтыг дан ганц хохирогчтой байгуулсан хуульзүйн туслалцаа үзүүлэх гэрээт ажлын хөлстэй холбоотой асуудлыг зохицуулсан зохицуулалт гэж явцуу утгаар нь тайлбарлах нь өрөөсгөл бөгөөд хууль тайлбарлах, хуулийн өөрийн дураар тайлбарлаж хэрэглэх эрх бидэнд байхгүй. Онолын тайлбар ч албан ёсны тайлбар болдоггүйг хуульчид бид бүгд мэднэ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, 10 жилийн  хорих ял оногдуулж,  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж  шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын дагуу Г.Отгонбаярт   холбогдох эрүүгийн 2033000000023 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь ХЯНАВАЛ:  

Анхан шатны шүүхийн шийтгэх  тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан тогтоохын зэрэгцээ  зөвхөн давж заалдах гомдолд дурдсан зүйлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Г.Отгонбаяр нь 2020 оны 05 сарын 01-нээс 2020 оны 05 сарын 02-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Номгон 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Их нүүдэл” амралтын газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр *******ийг бусадтай хардан хэрүүл маргаан үүсгэн улмаар иргэн О.*******ийн биед нь халдсаны улмаас түүний баруун хөлийн шилбэний 2 ясны шаант болон туялзуур ясны битүү хугарал бүхий гэмтэл учирч  эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь

Шүүгдэгч Г.Отгонбаярын “... 2020 оны 05 дугаар сарын 01-ний орой “Их нүүдэл” амралтын газар эхнэрээ авах гэж очсон. Тэгээд хугас шил архи уусан Эхнэр урьд өдөр нь бие өвдөөд байна гэсэн гэтэл дарга нь аваад явчихсан байсан. Та нар яагаад короно вирус гарчихсан үед зугаална гээд эхнэр аваад явдаг юм бэ гэж хэлээд ******* даргыг нэг удаа цохисон. Тэгээд гэрээс гартал *******, ******* хоёртой ноцолдсон тэр үед ******* эгч өөдөөс гүйгээд ирсэн. Тэгэхээр нь  түлхчихсэн. Би тэр үедээ хөл нь хугарсныг мэдээгүй...  буруутай гэдгээ ойлгож дүгнэлт хийж байгаа” гэх мэдүүлэг,

Хохирогч О.*******ийн “...Тухайн үед би унтаж байсан гэтэл Оюун-Эрдэнэ  намайг сэрээрэй Өлзийгийн нөхөр ирээд агсам согтуу тавиад байна гэсэн. Сэрсэн чинь гэр нурчихсан байсан Отгонбаяр даргыг зодоод явуулчихлаа дийлдэхгүй байна гэхээр нь  би таньдаг юм чинь очоод уулзаадахъя гээд гараад очиход намайг хараад инээсэн тэгэхээр нь таньж байгаа юм байна гээд дөхөөд очиход заамдаж аваад шидчихсэн. Тэгээд би газар унаад хөл эвгүй болоод орилоод уначихсан. Тэгээд хөл маань хугараад эргэчихсэн байсан. Эмнэлэгт хэвтэж хагалгаанд орсон...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 402 дугаартай дүгнэлт “... О.*******ийн   биед ... эрүүл мэндийг удаан хугацаагаар саринуулах хүндэвтэр гэмтэл болно.” гэсэн дүгнэлт, гэрч Д.*******, С.*******, О.*******, Л.Буяннэмэх, А.Оюунханд, Н.Уртнасан нарын  мэдүүлгүүд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон  байна.  

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай  шалгаж тодруулсан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн,  хэргийн зүйлчлэл зөв, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Г.Отгонбаяр болон түүний өмгөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ ...хохирогчоос өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 800.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, шүүх хуулийг буруу хэрэглэсэн мөн шүүгдэгчид оногдуулсан 400 цаг нийтэд тусдаа ажил хийлгэх ялаар шийтгэснийг хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ялаар шийтгэхээр хөнгөрүүлэх нөхцөл боломж байгаа... гэж тайлбарлажээ.

Хэргийг судлан үзэхэд хохирогчийн зүгээс шүүгдэгчийн эсрэг ямар нэгэн үйлдэл хийгээгүй байхад  шүүгдэгч Г.Отгонбаяр нь түүний  эрх чөлөөнд нь  халдсан байх ба шүүгдэгчийн хувийн зан төлөв, бусдын өмнө биеэ авч яваа байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Отгонбаярын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирч удаан хугацаагаар эмчилгээ хийлгэснээр эрүүл мэндийн  болон  эдийн засгийн  хохирол хүлээсэн,  хохирогчийн  эрх ашгаа хамгаалуулах зайлшгүй шаардлагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч авч оролцсон гэж дүгнэн хохирогчийн  өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 800,000 төгрөгийг  шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор  шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Мөн шүүгдэгч Г.Отгонбаяр нь шүүхээс оногдуулсан ялыг давж заалдах шатны шүүхээс хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж тайлбарлаж байгаа боловч анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн асуудал, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан, шүүгдэгчид оногдуулсан ял нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Отгонбаяр, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

      

                          ДАРГАЛАГЧ                                 Д.БУЯНЖАРГАЛ

                              ШҮҮГЧИД                                 Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                                     Г.ДАВААРЕНЧИН