Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 62

 

МАГАДЛАЛ

 

2019.01.04                                                Дугаар 62                              Улаанбаатар хот

 

 

 

 

Э.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/02137 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э.А-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.С-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 1 794 700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.О,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ж.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Сүхбаатар дүүрэг 4 дүгээр хороолол 5 дугаар хороо 37 дугаар байрны 12 тоот хаягт амьдардаг. Тус 37 дугаар байрны 17 тоот айлаас удаа дараа ус алдаж, эд хөрөнгө болон сэтгэл санааны хохирол учруулсан. Хамгийн сүүлд 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө тус байрны 17 тоот айлаас ус алдаж, хохирол учруулсан. Өмнө нь удаа дараа ус алдаж байсан. Иймд 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нийг шилжих шөнө угаалгын машины хоолой задарч ус алдсан. 2015 оны 07 дугаар сарын сүүлд гал тогооны богино холбоос задарч ус алдсан. 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нийг шилжих шөнө ариун цэврийн өрөөний крант задарч ус алдсан. Бидний зүгээс 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн жижиг өрөөний босоо хананы засвараа өөрсдөө хийлгэж 515 750 төгрөгийн зардал гарсан. Миний эд хөрөнгөд хохирол учруулчихаад өнөөдрийг хүртэл ямар ч хохирол төлөхгүй байгаад гомдолтой байна. Иймд тус байрны өмчлөгчөөс 2015 оны гэм хорын хохирлын төлбөр     515 750 төгрөг, 2018 оны гэм хорын хохиролд 1 278 500 төгрөг, нийт 1 794 250 төгрөгийн төлбөрийг гаргуулахаар нэхэмжилсэн. Гэхдээ “Хаан даатгал” ХХК-иас 213 800 төгрөгийг олгосон тул уг мөнгийг хасаж, гэм хорын хохиролд нийт 1 580 350 төгрөг шаардаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Тус байранд манай ээж амьдарч байсан. 3 удаа ус алдаж байсан. Хамгийн сүүлийн ус алдалтын талаар би мэдэж байна. Эхний 2 удаагийн ус алдалт нь дээд айлаас болж алдсан юм байна лээ. Өөрийнх нь байр авах юмгүй болчихсон байгаа. Хамгийн сүүлийн ус алдалт нь нас барсны дараа болсон. Тухайн үед эзгүй байсан. Тухайн байр сантехникийн тал дээр хэцүү. Би СӨХ-ны даргатай уулзаж, “Хаан даатгал” ХХК дээр өргөдөл гаргаж, нөхөн төлбөр гаргаж өгөөч гэх албан бичиг бичиж өгсөн. Тухайн хохирлын хэмжээгээр 200 гаруй мянган төгрөгийг дансаар шилжүүлсэн байсан. Даатгал 100 хувь төлөх юм байна гэдгийг хэлээд уулзуулсан. Бид нар тус айлд мөнгө төгрөг өгөхгүй бол болохгүй юм байна гэж үзээд дансаа өгөөч гэж удаа дараа мессеж бичиж байсан. Гэтэл дансаа өгөөгүй. Тухайн үеийн бүх засварын мөнгийг авъя гэхэд нь тэгж болохгүй, хохирол учирсан хэсгийн төлбөрийг л төлье гэж хэлсэн. Сүүлийн ус алдалт нь манай буруу учир тус мөнгийг төлье гэж хэлэхэд ойлголцоогүй. Бид нэмж 400 000 төгрөг төлөх боломжтой гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.С-гээс 908 098 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.А-д олгож, Э.А-гийн нэхэмжлэлийн шаардлагаас 672 252 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар Ц.С-гээс улсын тэмдэгтийн хураамжид 26 344 төгрөгийг гаргуулж Э.А-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Хаан даатгал” ХХК-тай гэрээ байгуулж, зохих хохирлыг барагдуулсан. Засварын зардалын зарим хэсэг буюу санаандгүй байдлаар учруулсан хохирлын хэмжээгээр буюу 400 000 төгрөгийг бид хариуцан төлөхийг зөвшөөрч байгаа. Иймд хэргийг нягтлан хянан үзэж 508 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хариуцагчаас гаргуулбал зохих мөнгөн дүнг буруу тооцсон нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч Ц.С-д холбогдуулан гэм хорын хохиролд 1 794 700 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч 400 000 төгрөгийн хэмжээнд хохиролыг арилгахаар хүлээн зөвшөөрч үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан талуудын тайлбарт Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж, 37-17 тоот байрнаас уг байрны 12 тоотод байрлах Э.А-гийн өмчлөлийн байранд 2013 оны 12 дугаар сарын 31-ний шөнө угаалгын машины хоолой задарч ус алдсан, 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн бага багаар ус алдаж, жижиг өрөөний ханыг өөрийн зардлаар засварлаж, засвар хийхэд 515 450 төгрөгийн зардал гарсан, 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 9-нд шилжих шөнө ариун цэврийн өрөөний крант задарч ариун цэврийн өрөөнөөс нь ус алдаж, засвар хийхэд нийт 1 278 200 төгрөг, нийт 1 794 150 төгрөгийн зардал гарсан гэжээ. Уг хохиролд “Хаан даатгал” ХХК-иас 213 800 төгрөгийг олгосон, хариуцагч нэмж 400 000 төгрөг төлөх боломжтой байгаа үйл баримтад талууд маргаагүй байна. /хх 57-59/

Гэвч “Хаан даатгал” ХХК-иас хохирлын хэмжээг хэрхэн тодорхойлж, бодит хохирлоос аль хэмжээгээр нэхэмжлэгчид 213 800 төгрөгийг олгосон нь тодорхойгүй байна. Түүнчлэн, нэхэмжлэгч ус алдсан, засвар хийсэнтэй холбоотойгоор фото зургуудыг хэрэгт хавсаргасан боловч нэг талын өөрөө үйлдсэн баримтыг бодит хохиролын хэмжээг үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримт гэж үзэхгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хэн аль нь хэргийн үйл баримтын талаарх нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Тухайн хөндлөнгийн байгууллагад байгаа хохиролыг нотлохтой холбоотой “Хаан даатгал” ХХК-иас баримтыг гаргуулахаар талууд хүсэлт гаргаагүй байна.

Хэдийгээр хариуцагч Ц.С нь дээрх орон сууцны өмчлөгч гэх баримт хэрэгт авагдаагүй боловч тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэдгээ болон 400 000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/02137 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтад “908 098” гэснийг “400 000”, “672 252” гэснийг “1 180 350” гэж тус тус өөрчлөн, 2 дахь заалтын “26 344” гэснийг “12 650” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 890 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                         ШҮҮГЧИД                                   Ч.ЦЭНД

                                                             М.НАРАНЦЭЦЭГ