| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 316/2025/0025/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/49 |
| Огноо | 2025-03-10 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/49
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шүүгч Л.Энхтайван, шүүгч Б.Баярсайхан нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн
Иргэдийн төлөөлөгч Д.Х*******
Улсын яллагч А.Эрдэнэдэлгэр
Хохирогч М.Б*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Нарангэрэл
Шүүгдэгч С.Н******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О******* овогт С******* Н*******д холбогдох 2431000000326 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19* оны 1* дугаар сарын **-ны өдөр С** аймгийн С******* суманд төрсөн, эрэгтэй, 56 настай, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт С** аймаг А******* сум 0* дугаар баг хөдөө задгай тоотод оршин суух,
урьд С* аймгийн шүүхийн 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Эрүүгийн хуулийн 169-ын б-д зааснаар 3 жилийн хорих ял,
С* аймгийн шүүхийн 1987 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 20 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 123,2, 169-ын в-д зааснаар 4 жилийн хорих ял,
С* аймгийн шүүхийн 1992 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/14 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 123,2, 123,4-д зааснаар 3 жилийн хорих ял,
С* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарны 12-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, О******* ургийн овогт С******* Н*******, Регистрийн дугаар: М*******
Гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч С.Н******* нь 2024 оны 10 дугаар сарын 26-с 27-нд шилжих шөнө А******* сумын 3 дугаар баг "Хоёр элс" хөдөө хэсэгт байрлах өөрийн гэртээ согтуурсан үедээ эхнэр болох М.Б*******гийн цээжин тус газарт 1 удаа хутгалж цээжинд шархны дараах сорви, цээжний хөндийг нээж шалгах, плеврийн хөндийг угаах мэс заслын дараах гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Н******* мэдүүлэхдээ: 2024 оны 10-р сарын 26-ны орой эхнэрийн дүү нь нөхөр, хүүхдүүдтэйгээ ирсэн. Тэгээд архи ууж байснаа л санаж байна. Бусад зүйлийг санахгүй байна. Манай эхнэр намайг чи хутгалсан гэж хэлсэн учир би хүлээн зөвшөөрч байна. Тэгэхээс би үнэндээ юу ч мэдэхгүй байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ар гэрт эхнэр хүүхэд маань үнэхээр хэцүү байдалтай, амьдрал хүнд байгаа тул хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Б******* мэдүүлэхдээ: ...Манай дүү нөхөр хүүхэдтэйгээ хотоос ирсэн. Ирсэн оройгоо архи уусан. Гэтэл маргааш нь дуудлагаар архи захиж авчруулсан байсан , бид архи захисан талаар тухайн үедээ юу ч мэдээгүй байсан. Ингээд дахин нөхөр, хүргэн Б хоёр архи ууж байснаа, нэг залуугийн нэр яриад энэ хоёр маргасан. Би хүргэнийг маргаад байхаар нь боль гэхэд тоохгүй байсан ба унтаж байсан хүүхэд цохихоор нь би уурласан . Гэтэл нэг мэдэхэд нөхөр хутга барьчихсан байсан ба тэр хутганд нь би хатгагдчихсан.Надыг санаатай хутгалаагүй. Манай нөхөр баяр ёслолоор л хааяа архи уудаг, бид хоорондоо маргаад байдаггүй.Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодож цохиж байсан удаа нэг ч байхгүй. Миний хувьд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Миний өнөөдрийн өгсөн мэдүүлэг үнэн.Нөхөр маань таксинд явж охин бид хоёр тэжээж, охиноо сургуульд нь хүргэж өгч авдаг. Энэ байдлыг харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 06-07-р хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.Б*******гийн өгсөн"...Манай төрсөн дүү О нөхөр Б Улаанбаатар хотоос 2024 оны 10 дугаар сарын 25-ны орой өөрийн гэр бүлийн хамт А******* сумын 3 дугаар баг Ж хөндийд байрлах манай гэрт ирсэн. Тэгээд хүргэн Б 2024 оны 10 дугаар сарын 26-ны 23 цагийн үед манай нөхөр Н*******тай архи уусан. Тэгээд хүргэн нөхөр хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би дундуур нь ороод салгах гэтэл гэрийн махны хутгыг нөхөр барьсан байж байгаад миний баруун эгмийн доод хэсэг хүү нэг удаа дүрсэн. Тэгээд би чанга орилсон чинь манай нөхөр больсон. Миний биеэс их цус гарсан ба төрсөн дүү О эмнэлэг дуудсан. .... Бид хоёр 1990 онд гэрлэлтээ батлуулсан дундаасаа 4 хүүхэдтэй. ... Манай нөхөр баяр ёслолын үеэр архи хэрэглэдэг ба хувиараа таксинд явдаг өөр ажил хийдэггүй. Манай нөхөр уусан үедээ догшин авиртай болчихдог эрүүл үедээ зүгээр байдаг." гэх мэдүүлэг, /хх-ийн 12-13, 15-р хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Ц.Д өгсөн: ...гэмт хэргийн улмаас хохирогч С.Б*******гийн биед гэмтэл учирсантай холбоотойгоор 8 удаагийн үйлчилгээгээр нийт 2,115.902 төгрөгийн зардлыг гаргуулна” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй гэрч Н.У өгсөн "... Манай хөдөө гэр А******* сумын хоёр элсэнд байдаг юм. Хоёр элсэнд байдаг гэртээ 2024 оны 10 дугаар сарын 26- ны өдөр аав ээжийн хамт байхад ээжийн төрсөн дүү О нь нөхөр хүүхдийн хамт манайд ирсэн юм. Маргааш нь 2024 оны 10 дугаар сарын 27-ны орой аав ээж 2 О эгч болон түүний нөхөр хүүхдүүдэд мах чанаж өгсөн. Махаа чанаж идэж дуусгаад аав Агар нэртэй 0.75 литрийн архи задлаад О эгчийн нөхөр Бтой хувааж уусан. Архи нь дуусаад Б ах фейсбүүк зар харж байгаад таксины жолоочид 0,75 литрийн архи, вино, ундаа захисан. Удалгүй таксины жолооч архи, вино, ундаа авч ирсэн. Виног нь ээжийн төрсөн өдөрт хадгалаад архийг нь Б ах, аав хоёр хувааж уусан. Аав архиндаа согтоод Б ахтай хэрэлдээд түүнийг гэрээсээ хөөж туугаад байсан. Тэгсэн О эгч надад хандан эгчийн дүү 2 дүүгээ аваад гарч бай гэж хэлэхээр нь тэдний 2 хүүхдийг аваад Б ахын машинд суусан. Машинд сууснаас 20-30 минутын дараа манай гэрээс О эгч уйлсан байдалтай гарч ирээд надад хандан эгчийн дүү 103 руу залгаарай аав нь ээжийг чинь хутгалсан шүү гэж хэлсэн тэгээд би энэ талаар эмнэлгийн байгууллагад мэдэгдсэн. Тэгсэн надаас өмнө О эгч эмнэлэг рүү хэлсэн байсан. О эгч буцаж манай гэр рүү ороод Б ахын хамт ээжийг өргөж гарч ирээд машинд суулгасан бөгөөд ээжийн цээж хэсэг болон хувцасны зарим хэсэг нь цус болсон байсан бөгөөд цээжин дээр цусыг нь тогтоох гээд гадуур куртикийг нь тавьсан байсан. Удалгүй эмнэлгийн машин ирээд ээжийг машиндаа суулгасан би эмнэлэг рүү ээжтэй хамт явсан" ... Манай аав нээх архи уугаад байдаггүй хүн. Баярт өдрүүдээр л архи уудаг, архи уусан үедээ ямар нэг агсам согтуу тавьдаг зан байхгүй. ... Миний нүдэн дээр аав, ээжийг цохиж зодож байсан удаа байхгүй, би дандаа л ээж, аав хоёртойгоо байдаг, Аав ,ээжийн эрхийг хааж боодог зүйл байхгүй гэх мэдүүлэг, /хх-ийн 30-31-р хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.З өгсөн...Ээжийн дүү О утсаар залгаад “Чи яаралтай Сэлэнгэ ирэх шаардлагатай байна, ээж чинь эмнэлэг рүү хүргэгдчихлээ гэхээр нь юу болсон гэж асуухад тодорхой юм хэлээгүй,тэгээд Д уул аймгаас Сэлэнгэ рүү такси олоод гарсан. Тэгээд 07:00 цагийн үед нэгдсэн эмнэлэг дээр ирээд ээжтэй уулзахад эмнэлгийн орон дээр цээж хэсэгт боолт хийлгээд хэвтэж байсан.О эгчтэй уулзаад юу болсон талаар асуухад “ Аавыг гэртээ агсам тавиад байхаар нь салгах гэж байгаад хутгалуулсан гэж хэлсэн. ...Аав,ээж хоёр хоорондоо огт хэрүүл маргаан хийж байгаагүй гэх мэдүүлэг / хх-н 24-р хуудас /
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч цагдаагийн дэслэгч С.Д 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №384 дугаартай М.Б*******гийн биед цээжинд шархны дараах сорви, цээжний хөндийг нээж шалгах, плеврийн хөндийг угаах мэс заслын дараах гэмтэл тогтоогдлоо. - Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. -Амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1.13-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг хамаарна." гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 36-37-р хуудас/
Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №473 дугаартай албан бичиг, өвчний түүх, /хх-ийн 39-68-р хуудас/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 76-80-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох баримтууд
Шүүгдэгчийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 89 хуудас/,
Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 90 хуудас/
Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 91 хуудас/
Шүүгдэгчийн авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 92 хуудас/
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 93 хуудас/,
Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-ийн 94 хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 97-106 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч С.Н******* нь 2024 оны 10 дугаар сарын 26-ноос 27-нд шилжих шөнө А******* сумын 3 дугаар баг "Хоёр элс" хөдөө хэсэгт байрлах өөрийн гэртээ согтуурсан үедээ эхнэр болох М.Б*******гийн цээжин тус газарт 1 удаа хутгалж цээжинд шархны дараах сорви, цээжний хөндийг нээж шалгах, плеврийн хөндийг угаах мэс заслын дараах гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Н*******гийн өгсөн ... 2024 оны 10-р сарын 26-ны орой эхнэрийн дүү нь нөхөр, хүүхдүүдтэйгээ ирсэн. Тэгээд архи ууж байснаа л санаж байна. Бусад зүйлийг санахгүй байна. Манай эхнэр намайг чи хутгалсан гэж хэлсэн учир би хүлээн зөвшөөрч байна. Тэгэхээс би үнэндээ юу мэдэхгүй байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Б*******гийн өгсөн ...Манай дүү нөхөр хүүхэдтэйгээ хотоос ирсэн. Ирсэн оройгоо архи уусан. ... дахин нөхөр, хүргэн Б хоёр архи ууж байснаа, нэг залуугийн нэр яриад энэ хоёр маргасан. Би хүргэнийг маргаад байхаар нь боль гэхэд тоохгүй байсан ба унтаж байсан хүүхэд цохихоор нь би уурласан . Гэтэл нэг мэдэхэд нөхөр хутга барьчихсан байсан ба тэр хутганд нь би хатгагдчихсан.Надыг санаатай хутгалаагүй. Манай нөхөр баяр ёслолоор л хааяа архи уудаг, бид хоорондоо маргаад байдаггүй.Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодож цохиж байсан удаа нэг ч байхгүй. Миний хувьд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Миний өнөөдрийн өгсөн мэдүүлэг үнэн.Нөхөр маань таксинд явж охин бид хоёр тэжээж, охиноо сургуульд нь хүргэж өгч авдаг. Энэ байдлыг харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Б өгсөн "... Би Сэлэнгэ аймгийн А******* сумын 2 элс гэх газарт байдаг баз ах Н*******гийн гэрт 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өөрийн эхнэр 2 хүүхдийн хамт ирсэн. Тэгээд 20 цагийн үед Н******* ах бид хоёр 0,75 литрийн Агар нэртэй архи уусан. Эхний 1 шил архиа ууж дуусчхаад 2 дахь архиа ууж байхад Н******* ах согтчихсон агсам тавиад эхнэр хүүхэд бид дөрвийг гэрээсээ хөөгөөд байсан. ...Н******* ахын эхнэр Б******* эгч нөхрийгөө чи боль гээд зууралдаад байхаар нь би Н******* ах руу хандаж та одоо яагаад байгаа юм бэ гэж хэлтэл Б******* эгч газарт уначихсан. Тэгтэл манай эхнэр цус гараад байна гэж орилохоор нь очоод хартал Б******* эгчийн цээж хэсгээс нь цус гарчихсан байсан ба Н******* ах хутга бариад зогсож байхаар нь Б******* эгчийн өргөж аваад машиндаа суулгаад Н******* ахын бага хүүхдийг нь суулгаад эхнэр машин бариад эмнэлэг рүү явсан гэх мэдүүлэг, /хх-ийн 28-р хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй гэрч Н.У өгсөн "... Манай хөдөө гэр А******* сумын хоёр элсэнд байдаг юм. Хоёр элсэнд байдаг гэртээ 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр аав ээжийн хамт байхад ээжийн төрсөн дүү О нь нөхөр хүүхдийн хамт манайд ирсэн юм. Маргааш нь 2024 оны 10 дугаар сарын 27-ны орой аав ээж 2 О эгч болон түүний нөхөр хүүхдүүдэд мах чанаж өгсөн. Махаа чанаж идэж дуусгаад аав Агар нэртэй 0.75 литрийн архи задлаад О эгчийн нөхөр Бтой хувааж уусан. ... Аав архиндаа согтоод Б ахтай хэрэлдээд түүнийг гэрээсээ хөөж туугаад байсан. Тэгсэн О эгч надад хандан эгчийн дүү 2 дүүгээ аваад гарч бай гэж хэлэхээр нь тэдний 2 хүүхдийг аваад Б ахын машинд суусан. Машинд сууснаас 20-30 минутын дараа манай гэрээс О эгч уйлсан байдалтай гарч ирээд надад хандан эгчийн дүү 103 руу залгаарай аав нь ээжийг чинь хутгалсан шүү гэж хэлсэн тэгээд би энэ талаар эмнэлгийн байгууллагад мэдэгдсэн. Удалгүй эмнэлгийн машин ирээд ээжийг машиндаа суулгасан би эмнэлэг рүү ээжтэй хамт явсан" гэх мэдүүлэг, /хх-ийн 30-31-р хуудас/
С** аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч цагдаагийн дэслэгч С.Д 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №384 дугаартай М.Б*******гийн биед цээжинд шархны дараах сорви, цээжний хөндийг нээж шалгах, плеврийн хөндийг угаах мэс заслын дараах гэмтэл тогтоогдлоо. - Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. -Амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1.13-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг хамаарна." гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 36-37-р хуудас/
С** аймгийн нэгдсэн эмнэлгийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №473 дугаартай албан бичиг, өвчний түүх, /хх-ийн 39-68-р хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч С.Н******* нь өөрийн эхнэр М.Б*******г “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” хутгалсан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч С.Н*******гийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч С.Н*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан ”зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан ”зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.
Харин прокуророос шүүгдэгч С.Н*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заасан “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх үйлдэл нь нотлогдон тогтоогдохгүй байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад уг хуульд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг” хамааруулахаар, мөн зүйлийн 3.2 дахь хэсэгт “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна.” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч С.Н*******, хохирогч М.Б******* нар нь дээрх хуульд заасан гэр бүлийн харилцаатай этгээд мөн боловч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж энэ гэмт хэргийг үйлдсэн болохыг нотлон тогтоогоогүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Б*******гаас ... Манай нөхөр баяр ёслолоор л хааяа архи уудаг, бид хоорондоо маргаад байдаггүй. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодож цохиж байсан удаа нэг ч байхгүй гэх мэдүүлэг,
Төрсөн охин Н.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Манай аав нээх архи уугаад байдаггүй хүн. Баярт өдрүүдээр л архи уудаг, архи уусан үедээ ямар нэг агсам согтуу тавьдаг зан байхгүй. ... Миний нүдэн дээр аав, ээжийг цохиж зодож байсан удаа байхгүй, би дандаа л ээж, аав хоёртойгоо байдаг. Аав ээжийн эрхийг хааж боодог зүйл байхгүй гэх мэдүүлэг, /хх-ийн 30-31-р хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч хүү Н.З өгсөн ...Ээжийн дүү О утсаар залгаад “Чи яаралтай Сэлэнгэ ирэх шаардлагатай байна, ээж чинь эмнэлэг рүү хүргэгдчихлээ гэхээр нь юу болсон гэж асуухад тодорхой юм хэлээгүй,тэгээд Д уул аймгаас С** рүү такси олоод гарсан. Тэгээд 07:00 цагийн үед нэгдсэн эмнэлэг дээр ирээд ээжтэй уулзахад эмнэлгийн орон дээр цээж хэсэгт боолт хийлгээд хэвтэж байсан.О эгчтэй уулзаад юу болсон талаар асуухад “ Аавыг гэртээ агсам тавиад байхаар нь салгах гэж байгаад хутгалуулсан гэж хэлсэн. ...Аав,ээж хоёр хоорондоо огт хэрүүл маргаан хийж байгаагүй гэх мэдүүлэг / хх-н 24-р хуудас / нарын мэдүүлгээр өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан нь мөн энэ гэмт хэргийг үйлдэхдээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас хохирогч М.Б*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдохгүй харин гэрчүүдийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.
Иймд шүүгдэгч С.Н*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж дээрх гэмт хэргийг үйлдсэн үйлдлийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэдийн төлөөлөгчөөс ... Шүүгдэгч С.Н*******г гэм буруугүй гэж үзэж байна гэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн ирүүлсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчлан заасны дагуу энэ гэмт хэргийн улмаас гарсан эмчилгээний зардлыг хуулиар шүүгдэгч С.Н******* нь хариуцан арилгах үүрэгтэй байна.
Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчийн М.Б*******гийн эмчилгээний зардалд 2.115.902. төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч С.Н******* нь төлж барагдуулсан байна.
Шүүх хуралдаанд хохирогч М.Б******* нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй, Сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч С.Н*******г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол,төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч С.Н*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч С.Н*******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын доод хэмжээг хоёр жил хүртэл, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.
Иймд шүүгдэгч С.Н*******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн ба хохирогчид төлөх хохирол төлбөргүй, мөн хохирогч М.Б******* нь гомдол, саналгүй хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн санал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч С.Н*******д 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Н*******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэргийн улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч О******* овогт С******* Н*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилэн ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүгдэгч О******* овогт С******* Н*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” хохирогч М.Б*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Шүүгдэгч О******* овогт С******* Н*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 / гурван / жил 5 / таван / сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар С.Н*******д оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Н*******гийн урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6.Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн 2.115.902 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч М.Б******* нь хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд цаашид хохирол нэхэмжлэх бол нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7.Шүүгдэгч С.Н******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
9.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
Даргалагч,
ЕРӨНХИЙ шүүгч ч.мөнгөнцэцэг
ШҮҮГЧИД Л.ЭНХТАЙВАН
Б.БАЯРСАЙХАН