Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2017/04059

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2017/04059

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  С ББСБ ХХК 

 

Хариуцагч: Л.Б 

 

4 226 166 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Б нь 2011 оны 03 дугаар сарын 30 өдөр манай байгууллагатай ЗГ1302110007 тоот дугаартай Цалин Барьцаалсан Зээлийн гэрээ байгуулж 1,500,000 /нэг сая таван зуун мянган төгрөг/ төгрөгийн цалингийн зээлийг 6 /зургаан cap / сарын хугацаатай, сарын хүү 3.5% /гурав аравны тав хувь/ ,

Зээлдэгч нь 2017 оны 11 дугаар сарын 16 -ний өдрийг хүртэл үндсэн зээлийн төлбөрөөс 125,000 төгрөг, 2017 оны 11 дугаар сарын 16 -ний өдрийг хүртэл үндсэн хүүгийн төлбөрөөс 355,813 төгрөгийг төлж байсан ба үүнээс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин өнөөдрийг хүртэл ямар ч өр төлбөр төлөөгүй болно. Байгууллагын зүгээс өр төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх тухай мэдэгдэж, удаа дараа шаардлага тавихад үл биелүүлж ирсэн. 2017 оны 11 дугаар сарын 16 -ний өдрийн байдлаар Л.Б нь үндсэн зээлийн үлдэгдэл 1,375,000 үндсэн хүүний үлдэгдэл 2,174,687, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэлд 676,479 төгрөг, нийт 4,226,166 төгрөг төлөөгүй болно.

Иймд зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээг цуцалж, өр, төлбөрийг гаргуулах хүсэлтэй байна. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 4,226,166 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Анх зээл олгогдох 174,833 төгрөгийг хүүнд тооцон суутгаж авсан талаар маргахгүй гэв.

 

Хариуцагч Л.Б нь шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2011 оны 03 дугаар сарын 30-ны өдөр С ББСБ-аас 1,500,000 төгрөгний зээлийг 6 сарын хугацаатай 3,5 хувийн хүүтэй авсан юмаа. Тухайн авсан зээлээр хийж байсан бизнес маань дампуурсан учир уг зээлийг эргэн төлөх боломжгүй болсон нь үнэн болно. Тухайн үед уг зээлийг авахад энэ компани нь өгч байсан зээлээс хүүгээ урьдчилан авдаг байсан юм. Одоо нэхэмжилж байгаа 4,226,166 төгрөгийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Хуулийн дагуу хугацаа хийсэн гэрээ харгалзан дахин хэлэлцэн тохирмоор байна. Иймд энэ нэхэмжилсэн 4,226,166 төгрөгийг өгч чадахгүй байна. Миний өөрийн бололцоо 2,000,000 төгрөгнөөс илүү өгч чадахгүй юмаа гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 4,221,166 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Л.Б нь анх зээл олгохдоо гэрээнд зааснаар 1,500,000 төгрөг бүрэн олгоогүй, хүүг суутгасан тул 2,000,000 төгрөгийг төлнө, харин үлдэх хэсгийг төлөх боломжгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчид 2011 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ЗГ1302110007 дугаар зээлийн гэрээ байгуулсан байна. Уг гэрээгээр 1,500,000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлэхээр тохиролцсон байна. Энэ үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь зээл олгосон гэж тайлбарласан боловч хариуцагч нь зээлийг бүтэн олгоогүй гэж маргасан. Хэрэгт зээлийн гүйлгээ хийх тухай 11-25643 дугаар шийдвэр байх боловч энэ уг зээлийг олгосон гэдгийг нотлохгүй байна. Учир нь зээлийг олгосон талаар хариуцагчийн гарын үсэг зурсан буюу баталгаажуулсан баримтыг нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлээгүй. Шүүх зээл олгосон санхүүгийн анхан шатны баримтыг шүүхэд ирүүлэхийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчид даалгасан боловч нэхэмжлэгчийн төлөөлөгч нь энэхүү баримт байхгүй, устгасан гэж тайлбарласан. Иймд зохигчдын хооронд зээлийн гэрээний дагуу үүссэн харилцааны үүргийг дүгнэж, буцаан төлөх зээлийн хэмжээг тооцох боломжгүй байна.

Улмаар нэхэмжлэгч нь 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх 2012 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр хүлээн авахаас татгалзжээ. Иймд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гарсан өдрөөс хөөн хэлэлцэх хугацаа дахин шинээр тоологдсон байна. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийг эрэн сурвалжлуулсан гэж тайлбарласан боловч өөрийн тайлбарыг нотлоогүй холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Үүнийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй байна гэж үзлээ. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагчид үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрх үүссэн байна.

 

Гэвч хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбараар зээлийн гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Улмаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан нь нэхэмжлэгчийн шаардах эрхийг хязгаарлах бөгөөд харин хариуцагч үүргээ гүйцэтгэх, гүйцэтгэхийг зөвшөөрөхийг хязгаарлахгүй.

 

Иймд хариуцагчаас 2,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Л.Б-гаас 2,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С ББСБ ХХК-д олгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82,569 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 46,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД