2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/600

 

 

 

 

 

 

 

 

 

   2025         02           25                                   2025/ШЦТ/600                       

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн

улсын яллагч Д.Агар /томилолтоор/

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгмаа

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч: ***

 

          Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

          Шүүгдэгч *** нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 14 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ХААИС-ийн уулзварын замд “Тоуоta Рrius” маркийн, 69-77 УЕС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.2-т заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам гарч байсан явган зорчигч ***ийг мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

          Өмнө нь би үнэн зөвөөр мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохиролд нийт 10.000.000 төгрөг өгсөн. Эрүүл мэндийн даатгалд төлөх ёстой мөнгийг шүүх хурлын дараа төлчихье. Шүүх хурлын өмнө төлөх гэсэн боловч амжсангүй. Би сард 1.5 сая төгрөгийн цалинтай, эхнэр бид хоёрын сарын орлого 3 сая орчим төгрөг болдог гэв.     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч **** “... 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 14 цагийн орчим Зайсангаас хөнгөлөлттэй эмээ эмчээр бичүүлж аваад ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй Хөдөө аж ахуйн автобусны буудлаас “Миний дэлгүүр”-ийн чиглэлтэй явган хүний гэрэлтэй гарцын гарцтай хэсгээр ногоон гэрэл асаж байхад гарч явсан. Тухайн авто зам өргөн байсан болохоор миний санаж байгаагаар 4 эгнээ зам байсан санагдаж байна. Тухайн зам дуусах дөхөж байсан би бараг авто замын хашлага дээр зүүн хөл гарч байсан санагдаж байна тэгтэл ертөнцийн зүгээр хойноос баруун чиглэлтэй эргэж байсан машин хэт их шахаж орж ирснээс болоод авто машины жолоочийн хаалга хэсгээрээ намайг шүргэсэн. Энэ үйлдлээс болж би тэнцвэр алдаж газарт унасан. Тэгэхэд миний хөл хугарсан байсан” /хх-н 13/ гэж мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотойгоор “... ***ийн биед баруун шагайн гадна хавчаар ясны далд хугарал, баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоогэсэн 14042 тоот дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч гаргасан байна. /хх-н 17-18/

 

Түүнчлэн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дүгнэлт /хх-н 24-27/, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Т.Баасанхүүгийн гаргасан 2024 оны 12 дугаар 02-ны өдрийн 2019 дугаартай мөрдөгчийн магадалгаа /хх-н 48/ зэрэг бичгийн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг бөгөөд шүүгдэгч ***од холбогдох хэргийн үйл баримтаас үзвэл хохирогч ***ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байгаа нь тухайн гэмт хэргийн бүрдэл хангагдсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч ***ыг “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүхээс шүүгдэгч ***од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал үүнд: шүүгдэгч *** анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн гэм буруу нь болгоомжгүй хэлбэртэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч ***т учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогчийн зүгээс гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзав.

 

Тодруулбал, улсын яллагчаас шүүгдэгч ***од 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан, уг саналыг нь шүүгдэгчийн өмгөөлөгч дэмжсэн тайлбар хэлснийг, шүүгдэгч *** өөрөө “... би ажлынхаа хажуугаар такси үйлчилгээнд явж мөнгө олдог, тиймээс торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан зэргийг шүүх хүлээж авах шаардлагагүй гэж үзлээ.

Учир нь, нэгэнт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж байгаа хүний хувьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй бөгөөд түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохимжтой, нөгөөтээгүүр торгох ял оногдуулах нь санхүү, эдийн засаг талаасаа түүний амьдрал ахуйд нөлөөлнө.

 

Шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 33/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 72/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 14/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-н 32/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирол, төлбөрийн хувьд:

Шүүгдэгч *** нь хохирогч ***ийн хохиролд 10.000.000 төгрөг төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй. Харин шүүгдэгч ***оос 246.300 төгрөг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, жолооч ***ын гэх “Жолоочийн үнэмлэх” шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

  1. ***ыг “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, түүнийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

          3. Шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

           4. Шүүгдэгч ***од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “нийтэд тустай ажил хийлгэх” ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

5. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, жолооч ***ын гэх “Жолоочийн үнэмлэх” шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч *** хохирогч ***ийн хохиролд 10.000.000 төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж,

шүүгдэгч ***оос 246.300 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *** урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  О.ЖАНЧИВНЯМБУУ