| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Осордэлэгийн Жанчивнямбуу |
| Хэргийн индекс | 195/2025/0328/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/572 |
| Огноо | 2025-02-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Солонго |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/572
2025 02 21 2025/ШЦТ/572
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн
улсын яллагч Б.Солонго
шүүгдэгч ***
хохирогч ***
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ***
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;
Шүүгдэгч *** нь 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 16 дугаар байрны ар талд автомашин дотор сууж байсан хохирогч ***ын нүүрийг хутгаар зүсэж, хамар руу нь нэг удаа мөргөж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, цус хуралт, зүүн дээд, доод зовхи, баруун доод зовхинд цус хуралт, хамар, зүүн хацарт зүсэгдсэн шарх, зүүн гарын 1 дүгээр хуруунд зулгаралт бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Ганбаяр нь 2024 оны 7 дугаар сараас эхлэн манай эхнэртэй мессеж бичих, утсаар ярих, олон хоногоор гадуур хамт хонох зэрэг харилцаатай байсан учир хардалтын улмаас ийм хэрэг болсон. Өмнө нь би Ганбаярт “би 4 хүүхэдтэй хүн, манай эхнэртэй битгий уулз” гэж сануулж байсан боловч миний үгийг тоохгүй байсан. Ганбаярт эмчилгээний зардал гэж 210.000 төгрөг өгсөн. Мөн эрүүл мэндийн даатгалын санд учирсан 108.800 төгрөгийг төлсөн байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө гэв.
Хохирогч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Тухайн өдөр Хулан бид хоёр манай гэрийн гадна уулзсан. Эрхбилгүүнийг гэрийнх нь гадаа буулгаад Модны хоёрт байж байтал Эрхбилгүүн араас хүрээд ирсэн. Тэгээд машин дотор юм яриад сууж байтал Очбаяр хутга барьчихсан ирээд машины жолооч талын хаалгаар орж ирж надтай ярьсан. Би хутгатай гарыг нь тавиулах гэтэл зүүн талын шанаа руу цохисон. Намайг бас толгойгоороо мөргөчхөөд Эрхбилгүүнийг авч явсан. Хулан бид хоёр үлдэж цагдаа дуудсан.
Би “ЭМЖЖ” гэх чих, хамар, хоолойн эмнэлэгт үзүүлэхэд хамрын хагалгааны зардал нь 4.650.000 төгрөг болно гэж хэлсэн. Эмчилгээний зардлын 210.000 төгрөгийг Очбаяр өнөөдөр надад ХААН банкны дансаар төлсөн байна лээ. Би яаж хохирсон талаараа эхнэртээ хэлээгүй, хүнд зодуулчихсан юм гэж хэлсэн. Хохирлоо барагдуулах хүсэлттэй байна. Өөр гомдол, санал байхгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад
хохирогч *** “... 2024 оны 10 дугаар сарын 14-ний шөнө 02:00 цагийн орчим Хулангийн байрны гадна урд талын хашаатай зогсоол орж Хулан машинаа байрлуулсан. Машинд Эрхбилгүүн бид хоёр цэнхэр “Касс” нэртэй 0.5 литрийн лаазтай пиво 2, 2-ийг аваад уугаад юм яриад сууж байсан. Хулан пиво уугаагүй эрүүл сууж байсан. Тэгтэл зогсоолын хашаа руу Эрхбилгүүний нөхөр Очбаяр нь гартаа хутга барьчихсан ороод ирсэн. Тэгэхээр нь би машины хаалганы цоожийг түгжсэн. Хулан машинаас шууд буугаад зайтай очоод зогссон. Тэгсэн чинь миний сууж байсан талын цонх руу хутгаараа цохиж байгаад жолооч талын хаалга дээр очихоор нь би дотор талаас нь түгжсэн. Хулан жолооч талын цонх цохиод хаалгаа онгойлгоо гэхээр нь дотор талаас түгжээг онгойлгосон чинь Очбаяр шууд машинд орж ирээд хутгаараа далайгаад дайрахаар нь баруун гар талын хутгатай гарыг хутгатай нь хамт шуутай нь барьсан, зүүн гарыг нь нөгөө гараараа барьсан. Тэгтэл хутгатай гар нь миний гарыг зүсээд байхаар нь тавьтал Очбаяр миний зүүн талын шанааг хутгаараа зүссэн. Очбаяр дахиад дайраад байхаар нь дахиад хоёр гараас нь бариад автал миний хамар хэсэг рүү 1 удаа мөргөөд машинаас буугаад Эрхбилгүүнийг үсдэж чирээд яваад өгсөн. Миний зүүн хацар хэсэгт зүсэгдсэн шархтай, хамар хугарч, таславч мурийж гэмтсэн, зүүн гарын эрхий хуруу зүсэгдсэн” /хх-н 12-13/ гэж,
гэрч *** “... 2024 оны 10 дугаар сарын 13-ны орой 23:00 цагийн орчим хүүхдэдээ найз Ганбаяраас боксын бээлий авах гээд Баянбүрдэд очсон. Баянбүрд явахаас өмнө найз Эрхбилгүүн залгаад уулзъя гээд 20 орчим минут уулзаад ярилцъя гэсэн. Эрхбилгүүнийг таксинд суулгаад явуулах гээд байж байтал Эрхбилгүүний нөхөр Очбаяр зогсоолын хашааны цаанаас хутга бариад хүрээд ирсэн. Тэгэхээр нь би хараад машинаас шууд буугаад зугтсан. Харин Ганбаяр, Эрхбилгүүн хоёр машинд үлдсэн. Тэгтэл Очбаяр машины цонхны шилийг хутгаар зүсээд, жолооч талын хаалга онгойлгоод Ганбаяр руу хутгаараа далайж дайрахад нь Ганбаяр гараараа хаатал гарыг нь зүсээд, нүүрийг нь зүсээд байсан. Тэгээд би дөхөөд очтол Ганбаярын нүүр, хүзүү, ам, машин гээд бүх юм цус болсон байсан” /хх-н 20-21/ гэж,
гэрч *** “... би нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Би нөхөртэйгөө 2009 оноос хойш хамт амьдарч байна. Албан ёсны гэрлэлтийн баталгаатай. Дундаасаа 3-14 насны 4 хүүхэдтэй. Манай нөхөр ажил төрлөө тогтвортой эрхэлдэг. Одоо хувиараа том машин бариад элс хайрга зөөдөг ажил хийж байна. Архи тамхи хэрэглэдэггүй. Жилд ганц, хоёр удаа л архи хэрэглэдэг. Ганц дутагдал нь намайг хардаад байдаг. Зан аашны хувьд энгийн, хааяаа огцом ууртай. Үр хүүхдүүддээ халамжтай, сайн аав байгаа юм” /хх-н 25-26/ гэж тус тус мэдүүлжээ.
Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... ***ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, цус хуралт, зүүн дээд, доод зовхи, баруун доод зовхинд цус хуралт, хамар, зүүн хацарт зүсэгдсэн шарх, зүүн гарын 1 дүгээр хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир, үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн 13841 тоот дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч гаргасан байна. /хх-н 34-35/
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд
шүүгдэгч ***ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч ***т ял оногдуулахдаа “... гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэв.
Түүнчлэн хохирогч ***ын зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн болохыг харгалзсан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлын дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан.
Гэвч шүүгдэгч *** урьд өмнө 3 удаа ял шийтгүүлсэн байх ба үүнээс 2013, 2018 онд хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан нь түүний хувийн байдлыг илэрхийлнэ. /хх-н 74-87/
Иймд шүүхээс шүүгдэгч ***т 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотой:
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 95/, иргэний оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 97/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-н 96/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-н 98/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 52/,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2004 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоол /хх-н 74-76/,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 407 дугаартай шийтгэх тогтоол /хх-н 77-82/,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 556 дугаартай шийтгэх тогтоол /хх-н 83-87/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.
Хохирол төлбөрийн хувьд:
Шүүгдэгч *** нь хохирогч ***ын эмчилгээний зардалтай холбоотой 210.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангийн 108.800 төгрөгийг тус тус төлсөн байна.
Хохирогч ***ын цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.
Харин хохирогч ***ын сэтгэцэд учирсан хохирлын хор уршгийг гаргуулах шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ.
Учир нь, энэ талаар шинжээчийн дүгнэлт гараагүй байхаас гадна энэ гэмт хэргээс улбаатай хохирогчийн сэтгэцэд хор уршиг учиржээ гэж үзэх үндэслэлгүй.
Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад хамаарна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ***ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүйг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч *** хохирогч ***ын эмчилгээний зардалтай холбоотой 210.000 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын сангийн 108.800 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдаж,
хохирогч ***ын цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ