Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 301/ШЦТ/62

 

 

 

 

 

 

 

2025    02          26                                        2025/ШЦТ/62

                                                                   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

А... аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг,  

Улсын яллагч Ж.У...,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Б...,

Шүүгдэгч Д.Р нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

А.. аймгийн П... газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ж.... овогт Д.... Р.... холбогдох эрүүгийн 25120.....дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр А... аймгийн .... суманд төрсөн, ... настай, ..., боловсролгүй, мэргэжилгүй, А... аймгийн Э... сумын .... .... газарт гэрээт харуулчин ажилтай, ам бүл .., эцэг, эхийн хамт А...аймгийн Э....сумын .... дугаар багийн Х.... оршин суух, урьд нь А... аймаг дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн 2... оны ... дугаар сарын ...-ны өдрийн 1... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1... дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт зааснаар ... төгрөгөөр торгох ялаар, А.. аймаг дахь ... хэргийн анхан шатны шүүхийн 201... оны .. дугаар сарын ...-ны өдрийн 1... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар 4 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, А... аймаг дахь ... хэргийн анхан шатны шүүхийн 20... оны .. дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаартай' шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ... дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ... төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Ж... ургийн овогт Д...  Р.... /РД:А..../ гэв.

 

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Р нь 20... оны ... дугаар сарын ...-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 06-ны шөнийн 02 цагийн үед согтуугаар А... аймгийн Э...сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт ... ... улсын дугаартай, .... маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно:         а/...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

А...аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Р-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд:

улсын яллагч “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хүсэлтийг хүлээн авч 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ 6 /зургаа/ сарын хугацаагаар хасахыг санал болгоход зөвшөөрсөн” гэж,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Б... “гэм буруу, зүйлчлэл дээр маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэж,

шүүгдэгч Д.Р нь “сайн дураараа гэм буруугаа хүлээсэн, эрүүгийн хариуцлагын агуулгыг ойлгож хүлээн зөвшөөрсөн, өөр саналгүй” гэж тус тус санал, дүгнэлт гаргаж оролцсон.

 

Гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Д.Р нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь:

- Согтуурал шалгасан баримт /хавтаст хэргийн 5 дугаар тал/,

- Гэрч Г.Э.. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр 02 цаг 05 минутад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутагт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд шөнийн эргүүл Батдорж над руу залган Тамир хорооллын 48 дугаар гудамжид согтуу жолооч зогсоолоо гэхээр нь би тэр даруй очтол Р.. нь ... маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож явсан байсан учир гэрт нь хүлээлгэн өгч тээврийн хэрэгслийг саатуулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дүгээр тал/,

- Яллагдагч Д.Р-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би прокурорын тогтоолыг уншиж танилцлаа, миний үйлдэлтэй тохирч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир хуульд зааснаар мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар тал/,  

- Жолоочийн лавлагаа мэдээлэл /хавтаст хэргийн 23 дугаар тал/,

- Д.Р-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа /хх-ийн 24 дүгээр тал/,

- Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 25 дугаар тал/,

- А.. аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ЗШ/....дугаар шийтгэвэр /хх-ийн 43-45 дугаар тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. 

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилж, “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг, “тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан  хүнийг ойлгоно гэж тус тус тайлбарлажээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон түүний яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ЗШ/.... дугаар шийтгэвэр зэргээр шүүгдэгч Д.Р нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1 жилийн хугацаагаар хасуулсан нь тогтоогдож байна. Иймд Д.Р нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэх ойлголтод хамаарна.

Шүүгдэгч Д.Р үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон,...бол... ял шийтгэнэ” гэж заасан хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа хүсэж үйлдсэн үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэртэй, прокурорын зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, яллах дүгнэлт үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлогдсон, гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Энэ хэргийн улмаас бусдад хохирол учраагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

          5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 1 жил, 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2,800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон байна гэж шүүхээс үзлээ.

           

         

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Балдандоржид  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж... овогт Д... Р.... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Р-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 2800 /хоёр мянга найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Р-ид шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Р-ид шүүхээс оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2800 /хоёр мянга найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг ял оногдуулсан үеэс эхэлж тоолохыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг А... аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Р нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

8. Тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Р-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОРХОНТАМИР