Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/54

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга          Б.Номин

улсын яллагч                         А.Эрдэнэдэлгэр

шүүгдэгчийн өмгөөлөгч       Д.Даваасүрэн

шүүгдэгч                                  Г.Б*******  нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн прокурорын газраас  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г******* Б*******д холбогдох эрүүгийн 2531000000054 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19** оны *** дугаар сарын **-ны өдөр С** аймгийн Т** суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт С** аймгийн С** сум, ** дугаар баг, ** дугаар  хэсгийн 1** тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, И** ургийн овогт Г******* Б*******, (регистрийн дугаар M )

 

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч  Г.Б*******  нь 2025 оны 02 дугаар сарын 05-ны  өдрөөс 02 дугаар сарын 06-нд шилжих шөнө 04 цагийн үед С** аймгийн С** сумын ** дугаар багийн ** дугаар  хэсгийн ** тоот өөрийн гэртээ  “охин хүүхэд шөнө гэрээс хөөлөө” гэх шалтгааны улмаас нөхөр П.Б*** маргаж зүүн бугалга  орчмын дээд хэсэгт хутгалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай   учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б******* мэдүүлэхдээ: 2025 оны 02-р сарын 04-ний орой манай нөхрийн найзууд гэрт ирж хоол унд идэж, хөзөр тоглож жаахан юм ярьж суухдаа пиво архи уусан. Тэгээд найзууд явсны дараа манай хүү аавдаа эгчийнхээ талаар “өчигдөр эгч найз залуутайгаа гарч яваад 2-3 цагийн дараа ирсэн” гэж хэлэхэд нөхөр уурлаж охиныг загнаж чи зайлаарай гэж хэлсэн, үүнээс болж нөхөр бид хоёр маргаж нэг мэдэхэд би нөхрийнхөө гарыг хутгалсан байсан. Цус гарахад л мэдсэн. Тэгээд би өөрөө цагдаа дуудсан. Өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч, харамсаж байна гэв.

Гэм буруугийн талаар:  Шүүгдэгч Г.Б******* нь 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 02 дугаар сарын 06-нд шилжих шөнө 04 цагийн үед С** аймгийн С** сумын * дугаар багийн * дугаар хэсгийн ** тоотод өөрийн гэртээ “охин хүүхэд шөнө гэрээс хөөлөө” гэх шалтгааны улмаас нөхөр П.Б*******тэй маргаж зүүн бугалга орчмын дээд хэсэгт хутгалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хх-ийн 2 тал), хохирогч П.Б******* мэдүүлэг (хх-ийн 10-14 тал), аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 04-05 тал/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл / хх-н 08- тал /, иргэний нэхэмжлэгч Ц.Д мэдүүлэг /хх-н 21 тал/, гэрч Б.Ө мэдүүлэг /хх-ийн 23 тал/, гэрч Г.Э  мэдүүлэг /хх-ийн 25 тал/, Гэрч Ө.А******* мэдүүлэг /хх-н 27-р тал/, Гэрч насанд хүрээгүй Б.Х мэдүүлэг / хх-н 29-р тал/, яаралтай тусламжийн хуудас (хх-ийн 34 тал), шинжээчийн дүгнэлт, түүнийг танилцуулсан тэмдэглэл (хх-ийн 32,36 тал), шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт (хх-ийн 58-66 тал), хохирол төлсөн баримт /хх-н 67-р тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд боломжтой байна гэж шүүх үзлээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Г.Б******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Г.Б******* нь Эрүүл мэндийн даатгалын санд 162799 төгрөгийн хохирол төлсөн бөгөөд хохирогч П.Б******* нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох  ял оногдуулах саналыг , шүүгдэгч нь  хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Г.Б*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох  ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Б*******гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч  Г.Б******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг оршин суугаа газрын харьяалах шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч И** овогт Г******* Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар    Г******* Б*******г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Б*******гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч  Г.Б******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг оршин суугаа газрын харьяалах шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6.Шүүгдэгч Г.Б******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг  гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ч.МӨНГӨНЦЭЦЭГ