Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2020/ДШМ/56

 

Л.*******д холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

            Даргалагч, шүүгч                           Д.Буянжаргал

                  Шүүгчид                                       Б.Эрдэнэхишиг                                 

                                                                         Г.Давааренчин

                  Оролцогчид

                   Прокурор                                    Т.Дэлгэрсайхан /онлайн/

                   Шүүгдэгч                                         Л.*******

                   Хохирогчийн өмгөөлөгч             Д.Даваахүү /онлайн/

                 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЗ/74 дугаартай шүүгчийн захирамжийг эс  зөвшөөрч  бичсэн шүүгдэгчийн  өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлоор Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Онгуд тайж овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 1833000000091 дугаартай, 3 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, 2 хүүхдийн хамт, Булган аймгийн Сэлэнгэ сумын, 1 дүгээр баг, дэнжийн 4-07 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Онгуд тайж овогт *******гийн ******* /РД: ГИ83031003/

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Л.******* нь 2018 оны 12 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Салуужин” гэх газарт архи ууж согтуурсан үедээ нөхөр *******ын зүүн гуянд хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ

Анхан шатны шүүх Л.*******д холбогдох хэргийг 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЗ/74 дугаартай шүүгчийн захирамжаар:

“1. Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдсон Онгуд тайж овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2033000000091 дугаартай хэргийг прокурорт буцаасугай.

2. Яллагдагч Л.*******гийн хүсэлтүүдээс гэрч Ц.Гиймаа, Ш.Сайндалай нараас гэрчийн мэдүүлэг авах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж, үлдэх хүсэлтүүдийг хангасугай.

3. Хэргийг прокурорт очтол яллагдагч Л.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн лентээр ороосон иштэй, ажлын хэсэг нь 14 см урттай, иш нь 10 см урттай нийт 24 см хутга, талийгаачийн өмсөж явсан гэх ногоон өнгийн дээл 1 ширхэг, хөх ногоон өнгийн цамц 11 ширхэг, саарал өнгийн подволк 1 ширхэг, шар өнгийн дээлний бүс 1 ширхэг, хар саарал өнгийн чихэвч 1 ширхэг, бор өнгийн өмдний тэлээ 1 ширхэг, эсгий түрүүтэй хар өнгийн хос гутал, бор өнгийн 1 хос оймс, Л.*******гийн өмсөж явсан гэх хар өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, хар хөх өнгийн подволк 1 ширхэг, үстэй захтай хар хөх өнгийн куртик 1 ширхэг, ягаан өнгийн хос оймс, бор өнгийн хос...” гэж, эрх бүхий этгээд хувийг гардан авсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  Эрүүгийн 1899000000091 дугаартай Л.*******д холбогдох эрүүгийн хэрэгт яллагдагчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа ба тус хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхэд 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн.

Гэвч тус хэрэгт гэрчээр оролцуулж мэдүүлэг авсан гэрч эмч Гиймаа, гэрч Сайндалай нарыг хуульд заасан үндэслэл журмын дагуу асуугаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрэн гүйцэт явуулаагүй байгааг анхаарахгүйгээр уг гэрчүүдийн талаарх хүсэлтийг хүлээж аваагүй нь үндэслэлгүй болсон.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсаны үндсэн дээр цуглуулсан нотлох баримтыг үндэслэн мөрдөгч, прокурор, шүүгч шийдвэрээ гаргаж байх учиртай байтал хуульд заасан журмын зөрчиж явуулсан нотлох баримтад үндэслэн шийдвэр гаргаж улмаар уг шийдвэр нь хуульд заасан журмын дагуу эрүүгийн хэргийг зүйлчлэх, эрүүгийн хэргийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх асуудлыг хэлэлцэж байж оролцогчийн эрхийг хангаж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангах учиртай.

Иймээс Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 74 дугаартай шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж хүсэлтийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.                                                                         

Хохирогчийн хууль төлөөлөгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ...яллагдагч Л.*******гийн өмгөөлөгч М.Мэндбаяр нь эс зөвшөөрч гомдол гаргасантай хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч бид нар танилцаад доорх тайлбарыг гаргаж байна.

Шүүхээс тэдний урьдчилан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Мөрдөн байцаалтын явцад гэрч Ш.Сайндалайгаас 2 удаа, гэрч эмч Ц.Гиймаагаас 2 удаа, Э.Номинзулаас 2 удаа мэдүүлэг авсан байдаг тул тэд нараас дахин гэрчийн мэдүүлэг авах шаардлагагүй, шүүх хуралд оролцуулах хүсэлтээ гаргаад оролцуулах эрх нь нээлттэй гэж үзэж байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүх хурал дээр гэрчээр асуулгахаар хүсэлтэндээ дурьдаад байгаа Баянмөнх гэгч нь Л.*******гийн хамаатны хүн гэдгийг нэг суманд амьдардаг учраас мэддэг талаараа мэдүүлж байсан.

Л.******* нь хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээтэй гадуур сул чөлөөтэй байгаа байдлаа ашиглан гэрч нарт нөлөөлөх оролдлого хийж гэрч Сайндалайгаар худлаа мэдүүлэг өгүүлсэн байх магадлалтай байдал нь 3-р хавтаст хэргийн 77-78 дугаар талд байгаа мэдүүлэгээс тодорхой харагддаг. Сайндалай нь мэдүүлэг өгч дуусчихаад дахин буцаж орж ирээд нэг зүйлийг мартсан байна гэж нэмж мэдүүлэхдээ тэднийг муудалцаж пийшингээ нураачихсан байсан, намайг эхнэрийгээ гуйгаад өг гээд байсан гэсэн утга бүхий зүйлийг нэмж мэдүүлсэн байдаг. Одоо ч мөн өөр зүйлийг Сайндалай гэгчид зааж өгч мэдүүлэг авахуулах гэсэн оролдлого хийж байна гэж үзэж байгаа болно.

Түүнчлэн Л.*******гийн биед цагдаагийн ахмад Чимэдцогзолмаа үзлэг хийсэн нь хавтаст хэрэгт авагдсан байдаг бөгөөд хэвлийн доод хэсэгтээ хөхрөлттэй байсан гэсэн зүйл огт тусгагдаагүй байдаг. Гэтэл яллагдагч болон түүний өмгөөлөгч нь эмч Ц.Гиймаагаас нь хэвлийн доод хэсэгтээ хөхрөлттэй байсан гэсэн мэдүүлэгийг заавал авахуулах гэж улайраад байгаа түүнд нөлөөлөх гэж байна гэж үзэх магадлалтай байна. Учир нь эмч Ц.Гиймаа Булган аймагт ажиллаж, амьдарч байгаад Хөтөлд шилжиж ирсэн, түүний нөхөр нь Булганых тул урьд өмнө нь таньдаг байх магадлалтай юм. Мөн эмч Болормаа нь Л.*******гийн өвчний түүхэнд савны гадуурх жирэмсэлт гэсэн онош тавьсан байхад Ц.Гиймаа нь энэ талаар өвчний түүхэнд огт тусгаагүй орхигдуулсан байдаг тул танил тал байх магадлалтай гэж үзэж байна. Л.******* нь улангассан чоно шиг нөхөр рүүгээ дайрч маш олон удаа хутгалж байхдаа тракторын кабины жижигхэн орон зайд жолооны механизмын араа, речак, жолооны хүрд зэрэг зүйлийг мөргөх, цохих байдлаар биедээ гэмтэл авах ч боломжтой гэдэгт дүгнэлт хийх хэрэгтэй юм.

Хэрэг гарсан нөхцөл байдал, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрч Ш.Батзоригийн  удаа дараа өгсөн мэдүүлэг, гэрч Мөнгөний 1-р хавтаст хэргийн 113-р талд байгаа мэдүүлэг зэрэгт дүгнэлт хийхэд хохирогч болон яллагдагч Л.******* нарын хооронд тухайн үед ямар ч зодоон цохион тэр тусмаа гэр бүлийн хүчирхийлэлийн шинжтэй үйлдэл гараагүй, Л.*******гийн сэтгэл санаа нь цочрон давчдаагүй гэдэг нь тодорхой нотлон тогтоогддог.

Хэрвээ Л.******* болон түүний өмгөөлөгч нарын тогтоолгох гэж оролдоод  байгаачлан хохирогч нь үнэхээр л Л.*******г урьд өмнө цохиж зодоод гэр бүлийн хүчирхийлэл үзүүлээд байдаг байсан бол тухайн өдөр зүв зүгээр сууж байгаад тийм олон удаа хутгаар сийчүүлээд, хутгалуулаад хамаг цусаа юүлж амь насаа алдах уу гэдэгт ч үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагатай юм. Маш том биетэй байнга морь малтай ноцолдож биеийн хүчний ажил хийдэг, бүл чадалтай, идэр залуу эр хүн Л.*******г хутга бариад далайхад нь түүний эсрэг хариу үйлдэл хийх, эргээгээд түүнийг цохиж зодох боломжтой гэдэг нь ойлгомжтой юм. Харин хохирогч нь урьд өмнө эхнэрийгээ цохиж зодоод байдаггүй өөрт нь тийм зан байхгүй учраас л зүгээр сууж байгаад алуулчихсан байна гэж үзэх үндэслэлтэй байна. Мөрдөн байцаалтын явцад нэмж хийсэн ажиллагаагаар хохирогчийн өмсөж явсан дээл цамц, өмд зэрэгт гарсан хутганы мөрөөр үүссэн цооролтууд нь хичнээн олон удаа хутгаар сийчсэн байдлыг тодорхой нотлон тогтоосон гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн төрсөн эцэг буюу хууль ёсны төлөөлөгч асан П.Гаваачимбуу нь миний хүү олон эмэгтэй хүүхдүүдийн дунд өссөн айлын ганц хүү их зөөлөн зантай гэж мэдүүлж байсан ба харин Л.*******г олон эрэгтэй ах дүү нарын дунд өссөн айлын ганц эмэгтэй хүүхэд ер нь их ааш авиртай, догшин ширүүн зантай гэж мэдүүлж байсан. Мөн түүнийг БНХАУ руу хятадын иргэнтэй нөхцөж, нөхөр дагаж гараад тэндээ зарагдаж байсан талаар ч хэлж байсан учраас энэ байдлыг тодруулах хүсэлтийг мөрдөгчид тавихад хүлээн аваагүй. Хүчирхийлэлээс хүчирхийлэл төрдөг гэдэгчлэн түүний энэ байдал нь эмэгтэй хүний хувьд байж боломгүй байдлаар энэ гэмт хэргийг үйлдэхэд нь нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй юм. Ийм учраас энэ байдлыг шалган тогтоолгох талаар магадлалд тусгаж өгөхийг хүсэж байна.

Яллагдагч Л.*******гийн өмгөөлөгчийн гэрч Сайндалай, Ц.Гиймаа нарыг хуульд заасан үндэслэл журмын дагуу асуугаагүй гэсэн гомдол нь үндэслэлгүй бөгөөд тэднийг шүүх хуралд оролцуулж шаардлагатай зүйлийг тодруулах боломжтой гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна. ЭХХШТХ-ийн 38.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт давж заалдах гомдол гаргаж байгаа үндэслэлээ тодорхой бичсэн байна гэж заасан байна. Гэтэл гомдолд захирамжийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тодорхой заагаагүй байна. Иймд захирамжид өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байгаа тул захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: Шүүгчийн захирамжид гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэгт Сайндалай, Гиймаа нарыг тус бүр  хоёр ч удаа гэрчээр мэдүүлэг авсан байгаа. Хэрэв хүсвэл шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцуулж мэдүүлэг авах боломжтой гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд, хэргийг прокурорт буцааж,  түүнд  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж  шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын дагуу Л.*******д   холбогдох эрүүгийн 1833000000091 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь ХЯНАВАЛ:  

Л.*******г 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байна.  

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 426, 1082, 1247 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд болон шинжээч эмчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг үндэслэн яллагдагч Л.******* нь *******ыг хутгалж алах явцдаа хохирогчид олон тооны  шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон гэсэн үндэслэлээр түүнийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл заалтыг өөрчилж 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаартай Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоол гаргасан байх ба яллагдагч Л.*******д холбогдох хэргийн зүйлчлэлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 гэж  хүндрүүлэн өөрчилсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрдлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа  хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн бол яллагдагчаас дахин мэдүүлэг авна” гэж заасан бөгөөд энэхүү ажиллагааг  хийгээгүй тул анхан шатны шүүхээс  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр  хэргийг прокурорт буцаасан нь хууль зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээр эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэгээр яллагдагчийн өмгөөлөгчөөс эмч Ц.Гиймаа, гэрч Ш.Сайндалай нарыг асуух ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй, гэрчээс мэдүүлэг авах  ажиллагааны тэмдэглэл хөтлөх журмыг зөрчсөн үндэслэлээр дахин ажиллгаа хийлгэх  хүсэлт гаргасан ба анхан шатны шүүх  гэрч нарыг  шүүх хуралдаанд оролцуулж  мэдүүлэг авах бүрэн боломжтой гэсэн үндэслэлээр хүсэлтийг нь хангаагүй байна.

Яллагдагчийн өмгөөлөгчийн дээрхи хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлээгүйгээс  яллагдагчийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг зөрчигдсөн гэж үзэхгүй бөгөөд хэрэгт эмч Ц.Гиймааг 2 удаа, Ш.Сайндалайг мөн 2 удаа гэрчээр асууж тус тус мэдүүлэг авсан байх ба тус гэрчүүдийг  шүүх хуралдаанд оролцуулж  дахин мэдүүлэг авах боломжтой байх тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.  

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй  гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЗ/74 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн  өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                          ДАРГАЛАГЧ                                   Д.БУЯНЖАРГАЛ

                              ШҮҮГЧИД                                   Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                                       Г.ДАВААРЕНЧИН