Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2017/02657

 

 

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2017/02657

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: О.Нын /РД: 0000000/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.Эд /РД: 0000000000/ холбогдох

41.180.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Билгүүн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Буянжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч О.Н нь хариуцагч Л.Этай 2012-2013 оны үед н.Зэс-Эрдэнээр дамжуулан танилцсан ба О.Н, Л.Э нар нь ажил хэргийн найзууд юм.

Хариуцагч Л.Э нь нэхэмжлэгч О.Нтай 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 8.500.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Уг гэрээний үүрэгт хариуцагч Л.Э нэг ч төгрөг төлөөгүй. Иймд 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн гэрээний дагуу үндсэн зээл 8.500.000 төгрөг, 6 сарын хүү 2.550.000 төгрөг, алданги 1.700.000 төгрөг, нийт 12.750.000 төгрөг нэхэмжилсэн.

Мөн хариуцагч Л.Э нь нэхэмжлэгч О.Наас 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 3.000.000 төгрөг, 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 2.500.000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдөр 5.000.000 төгрөг тус тус зээлсэн хэдий ч огт төлөөгүй.

Мөн энэ хоёр 2015 оны 8 дугаар сарын 4-ний өдөр зээлийн гэрээ байгуулан нэхэмжлэгч О.Наас хариуцагч Л.Э нь 10.000.000 төгрөг зээлсэн бөгөөд уг гэрээний дагуу үндсэн зээл 10.000.000 төгрөг, алданги 5.000.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа.

Хариуцагч Л.Э нь 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр О.Нын ажиллуулдаг Ибиза нэртэй бааранд үйлчлүүлээд 630.000 төгрөгийн өр тавьсан. Би тухайн үед уг баарных нь зохион байгуулагчаар ажилладаг байсан. Л.Э зээлээр үйлчлүүлээд тооцооны хуудсан дээр гарын үсгээ зурдаг байсан ба би О.Н ахаас энэ хүн зээлээр үйлчлүүлнэ гэж байна гэхэд О.Н ах зөвшөөрдөг байсан.

О.Н ах бид хоёр О.Эы Л.Н ахаас зээлсэн мөнгийг нэхэх гээд хамт явж байсан ба цаг хугацааг нь сайн санахгүй байна. 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр өгнө гэж тайлбар гаргасны дараагаар санаж байна. Эдгээр мөнгийг зээлсэний дараа үе байсан. Л.Э нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хуучин гэмтлийн тэнд нэг газар сууж байна гэснийх нь дагуу бид хоёр байгаа газарт нь очиход Л.Э согтуу нэг баарнаас гарч ирсэн. Машины хаалга татаад онгойлгоход хажуугаар машин явж таараад машины хаалга хамсан ба хаалга янзлуулсан ажлын хөлс, материалын зардал нийлээд 800.000 төгрөг болсон. Баримтууд нь алга байна. Бид хоёрын унаж явсан машин О.Нын эхнэрийнх нь машин байсан ба 0000 УНЧ гэсэн улсын дугаартай, тоёота харриер маркийн авто машин байсан.

Иймд хариуцагч Л.Эаас 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт нийт 12.750.000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зээлсэн 1.500.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зээлсэн 3.000.000 төгрөг, 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр зээлсэн 2.500.000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдөр зээлсэн 5.000.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн гэрээний үүрэгт 15.000.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Ибиза бааранд зээлээр үйлчлүүлсэн 630.000 төгрөг, автомашин засуулсан зардал 800.000 төгрөг, нийт 41.180.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Л.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн О.Нын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Н нь хариуцагч Л.Эд холбогдуулан 41.180.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

/2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8.500.000 төгрөг, 6 сарын хүү 2.550.000 төгрөг, алданги 1.700.000 төгрөг, нийт 12.750.000 төгрөг,

-2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зээлсэн 1.500.000 төгрөг,

-2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зээлсэн 3.000.000 төгрөг,

-2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр зээлсэн 2.500.000 төгрөг,

-2015 оны 2 дугаар сарын 9-ний өдөр зээлсэн 5.000.000 төгрөг,

-2015 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн гэрээний дагуу үндсэн зээл 10.000.000 төгрөг, алданги 5.000.000 төгрөг,

-2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр уушийн газарт 630.000 төгрөгт зээлээр үйлчлүүлсэн,

-Автомашин засуулсан зардал 800.000 төгрөг/

 

Нэхэмжлэгч О.Н нь хариуцагч Л.Этай харилцан тохиролцож, түүнд 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 8.500.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн, мөнгийг тэрээр гэрээ байгуулсан өдрөө хүлээн авсан нь зохигчийн тайлбар болон зээлийн гэрээний хуулбараар тогтоогдлоо.

Мөн дээрх гэрээний талууд буюу нэхэмжлэгч О.Н нь хариуцагч Л.Эд 2015 оны 8 дугаар сарын 4-ний өдөр 10.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлэн, Л.Э мөнгийг гэрээ байгуулсан өдрөө хүлээн авсан нь зохигчийн тайлбар болон зээлийн гэрээний хуулбараар тогтоогдлоо.

Дээрх зээлийн гэрээ бүр нь энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл бөгөөд талууд дээрх гэрээнүүдээд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зурж баталгаажуулсан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

/ХХ-ийн 4-5 дугаар хуудас/

 

Мөн нэхэмжлэгч О.Н нь хариуцагч Л.Эд 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 3.000.000 төгрөг, 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 2.500.000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдөр 5.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн нь Л.Эд мөнгө шилжүүлсэн талаарх О.Нын Хаан банк дахь депозит дансны хуулгаар тогтоогдож байна.

/ХХ-ийн 27-30 дугаар хуудас/

 

Хариуцагч Л.Э нь 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг зээлсэн, мөн уушийн газарт 630.000 төгрөгт үйлчлүүлсэн талаараа болон нэхэмжлэгч О.Нт зээл, зээлийн хүүнд нийт 16.600.000 төгрөгийг 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр төлөх талаараа 2015 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр тайлбар гаргажээ.

/ХХ-ийн 5 дугаар тал, 5 дугаар хуудасны ар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заажээ.

Талуудын хооронд байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн болон 2015 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн зээлийн гэрээ, хариуцагч Л.Эы зээлсэн мөнгөө 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр төлөх тухай тайлбар, О.Н дээр дурьдсан мөнгийг хариуцагч Л.Эд шилжүүлсэн талаарх баримтуудыг хариуцагч Л.Э эсэргүүцээгүй, энэ талаар ямар нэг тайлбар өгөөгүйг дурьдлаа.

/ХХ-ийн 4-5, 27-30 дугаар тал/

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ,

282 дүгээр зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно,

282.3-т Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ,

232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заажээ.

 

Зээлдэгч зээлийн гэрээний зүйл болох мөнгийг зээлдүүлэгчээс шилжүүлэн аваагүй тохиолдолд мөнгийг эргүүлэн төлөх үүрэг үүсэхгүй бөгөөд үүрэг нь Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 8 дугаар зүйлийн 8.1-т зааснаар үүсдэг ба талууд зээлийн гэрээний харилцаанд орж байгаа бол Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.

Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний үүрэг зээлдэгчид шилжсэн эсэх нь гэрээний хэлбэрээс шалтгаалахгүй, харин гэрээний зүйл зээлдэгчийн өмчлөлд шилжсэн эсэхээс буюу Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох тул зээлдүүлэгч О.Н, зээлдэгч Л.Э нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн болно.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан бөгөөд хариуцагч Л.Э нь авсан мөнгөө 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр төлнө хэмээн 2015 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр тайлбар гаргасан тул нэхэмжлэгч О.Нын зөрчигдсөн эрхээ сэргээлгэх шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан тайлбараа тус тус өөрсдөө баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч О.Н нь автомашин засуулсан зардал 800.000 төгрөгийг, хариуцагч Л.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хэдий боловч шаардлага болон шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ хэн аль нь тус тус баримтаар нотлоогүй, энэ талаарх баримтаа мөн хэн аль нь ирүүлээгүй болно.

 

Хариуцагч Л.Э нь зээлсэн мөнгө болон зээлээр үйлчлүүлсэн төлбөрөө төлөөгүй байх тул нэхэмжлэгч О.Н түүнээс мөнгийг буцаан шаардсан нь үндэслэлтэй.

 

 

Хариуцагч Л.Эы гүйцэтгэх үүрэг:

-2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээ ёсоор зээл 8.500.000 төгрөг,

6 сарын хүү 2.550.000 төгрөг, /1 сарын хүү 425.000 төгрөг/

алданги 1.700.000 төгрөг, /1 хоногийн 42.500 төгрөг, нийт 40 хоногийн алданги/

Нийт 12.750.000 төгрөг,

 

-2015 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн гэрээний дагуу үндсэн зээл 10.000.000 төгрөг,

Алданги 5.000.000 төгрөг, /гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй/

Нийт 15.000.000 төгрөг,

 

-2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зээлсэн 1.500.000 төгрөг,

-2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зээлсэн 3.000.000 төгрөг,

-2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр зээлсэн 2.500.000 төгрөг,

-2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр уушийн газарт зээлээр үйлчлүүлсэн 630.000 төгрөг,

Бүгд 40.380.000 төгрөг байна.

 

Нэхэмжлэгч О.Н нь хариуцагч Л.Эаас авто машин засуулсан зардал 800.000 төгрөгийг нэхэмжилсэн хэдий боловч энэ баримтаар нотлогдоогүй, хариуцагч О.Н уг мөнгийг төлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас уг 800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Иймд хариуцагч Л.Эаас 40.380.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Нт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 800.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч Л.Э нь 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 11 цагт товлогдсон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Л.Эаас 40.380.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Нт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 800.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч О.Нын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 363.850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Эаас 359.850 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Нт олгосугай.

 

3. Хариуцагч Л.Э нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 


 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Н.САРАНГҮН