Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/76

 

 

 

 

 

 

 

  2025       02        17                                        2025/ШЦТ/76

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг,

улсын яллагч Б.Лувсанцэрэн,

шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч Т.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Э.Нод холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

       

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Э.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт  холбогджээ.

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч Э.Н:

...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу. Цаашдаа хичээнэ... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар: 

Эрүүгийн дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Э.Нын Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт шороон зам дээр 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж “Тоёота приүс-41” маркийн 31-45 ТӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Үүнд: ТӨ ЦГ, шуурхай удирдлагын тасаг дуудлагын лавлаагны хуудас /хх-ийн 3 тал/,

Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 5 тал/,

Согтуурал хэмжигч багаж үлээсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7 тал/,

Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 9 тал/,

Иргэний нэхэмжлэгч А.Ө“...2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр манай эхнэр Г.ДТөв аймгийн Зуунмод сумын 4-р багийн нутагт дэвсгэрт 77-70 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод явж байтал 31-45 ТӨН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй согтуу жолооч ухарч байгаад машин мөргөчихлөө гэж хэлсэн. Миний 77-70 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч талын урд карлон хонхойж зурагдсан байсан. 77-70 ТӨА улсын дугаартай Тоуота Harrer тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийнх байгаа юмаа. Би уг тээврийн хэрэгслийг 2021 оны 7 дугаар сард 25,000,000 сая төгрөгийг худалдан авч байсан. Би тээврийн хэрэгслийн үнэлгээг гаргуулсан үнэлгээтэй танилцсан. Тээврийн хэрэгслийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би дахин үнэлгээ хийлгэмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,

Гэрч Г.Д“...Би 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 77-70 төа улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр 4 дүгээр багийн нутаг сургууль өнгөрөөд шороон замаар явж байтал урд явж байсан 31-45 төн улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогсоод ухрах үйлдэл хийхээр нь би зүүн гар тал руугаа дараад холдох гэсэн боловч амжаагүй тэгээд урд ухрах үйлдэл хийж байсан 31-45 төн улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэл миний баруун гар талаас буюу жолоочийн талаас ирээд мөргөчихсөн тэгээд машинаас буусан чинь намайг ирж мөргөсөн 31-45 төн улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос буюу жолоочийн талаас нэг согтуу залуу буугаад ирсэн тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юмаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,

Гэрч Б.Т“...Би 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр жижүүрээс буучихсан ажлын байр нь дээрээ байж байтал тухайн өдрийн жижүүрт гарч байсан дэслэгч Батдорж төв аймгийн Баян сум руу зам тээврийн ослын дуудлагад явсан байсан тул Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр 4-р багийн нутагт гарсан зам тээврийн ослын дуудлаганд яв гээд жижүүрийн 95189102 дугаарын утсаар залгаж ярьсны дагуу цагдаа жолооч ахлах ахлагч Х.Ганшугамын хамт дуудлага мэдээлэлд очиход 7770 төа Toyota Harrier маркийн тээврийн хэрэгсэл болон 31-45 тен приус 41 маркийн тээврийн хэрэгсэл хоорондоо шүргэлдсэн байдалтай зогсож байсан ба 7770 тва Toyota Harrier маркийн тээврийн хэрэгсэл жолооч гэх эмэгтэй хүн бууж ирээд 31-45 тен приус 41 маркийн тээврийн хэрэгсэл ухарч ирээд миний жолоодож явсан тээврийн хэрэгслийг мөргөсөн 31-45 тен приус 41 маркийн тээврийн хэрэгслийн жолоон дээрээс энэ залуу бууж ирсэн гээд Э.Н гэх залууг заасан тухайн үед өөр хүн 31-45 төн приус 41 маркийн тээврийн хэрэгсэлд байгаагүй ээ Би тандагч багажаар 7770 төа Toyota Harrier маркийн тээврийн хэрэгслийн жолоочийг үлээлгэхэд хэвийн байсан харин 31-45 тен приус 41 маркийн тээврийн хэрэгслийн жолооч илт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул цагдаа зохицуулагч цагдаагийн ахлагч А.Шийрэвт өгч явуулаад шалга гэж хэлсэн. Намайг очих үед 31-45 тен приус 41 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э.Н миний араас 7770 төа Toyota Harrier маркийн тээврийн хэрэгсэл ирж мөргөсөн гэж ярьж байгаад сүүлдээ хоорондоо тохиръё гэх яриа өгүүлэмж гаргаж байсан. Тухайн үед ойр орчимд хяналтын камергүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/,

Гарьд Гүрү үнэлгээ ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №06/232 дугаартай “Төв аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, Цагдаагийн ахмад Б.Ариунтуяагийн ирүүлсэн 2024 оны 10-р сарын 31-ны өдрийн байдлаар шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу А.Өөмчлөлийн 77-70ТӨА улсын дугаартай Toyota harrier маркийн тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ нь 300,000/гурван зуун мянга/ төгрөг гэж тус тус дүгнэлээ.” талаарх дүгнэлт /хх-ийн 30-37 тал/,

Шүүгдэгч Э.Нын сэжигтнээр өгсөн “...Би 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өөрийн эзэмшлийн 3145-тен улсын дугаартай тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төв аймгийн Зуунмод сумын 4-р багийн нутагт шороон зам дээр явж байгаад 7770 тва улсын дугаарыг тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж асуудал гаргасан юмаа. Урд өдөр нь буюу 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр найзын байшингийн найранд орсон архи гараагүй байсан үедээ маргааш нь буюу 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Ганхүү гээд хамаатны ахын жорлонгийн нүх ухаж өгөх гэж яваад ийм асуудалд орсон тухайн үед драгерь багажаар үлээлгэхэд 2,71%-ийн согтолттой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 53 тал/,

Шүүгдэгч Э.Нын яллагдагчаар өгсөн “...Би төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Лувсанцэрэнгийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 5 хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 62 тал/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд

Улсын яллагч Б.Лувсанцэрэн:

... Шүүгдэгч Э.Н нь Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт шороон зам дээр 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж “Тоёота приүс-41” маркийн 31-45 ТӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдсон тогтоогдож байна. Үүнд, эрх бүхий албан тушаалтны согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл. Тухайн тэмдэглэлд шүүгдэгчийг драйгер багажаар үлээлгэхэд 2.71 хувийн согтолттой нь тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэл авч байсан нь 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/246 дугаартай шийтгэх тогтоолоор давхар нотлогдож байгаа. Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж, замын хөдөлгөөнд оролцсон болох нь гэрч нарын мэдүүлэг болон сая дурдсан баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгчийн хувьд бусдад төлөх хохирол төлбөргүй, иргэний нэхэмжлэгч н.Өгаргасан машины эд  хөрөнгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Батцэцэг:

... Э.Нын хууль ёсны эрх ашгийг хамгаалахаар шүүх хуралдаанд оролцож байна. Э.Нын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг давтан үйлдлээр орж ирсэн. Түүний хувьд урьд өөр төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Үйлдсэн гэмт хэрэгтээ маш их дүгнэлт хийсэн. Үүний улмаас өнөөдөр гэр бүлийн нөхцөл байдал хүнд байгаа. Эхнэр нь хүүхдүүдээ аваад салаад явчихсан. Сэтгэл санааны маш их хүнд дарамтад байгаа. Одоо яаж амьдралаа босгож, хөл дээрээ тогтох талаар нөхцөл байдалтай байгаа. 2025 оны буюу сүүлийн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны хувьд ямар нэгэн мэтгэлцэж маргалдсан зүйл байхгүй. Бусдад учруулсан хор хохирлыг нөхөн төлсөн. Урьд гаргасан ял шийтгэлийг эдэлж, төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Э.Н:

... Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Э.Н болон түүний өмгөөлөгч Т.Батцэцэг нар маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Н нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл,  гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Э.Н болон түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэдэг хэдий ч дээрх дөрвөн нөхцөлүүдийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрдөггүй болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус илэрхийлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд тухайн бүлгийн гэмт хэргүүдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг  нь ...Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн... нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчлан тогтоосон байна.

 

Хуулийн энэхүү зохицуулалтаар ...тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэргийг хэлбэрийн шинжтэй байхыг шаардсан бөгөөд Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэм хэмжээг зөрчин тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдалд халдаж буй үйлдэл бөгөөд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсоноор төгсдөг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

 

Тодруулбал, шүүгдэгч Э.Н урьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Э.Н тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Э.Н нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна.

 

Иймд шүүгдэгч Э.Н энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж

байгаа болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд

Улсын яллагч Б.Лувсанцэрэн:

... Шүүгдэгч Э.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. 2024 онд энэ гэмт хэргийг үйлдэж байсан. Эрүүгийн хариуцлагыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид эрүүгийн хариуцлагын зорилгыг хуульчилсан. Хохирол төлбөр нөхөн төлүүлэх, нийгэмшүүлнэ, цээрлүүлнэ гэх зэргээр. Гэтэл энэ гэмт хэргийг дахин давтан үйлдээд байгаа нь өмнө нь торгох ял оногдуулсан нь зөв байсан юм уу гэдэг эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байна. Хэдийгээр эрүүгийн хариуцлагыг нөхөн төлсөн хэдий ч энэ гэмт хэргийн хор уршгийг бүрэн ухамсарлаагүй байна гэж үзэж байна. Хоёрдугаарт, энэ гэмт хэрэг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг. Хэн нэгний эрүүл мэнд болон эд хөрөнгөөр хохирсон байхыг шаардахгүй. Согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсоноор төгссөн гэмт хэрэг. Өнөөдрийн хувьд шүүгдэгчийн нөхцөл байдал хэн нэгэнд эд хөрөнгийн болон эрүүл мэндэд хохирол учруулаагүй. Мөн бусдад учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн. Шүүгдэгчийн хувийн байдал болон гаргасан гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзаж 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Төв аймгийн оршин суугаа газар нутгаар нь тогтоож, 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах саналтай байна. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Цагдан хоригдсон хоноггүй... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Батцэцэг:

... Шүүхээс Э.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Урьд тухайн гэмт хэргийг үйлдэж, давтан үйлдлээр орж ирсэн учраас торгуулийн ял оногдуулах боломжгүй гэдгийг шүүгдэгч  болон шүүгдэгчийн өмгөөлөгч ойлгож байна. Түүний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа гэж үзэж байна. Бусдад учруулсан хор уршгийг арилгасан. Хор уршиг, хохирол төлбөргүй. Хоёр хүүхдийн төрсний лавлагааг яагаад өгсөн бэ гэхээр, ам бүл ганцаараа боловч хоёр хүүхэд нь ээжтэйгээ хамт амьдардаг. Энэ гэр бүлийн тухайд шүүхээр орж, салсан. Э.Н хоёр хүүхэдтэйгээ холбоо барих гэж оролдож эргээд амьдралаа босгох гэж явж байгаа залуу. Эдгээр хувийн нөхцөл байдлыг харгалзан заавал сонгох санкцийн дээд хязгаар хүртэл арга хэмжээг битгий авч өгөөч, одоо ойлгосон байх. Дараагийн удаа гэх зүйл байхгүй гэдгийг өөрөө хэлж байсан. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Э.Н:

... 3 жил гэхээр хэцүү байна. Үр хүүхдэдээ ч очиж чадахгүй, ажил төрлөө ч хийж чадахгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Шүүх шүүгдэгч Э.Нод хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тооцож үзэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Тодруулбал шүүгдэгч Э.Н нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгийн торгох ял шийтгүүлж байсан байна.

 

Дахин шүүгдэгч Э.Н нь Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт шороон зам дээр 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж “Тоёота приүс-41” маркийн 31-45 ТӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, гэмт хэрэг үйлдсэн нь оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжгүй, харин эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахад харгалзан үзэх нөхцөл байдал бий болсон.

 

Иймд шүүх шүүгдэгч Э.Ныг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Түүнчлэн Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн №1/284 дугаартай албан бичгээр шүүгдэгч Э.Н нь 5.000.000 төгрөгийн торгох ялыг бүрэн төлж барагдуулсан байна.

 

Шүүхээс оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг хуульд заасан болон шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршиг зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна..., тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж тус тус заасан учраас шүүгдэгч Э.Нын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Э.Н энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг

        хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,

               36.10, 36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар

                      зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага

                                                   болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Э.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Нод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Нын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс тоолсугай.

      

5. Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Э.Н энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Нод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.  

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Нод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ш.ГАНДАНСҮРЭН