Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2022/00792

 

 

 

 

 

 

 

 

 

   2022        02          22                                     101/ШШ2022/00792         

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: О.А-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.Э-т холбогдох,

 

4,402,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч О.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х,

Хариуцагч Г.Э,

Гэрч Г.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.Х-ийн хамт гаргасан тайлбартаа:

Хариуцагч Г.Э-тай 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр KIA Frontier маркийн 0000 УБҮ дугаартай ачааны тээврийн хэрэгслийг нийт 7,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ (цаашид “Гэрээ” гэх) байгуулсан. Нэхэмжлэгч миний зүгээс худалдагчийн үүргээ биелүүлж тээврийн хэрэгслийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хариуцагчийн эзэмшил, ашиглалтад нь хүлээлгэн өгсөн.

Г.Э нь төлбөрийг 3 хувааж буюу 2018.10.09-ний өдөр 3,000,000 төгрөг, 2018.11.09-ний өдөр 2,000,000 төгрөг, 2018.12.09-ний өдөр 2,000,000 төгрөгийг тус тус төлөх байсан бөгөөд эхний 3,000,000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл 4,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Түүнтэй байгуулсан гэрээний 7-д зааснаар “Тээврийн хэрэгслийг хүлээн авсан өдрөөс хойш түүний өмчлөл, эзэмшил, ашиглалттай холбоотой аливаа татвар, хураамж, даатгалын төлбөр, торгууль зэрэг бүхий л зардлыг худалдан авагч бүрэн хариуцаж төлнө” гэсэн.

Уг тээврийн хэрэгслийг хариуцагч Г.Э буюу худалдан авагчид 2018 онд хүлээлгэн өгснөөс хойш 2020, 2021 оны авто замын ашиглалтын төлбөр (цаашид “АЗАТөлбөр” гэх) 90,000 төгрөг, агаарын бохирдлын төлбөр 7,000 төгрөг, авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн татвар 90,000 төгрөг буюу нийт 187,000 төгрөг төлөгдөөгүй байна.

Мөн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойш хуримтлагдсан торгуулийн хэмжээ 215,000 төгрөг болсон байна.

Бидний хооронд байгуулагдсан гэрээний 9-д заасны дагуу тээврийн хэрэгслийн төлбөрийг бүрэн хүлээн авсны дараа өмчлөгч өөрчлөгдсөн тухай бүртгэлийг хийлгэх байсан. Дээр дурдсанчлан төлбөрийг бүрэн төлөөгүй тул нэхэмжлэгч миний бие өмчлөгчөөр бүртгэгдсэн хэвээр байгаатай холбогдуулан өмнө дурдсан татвар, хураамж, төлбөр, торгууль зэрэг нь миний нэр дээр ирдэг, түүнийг би төлөх хэрэгтэй болоод байгаа юм. Гэвч эдгээрийг гэрээнд заасны дагуу Г.Э хариуцаж төлөх ёстой болно.

Түүнээс үлдэгдэл төлбөрөө төлөхийг олон удаа шаардсан, үлдэгдэл төлбөрийг өөр ямар нэгэн ажлын хөлсөнд суутган тооцох талаар ярилцаж тохиролцсон зүйл байхгүй. Татвар, торгууль 50 хувь болох үед нь яг энэ үед нь ядаж үүнийгээ төлөөд төлбөрөө гүйцэд төлөөгүй ч гэсэн өөрийн нэр дээрээ шилжүүлээд ав гэсэн боловч өөрөө холбогдохгүй болчихсон.  

Бид өмнө нь хамтарч ажиллаж байсан, тэр ажлын хүрээнд ямар нэгэн тооцоо байхгүйгээс гадна төлбөрт тооцон суутгах талаар тохиролцоогүй. Г.Э-ын барилгын суурь тавих ажилд би оролцоогүй, манай эхнэр н.Э-тэй тохиролцсон.

Тэрээр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа автомашиныг доголдолтой байсан гэсэн боловч шүүх хуралдаанд ажлын хөлсөнд тооцсон гэж зөрүүтэй тайлбар гаргаж байна. Хэрэв ажлын хөлсний тооцоо тухайн үед байсан бол энэ талаар гэрээнд тусгагдах ёстой, гэтэл ийм зүйл гэрээнд тусгагдаагүй. Мөн доголдолтой байснаас эзэмшиж, ашиглаагүй гэх боловч замын хөдөлгөөнд оролцож, торгуулж байсан нь олйгомжгүй байна.  

Иймд хариуцагч Г.Э-аас тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөр болох 4,000,000 төгрөг, тээврийн хэрэгслийн 2020, 2021 оны замын ашиглалт 90,000 төгрөг, агаарын бохирдол 7,000 төгрөг, татвар 90,000 төгрөг, нийт 187,000 төгрөг, тээврийн хэрэгсэл хүлээлгэж өгснөөс хойш эрх бүхий байгууллагаас 2019, 2020 онд ногдуулсан торгууль 215,000 төгрөг, нийт 4,402,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч О.А нь 2018.10.16-ны өдөр Kia Frontier маркийн 0000 УБҮ дугаартай ачааны машиныг 7,000,000 төгрөгөөр худалдан авах гэрээ хийж авсан боловч уг машины мотор, аппаратур нь муу, хүч муутай, хэрэгцээ хангахгүй байсан тул машиныг буцааж өгөөд урьдчилгаа болгон өгсөн 3,000,000 төгрөгөө буцааж авъя гээд эхнэр Г.Б-ийн хамт очиж уулзсан юм. Тухайн үед уг машиныг зээлээр авч байсан бөгөөд манай эхнэр энэ машиныг үнэтэй авсан байна, буцааж өг гэж намайг загнаад О.А-ийн ажлын байранд очиж уулзсан юм.

Үүнээс өмнө 2016 онд Генерал худалдааны төвийн өргөтгөл болох хэсгийн суурийг намаржин тавьж өгсөн, энэ ажлын хөлс 2,500,000 төгрөг байх ёстой, энэ мөнгөө авъя гэтэл одоо энэ машинаа ав, 3,000,000 төгрөгийг буцааж өгч чадахгүй, ингээд мөнгө төгрөгийн асуудлыг дуусгая гэж 2018 оны 12 сард нь тохиролцсон.

Ингээд О.А бид хоёр амаар машины үнийг 3,000,000 төгрөг гэж тохиролцсон, хэрэв ингэж тохиролцоогүй бол би тэр машиныг хадгалаад байх ямар ч шаардлага байгаагүй. 

Би машиныг 2 жил гаруй уналгүй байж байгаад энэ намар дүүдээ өгөөд хөдөө явуулсан. Моторт нь ээлж хийсэн, аппаратур сольж засан /4 дугуй/ тормоз зэргийг хүнээр засуулж хөдөө явуулсан, машин яг хэвээрээ байгаа болно.

О.А-ийн эхнэр н.Э нь надаар анх Генерал баарыг тохижуулах ажлыг хийлгэж, 20 гаруй жилийн өмнө бид танилцаад гэмгүй нөхөрлөж өдийг хүртэл явж ирсэн.

н.Э нь саяхан энэ намар ажил явдал гарсан үеэр хэд хэдэн удаа утасдаад “Г.Э-аа чи торгуулийн мөнгийг нь төлчих” гэж хэлээд 400,000 төгрөгийг охины данс руу шилжүүл гэсэн, тэгэхээр нь торгуулийг хартал тийм их мөнгө байхгүй учир “н.Э-т чадахгүй” тэр муу машинаа буцааж аваарай” гэж хэлсэн.

Тухайн үед над руу олон дахин утасдаж мессежээр өөрийнхөө ногдох хугацааны төлбөрөө төлчих гэсэн мессеж хүүхдээрээ явуулсан байсан.

Иймд уг машиныг бараг ашиглаагүйг н.Э мэдэж байгаа мөртлөө үлдэгдэл 4,000,000 төгрөг нэхэмжилж байгааг ойлгохгүй байх тул зөвшөөрөхгүй, харин торгууль, татварын 402,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө гэв.

 

Гэрч Г.Б нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Нөхөр Г.Э нь дээрх машиныг О.А-ээс авахад нь дургүй байсан юм. Дүү маань танай нөхөр машин засдаг юм чинь миний энэ ачааны машиныг 4,000,000 төгрөгөөр аваад засаад ав гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхөртөө 7,000,000 төгрөгөөр машин авахын оронд дүүгийнхээ машиныг 4,000,000 төгрөгөөр ав гэж хэлэхэд нэгэнт авна гээд тохирчихсон гэсэн. Манай нөхөр нэхэмжлэгчийн ажилчин шиг нь байж ажил дээр болохгүй, бүтэхгүй гэсэн бүх засварыг нь хийж өгдөг байсан. Тухайн үед би машины 3,000,000 төгрөгийг цалингийн зээл авч төлсөн. Үлдэгдэл 4,000,000 төгрөгийг нэхэхэд нь ачаа даахгүй машин 7,000,000 төгрөгөөр зарлаа, чамд ажлын хөлсийг чинь өгөөгүй биз дээ гээд О.А-тэй очиж уулзаад, машинаа буцааж ав, үгүй гэвэл Г.Э-ын хийсэн ажлын хөлсөнд тэр үлдэх 4,000,000 төгрөгөө тооц гэсэн. Тэгэхэд тэрээр миний ганцаараа шийдэх асуудал биш эхнэртэйгээ ярилцана гэсэн хариу хэлсэн.

Эдний байшингийн суурь цутгасан ажлын хөлс хичнээн төгрөг байсныг мэдэхгүй байна, тэр хөлсийг эднийх өгөөгүй байсан юм. Тэгээд маргааш нь эхнэр н.Э, хүргэн 2-ынх нь аль нэг нь утсаар тооцоогүй боллоо гэж ярьсан. Тэгээд бид машины үнийг 4,000,000 төгрөг дээр тохиролцлоо гэж ойлгосон. Уг машиныг худалдан авахад нь би дургүй байсан учраас нэрийг шилжүүлж аваагүй. Гэрээнд О.А-ийн эхнэр н.Э нар оролцоогүй гэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, О.А-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2018.10.10-ны өдрийн “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”, Smart car тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээнээс авсан татварын мэдээлэл, 0000 УБҮ улсын дугаартай машины 2016.09.28-ны өдрөөс 2020.07.24-ний өдрийг хүртэлх торгуулийн мэдээлэл, хууль зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх тухай гэрээ зэрэг баримтуудыг тус тус шүүхэд ирүүлсэн. /хх-ийн 3-9, 29-30 тал/

Хариуцагчийн хүсэлтээр Г.Б-г гэрчээр асууж, мэдүүлэг авах ажиллагааг /хх-ийн 38-40/ шүүх бүрдүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрч Г.Б-ийн мэдүүлэг, хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.А нь хариуцагч Г.Э-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,402,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч нь 402,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй маргасан.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг төлөхөөс 3,000,000 төгрөг төлж, үлдэх 4,000,000 төгрөгийг гэрээгээр тохирсон хугацаанд төлөөгүй, тээврийн хэрэгслийг хүлээн авснаас хойших хугацааны зардлыг хариуцан төлөхөөр гэрээгээр тохиролцсон учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж тайлбарласан. 

 

Талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан, уг гэрээгээр О.А-ийн өмчлөлийн 0000 УБҮ улсын дугаартай, Kia Frontier маркийн автомашиныг  7,000,000 төгрөгөөр худалдах,

Г.Э нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 3,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөг тус тус төлөхөөр тохиролцжээ. 

 

/хх-ийн 29-30/

 

Энэхүү гэрээний худалдагч талд О.А, худалдан авагч талд Г.Э нар өөрсдийн хүсэл зоригийн илэрхийлэл болгон гарын үсгээ зурсан, гэрээний талаар зохигч маргаагүй тул тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д: “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2-т төлбөрийг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 3,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөг тус тус төлнө гэж заасны дагуу хариуцагч Г.Э нь 3,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх 4,000,000 төгрөгийг төлөөгүй байх тул түүнийг хэлэлцэн тохирсон үнийг төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ тохирсон хугацаандаа биелүүлээгүй буюу Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

Хариуцагч нь тухайн тээврийн хэрэгслийн мотор, аппаратур муу, хүч муутай, хэрэгцээ хангахгүй байсан тул гэрээнээс татгалзаж, түүнд тээврийн хэрэгслээ буцааж авахыг 2018 оны 12 сард мэдэгдсэн, түүнчлэн өмнө хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд тооцон, тээврийн хэрэгслийн үнийг 3,000,000 төгрөг болгосон гэх үндэслэл заан үнэ төлөхөөс татгалзаж, харин өөрийн эзэмшилд авснаас хойших хугацааны албан татвар, торгууль болох 402,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д: “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж зааснаас үзэхэд Г.Э нь дээр дурдсан эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан дээрх шаардлагыг гаргасан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

Тэрбээр дээрх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх тайлбараа нотолсон баримтыг ирүүлээгүй нь түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.  

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулагдсан гэрээ, гэрчийн мэдүүлэг зэргээс үзэхэд  талууд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулж, мөн өдөртөө буюу 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч О.А нь хариуцагч Г.Э-т шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдож байна.

 

Гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй тохиолдолд худалдагч буюу нэхэмжлэгч нь хариуцагч буюу худалдан авагчаас автомашины үнэ төлөхийг шаардах эрхтэй бөгөөд худалдагч О.А нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу худалдан авагч Г.Э-аас автомашины үлдэгдэл үнэ 4,000,000 төгрөгийг төлөхийг шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д: “Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ” гэж заасан.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7-т “Худалдсан тээврийн хэрэгслийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон худалдан авагчийн буруугаас гарах аливаа эвдрэл, гэмтэл, урсгал зардал, уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл дагаж  шилжинэ” гэжээ.

 

Дээр дурдсан байдлаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээнд өөрөөр заагаагүй тул Г.Э нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд авснаар Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д заасны дагуу уг эд хөрөнгөтэй холбоотой үр шим болон эрсдэл түүнд шилжсэн гэж үзнэ.

 

Хариуцагч Г.Э нь тээврийн хэрэгслийн 2020, 2021 оны замын ашиглалт 90,000 төгрөг, агаарын бохирдол 7,000 төгрөг, татвар 90,000 төгрөг, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс эрх бүхий байгууллагаас 2019, 2020 онд ногдуулсан торгууль 215,000 төгрөг, нийт 402,000 төгрөгийн талаар маргаагүй, зөвшөөрсөн болно.

 

Иймд хариуцагч Г.Э-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг, тээврийн хэрэгслийн 2019-2021 оны албан татвар, хураамж, торгууль 402,000 төгрөг, нийт 4,402,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.А-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 247 дугаар зүйлийн 247.1-д тус тус зааснаар хариуцагч Г.Э-аас 4,402,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.А-д олгосугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Г.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 85,382 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.А-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85,382 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ