| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Очбадрах |
| Хэргийн индекс | 185/2024/1097/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/721 |
| Огноо | 2025-03-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Пүрэврагчаа |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/721
2025 03 19 2025/ШЦТ/721
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч Д.Пүрэврагчаа,
хохирогч Ц,
шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Н-ийн А холбогдох эрүүгийн ************** дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:
Шүүгдэгч Н.А нь согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ************орчим хохирогч тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хамар, уруулд зүсэгдсэн шарх, хамар, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогч Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2024 оны 07 дугаар сарын 27-ны орой хүргээд өгөөч гээд дуудсан. Би гараж дээрээ эхнэртэйгээ байсан. Машинтайгаа очсон. Хашаагаар ороход хоёр залуу байсан. Сыг “гараад ир гээд хэлээд өгөөч” гэж хэлсэн. Энэ хэд орой нь ууж байгаад маргалдсан юм шиг байна лээ. Би хутга барьж гарч ирснийг нь харсан. Арай ч цохичихгүй байх гэж бодсон. Хойшоо зугтах гэсэн боловч машин тулсан байсан. Би гэрийг нь заалгаад 2-3 удаа очсон. Гэртээ байхгүй байсан. Надтай яриад тохирчихвол “гомдол гаргаад яах вэ хоёр нялх хүүхэдтэй юм байна” гэж бодсон. Би тухайн үед нэг сар гаруй ажлаа хийгээгүй. Өөрөө ирээд уучлалт гуйх байх гэсэн боловч алга болчихсон. Тэр үедээ шүүх эмнэлгээр явж байхдаа биед учирсан хохирлоо үзүүлсэн. Түүнээс өөр хувийн эмнэлэгт үзүүлсэн баримт байхгүй. Гомдол гээд байх зүйл байхгүй. Өнөөдөр хоёр нялх хүүхдийг нь бодоод ирсэн” гэв.
Шүүгдэгч Н.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би тэр үед унтаж байсан. Гадаа орилолдоод байхаар нь гарч ирсэн. Тэгээд хутгаар зүссэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн ************** дугаартай хэргээс:
Улсын яллагч таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-31-р хуудас/, хохирогч Цын мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/, гэрч А.Сын мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/, гэрч Д.Эгийн мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн №9996 дугаартай дүгнэлт /хх-ийн 54-55-р хуудас/, хохирогч Цын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон талаар баримт /хх-ийн 57-60-р хуудас/, хохирогч Цын эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хх-ийн 62-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.Аийн өмгөөлөгч О.Алтанчулуу Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хх-ийн 66-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67-р хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 68-р хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 69-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 70-р хуудас/, Эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгасан тодорхойлолт /хх-ийн 71-74-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.
Шүүгдэгч Н.А нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Н.Ат холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.
1.Гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “шүүгдэгч Н.А нь согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ************орчим хохирогч Цтай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хамар, уруулд зүсэгдсэн шарх, хамар, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Нотлох баримтын талаар:
- Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-31-р хуудас/,
- Хохирогч Цын: “...Би 2024 оны 07 сарын 27-ны шөнийн 02 цаг 50 минутын үед Сэлбэ дулааны станц орчимд байрлах засварын ажил дээрээ байсан тэр үед манай найз С 86903690 дугаараас залгаж “ууцан машинаа барьж чадахгүй байна хүрээд ирээч, гэртээ орж чадахгүй байна” гэж дуудсан. Тэгээд би 10-20 минутын дараа гражаа засварчин Содбаяр, Отгонбаяр, эхнэр А дөрөвүүлээ ******** улсын дугаартай Приус 30 маркийн машинтай **************** хорооны орчим гудамжинд байх Сын гэрийн хашаанд очоод Стой хамт би өөрөө буусан чинь манай найз Сын эхнэр Эгийн таньдаг 175см хавьцаа өндөртэй 2 эрэгтэй хүн гадаа зогсож байсан. Тэгээд Сын эхнэр Э нэг танихгүй эгчтэй гарч ирээд манай найз Стой маргалдаж эхэлсэн чинь нөгөө манай найз Сын эхнэр Эгийн таньдаг гэх 175см хавцаа өндөртэй 2 эрэгтэй хүн манай найз С бид хоёр луу “яасан зодох гэж ирсэн юм уу” гэж дайрахад С намайг хүргээд өгчих гэхээр нь л би түүнийг хүргэж ирсэн хүн байна гэсэн чинь Сын гэр дотроос танихгүй бас нэг цээж нүцгэн 24-25 орчим насны согтуу залуу баруун гартаа хар бариултай 20см орчим хэмжээтэй хутга барьж гарч ирээд “яасан пизда нар минь, үзэх үү, дүрчих үү” гэж С бид хоёр луу орилоод дайрсан чинь бид хоёр хойшилсон чинь би машин тулаад “хутгаа хаяачихаач” гэж хэлэхэд хутгатай гараараа миний хамар нүүр хэсэг рүү зүссэн. Тэгээд би шууд хойшоо машин тойрч гүйгээд цагдаа дуудсан. Тэр залуу би хутгаа хаячихлаа одоо наашаа хүрээд ир гээд С бид хоёр луу дайраад байхаар нь би цаашаа зугтаад явсан. Удалгүй цагдаа нар ирсэн нөгөө залуу зугтсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,
- Гэрч А.Сын: “...2024 оны 7 дугаар сарын 27-ны өдөр манай хүүхдийн төрсөн өдөр болоод өдөр нь хүмүүс ирээд тэмдэглэсэн орой манай гэрт манай ээж, төрсөн дүү хоёр ирсэн тэгээд тэр хоёрыг гэрт нь хүргэж өгөөд би таксинд явж байгаад шөнө 00 цаг өнгөрөөгөөд гэртээ иртэл манай эхнэрийн эгчийн танилууд нь нь гээд Анука гэдэг эмэгтэй түүний нөхөр А, бас Агэсэн санаж байна уг залуугийн дүү нь мөн танихгүй 15-16 настай болов уу гэмээр залуу нар ирсэн манай гэрт архи ууж байсан. Тэгэхээр нь би та нар одоо яв би амарлаа гэж хэлсэн гэтэл нөгөө хэд нь бид нар явж болно гэхдээ танай эхнэр чамд ууртай байгаа юм байна чи явчих гэж хэлсэн тухайн өдрүүдэд эхнэр бид хоёр таарамж муутай байсан юм. Тэгэхээр нь би гараад яваад өгсөн. CU ороод 3-4 пиво авч уугаад согтоод эхэлсэн тэгэхээр нь би найз Ц луу залгаад би гэрээ олохгүй байна чи намайг хүргээд өгөөч гэж хэлсэн гэтэл Ц ажлаасаа тарж байна гэж хэлээд ирж намайг гэрт хүргэж өгсөн манай гэрийн үүдэнд ирээд бид нар орох гэтэл гэрийн араас хоёр хүн гарч ирээд яах гэж байгаа юм бид нарыг зодох гэж байгаа юм уу гээд хэрүүл хийсэн бид хоёр юу яриад байгаа юм бэ гэж хэлтэл гэрийн хаалга онгойлгоод хутга барьсан шалдан залуу гарч ирээд ална тална гээд хүн болгон руу хутга далайгаад байсан тэгээд гэнэт Ц луу гүйж очоод шууд нүүрийг нь зүссэн бид нар хүүе нүүрийг нь зүслээ цус гарлаа гэсэн гэтэл нөгөө залуу зугтсан байсан түүнийг зугтахыг нь бол мэдээгүй цагдаа түргэн иртэл тэр залуу байхгүй байсан ийм зүйл болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/,
- Гэрч Д.Эгийн: “...Тухайн үйл явдал болохын өмнө буюу 7 дугаар сарын 26-ны өдөр манай хүүхдийн төрсөн өдөр болсон орой нь манай эгчийн найз А гэдэг эмэгтэй манай гэрт нөхөр хүүхдийн хамт ирсэн тэгээд хүүхдийн төрсөн өдөр тэмдэглэнгээ жаахан ууж суусан гэтэл Агийн нөхөр Аийн төрсөн хоёр дүү нь гэж хоёр залуу ирсэн манай гэрт пиво уусан мөн нэг шил архи нөгөө хүмүүс уусан гэтэл орой манай нөхөр найзтайгаа буюу Цаар хүргүүлж ирсэн манай нөхөр бид хоёр жоохон маргалдсан байсан нөхрийн найз Ц ирээд яасан юу болсон гэтэл нөгөө Аийн хоёр дүү нь явах гээд гадаа зогсож байгаад юун хүмүүс вэ гээд хэлтэл А гэрээс хутга барьж гарч ирээд нөхрийн найз Цыг хутгаар нүүрийг нь зүссэн ийм асуудал болсон. Тэгээд бид нар эмнэлэг цагдаа дуудлаа гэтэл нөгөө А зугтсан байсан бид нар яг зугтах үеийг нь бол мэдээгүй цагдаа ирээд А хаана байна гэтэл алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 9996 дугаартай: “Цын биед хамар, уруулд зүсэгдсэн шарх, хамар, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Хамар уруулын зүсэгдсэн шарх нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр зүсэх, хамар, шууны зулгаралт нь мохоо зүйлийн хоёр удаагийн үрэх механизмаар үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54-55-р хуудас/,
- Хохирогч Цын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон талаар баримт /хх-ийн 57-60-р хуудас/,
- Хохирогч Цын эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хх-ийн 62-р хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон шүүх хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Н.А нь согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ************орчим хохирогч Цтай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хамар, уруулд зүсэгдсэн шарх, хамар, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Н.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч Цын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц нь эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээ, үйлчилгээ авсан 246,300 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас нэхэмжилсэн байх ба шүүгдэгч нь төлж барагдуулаагүй байна.
Иймд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Н.Аээс 246,300 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгуулах нь зүйтэй байна.
Харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байх үеийн цалин орлогоо холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Цын гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар” /хх-ийн 60-р хуудас/-аар “Хоёрдугаар” зэрэглэл гэж тогтоосон байх ба үүнийг хохирогч зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.3-т энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн тохиолдолд маягтад мөрдөгч гарын үсэг зуруулж хавтаст хэргийн материалд хавсаргахаар заажээ.
Гэвч хохирогч Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт сэтгэцэд учирсан хор уршгаа нэхэмжлэхгүй талаар мэдүүлсэн байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” саналыг тус тус гаргасан болно.
Шүүх шүүгдэгч Н.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа хүрэлцэн ирээгүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас санаатайгаар оргон зайлсан болон түүний хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилго болон мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Н.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 28 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн цагаар тооцож эдлэх ялаас хасч, түүний нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг хугацааг 496 цагаар тогтоов.
Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч түүнийг нэн даруй суллаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол дээрх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Нандинцэцэгийн Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Н.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аийн цагдан хоригдсон 28 /хорин найман/ хоногийн 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагаар тооцож эдлэх ялаас хасч, түүний нийт эдлэх ялын хэмжээг 496 /дөрвөн зуун ерэн зургаан/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Н.Ат урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг нэн даруй сулласугай.
6. Шүүгдэгч Н.Аийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын харьяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч Н.А нь энэ хэрэгт 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн нийт 28 /хорин найман/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байх үеийн цалин орлогоо холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Н.Аээс 246,300 /хоёр зуун дөчин зургаан мянга гурван зуун/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ат авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЧБАДРАХ