Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 00174

 

 

     

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Энхсайхан, Б.Батчулуун нарын  хууль ёсны төлөөлөгч  Б.Баасанжав,

Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Энхсайхан, Б.Батчулуун,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч В.Энхболд нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Энхболдын Энхсайхан, Баттулгын Батчулуун нарт холбогдох эрүүгийн 201722000276 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хөх Энхболдын Энхсайхан, 2000 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр багт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн РЛ00300311 дугаартай,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хөх Баттулгын Батчулуун, 2000 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 6, аав, ээж, ах, эгч дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр багт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн РЛ00302016 дугаартай,

Насанд хүрээгүй шүүгдэгч М.Энхсайхан, Б.Батчулуун нар нь бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 5 дугаар багт оршин суух иргэн Б.Мөнхтөрийн хашаанаас улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль хулгайлж 1.200.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Насанд хүрээгүй шүүгдэгч М.Энхсайхан, Б.Батчулуун нар нь бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 5 дугаар багт оршин суух иргэн Б.Мөнхтөрийн хашаанаас улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль хулгайлж 1.200.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Энхсайханы мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: "…Айлын хашаан дотор мотоцикль харагдаж байхаар нь Батчулуун эхлээд нохой байгаа эсэхийг шалгаад нохой байхгүй болохоор нь ороод хашааны хаалгыг онгойлгосон. Тэгээд Батчулуун мотоциклийг түрээд гараад ирсэн. Тэгээд бид 2 хашаанаас жаахан зайтай газарт очиж байгаад мотоциклийн түлхүүр зоолттой болохоор нь мотоциклио асааж унаад өөрсдийнхөө мотоцикль руу очсон. Тэгээд би өөрийнхөө мотоциклийг унаад Батчулуун хулгайлсан мотоциклоо унаад сумын төвийн урдуур яваад манай гэр лүү харих замдаа хулгайлсан мотоциклио манай өвөлжөөний урд байдаг эзэнгүй пүнз рүү хийсэн...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна…" гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Батчулууны мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: "…наадмын талбайн урд айлын хашаан дотор мотоцикль харагдаж байхаар нь би тэр хашаанд эхлээд нохой байгаа  эсэхийг шалгаад нохой байхгүй болохоор хашаанд нь ороод хаалгыг онгойлгосон.Тэгээд би хашаанд байгаа мотоцикль руу очоод түрж хашааны хаалган дээр очсон. Энхсайхан намайг хашааны хаалган дээр хүлээж байсан. Бид 2 мотоциклийг түрээд хашаанаас жаахан зайтай очиж байгаад түлхүүр нь зоолттой байхаар нь мотоциклио асаагаад унаад өөрсдийнхөө мотоцикль руу очсон.Тэгээд Энхсайхан өөрийнхөө мотоциклийг унаад би хулгайлсан мотоциклио унаад Энхсайханы өвөлжөөний урд байдаг эзэнгүй пүнз рүү хийсэн...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна…" гэх мэдүүлэг,

      Хохирогч Б.Мөнхтөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "…2017 оны 05 сарын 13-наас 14-нд шилжих шөнө би хашаан дотроосоо байшингийнхаа цонхны дороос   Мустанг-5 маркийн мотоциклоо алдсан...Батчулуунаар хаана байгааг нь заалгаж аваад Батчулууны хамт яваад Энхболд гэдэг айлын өвөлжөөний урдхан талд байдаг эзэнгүй өвөлжөөний пүнзэн дотроос өөрийнхөө мотоциклийг бүрэн бүтэн хүлээн авсан...Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй....  " гэх мэдүүлэг /ХХ-ийн 8-10 дугаар хуудас/,

Гэрч Д.Энхболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "… Энхсайханы унаж явсан мотоцикль миний эзэмшлийн Мустанг-5 маркын мотоцикль байгаа юм. Би мотоцикилдоо улсын дугаар мөн тээврийн хэрэгслийн гэрчилгээ авч амжаагүй байгаа. Мөрөн орохоороо тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ авна. Би 2016 онд танихгүй хүнээс мотоциклио худалдаж авч байсан юм. Энхсайхан нь зан аашийн хувьд ажилсаг, дөлгөөн ааштай сайн хүүхэд байгаа юм.…" гэх мэдүүлэг /ХХ-ийн 11-12 дугаар хуудас/,

Гэрч Баасанжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "… Батчулуун миний төрсөн дүүгийн хүүхэд юм. Батчулуун нь ааш зангийн хувьд цагаан цайлган гэнэн сэтгэлтэй, хүний үгэнд оромтгой, хүнд тусархуу, хүн амьтантай эвсэг сайн хүүхэд байгаа..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 13-14 дүгээр хуудас/,

Эд зүйл үнэлсэн тайлан  /ХХ-ийн 16 дугаар хуудас/,

Хохирогч Б.Мөнхтөр нь насанд хүрээгүй шүүгдэгч, насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч нартай сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Энхсайхан, Б.Батчулуун нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 201722000276 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.

Хохирогч Б.Мөнхтөр нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / ХХ-ийн 46, 56 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нар нь арван найман насанд хүрээгүй байхдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нар нь арван найман насанд хүрээгүй байхдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, шүүгдэгч Э.Энхсайхан нь 16 настай, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт амьдардаг, шүүгдэгч Б.Батчулуун нь 16 настай, ам бүл 6 аав, ээж, ах, эгч, дүү нарын хамт амьдардаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, тэдгээрт       эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэхгүйгээр хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулах боломжтой гэж шүүх үзлээ.

      Эрүүгийн 201722000276 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

     1. Шүүгдэгч Хөх Энхболдын Энхсайхан, Хөх Баттулгын Батчулуун нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Энхболдын Энхсайхан, Баттулгын Батчулуун нарыг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар шүүгдэгч Э.Энхсайхан, Б.Батчулуун нарт оногдуулсан  2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар шүүгдэгч Э.Энхсайхан, Б.Батчулуун нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.

      5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.2-д зааснаар Б.Батчулуун, Э.Энхсайхан нар нь сургуульд орох, учруулсан хохирлоо нөхөн төлөх, сургуулиа өөрчилсөн тухайгаа оршин суугаа газрынхаа Цагдаагийн байгууллагад мэдэгдэж байхыг даалгаж,  Б.Батчулуун, Э.Энхсайхан нарыг хараа хяналтандаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг эцэг Д.Энхболд, эцэг Д.Баттулга нарт хариуцуулсугай.

      6. Эрүүгийн 201722000276 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батчулуун, Э.Энхсайхан нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.АРИУНЖАРГАЛ