Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 28

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш, улсын яллагч Т.Дэлгэрсайхан, шүүгдэгч Б.Батхишиг, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Багшийнхан овогт Батсайханы Батхишигт холбогдох эрүүгийн 201718010043 тоот хэргийг хянан шийдвэрлэв.

            Шүүгдэгч: 0000 оны 11-р сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Номгон тосгонд төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл-4, ээж, аав, хүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Овоотын задгайд оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Багшийнхан овогт Батсайхан Батхишиг /РД: МФ-/.

            Шүүгдэгч Б.Батхишиг нь Сэлэнгэ аймгийн Орхон сум, 1-р баг, 2-р хэсэг, 22 тоотод 2017 оны 04-р сарын 26-ны өдрийн 04 цагийн орчимд Д.Баяраатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар Д.Баяраагийн бие эрх чөлөөнд нь халдаж хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

            ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр:

  1. Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/,
  2. Хохирогч Д.Баяраагийн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
  3. Гэрч О.Уртнасангийн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
  4. Шүүгдэгч Б.Батсайханы мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,
  5. Гэрч Х.Оргилийн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

            Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр:

  1. Хохирогч Д.Баяраагийн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
  2. Гэрч Х.Оргилын мэдүүлэг /хх-ийн 28 хуудас/,
  3. Гэрч О.Уртнасангийн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,
  4. Гэрч Эрдэнэбилэгийн мэдүүлэг,

5. Багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 36 хуудас/, ял шалгуулах хуудас болон хохирогчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Батхишиг нь Сэлэнгэ аймгийн Орхон сум, 1-р баг, 2-р хэсэг, 22 тоотод 2017 оны 04-р сарын 26-ны өдрийн 04 цагийн орчимд Д.Баяраатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар Д.Баяраагийн бие эрх чөлөөнд нь халдаж хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

1. Мөрдөн байцаалтад хохирогч Д.Баяраагийн өгсөн  “...2017 оны 04-р сарын 25-ны өдрийн 17 цагийн орчимд Пүрэвдорж гэдэг найзтай Боргио нэртэй пивоны 2 литр 500 граммтайг 3 ширхэгийг хувааж уучаад би Чулуунхүү гэдэг таньдаг айлдаа 2017 оны 04-р сарын 26-ны өдрийн 02 цагийн орчимд орсон юм. Тэгсэн нөхөр нь байхгүй байсан. Харин эхнэр Баярсүрэн байж байсан юм. Тэгээд сууж байтал гаднаас Ооёо орж ирж Уртаа эхнэрээ зодоод байх шиг байна гэж хэлэхээр нь би 2017 оны 04-р сарын 26-ны өдрийн 04 цагийн орчимд Уртнасангийн гэрт яваад очтол тэдний гэрт Оргил, Улаанаа, Уртнасан гурав байж байсан юм. Тэгээд би Уртнасан яагаад байгаан юу болоод байгаа юм гэж хэлэхэд яахаараа гэрт орж ирдэг юм гэж маргалдаад байж байтал хажуу талаас Улаанаа гэх залуу нэг удаа мөргөж миний үүдэн хоёр шүдийг хугалсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 хуудас/,

2. Мөрдөн байцаалтад гэрч О.Уртнасангийн өгсөн “...Би Орхон сумын Бэлэндалай гэх газарт Мөнх Орхон ХХК-д трактор барьдаг юм. Тэгээд 2017 оны 04-р сарын 25-ны өдрийн 22 цагийн орчимд гэрлүүгээ харихаар болж хамт ажилладаг Б.Батхишиг гэдэг залууг дагуулж найз Х.Оргилыг дуудаж машинаар нь хүргүүлэхээр болсон. Тэгээд бид гурав замдаа нэг шил Ерөөл нэртэй архи Орхон сумын Нарт уулын урд талд уучаад гэртээ 2017 оны 04-р сарын 26-ны өдрийн 01 цагийн орчимд очтол манай эхнэр байхгүй, манай охин эгчийн хоёр хүүхдийн хамт унтаж байсан. Тэгээд миний уур хүрч Ш.Энхцэцэг рүү залгасан. Ингээд бид гурав гэрт пиво уугаад сууж байтал шөнийн 03 цагийн орчимд гадаа машин дуугарах шиг болсон. Тэгсэн Ооёо гэдэг ах машинтайгаа манай эхнэрийг хүргэж ирсэн. Тэгээд миний уур хүрч эхнэрээ гадаа нүүрэн тус газар нь алгадаж авсан. Тэгтэл газар унасан юм. Тэгээд миний уур хүрээд байтал Оргил, Батхишиг нар гарч ирээд боль гэж хэлээд эхнэр Энхцэцэгийг Батхишиг дотогш оруулсан байх тэгээд би уураа огт барьж чадахгүй байсан юм учир нь манай эхнэр Ш.Энхцэцэг хүүхдээ орхичоод согтуу орж ирсэн болохоор нилээн уурласан. Тэгээд манай найз Х.Оргил ингэж болохгүй тайвшир гэж хэлээд тэгээд гал тогооны өрөөнд сууж байтал гаднаас Ооёо ах Д.Баяраа ах нар орж ирэхээр нь би уурлаж та хоёр юу хийж яваа юм, яахаараа эхнэр архи уулгадаг юм гэж хэлээд Д.Баяраа ахтай маргасан. Тэгсэн чинь Б.Батхишиг та ганцаараа байгаа эмэгтэй хүн дээр орж ирж болохгүй шүү дээ гэж хэлж байх шиг байсан. Тэгсэн чинь Д.Баяраа чи юу юм гэж хэлээд тэр хоёр маргалдаж эхэлж манай үүдний амбаар хэсэг рүү гарсан. Тэгээд гадаа юу болсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 хуудас/,

3. Мөрдөн байцаалтад гэрч Х.Оргилын өгсөн “...2017 оны 04-р сарын 25-ны өдрийн 22 цагийн орчимд манай найз О.Уртнасан Бэлэндалайгаас ажил дээрээс ирээд авчаач харих гэсэн чинь унаа олдохгүй байна гэсэн юм. Тэгээд би очтол хамт ажилладаг Б.Батхишиг гэдэг залуутай хамт гарч ирээд бид гурав 04-р сарын 26-ны өдрийн 01 цагийн орчимд О.Уртнасангийн гэрт иртэл О.Уртнасангийн эхнэр Ш.Энхцэцэг гэртээ байхгүй байсан. Тэгээд утсаар яриад гэрт нь сууж байхад шөнийн 03 цагийн орчимд гэрийнх нь гадаа машин ирэх шиг болсон чинь О.Уртнасангийн эхнэр согтуу Ооёо ахын машинаас буух шиг болсон юм. Тэгээд Уртнасан гараад эхнэр лүүгээ орилоод байх шиг байсан. Тэгэхээр нь Батхишиг бид хоёр гартал О.Уртнасан Оёо гэдэг ахтай хэрүүл хийгээд зогсож байсан юм. Тэгээд гэрлүү нь эхнэрийг нь гэрт оруулаад оронд нь оруулчаад Оёо ахыг цааш явуулчаад эргээд ортол О.Уртнасан эхнэр лүүгээ орилоод байсан юм. Тэгэхээр нь О.Уртнасан боль гэж хэлээд гал тогооны өрөөнд ороод сууж байтал араас Баяраа, Оёо ах нар орж ирсэн. Тэгсэн чинь Д.Баяраа ах руу О.Уртнасан харанхуй шөнө үхсэн хүүрээ хийж явж байгаан гэж хэлээд Д.Баяраа нар хоорондоо маргалзаж эхэлтэл Оёо ах гараад явсан байсан. Тэгтэл Батхишиг Баяраатай маргалдаж барьцалдаж аваад гадагш гарсан. О.Уртнасан бид хоёр байшин дотор сууж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 хуудас/,

4. Шинжээч эмчийн 2017 оны 04-р сарын 28-ны өдрийн 486 дугаартай “...Д.Баяраагийн биед дээд үүдэн 2 шүдний бүрэн мултрал, 1 шүдний сулрал зүүн шанааны цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 18 хуудас/,

5. Хохирогч Д.Баяраагийн шүүгдэгч Б.Батхишигтэй сайн дураар эвлэрсэн тухай өргөдөл /хх-ийн 82 хуудас/,

6. Шүүгдэгч Б.Батхишигийн шүүх хуралдаанд өгсөн “...Би ажлаасаа буугад байж байтал Уртнасангийн Оргил гээд найз нь ирсэн. Тэгээд намайг хоёулаа манайд очоод ирье гэхээр нь би ядраад байна явахгүй гэсэн чинь ханьтай яваад ирье гэхээр нь хамт явсан. Явж байгаад төмөр замын призер гараад 1 архи 1 пиво уугаад гэрт нь очсон. Гэтэл гэрт нь эхнэр нь байхгүй хүүхэд нь унтаж байсан. Ширээн дээр нь 1 архи 1 пивоны сав байсан. Удалгүй гадаа машин зогсоод эхнэр нь согтуу бууж ирсэн. Уртнасан гадаа эхнэрээ зодоод байсан. Би гарч очоод салгасан. Оргил машинаасаа дахиад 1 шил архи гаргаж ирээд тэрийг нь уугаад сууж байтал Баяраа орж ирсэн. Тэгээ чи яахаараа согтуу айлд орж ирдэг юм бэ? гээд хоорондоо маргалдаад байхаар нь салгатал намайг цохиод авсан. Тэгэхээр нь та яаж байна аа гэхэд зүгээр байгаарай чи ер нь хэн юм бэ? гээд дахиад цохихоор нь нэг мөргөөд унагаачихсан юм. Гэтэл миний шүд хугарчихлаа гээд цагдаа дуудсан байсан. Цагдаа ирээд маргааш өглөө цагдаа дээр ирээрэй гэсэн. Маргааш өглөө нь цагдаад очсон. Эхлээд Баяраа надаас 4.000.000 төгрөг нэхсэн юм. Сүүлдээ 1.000.000 төгрөг нэхээд тэрийг нь өгсөн... Энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би дахиж ийм хэрэг хийхгүй...” гэх мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.   

Шүүгдэгч Б.Батхишигийн үйлдлийн улмаас хохирогч Д.Баяраагийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан /хх-ийн 18 хуудас/ бөгөөд хохирогчийн эмчилгээ, сувилгааны зардлыг шүүгдэгч хариуцан төлж, хохирогчийг хохирол төлбөргүй болгосон нь хохирогч Д.Баяраагийн “...Иргэн Батсайханы Батхишиг өөрийн гэм буруугаа ойлгож, надаас уучлал гуйж, бид өөрсдийн сайн дураар эвлэрсэн, миний хохирлыг барагдуулахаар надад 1 000 000 төгрөг өгсөн. Миний бие энэ хүнд нэхэмжлэх гомдол санал байхгүй. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” /хх-ийн 82 хуудас/ гэх хүсэлтээр тогтоогдож байна.

Дээрх байдлуудыг дүгнэхэд шүүгдэгч Б.Батхишиг нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч Д.Баяраа нь шүүгдэгч Б.Батхишигтэй сайн дураараа эвлэрсэн байна. Иймд  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Б.Батхишигт холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батхишигийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй  байна.

     Шүүгдэгч Б.Батхишиг нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримтууд ишүүхэд ирээгүй  зэргийг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 298 дугаар зүйлүүдэд заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Багшийнхан овогт Батсайхан Батхишигийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Б.Батхишигийн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Б.Батхишигийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3.Шүүгдэгч Б.Батхишиг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримтууд шүүхэд ирээгүй,шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй зэргийг дурдсугай.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Батхишигт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       А.НАРАНТУЯА