Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2022/0664

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд, нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г**********ХХК;

Хариуцагч: А**** хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: Г******************************* даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар шийдвэрийн Ш**********  ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, уг тусгай зөвшөөрөл бүхий талбайн сэргээгдээгүй үлдсэн усны хамгаалалтын бүстэй давхацсан **,** гектар талбайг нэмж олгохыг даалгуулах-аар шаардсан маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д******* , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А*********** нар оролцов.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

            1.1.Нэхэмжлэгч Г**********ХХК нь Г*******************************даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар шийдвэрийн Ш**********  ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, уг тусгай зөвшөөрөл бүхий талбайн сэргээгдээгүй үлдсэн усны хамгаалалтын бүстэй давхацсан **,** гектар талбайг нэмж олгохыг даалгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

            1.2.Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчилсөн боловч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхгүй гэж тодорхойлсон.

            Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар

            2.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Ашигт малтмалын ашиглалтын 1***** дугаартай тусгай зөвшөөрлийг 2019 оноос эзэмшиж эхэлсэн. Уг тусгай зөвшөөрлөө бүтээгдэхүүн хуваах гэрээгээр Ш**********  ХХК-д шилжүүлсэн боловч ашигт малтмал ашиглахтай холбоотой ажил хийгээгүй тул тус компаниас тусгай зөвшөөрлөө буцаан авахаар шаардсан.

            2.2.Ш**********  ХХК манай тусгай зөвшөөрлийг буцааж өгөхийг зөвшөөрсөн боловч Ашигт малтмалын газраас тусгай зөвшөөрлийг шилжүүлэх материалын бүрдэл дутуу гэж үзэн шилжүүлсэн бүртгэл хийж өгөөгүй.

            2.3.Улсын Их Хурлаас 2009 онд Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг баталсны дагуу Г*******************************даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар шийдвэрээр манай тусгай зөвшөөрлийг цуцалсан.

            2.4.Манай компани *** дугаар шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандсан ба шүүх тусгай зөвшөөрөл цуцлагдах үедээ Ш**********  ХХК-ийн эзэмшилд байсан тул нэхэмжлэл гаргах эрхгүй гэж шийдсэн.

            2.5.Үүний дараа манай компани тусгай зөвшөөрлөө шилжүүлэн авахаар Ш**********  ХХК-ийг хариуцагчаар татан шүүхэд хандсан ба Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/*****дугаар захирамжаар Ш**********  ХХК-ийн шүүхэд хандан тусгай зөвшөөрлийг сэргээлгэх ажлыг гардан гүйцэтгэх, сэргээсэн тохиолдолд тусгай зөвшөөрлөө шууд манай компанийн нэр дээр сэргээлгэхийг зөвшөөрч эвлэрсэн тул шүүх энэ эвлэрлийг баталсан.

            2.6.Ш**********  ХХК-ийн гаргасан нэхэмжлэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2020/**** дүгээр шийдвэрийн 1***** дугаартай тусгай зөвшөөрлийн урт нэртэй хуулийн үйлчлэлтэй давхцаагүй хэсгээр сэргээсэн.

            2.7.Гэтэл Засгийн газрын 2021 оны 194 дүгээр тогтоол нь өөрөө шууд дагаж мөрдөх хүчин төгөлдөр акт болохын хувьд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д Төрийн мэдээлэл эмхэтгэлд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, ..., яам агентлагаас гаргасан, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актыг бүрэн эхээр нийтэлнэ гэж заасан шаардлагыг хангаагүй байна.

            2.8.Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс Төрийн мэдээлэлд албан ёсоор нийтлэгдээгүй Засгийн газрын тогтоолыг үндэслэж, *** дугаартай захиргааны актыг гаргах ёсгүй байсан.

            2.9.Үүнээс гадна *** дугаартай актын Нэгдүгээр заалтад Монгол Улсын Засгийн газрын 2011 оны *** дүгээр тогтоолыг иш татаж бичсэн байх бөгөөд Төрийн мэдээлэл эмхэтгэлд энэхүү *** дүгээр тогтоол нийтлэгдсэн байгаа нь олдсонгүй, 194 гэх гэж байгаад *** гэж буруу бичсэн байж болно, 194 дүгээр тогтоол албан ёсоор нийтлэгдээгүй байна.

            2.10.Манай компанийн 1***** дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах, талбайн хэмжээг багасгах хуульд заасан үндэслэл байгаагүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж заасны дагуу *** дугаар тушаал илт хууль бус болох юм.

            2.11.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн үндэслэл өөрчлөгдсөн. Нэхэмжлэгч компани нь 2009 оны 04 дүгээр сард 1***** дугаартай тушаалаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлж авсан. 2009 оны 06 дугаар сард Ш**********  ХХК-тай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж тусгай зөвшөөрлийг Ш**********  ХХК шилжүүлж өгсөн. Ш**********  ХХК Бүтээгдэхүүн хуваах гэрээ-ий нөхцөлийг биелүүлээгүй учраас тусгай зөвшөөрлийг буцааж авах хүсэлт гаргаж хүсэлтийн нөхцөлийг хүлээж авч тусгай зөвшөөрлийг шилжүүлж өгсөн.

            2.12.Нэхэмжлэлийн үндэслэл нь 194 дүгээр тогтоол Төрийн мэдээлэл сэтгүүлд нийтлэгдээгүй гэдэг үндэслэл гаргасан байсан боловч 194 дүгээр тогтоол биш *** дүгээр тогтоол нь Төрийн мэдээлэл сэтгүүлд нийтлэгдсэн гэж ойлгосон гэж хэлээд нэхэмжлэлийн үндэслэл нь өөрчлөгдсөн.

            2.13.Гэхдээ *** дүгээр тогтоолоор манай тусгай зөвшөөрөл бүрэн болон хэсэгчилсэн ямар нэгэн байдлаар давхацсан гэдэг баримт хэрэгт авагдаагүй.

            2.14.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж өгсөн баримт нь зүгээр зураг байгаа бөгөөд уг зурагт *** дүгээр тогтоолоор ийм байдалтай байгаа гэдгийг харуулж байгаа болохоос газрын зураг дээрх солбицол нь яг тодорхой гарсан зураг хэргийн материалд харагдахгүй байна. Тийм учраас М****** тусгай зөвшөөрлийн өмнөх 2021 оны шүүхийн шийдвэрээс үлдсэн сэргээгдээгүй байгаа газрын 32,25 хэмжээтэй газрын тусгай зөвшөөрлийг сунгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

 

            2.15.Нэхэмжлэгч компанийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нь хуульд нийцэхгүй гэв.

            2.16.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Хэрэгт авагдсан баримт болон сүүлд гаргаж өгсөн баримтаар Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсээс хориглосон хязгаарласан болон бүх талбайн бусад бүх тусгай зөвшөөрлийг бүртгэдэг нэгж.

            2.17.Тус нэгжийн гаргаж өгсөн нотлох баримтаар 2011 оны Монгол Улсын Засгийн газрын *** дүгээр тогтоолоор тухайн үед Ш**********  ХХК-ийн эзэмшиж байсан 1***** дугаартай тусгай зөвшөөрлийн газартай давхцалтай байсан нь нотлогдож байгаа.

            2.18.Мөн тухайн үеийн Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын гаргасан шийдвэр нь байгаа.

            2.19.Монгол Улсын Засгийн газрын 285 тоот тушаал гарсантай холбогдуулан 2011 оны *** дүгээр тогтоолоор хүчингүй болж, солбицолд өөрчлөлт орсон.

            2.20.Солбицолд өөрчлөлт орсонтой холбоотойгоор тухайн үед Ш**********  ХХК-ийн эзэмшиж байсан одоо Г**********ХХК-ийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн газар нь хэсэгчлэн хязгаарлагдаж байгаа.

            2.21.Сэргээж авъя гэж байгаа тусгай зөвшөөрлийн газар нь бүхэлдээ давхцалтай байгаа учраас сэргээх ямар ч боломж байхгүй. Тусгай зөвшөөрлийг сэргээх гэж байгаа үлдсэн хэсэг газар нь Г**********ХХК-ийн газар биш Ш**********  ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа.

            2.22.Шүүх өмнөх шийдвэрээр давхцалгүй байгаа газрын тусгай зөвшөөрлийг сэргээж шийдвэрлэсэн гэж ойлгож байгаа мөн анхнаасаа уг газар нь Г**********ХХК-ийн эзэмшлийн газар биш байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

            Нэг.Маргааны зүйлийн талаар:

            1.1.Энэ хэрэгт захиргааны шийдвэр нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй тул илт хууль бус гэх үйл баримтын талаар маргасан болно.

            1.2.Нэхэмжлэлийн шаардлагаа маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус гэж тодорхойлсон учраас анхан шатны шүүх илт хууль бус захиргааны акт мөн эсэх хүрээнд нотлох баримт цуглуулж, энэ хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж, үүнд хамаарах нотлох баримтыг үнэлж шийдвэрлэж байна.

            1.3.Г**********ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа Г*******************************даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар шийдвэрийн Ш**********  ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, уг тусгай зөвшөөрөл бүхий талбайн сэргээгдээгүй үлдсэн усны хамгаалалтын бүстэй давхацсан **,** гектар талбайг нэмж олгохыг даалгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, үндэслэлээ Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоол Төрийн мэдээлэл эмхэтгэлд албан ёсоор нийтлэгдээгүй байхад уг тогтоолыг хэрэгжүүлж гарсан үндэслэлээр маргаж байсан.

            1.4.Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчилж Засгийн газрын 2011 оны *** дүгээр тогтоолоор манай тусгай зөвшөөрөл бүхий талбай бүрэн болон хэсэгчилсэн байдлаар давхцаагүй тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус гэж маргаж байна.

            1.5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т нэхэмжлэгчийн эрх болгож нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх байхаар тогтоосон тул нэхэмжлэгчээс нэхэмжлэлээ өөрчлөх хүсэлт гаргаагүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд бүхэлд нь дүгнэлт өгч шийдвэрлэж байна.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1.Нэхэмжлэгч Г**********ХХК-д Б***** аймгийн Б****** сум болон Т** аймгийн З****** сум нутаг дэвсгэрийг хамарсан Т************* нэртэй газарт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн эрх үүссэн, үйл ажиллагаа явуулахыг хориглох шийдвэр гарсан үйл баримтууд доорхи он дарааллаар дараахь байдлаар тогтоогдож байна.Үүнд:

            2.1.1.Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Г*******************************даргын 1999 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 196 дугаар шийдвэрээр Их тэмүүлэл ХХК-д Б************* сум нутаг дэвсгэрт орших Туулын тохойрол нэртэй 68 га талбайд ашигт малтмал ашиглах MY-******* /хуучнаар 1*****/ дугаартай тусгай олгож, Г*******************************даргын 2006 оны 542 дугаар шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийг Г*** ХХК-д шилжүүлсэн /ХХ-1-н 87,88, 89 дэх тал/;

            2.1.2.Тус даргын 2009 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 120 дугаар шийдвэрээр дээрх 1***** дугаартай зөвшөөрлийг Г*** ХХК-иас Г**********ХХК шилжүүлсэн /ХХ-1-н 149 дэх тал/;

            2.1.3.Мөн даргын 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 469 дүгээр шийдвэрээр Г**********ХХК-иас Ш**********  ХХК-д тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн /ХХ-1-н 177 дахь тал/;

            2.1.4.Ш**********  ХХК дээрх тусгай зөвшөөрлийг эзэмшиж байх хугацаанд Улсын Их Хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг баталж, уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно гэж, мөн зүйлийн 4.3-т Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно гэж хуульчилсан шийдвэр гарсан;

            2.1.5.Уг хуулийн дагуу Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай *** дүгээр тогтоол болон 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Хилийн заагийг тогтоох тухай 194 дүгээр тогтоолоор тус тус "Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг"-ийг тогтоож, эдгээр тогтоолд 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 260 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулж, улмаар 2014 оны 281, 2015 оны 130, 199, 289, 302, 2016 оны 155, 2017 оны 83, 2020 оны 219, 125 дугаар тогтоолуудаар нэмж өөрчлөлт оруулсан /ХХ-1-н 109-132 дахь тал/;

 

            2.1.6.Г*******************************даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар шийдвэр гарч, уг шийдвэрээр Засгийн газрын 2011 оны *** дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт хамаарсан гэж үзэн Ш**********  ХХК-ийн эзэмших М******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан /ХХ-1-н 166 дахь тал/;

            2.1.7.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/*****дугаар захирамжаар ... 1***** дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газар болон шүүхэд хандаж сэргээлгэхийг Ш**********  ХХК-д даалгаж, уг 1866 А тусгай зөвшөөрөл сэргээгдсэн нөхцөлд тусгай зөвшөөрлийг Г**********ХХК-д шилжүүлэхээр зохигчид нь эвлэрч, шүүх эвлэрлийг баталсан /ХХ-1-н 209-211 дэх тал/.

            2.1.8.Иргэний хэргийн шүүхийн энэ шийдвэрийн дагуу ашигт малтмал ашиглах А1866 тусгай зөвшөөрөл нь Г**********ХХК-д буцаж шилжихээр талууд тохирсон;

            2.1.9.Ш**********  ХХК-ийн гаргасан нэхэмжлэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2020/**** дүгээр шийдвэрээр Г*******************************даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар шийдвэрийг Ш**********  ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас хориглосон хилийн заагт ороогүй 31,75 га талбайн хэсгээр илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн /ХХ-1-н 6-17 дахь тал/;

            2.1.10.Мөн шүүхийн энэ шийдвэрийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Г*******************************даргын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 370 дугаар шийдвэрээр хуулиар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон хилийн заагт ороогүй 31,75 га талбайн хэмжээгээр Г**********ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сэргээж, бүртгэлд тэмдэглэл хийж шийдвэрлэсэн /ХХ-1-н 98 дахь тал/;

            2.1.11.Ашигт малтмал, газрын тосны газрын Г*******************************даргын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 371 дүгээр шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийг Г**********ХХК-ийн эзэмшилд бүртгэж, энэ шийдвэрээ мөн өдрийн 8/4312 дугаар албан бичгээр Г**********ХХК-д мэдэгдсэн /ХХ-1-н 99 дэх тал/;

            2.1.12.Мөн даргын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 412 дугаар шийдвэрээр MV-0011866 дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг хүчингүйд тооцож, шинээр MV-21972 дугаартай гэрчилгээ болон хавсралтыг нөхөн олгож /ХХ-1-н 100 дахь тал/ шийдвэрлэсэн;

 

            2.1.13.Ийм нэхэмжлэгч Г**********ХХК нь өөрийгөө уг тусгай зөвшөөрөлтэй холбоотой шаардах эрхтэй гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасан зэрэг үйл баримтууд болно.

            Гурав.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

            3.1.Шүүх талуудын маргаж байгаа үйл баримтын хүрээнд нотлох баримтыг цуглуулж, үнэлж, захиргааны байгууллагын үйлдэл, үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол болон хууль зөрчсөн эсэхэд дүгнэлт маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарна.

            3.2.Анхан шатны шүүхэд нотлох баримтаар үнэлэгдсэн дээрх албан бичгүүдийг нэхэмжлэгч болон хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн нь утга агуулгын зөрүүгүй байгаа тул анхан шатны шүүх эргэлзээгүй нотлох баримт гэж үзсэн болно.

            3.3.Нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасан захиргааны актыг илт хууль бус болгохыг тогтоолгох шийдвэрийг шүүхээр гаргуулахыг хүссэн тул анхан шатны шүүхээс маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус эсэхийг шалгаж тогтоох ажиллагаа явуулж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хамаарах нотлох баримтыг үнэлсэн болно.

            Дөрөв.Нэхэмжлэл гаргах эрхийн тухайд:

            4.1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2020/**** дүгээр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч Ш**********  ХХК нь Г*******************************даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар шийдвэрийн Ш**********  ХХК-д холбогдох хэсэг буюу өөрийн компанийн эзэмших 68 га талбайг цуцалсан шийдвэрийг бүхэлд нь илт хууль бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан байгаа ба шүүхээс энэхүү 68 га талбайгаас Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хориглолтод ороогүй 31,75 га талбайд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэхийн хамтаар, уг талбайг сэргээж тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийх замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга замыг тогтоон, бусад хэсгийг хангаагүй орхисон /ХХ-1-н 17 дахь тал/ байна.

            4.2.Ш**********  ХХК-иас дээрх шийдвэртэй хэрэгт гаргасан Г*******************************даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар шийдвэрийн Ш**********  ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь манай компанид нөхөн олговор олгоогүй атлаа тусгай зөвшөөрлийг цуцалсан нь үндэслэлгүй гэж тодорхойлсныг анхан шатын шүүх хянан шийдвэрлэжээ.

            4.3.Харин энэ захиргааны хэрэгт Засгийн газрын 2011 оны *** дүгээр тогтоолоор тогтоосон хайгуул болон ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг хориглосон талбайтай манай тусгай зөвшөөрөл бүхий талбай бүрэн болон хэсэгчилсэн байдлаар давхцаагүй тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус гэж маргаж байна.

            4.4.Тодруулбал, Ш**********  ХХК-иас ашигт малтмал ашиглах MY-******* дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлж авсан Г**********ХХК нь уг тусгай зөвшөөрөлд хадгалагдах эрх, үүргийг залгамжлан хүлээн авагч бөгөөд тусгай зөвшөөрөлд холбогдох асуудлаар шаардах эрхтэй ба Ш**********  ХХК болон Г**********ХХК нь нэг захиргааны актад холбогдуулан маргахдаа 2 өөр үндэслэлээр маргаж байгаа тул Г**********ХХК-ийн гарган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дүгнэлт өгч шүүхийн шийдвэр гаргаж шийдвэрлэх нь нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрх-ийг хангаж байгаа явдал болно.

            4.5.Өөрөөр хэлбэл, Г**********ХХК нь Ш**********  ХХК-иас ашигт малтмалын ашиглалтын М******* дугаар тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 371 дүгээр шийдвэрээр эзэмших эрх шилжүүлж авч, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тусгай зөвшөөрөл авсан тул уг тусгай зөвшөөрлийн хувьд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй /ХХ-н 28 дахь тал/ гэж үзлээ.

            Тав.Маргаан бүхий актад өгсөн дүгнэлт, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

            5.1.Г**********ХХК нь уг тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авснаас хойш буюу 2021 оны 11 дүгээр сарын 01 -ний өдрийн 11/001 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хандан ... манай компанийн анх байсан 68 га талбайгаас сэргэгдээгүй үлдсэн 36.25 гектар талбайг бүхэлд нь сэргээж, MV2021972 дугаартай тусгай зөвшөөрлөөр эзэмшдэг талбайг 68 гектар болгон тэмдэглэл хийлгэхийг хүссэн байна /ХХ-н 85 хуудас/.

            5.2.Ашигт малтмал, газрын тосны газраас Г**********ХХК-ийн уг хүсэлтийг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1/5241 дугаар албан бичгээр шийдвэрлэхдээ ... талбайн сэргээгдэхгүй үлдсэн 37.01 /36.25 га бололтой/ гектар талбай нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор тогтоосон усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай гэж үзэн шийдвэрлэхээс татгалзжээ /ХХ-н 86 дахь тал/.

            5.3.Нэхэмжлэгч нь Ашигт малтмал, газрын тосны газарт хандахдаа маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус гэсэн үндэслэлээр маргаж байгаагүй болох нь дээрх гомдол, гомдлын хариу албан бичгүүдээр нотлогдож байна.

            5.4.Нэхэмжлэгч Г**********ХХК нь Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоол албан ёсоор нийтлэгдээгүй байхад уг тогтоолыг хэрэгжүүлж гарсан Г*******************************даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар шийдвэрийн Ш**********  ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус гэж маргаж байснаа нэхэмжлэлийн үндэслэлээ Засгийн газрын 2011 оны *** дүгээр тогтоолоор манай тусгай зөвшөөрөл бүхий талбай бүрэн болон хэсэгчилсэн байдлаар давхцаагүй тул илт хууль бус гэж маргаж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

            5.5.Учир нь Засгийн газрын 2011 оны *** дүгээр тогтоолоор ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон талбайн хилийн заагийг анх тогтоож, Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийг 1 дүгээр, Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагийг 2 дугаар[1], Ойн сан бүхий газрын хилийн заагийг З дугаар хавсралт ёсоор тус тус тогтоосон бөгөөд энэхүү тогтоолоор тогтоосон хилийн зааг бүхий талбайтай нэхэмжлэгч Г**********ХХК-ийн    1***** дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайн шүүхийн шийдвэрээр сэргээгдээгүй үлдсэн **,** гектар талбайтай нь давхцалтай буюу хуулиар ашигт малтмал ашиглахыг хориглосон усны хамгаалалтын бүстэй давхацсан байна.

            5.6.2012 онд хүчин төгөлдөр мөрдөж байсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1-т Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамжийг тэдгээрт Ерөнхий сайд гарын үсэг зурснаас хойш ажлын 3 хоногийн дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын зөвшөөрснөөр Ерөнхий сайдын ажлын хэсгээс эрхлэн хэвлэл, мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд мэдээлнэ гэж, 30 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж нь тэдгээрт өөрөөр заагаагүй бол гарсан өдрөөсөө эхлэн хүчин  төгөлдөр болно[2] гэж заасан байна.

            5.7.Иймд Засгийн газрын тогтоолыг Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдээгүй эсэхээс үл хамаарч хүчин төгөлдөр болох хуулийн дээрх заалт 2011, 2012 онуудад хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан байгаа тул дээрх Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангаж гарсан Г*******************************даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар шийдвэр нь хууль зөрчөөгүй байна.

            5.8.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй бол захиргааны акт ил хууль бус болохыг тогтоохоор хуульчилжээ.

            5.9.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болгосон Засгийн газрын 2011 оны ***, 2012 оны 194 дүгээр тогтоолуудын алиныг нь ч Төрийн мэдээлэлд хэвлээгүй байхад хэрэгжүүлж биелүүлсэн нь илт хууль бус гэдгийг анхан шатны шүүхээс хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актад хамаарахгүй байна.

            5.10.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэдэг нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын хууль болон нэгдэн орсон Олон Улсын гэрээ, хууль тогтоомжийн актаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд эерэг болон сөрөг үйлчлэлтэй үр дагавар үүсгэсэн үйлдэл, эс үйлдэхүй гаргахыг зөвшөөрөөгүй, эсхүл шийдвэр гаргахыг хориглосон байхад ийм шийдвэр гаргасан байхыг ойлгоно.

            5.11.Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн *** дүгээр тогтоол, 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоол нь хилийн заагийг тогтоосон бөгөөд хэн нэгэнд эрх олгож, үүрэг болгосон зохицуулалтгүй байгаа, нөгөө талаас Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар шийдвэр нь 2009 онд баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг биелүүлж байгаа захиргааны акт тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан шинжийг агуулаагүй, нэхэмжлэгчийн шаардаж байгаа талбай нь дээрх тогтоолуудын аль алинаар нь усны хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцалтай байгаа тул нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г**********ХХК-ийн Г*******************************даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар шийдвэрийн Ш**********  ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, уг тусгай зөвшөөрөл бүхий талбайн сэргээгдээгүй үлдсэн усны хамгаалалтын бүстэй давхацсан **,** гектар талбайг нэмж олгохыг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч Г**********ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Д.ЭРДЭНЭЧИМЭГ