Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 98

 

МАГАДЛАЛ

 

2019.01.09                                                 Дугаар 98                                      Улаанбаатар хот

 

 

 

 

А Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/02307 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н Э  ХХК-д холбогдох,

416 028 873 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.О,

Хариуцагчийн төлөөлөгч: Б.У,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ш.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2013 онд Хан-Уул дүүрэгт А И С ХХК-ийн захиалгаар баригдсан “Шинэ өргөө” хорооллын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа уг төслийн зургаан блок барилгыг Н Э ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан. Захиалагч А И С ХХК нь 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр А Ө ХХК-тай гэрээгээ цуцалсан. Улмаар А Ө ХХК болон Н Э  ХХК-д гэрээний дагуу 759 024 215 төгрөгийг дансаар, А И С ХХК нь А Ө ХХК-ийн өмнөөс 205 160 625 төгрөгийг Голомт банкны дансаар, 210 868 248 төгрөгийг бараа материалаар нийлүүлэн тооцож Н Э  ХХК-д шилжүүлсэн. Н Э  ХХК гэрээний үлдэгдэл ажлын хөлсөө А Ө ХХК-иас нэхэмжилсэн иргэний хэргийг 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 6855 дугаар шийдвэр, 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 142 дугаар магадлал, 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 350 дугаар хяналтын шатны шүүхийн тогтоолоор шийдвэрлэсэн. Гэвч дээрх нэхэмжлэлийг Н Э  ХХК шүүхэд гаргахдаа А И С ХХК нь А Ө ХХК-ийн өмнөөс Н Э  ХХК-д шилжүүлсэн 205 160 625 төгрөг, бараа материал нийлүүлсэн 210 868 248 төгрөг, нийт 416 028 873 төгрөгийг хасаж тооцоогүй бөгөөд тус компанийн захирал Б.У нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгч мөн “Монголын олон улсын үндэсний арбитр”-ын шүүхэд А И С ХХК нь Н Э  ХХК-иас 205 160 625 төгрөгийг хүлээн авсан тухай албан бичиг, Голомт банкны хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Н Э  ХХК-иас нийт 416 028 873 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан үйл баримтыг урьд нь иргэний журмаар бүх шатны шүүх хянан шийдвэрлэж, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 6855 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын   22-ны өдрийн 142 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 001/ХТ2016/00350 дугаар тогтоол гарч, хүчин төгөлдөр болсон. А Ө    ХХК нь Н Э  ХХК-д 210 868 248 төгрөгийн бараа материал хүлээн авсан иргэний хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдал илэрсэн тул хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн нь энэхүү нэхэмжлэлтэй давхцсан. Уг хүсэлтийг Улсын Дээд шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцээд хүсэлтийг хангахаас татгалзаж тогтоол гарсан. Мөн А Ө ХХК нь Н Э ХХК-д 3 удаагийн Голомт банкны гүйлгээгээр 205 160 625 төгрөгийн санхүүжилтийг А Ө ХХК-ийн өмнөөс А И С ХХК нь шилжүүлсэн нотлох баримт байгааг олж мэдсэн” гэх үндэслэл заан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлт гаргасныг Улсын Дээд шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хэлэлцээд тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэгэнт хүчин төгөлдөр хэлцлийн заалтаас шаардсан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй. Нэхэмжлээд байгаа 416 028 873 төгрөгөөс 210 868 248 төгрөгийн бараа материал авч хэрэглэсэн гэдгээ нэхэмжлэгч нотлоогүй, хэрэгт бараа материалыг хүлээлцсэн акт, баримт байхгүй. Харин Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт өгсөн Б.У-ын уг бараа материалыг авч хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг гэсэн мэдүүлгээр хэргийн үнэн зөвийг шийдвэрлэх боломжгүй. Мөн 205 160 625 төгрөгийн хувьд А И С ХХК нь А Ө ХХК-ийн өмнөөс 205 160 625 төгрөгийг Голомт банкны дансаар Н Э ХХК-д шилжүүлсэн нь үндэслэлгүй. А И С ХХК нь “Шинэ Өргөө” цогцолбор хорооллын барилгын ажлыг хийж гүйцэтгүүлэх ерөнхий захиалагч бөгөөд тус компани барилгын ажлыг тасралтгүй явуулах шаардлагаар А Ө ХХК-ийн өмнөөс Н Э ХХК-ийн дансанд 68 000 000 төгрөгийг 2 удаа шилжүүлсэн нь 2 компанийн хооронд үүссэн санхүүгийн маргааныг шийдвэрлэх хугацаанд хийгдсэн. Гэтэл дээрх 2 компани цаашид хамтран ажиллахгүй болсноор А Ө ХХК-ийн өмнөөс төлсөн гэх мөнгийг дараагийн гүйцэтгэгч А Б М ХХК-д шилжүүлэн тооцож гэрээ хийсэн. Н Э ХХК нь энэ мөнгийг А Б М ХХК, Н Э ХХК хоорондын гэрээнд тусгагдаж тооцогдсон зориулалтаар шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь 205 160 625 төгрөгийг юуг үндэслэн нэхэмжилж байгаа талаарх баримт хэрэгт байхгүй, энэ талаар нотолж чадаагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Н Э  ХХК-иас 416 028 873 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А Ө ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2 238 094 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2 238 094 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Өмнө шүүхээр хэлэлцэгдэж эцэслэн шийдвэрлэгдсэн тул үндэслэлгүй нэхэмжлэл гэж үзнэ. Улсын Дээд шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор хэлэлцэгдэн шийдвэрлэгдсэн байхад нууж орхигдуулан, анхан шатны шүүхэд зориуд будлиантай байдал үүсгэж, нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг мэдэн будилсан байдлаар дахин хянуулж хууль бус оролдлого гаргаж байгааг няцааж шүүхэд гаргасан хариуцагчийн тайлбар нотолгоог үгүйсгэсэн үндэслэлээ шийдвэрт тодорхой, хуулийн үндэслэлтэй заагаагүй нь дээрх үйл баримт, бичгийн нотлох баримтуудаар шууд ноглогдон тогтоогдож байна гэж үзнэ. Мөн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс үндэслэлгүй түдгэлзүүлж шийдвэрлэсэн байдлыг хянаж хуулийн үндэслэлтэй эсэхийг тогтоолгох шаардлагагай. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч А Ө ХХК нь хариуцагч Н Э  ХХК-д холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 416 028 873 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...А И С ХХК нь манай компанийн өмнөөс хариуцагчид 205 160 625 төгрөгийг банкаар дамжуулж өгсөн,              210 868 248 төгрөгийн бараа материалыг хариуцагчид хүлээлгэн өгсөн...” гэсэн бол хариуцагч нь нэхэмжлэлийн шардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “маргаан шүүхээр шийдвэрлэгдсэн” тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь А И С ХХК-тай 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Шинэ өргөө төслийн 12 орцтой, 5 давхар, 11 барилгын ажил гүйцэтгэхээр тохиролцсон, гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор захиалагч А И С ХХК нь гэрээг 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр цуцалж, Н Э  ХХК болон бусад 3 компаниар барилгын ажлыг гүйцэтгүүлсэн, нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс шаардсан нэхэмжлэлтэй хэргийг Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Үндэсний арбитрын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 183 дугаар шийдвэрээр, Н Э  ХХК, С Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, А Ө ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 659 554 64 төгрөг гаргуулах хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 6855 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн, эдгээр шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон үйл баримт тогтоогдсон талаар талууд маргаагүй байна.

Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагатай холбоотой маргаан нь арбитр болон шүүхээр шийдвэрлэгдсэн байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзах байжээ.

Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхэд дээрх нөхцөл байдал тогтоогдож байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлээр хангаж, шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/02307 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н Э  ХХК-д холбогдох, 416 028 873 төгрөг гаргуулах А Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 2 238 095 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                                         

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

   ШҮҮГЧИД                                                  Д.ЦОГТСАЙХАН

 

                                                               М.НАРАНЦЭЦЭГ