Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2020/02220

 

 

 

 

 

 

2020 06 17

101/ШШ2020/02220

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 0 тоотод оршин суух, Борнууд овогт Д.Т /РД:0/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: 0 тоот, өөрийн байранд байрлах Э ХХК-д холбогдох,

Гэм хорын хохиролд 17,267,387 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У-Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, иргэдийн төлөөлөгч Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Э ХХК-ийн 0 УНТ улсын дугаартай Улиастай- Дэнжийн 1000-ын чиглэлд зорчигч тээвэрлэлт хийдэг нийтийн тээврийн автобусанд зорчиж явсан. Гэтэл 3 дугаар сургууль орчимд автобусны жолооч огцом хүчтэй гэнэт тоормосолсны улмаас миний бие савж, автобусан дотор хүчтэй унасан. Намайг ийнхүү унасан байхад автобусны жолооч Ц.А нь огт хайхрахгүй, тээврийн хэрэгслээ зогсоогоогүй, ослын газрыг орхиж, үргэлжлүүлээд жолоодон цааш явсан байдаг. Миний бие даагдахгүй хүнд болж, маш хүчтэй өвдөж, жолоочийг дуудсан бөгөөд жолооч нь 2-3 буудал газар явсны дараа над дээр ирсэн. Би тэндээс өөрийн нөхрийг дуудаж, Гэмтэл, согог судлалын үндэсний төвд биеийн байдал маш муу хүргэгдсэн. Соронзон томограф\MRI\-ын шинжилгээгээр бүсэлхийн бүх түвшинд нугалам хоорондын диск дегенератив өөрчлөлтөд орсон, бүсэлхийн Л3\Л4, Л4\Л5, Л5\C1 нугаламуудын түвшинд нугалам хоорондын диск арагш нугасны суваг руу тархмалаар цүлхийсэн, 2 талын форанимал зай нарийссан. Мэдрэлийн гарах ёзоор шүргэсэн. Нугасны сувагт нарийсал үүссэн.

 

Сээрний тодосгогч бодисгүй компьютер томографийн шинжилгээгээр C1-C7-н түвшинд буюу сээрний болон бүсэлхийн түвшинд хийгдсэн томограммууд дээр Т11-р нугалмын их бие шахагдсан хугаралтай, уг нугаламын их биеийн арын хана бүрэн бүтэн байдлаа алдсан. Энэ түвшинд АР хэмжээ-1, 1 см болж багассан. С5-р нугалмын баруунаас урагш баруун ар хана руу үргэлжилсэн хугаралтай, С6-р нугаламын баруун Ламина урд хэсэгт хугаралтай, мөн уг нугалмын баруун хэсэг, баруун урд хана руу үргэлжилсэн хугаралтай гэсэн онош тавигдсан.

 

Дээрх хэрэгт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраас 2019 оны 4 сарын 11-ний өдөр 190901458 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн. Шүүх шинжилгээний үндэсний төвийн 2019 оны 9 сарын 20-ны өдрийн 1185 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Д.Т миний нуруу хугарсан, хүзүү хугарсан тул эрүүл мэнд мэндэд хүнд зэргийн хохирол учирсан гэж дүгнэсэн байдаг. Гэвч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 1 сарын 21-ний өдрийн 94 дугаартай тогтоолоор дээрх хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж үзэж, хэргийг хаасан юм.

 

Миний бие дээрх ослоос үүдэн нийт 8 сар хэвтэрт байсан бөгөөд одоо ч хэвийн дэглэмд орж чадаагүй, хүний асаргаанд байсан хэвээр, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй хэвээр байна. Иргэний хуулийн 498.1-т Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл\эс үйлдэхүй\-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ. гэж, 499.1-т Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан байдаг. Иймд хуулийн дээрх зохицуулалтын дагуу Э ХХК-ийн 0 УНТ улсын дугаартай автобусны жолооч Ц.Аын үйлдэл, тээврийн хэрэгсэл ашиглалтын улмаас надад учирсан гэм хор, хохирлыг түүний ажил олгогч бөгөөд тээврийн хэрэгслийн эзэмшигч Э ХХК хариуцан арилгах үүрэгтэй гэж үзэж байна.

 

Миний бие нуруу, хүзүү хугарсны улмаас бүрэн бусдын асаргаанд орж, 8 сар хэвтрийн дэглэмтэй байсан. Энэ хугацаанд өөрийн төрсөн хүү П.Болор-Эрдэнийг ажлаас нь урт хугацааны цалингүй чөлөө авахуулж, цалинг нь дараа нь хүүдээ нөхөн олгохоор тохирсон. Миний хүү намайг асрахынн тулд 4 сарын хугацаанд цалингүй чөлөө авсан учраас цалингүй байх 4 сарын хугацааных нь цалин 2,800,000 төгрөгийг хүү П.Б-Эдээ нөхөн өгөх ёстой. Өөрөөр хэлбэл миний бие хүзүү, нуруундаа хүнд гэмтэл авсантай шууд холбоотой тул Э ХХК хариуцан төлөх ёстой гэж үзэж байна.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлд заасны дагуу 1 сарын хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 320,000 төгрөг буюу 12 сарын хугацаанд 3,840,000 төгрөг нэхэмжилж байна.

Мөн 2019 оны 4 сарын 05-ны өдөр осолд орсоноос хойш өнөөдрийг хүртэл Э ХХК-иас нэг ч хүн ирж уулзаагүй, биеийн байдал асуугаагүй. Мөн жолооч Ц.А нь нэг, хоёр удаа ирж уулзаж байсан бөгөөд цагдаагийн хэрэг хаагдсанаас хойш таг чиг болж дахиж огт холбогдоогүй. Нийтэд үйлчилдэг байгууллага нь ёс зүйтэй байх ёстой. Иргэдэд үйлчилж, иргэдээс авсан билетны мөнгө, улсаас авсан татаасаар ашиг , орлого олдог байгууллага атлаа зорчигч нь хүнд гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн байхад хэн ч анхаараагүй. Хүн үхэл хагацлын зааг дээр байхад тухайн компаниас хэн ч ирээгүй. Бүтэн 8 сарын хугацаанд орноосоо босч чадахгүй, ярих чадваргүй болж өнөөдрийг хүртэл хэвийн амьдралдаа орж чадаагүй байгаа тул сэтгэл санаанд учирсан хохирлоо 5 сая төгрөгөөр үнэлж нэхэмжилнэ.

 

Иймд тус компаниас шинжилгээний зардал 1,862,800 төгрөг, эм тарианы зардал 1,362,587 төгрөг, эмнэлгийн хэрэгслийн зардал 1,062,000 төгрөг, хөдөлгөөн заслын эмчээр 3 сарын турш хөдөлгөөн заслын эмчилгээ хийлгэсэн ажлын хөлс- 1,340,000 төгрөг, сахиурын зардал 2,800,000 төгрөг, олох ёстой байсан орлого 1 сарын хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 320,000 төгрөг буюу 12 сарын хугацаанд 3,840,000 төгрөг, сэтгэл санаанд учирсан хохирол 5,000,000 төгрөг, нийт 17,267,387 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Д.Т нь 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Э ХХК-ийн Улиастай-Дэнжийн 1000 чиглэлд явдаг 0 УНТ улсын дугаартай Хьюндай 540 маркийн Автобусанд зорчин явж байсан. Тухайн үед автобусны жолооч Ц.А нь автобусыг зогсоох үйлдэл хийх үед хүчтэй тоормосолсны улмаас нэхэмжлэгч Д.Т нь автобусан дотор унаж гэмтэл авчээ. Энэ асуудлыг тухайн үед нь Д.Таас гаргасан гомдлын дагуу СБД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэрэг бүртгэх тасаг хүлээн авч хэрэг бүртгэлтийн 190901458 тоот хэрэг нээж шалгасан байдаг. Э ХХК-ийн эзэмшлийн Хьюндай 540 маркийн 0 УНТ улсын дугаартай автобусны жолооч Ц.А нь 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улиастай- Дэнжийн 1000 чиглэлд явахдаа Монгол 3 дугаар сургуулийн урд явах үед автобусны урд явж байсан тээврийн хэрэгсэл гэнэт тоормослох үед жолооч нь аюул, саад бий болсон үед зогсох арга хэмжээг авч тээврийн хэрэгслээ зогсоосон бөгөөд техникийн шинжээчийн 426 дугаартай дүгнэлтээр замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй болохыг тогтоосон. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 94 дугаартай тогтоол гарч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжийг зөрчсөн гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй, гэмт хэргийн шинжгүй, гэм буруугүй болохыг тогтоосноор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Уг тогтоолоор жолооч Ц.Аын хувьд гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэрээр нэхэмжлэгч Д.Тын биед гэмтэл учруулаагүй, харин замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу тухайн тээврийн хэрэгслийг бүрэн зогсоож зам тээврийн осол гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан, гэмт хэргийн шинжгүй, гэм буруугүй хэмээн үзсэн.

 

Иймд хариу тайлбарыг хүлээн авч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Э ХХК-иас 17,267,387 төгрөгийн гэм хор арилгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэрэг маргааныг хуульд заасан үндэслэл журмын дагуу шударгаар хянан шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Н.Одонтунгалаг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Иргэн хүний хувьд Д.Т нь эрүүл мэнд, сэтгэл санаа, санхүүгийн хувьд их хохирсон санагдаж байна. Нийтийн тээврээр үйлчлүүлэх явцдаа хүндээр гэмтсэн нь харамсалтай байна. Э ХХК нь нийтийн тээвэр болоод жолооч хариуцлага хүлээх шаардлагатай юм шиг санагдлаа. Бариулаас барьж явсан байж ийм хүнд гэмтсэн байгаа тул нэхэмжлэл нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 17,267,387 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч байна.

 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч байгууллагын ажилтны учруулсан гэм буруутай үйлдлийн улмаас эрүүл мэндэд гэм хорын хохирол учирсныг ажил олгогч буюу тээврийн хэрэгслийн эзэмшигч нь хариуцан нөхөн арилгах үүрэгтэй гэж тодорхойлж, эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэхийн тулд гаргасан зардал болон сэтгэл санааны хохирол нийт хохиролд 17,267,387 төгрөг шаардсан.

 

Хариуцагч татгазлын үндэслэлээ ...автобусыг жолоодож явсан жолооч Ц.Аыг шинжээчийн дүгнэлтээр гэм буруугүй гэж дүгнэн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоолоор холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэггүй гэж маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч Э ХХК-ийн эзэмшлийн 0 УНТ улсын дугаартай Хьюндай 540 маркийн, Улиастай-Дэнжийн 1000 чиглэлийн автобусанд 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Д.Т нь зорчин явах үед жолооч Ц.А нь автобусыг зогсоох үйлдэл хийхдээ хүчтэй тоормослосны улмаас нэхэмжлэгчийн биед хүнд гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1185 дугаар дүгнэлт, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 94 дүгээр тогтоолоор тогтоогдсон, талууд уг үйл баримтад маргаагүй. /хх-ийн 102, 122 дугаар тал/

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Гэж зааснаар тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүсчээ.

 

Хохирогч Д.Тийн гомдлоор Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хариуцагч Э ХХК-ийн эзэмшлийн Хьюндай 540 маркийн 0 УНТ улсын дугаартай автобусны жолооч Ц.Аын үйлдэлд шинжээч томилж дүгнэлт гаргуулсан байна.

 

Техникийн шинжээч, цагдаагийн ахмад Б.Ариунболдоос гаргасан дүгнэлтэд ...Хавтаст хэрэгт авагдсан баримтаар жолоочийн өгсөн тайлбар, гэрч хохирогч нарын өгсөн мэдүүлэг, автобусны камерын бичлэг зэрэг нотлох баримтуудыг үндэслэн жолооч Ц.А нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэдэг нь тогтоогдохгүй байна. Учир нь аюул саад бий болсон үед жолооч зогсоох арга хэмжээ авна. Уг автобусны камерийн бичлэгт Д.Т нь 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутагт дэвсгэрт Э ХХК-ийн Хьюндай-540 маркийн 0 УНТ улсын дугаартай, Улиастай-Дэнжийн мянга чиглэлийн автобусанд зорчиж явахдаа өөрийн аюулгүй байдлыг хангаж, суудлын бариулаас барьж яваа нь аюулгүй байдлаа хангасан гэж үзэж байна. Жолооч Ц.А, зорчигч Д.Т нар ямар нэгэн дүрэм журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Шинээр нөхцөл байдал илрээгүй гэжээ. /хх-ийн 131 дүгээр тал/

 

Мөн Нийслэлийн цагдаагийн газрын Шуурхай удирдлагын хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Чанцалаас 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гэрч Ц.Ааас асууж авсан тэмдэглэлд ...Монгол 3 дугаар сургууль хүрэх замд автобусанд 20 орчим зорчигчтой явж байсан чинь зүүн гар талаас дунд оврын жип тээврийн хэрэгсэл 3 дугаар эгнээнээс гэнэт дохио өгөхгүй дарж орж ирээд тэрнээс болоод би огцом тоормослож зогссон юм. Урд талын сандал дээр нэг эмэгтэй сууж байсан. Яасан талаар асуусан чинь түрүүн тоормослох үед чинь шалан дээр унасан толгой өвдөөд байна, түргэн тусламж дуудаад өг босч чадахгүй байна гэхээр нь түргэн тусламж дуудаад өөр жолоочид автобусаа үлдээчихээд тусламжийн машинтай хамт гэмтэл согог судлалын үндэсний төвд ирж үзүүлэхэд нурууны яс хугарсан байна гэж хэлсэн. Надад ямар нэгэн зорчигчийг санаатай бэртээх зорилго байгаагүй. Замын хөдөлгөөний үед гэнэт тээврийн хэрэгсэл орж ирж би огцом тоормослосноосийм санамсаргүй зүйл боллоо гэж мэдүүлжээ. /хх-ийн 120 дугаар тал/

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 94 дүгээр тогтоолоор жолооч Ц.А нь аюул саад бий болсон үед жолооч зогсоох арга хэмжээ авч, тээврийн хэрэгслээ зогсоосон бөгөөд техникийн шинжээчийн №426 дугаартай дүгнэлтээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй болохыг тогтоосон байна. Иймд жолооч Ц.Аыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хаасан байна. /хх-ийн 102 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Э ХХК-ийн автобусаар үйлчлүүлж байхдаа унаж эрүүл мэндэд нь гэм хорын хохирол учирсан байх тул Иргэний хуулийн 384 дүгээр зүйлийн 384.1 дэх хэсэгт зааснаар тээвэрлэгч болон тодорхой төрлийн тээврийн дүрэмд зааснаар хариуцлага хүлээх учиртай.

 

Гэвч дээрх хуулийн зохицуулалт нь гэм хорын хохирол гаргуулах шаардах эрхийн үндэслэл болох боломжгүй, гэм хорын хохирол арилгах журам нь хууль болон тодорхой тээврийн дүрмээр зохицуулагдах буюу тээврийн хэрэгслийг ашигласнаас үүсэх гэм хорыг арилгах илүү нарийвчилсан зохицуулалт нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэг болно.

 

Харин ажиллагсад хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-гээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хүлээх тохиолдолд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасан зохицуулалт хэрэглэгдэнэ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У-Ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа жолооч Ц.А нь зам тээврийн осолд буруугүй гэдэг нь тогтоогдсон ч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж явах үүргээ биелүүлээгүйн улмаас Д.Тийн биед нь хүнд гэмтэл учруулсан явдал нь бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан үр дагаварт хүргэсэн тул ажил олгогч "Э ХХК нь нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж маргасан нь үндэслэлгүй байна.

 

Жолооч Ц.А нь зам тээврийн осол болох үед Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчөөгүй, тэрээр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж явах үүргээ биелүүлж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түүнээс учрах хохирлыг зайлуулах үүднээс тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээг авсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

 

Нэхэмжлэгч Д.Тийн эрүүл мэндэд учирсан гэм хор нь хариуцагч Э ХХК-ийн жолооч Ц.Аын болгоомжгүй болон санаатай буруутай үйлдлээс болоогүй гэдэг нь нотлогдсон тохиолдолд тээврийн хэрэгслийн өмчлөгч Э ХХК Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэх боломжгүй. Хэдийгээр уг зохицуулалтын дагуу тээврийн хэрэгслийн өмчлөгчид хариуцлага хүлээлгэхийн тулд тээврийн хэрэгслийн өмчлөгчийн гэм бурууг тогтоох шаардлагагүй боловч тухайн тээврийн хэрэгслийн ашиглалтаас гэм хор учирсан нь тогтоогдсон байх ёстой.

 

Гэвч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас гэм хорын хохирол учирсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийн өмчлөгчийн буруугаас гэм хор учирсан гэх шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дахь заалтад Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.

 

Хариуцагч "Э ХХК-ийн өмчлөлийн Хьюндай-540 маркийн 0 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ц.А нь Д.Тийн эрүүл мэндэд гэм хор учруулсан зөрчил нь хууль бус эсэхээс үл хамааран "Э ХХК нь түүний эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй эсэх нь тодорхойлогдоно.

 

Гэм буруугүй байсан ч хариуцлага хүлээх зарчим энэ тохиолдолд үйлчлэхгүй. Автомашин буюу тээврийн хэрэгсэл нь хүний үйлдлээр замын хөдөлгөөнд оролцдог тул бодитоор эзэмшиж байгаа этгээдийн гэм бурууг энэ тохиолдолд шаардана.

 

Жолооч Ц.А нь зорчигч Д.Тийн биед нь хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан нь үр дагаврын хувьд хууль бус хэдий ч тухайн тохиолдолд Ц.А нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчөөгүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурор Ц.Ат холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зэргээс шалтгаалан үйлдлийн хувьд гэм буруутай гэж үзэх үндэслэл болохгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Таас дээрх техникийн шинжээчийн 426 дугаар дүгнэлт болон Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 94 дүгээр тогтоолд гомдол гаргаагүй талаар түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарласан.

 

Иймд хариуцагч Э ХХК-ийн буруутай үйлдийн улмаас нэхэмжлэгч Д.Тт учирсан гэм хорын хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчид шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн бичгийн нотлох баримттай танилцах хугацаа авах шаардлагагүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргаснаар хэргийг хэлэлцүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

    ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Э ХХК-д холбогдох гэм хорын хохиролд 17,267,387 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Тийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,297 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШЗ2020/11254 дугаар захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга авсан нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

Л.ЭНХЖАРГАЛ