Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2021/ДШМ/07

 

Г.С-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор: Б.А /онлайнаар/,

Яллагдагчийн өмгөөлөгч: И.Олонмөнх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: С.М /онлайнаар/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Т.У /онлайнаар/,

Нарийн бичгийн дарга: О.Очмаа нар оролцов.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ШЗ/17 дугаар шүүгчийн захирамжтай, яллагдагч Г.С-т холбогдох 2029000870099 дугаартай эрүүгийн хэргийг хяналтын прокурор Б.А-гийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийнхээ хамт амьдардаг, ял шийтгэлгүй, ГС.

Яллагдагч Г.С нь 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 17 цагийн орчимд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг Хар толгой гэх газар “Таван толгой" уурхайгаас Гашуун Сухайт чиглэлийн төмөр замын шороон далангийн баруун талаар зэрэгцээ орших сайжруулсан шороон дээр Тоёота гранд марк-2 загварын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт зааснаар “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 3.7а дахь хэсэгт заасан жолоочид “...тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй...үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглоно... 3.46 дэх хэсэгт заасан “...Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо... хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх ..." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган зорчиж явсан М.Шинэбаярын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.А нь яллагдагч Г.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.С-т холбогдох эрүүгийн 2029000870099 дугаар 3 /гурав/ хавтас хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол Г.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхэгийг хэрэгт нь хавсарган Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газарт хүргүүлж” шийдвэрлэжээ.

Прокурор Б.А нь давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “...Шүүх хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М-ын өмгөөлөгч Т.У-ээс гаргасан хүсэлтээр хийсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэж, шүүгчийн 2021/ШЗ/17 дугаартай захирамжаар яллагдагч Г.Ст холбогдох эрүүгийн 2029000870099 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны заавар журам зөрчих гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоолгохоор мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хууль зүйн үндэслэлгүй буцааж байна гэж үзэх дараах үндэслэл тогтоогдож байна. Үүнд:

1. "Үйл явдал болох үед мөрдөгдөж байсан хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаатай холбоотой дүрэм журам гаргуулахаар шийдвэрлэсэн боловч хэрэгт авагдаагүй байна” гэжээ. Гэтэл хавтаст хэрэгт 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “Хүслэнт Бүтээмж” ХХК нь “Кей Ди Ай” ХХК-тай туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан байдаг ба /1 дүгээр хавтаст хэргийн 240-242-р хуудас/ уг гэрээний 3 дугаар бүлгийн 4.3.5-д “Хүслэнт Бүтээмж" ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №03, 04 дугаартай хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааг "Кей Ди Ай" ХХК нь дагаж мөрдөхөөр заасан ба уг зааварчилгаа нь 1-р хавтаст хэргийн 199, 214- р хуудаст тус тус авагдсан байна.

2. Зам тээврийн осол гарах үед ажилчдын унаж явсан “Тоёота Гранд марк-2" загварын тээврийн хэрэгсэл нь албаны зориулалтаар ашиглаж байсан эсэх, тээврийн хэрэгслийн шатахууныг хаанаас, хэн, ямар шийдвэрээр олгодог байсан эсэхийг тогтоолгох, мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн гэжээ. Дээрх тээврийн хэрэгсэл нь Гэрч М.Ш /1-р хх-ийн 70-72-р хуудас/, яллагдагч Г.С нарын мэдүүлэг/1-p хх-ийн 73-74-р хуудас/, тухайн тээврийн хэрэгслийг “Кей Ди Ай” ХХК нь ажилдаа унахыг хүлээн зөвшөөрч "Хүслэнт Бүтээмж" ХХК нь тухайн тээврийн хэрэгслийг ажилдаа унаж байх үеийн шатахууныг бүрэн хариуцаж байсан гэх албан бичиг /2-р хх-ийн 239 хуудас/,' тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар М.Ш-ийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслийг 5 сая төгрөгөөр худалдан авахаар хэлцэл хийгдсэний үндсэн дээр Г.С эзэмшилдээ авч, албан ажилдаа унаж ашиглаж байсан болох нь тогтоогдож байна.

3. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн ослын хэрэгт шинжээчээр ажилласан 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №01 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэл муутай гарсан тул бүрэлдэхүүнтэй шинжээчээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг томилж өгөх хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзсэн боловч шинжээчийн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраар гаргуулалгүй Хөдөлмөр хамгаалал хүний хөгжлийн төв ТББ-аар шинжээчийн дүгнэлт гаргуулсан байна гэжээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/149 дугаартай тушаалын “Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлын жагсаалт”-ын 1 дүгээр хавсралтад “Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9.1 дүгээр зүйл “...Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна” гэж заасан тул улсын байцаагч нь хувь хүнийхээ хувьд татгалзахгүй бол шинжээчээр ажиллаж болно. Мэргэжлийн хяналтын байгууллага нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9.3.1-т “хууль тогтоомж болон нийтээр дагаж мөрдөх эрх зүйн бусад актын биелэлтэд хяналт тавих" үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг болно” гэж заасны дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нэрийн өмнөөс тус газрын хөдөлмөр хамгааллын улсын байцаагч нар шинжээчийн дүгнэлт гаргуулах боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон.

Иймд “Хөдөлмөр хамгаалал хүний хөгжлийн төв” төрийн бус байгууллагын тусгай мэдлэг чадвартай 3 шинжээчийн бүрэлдэхүүн бүхий шинжээчдийн багаар гаргуулсан дүгнэлт нь захирамжид шинжилгээ хийлгэх газрыг зааж буцаасан шийдвэрийн агуулгыг зөрчөөгүй, шинжээчийг дүгнэлтийг бүрэлдэхүүнтэй гарга гэсэн агуулгад нийцэж байна. Хуульд заавал мэргэжлийн хяналтын ерөнхий газраар гаргуулсан дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх, төрийн бус байгууллагын гаргасан дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэхгүй гэсэн зохицуулалт байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд заасны дагуу хийгдсэн ажиллагааг нотлох баримтаар үнэлэх боломжтой байна.

4. “Хууль ёсны төлөөлөгчөөр Э.Т-ыг тогтоосон нь тодорхойгүй байх тул үүнийг тодруулж шийдвэрлэх” гэжээ. Хавтаст хэрэгт 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Э.Т-ыг мөрдөгч “Хүслэнт Бүтээмж” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон ажиллагаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Гэмт хэргийн улмаас “Хүслэнт Бүтээмж" ХХК хохирол учраагүй байна. 2020 оны 04 дүгээр сарын 22-ны Э.Т-аас гэрчийн мэдүүлэг, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Кей Ди Ай” ХХК-н нэрийн өмнөөс иргэний хариуцагчаар тус тус мэдүүлэг авсан.

5. “Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дэвтэрт үзлэг хийлгэх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад уг үзлэгийг бүрэн гүйцэд хийгээгүй” гэжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад "Кей Ди Ай” ХХК-ийн хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөг дэвтрийг нотлох баримтаар эх хувиар нь хэрэгт хавсаргасан. 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр мөрдөгч Д.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлд заасны дагуу хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулан дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл нь хавтаст хэрэгт авагдсан байна. Шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны заавар, журам зөрчсөн, компанийг эрүүгийн хариуцлагад татуулах талаар гаргасан нэг талын хүсэлтэд автаж, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд, хэргийг шийдэх бүрэн боломжтой байхад үндэслэлгүйгээр прокурорт буцаасан байна.

Иймд яллагдагч Г.С-т холбогдох эрүүгийн 2029000870099 дугаартай хэргийг прокурорт буцаасан шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ШЗ/17 дугаартай захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.У нь давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...1. Эрүүгийн хэрэгт хяналт тавьж байсан прокурор Б.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлуудын 1.1 дэх хэсэгт гэмт хэрэг гарсан байдал, 1.2 дах хэсэгт гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.5 дах хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлоогүй учраас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгч мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан ба шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан нь зөв юм.

3. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн иргэний нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэхийг хуульчилсан. Хохирол, хор, уршгийг бүрэн нотлоогүй, хэрэгт яллагдагчаар татагдвал зохих хуулийн этгээдэд ял завших боломжийг хууль хэрэгжүүлэгч хяналтын прокурор нь олгож байгаа нь буруу бөгөөд прокурор нь хэргийг хянахдаа нэг талыг барьж байсан.

4. Прокурор нь амь хохирогчийг автын ослын улмаас нас барсан тул хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны заавар, журам зөрчих гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоох шаардлагагүй гэж үздэгтэй амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгч би санал нийлдэггүй маргаж байгаа.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн улсын байцаагчаар шинжээчийн дүгнэлт гаргуулж, шинжээчээс амь хохирогч М.Ш "Ки Ди Ай' ХХК, “Хүслэнт бүтээмж” ХХК-ийн аль байгууллагын ямар албан тушаалтан нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа сахиулах үүрэгтэй байсан бэ? Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг “Бодь-Интернэшнл” ХХК, “Ки Ди Ай” ХХК, Хүслэнт бүтээмж" ХХК-ийн аль байгууллага нь ямар хэлбэрээр өгдөг байсан бэ? Аль байгууллага нь өгөх ёстой байсан? Осол нь Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны аль байгууллагын ямар хууль, дүрэм, стандарт, журам зөрчигдсөнөөс үүссэн байна вэ? Амь хохирогчид ажил олгогч нь аль байгууллага вэ? Ажил олгогчид Дотоод хяналт шалгалтын журам, эрсдэлийн үнэлгээ байгаа эсэх? Осол нь ямар байгууллага ажилтан, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болсон бэ? Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтыг амь хохирогчид явуулсан уу? Сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй. шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн буруутай хүн нь хэн бэ? Тухайн субъект ямар хууль дүрэм, журам зөрчсөн бэ? Амь хохирогчид хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны хувцас хэрэглэл тухайн үед өгсөн эсэх? Тухайн хувцас хэрэглэл нь тухайн ажлын байрны онцлог, стандарт шаардлагыг хангаж байсан эсэх? Осол болох үед иргэний эзэмшилд байсан техник, тээврийн хэрэгслээр яллагдагч Г.С ажил үүрэг гүйцэтгэх үүрэгтэй байсан эсэх? Ажил олгогч тээврийн хэрэгслээр хангах үүрэгтэй байсан уу? зэрэг асуултыг тавьж хэрэгт хамаарал бүхий нөхцөл байдлуудыг тогтоосноор амь хохирогчид ажил олгогч нь аль байгууллага байсан? Хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтооход ач холбогдолтой юм.

Үйлдвэрийн осол мөн гэж тогтоосон байгууллага нь нөхөн төлбөрийн асуудлыг хариуцах үндэслэлтэй. 1хх-243 талд авагдсан Лабораторийн тогтмол хийх ажил гэсэн баримтаар өглөө болгон материалын инженер М.Б нь ажилчдадаа зааварчилгаа өгч гарын үсэг зуруулна гэх боловч ямар зааварчилгааг ямар эрхийн акт, тушаал, шийдвэрийг үндэслэн өгөх нь ойлгомжгүй, тодорхой бус байгаа учраас үйл явдал болох үед мөрдөгдөж байсан хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаатай холбоотой дүрэм, журам хэрэгт зайлшгүй хэрэгтэй байгаа. Хяналтын прокурорын 1хх-199, 214 талд авагдсан 03, 04 тоот аюулгүй ажиллагааны зааварчилгаа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал. эрүүл ахуйн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй, осол болсны дараа нөхөж боловсруулсан стандарт бус акт юм. Кей Ди Ай' ХХК нь Хүслэнт бүтээмж ХХК-ийн хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгааг мөрдөж ажиллахаар байна гэдэг нь ямар баримтаар нотлогдож байгаа нь тодорхойгүй байхад Г.С-т кэмп менежер М аюулгүйн ажиллагааны зааврыг танилцуулсан гэдэг. Гэтэл кэмп менежер нь кэмпэд байгаа ажилчдад л зааварчилгаа өгөх эрхтэйг баталгаажуулсан байна. Хх-246 талд "Кей Ди Ай" ХХК-ийн захирал М.Б-ын Ажлын байрны тодорхойлолт байх ба энэхүү баримтаар М.Б нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрхэлсэн ажиллагааны аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, түүнийг хэн нэгнийгээ орлох бол Ерөнхий захирлын тушаалаар шийдвэрлэгдэхээр байна. Түүнчлэн материалын инженер М.Б, Г.С нар нь аюулгүй ажиллагааны зааварчилгааг биечлэн өгөх үүрэг хүлээсэн этгээдүүд мөн, тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биш байна.

 Мөн осол гаргасан тээврийн хэрэгслийг албаны зориулалтаар ашиглаж байсан эсэх, албаны журмаар ашиглаж байсан бол ашиглахыг хэн зөвшөөрсөн, тээврийн хэрэгслийн шатахууныг хэний шийдвэрээр хаанаас олгодог байсныг шалга гэж хэрэг прокурорт буцсан байхад нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар зөвхөн “Хүслэнт бүтээмж’ ХХК-ийн тодорхойлолт гэгчээр түлшийг нь манайх олгодог гэсэн нь хэргийн бодит байдлыг тогтооход хангалтгүй тул шүүгчийн захирамжийн энэ заалтыг хангагдаагүй гэж шүүх дүгнэсэн нь буруу биш юм.

Шүүх шинжээчийн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраар гаргуулах гэсэн атал “Хөдөлмөр хамгаалал хүний хөгжлийн төв” төрийн бус байгууллагаар тусгай мэдлэг бүхий шинжээч нараар бус дүгнэлт гаргуулсан нь буруу юм

  • Энэ дүгнэлт нь мөрдөгчийн асуултад бүрэн хариулаагүй дутуу. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг ‘Ки Ди Ай" ХХК хариуцах байсан гэсэн атлаа "Ки Ди Ай" ХХК ямар дүрэм, журам зөрчсөн гэдэг асуултад шинжээч нар хариулаагүй.
  • Асуулт 5-ын хариулт дээр хөдөлмөрийн аюулгүй байдал эрхэлсэн ажиллагааны ажилтан нь үүргээ биелүүлээгүй гэсэн атлаа хэн гэдэг хөдөлмөрийн аюулгүй байдал эрхэлсэн ажиллагааны ажилтан үүргээ биелүүлээгүй буруутай гэдэгт хариулт өгөөгүй.
  • Г.С нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрхэлсэн ажиллагааны ажилтан мөн эсэх дээр хариулт өгөөгүй.
  • Тусгай мэдлэг эзэмшсэн мэргэжилтнээр дүгнэлт гаргуулах байтал тусгай зөвшөөрөлгүй Санхүүч, эдийн засагч, аудитор, эрх зүйч, инженер, удирдлагын ухааны магистр мэргэжилтэй ажилтнуудаар дүгнэлт гаргуулжээ.
  • Дахин шинжээч томилсон тогтоолыг мөрдөгч биш прокурор үйлдэх байсан.
  • Шинжээч томилохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-ийн 3-д заасан мэдээллийг тусгаагүй. Мөн хуулийн 27.1-ийн 4-т зааснаар шинжээч томилсон шийдвэрийг бидэнд танилцуулаагүй. Түүнчлэн энэ хуулийн 27 2-д заасан оролцогчийн эрхийг эдлүүлээгүй.
  • Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9 1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-ийн 2-т заасан .... асуудлыг дүгнэлт гаргасан 3-н хүнээсээ тодруулаагүй зэрэг зөрчилтэй болсон.

Э.Т-ыг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон шийдвэрээ хэрхэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байгаа учраас Э.Т нь хэрэгт гэрч, хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагчаар тогтоогдоод байна. Аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэрт үзлэг хийсэн гэдгээ дутуу өөрөөр хэлбэл хуулбарлаад л орхисон нь буруу. Үзлэг хийнэ гэдэг нь уг дэвтэрт аюулгүй ажиллагааны зааварчилгааг холбогдох албан тушаалтан хэрхэн өгч байсан, хэрэгт хамаарал бүхий үйл баримтад мөн Тээврийн хэрэгсэл, Замын хөдөлгөөний дүрмийн талаар яг ямар зааварчилгаа өгсөн гэдгийг нотлох тэрийг нь дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэлээр баталгаажуулсан нь үзлэгийг дутуу хийсэн гэж үзэхэд хүргэсэн. Мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэсний дараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6-т заасан гэмт хэрэгт ажил олгогч хуулийн этгээдийн захирлыг яллагдагчаар татах эсэх, Э.Т худал мэдүүлэг өгсөн эсэхийг шинжээчийн дүгнэлт гаргуулсны дараа шийдвэрлэнэ гэсэн шүүгчийн захирамжийн бас нэг заалт биелэгдээгүй байна. Яагаад гэвэл давтан шинжээчийн дүгнэлт үндэслэл бүхий гарч чадаагүйтэй холбоотой.

Гэтэл прокурор 2017 оны Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаалаар хөдөлмөрийн байцаагч нар шинжээчийн дүгнэлт гаргахаа больсон гэж тайлбарладаг хэдий ч 2018-2019 онуудад Нийслэлд гарсан үйлдвэрийн осолд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар шинжээчийн дүгнэлт гаргасаар байгаа болно. Төрийн эрх бүхий байгууллагад прокурор нь шинжээч томилсон тогтоолоо үйлдэж явуулсны дараа тухайн байгууллагаас эрүүгийн хэрэгт Хөдөлмөрийн улсын байцаагч нар дүгнэлт гаргахгүй гэсэн албан тоот ирүүлээгүй гэдгийг хариуцлагатайгаар тайлбарлах нь зүйтэй байна. Иймд шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулахаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шийдвэр нь үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж прокурорын эсэргүүцлийг хүлээн авахаас татгалзана” гэжээ.

Прокурор Б.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Тухайн үед 2 компанийн хооронд байгуулсан гэрээнээс үзвэл “Кей Ди Ай” ХХК-ийн зүгээс “Хүслэнт бүтээмж” ХХК-ийн ажилчдад хөдөлмөр, хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх үүрэгтэй байдаг. Үүний дагуу шүүгдэгч нь тухайн үед инженер албан тушаалд томилогдсон байсан. Ажлын байрны тодорхойлолтын дагуу амь хохирогчид зааварчилгаа өгсөн байдаг. Мөн өөр өгдөг зааварчилгаа байдаггүй гэсний үндсэнд хавтаст хэрэгт тухайн компанийн зааварчилгаа авагдсан. Тэгээд хөдөлмөр, хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэрт бичиг техникийн алдаа гарсны улмаас амь хохирогч 03 дугаар сарын 25-ны өдөр ажилд орсон байхад 03 дугаар сарын 01-ний өдөр гэж алдаатай бичсэн гэдгийг мөрдөгч үзлэг хийхдээ тогтоосон. Иймээс шүүгчийн захирамжид заасан дэвтэрт үзлэг дутуу хийсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн Мэргэжлийн хяналтын газраас хөдөлмөрийн улсын байцаагчийн дүгнэлт гаргавал тухайн хүмүүс нь хувь хүн талаас нь дүгнэлт гаргадаг болсон учраас Хувь хүний хөгжлийн төв” төрийн бус байгууллагаар 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн гүйцэт хийсэн. Мөн одоогийн байдлаар “Кей Ди Ай” ХХК нь амь хохирогчийн ар гэрт 34 000 000 төгрөгийн хохирол төлсөн. Хавтаст хэргээс харахаар хохирогч 16 000 000 төгрөгийн хохирлын баримтыг гаргаж өгсөн байдаг. Үүнээс харвал хохирол төлбөр төлөгдсөн болох нь тогтоогдож байна. Тайлбар, эсэргүүцлээ дэмжиж байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч И.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Уг хэрэг нь шүүгчийн захирамжаар 2 удаа прокурорт буцсан. 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн шүүгчийн захирамжид заасан ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй байна гэж 2021 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр дахин шүүгчийн захирамжаар буцаасан. Тодруулбал шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийгээгүй байсан нь шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй учир хэргийг дахин прокурорт буцаасан үндэслэлийг дэмжиж байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Энэхүү компани нь анхнаасаа хууль зөрчсөн байсан. Түүнийг нь яагаад прокурор олж харахгүй байна вэ? Би хүүхдийнхээ амь насаар хохирсон байхад прокурор миний эсрэг компанийг өмгөөлөөд байх юм. Би хөдөлмөр хамгааллын аюулгүй байдал хариуцсан инженер Төрбаттай уулзаад болсон байдал, процессоо үнэнээр нь хэлээрэй гэсэн. Гэтэл хоёр дахь хэлэлцүүлэгт очиход Амармөрөн прокурорын өрөөнөөс хоёулаа инээгээд “орж ярьж байгаад болгоноо” гээд гарч байсан. Хүний амь нас хохирсон байхад гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэхгүй прокурор яагаад өмгөөлж, хаацайлаад байна вэ? 90н хэдэн оны машиныг авчраад хүн тээвэрлэхэд дугуй нь өдөртөө 2-3 удаа хагардаг байхад хөдөлмөр хамгааллын аюулгүй байдал хариуцсан инженерийг яагаад хариуцлага алдсан гэж үзэхгүй байна вэ? Мэргэжлийн хяналтын газраар дүгнэлт гаргуулахгүй булзааруулаад байна вэ? Миний зүгээс танил талаа ашиглаад өөрсдөдөө ашигтай дүгнэлт гаргуулсан гэж харж байна. Тиймээс заавал Мэргэжлийн хяналтын газраар дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна. Ажлаа зөв хийгээгүйн улмаас хүний амь нас хохирсон. Яагаад баримтыг дурдсанаар шийдвэрлүүлэхгүй хаацайлаад байгаа юм бэ? Шүүгчийн захирамжид заасан ажиллагааг яагаад хуулийн дагуу хийхгүй, булзааруулаад, хаацайлаад байна вэ? прокурор хохирогчийн ар гэрт  34 000 000 төгрөгийн хохирол төлсөн гэлээ. Энэ бол худлаа. Оршуулгын зардалд 25 орчим сая төгрөг болсон. Харин хохиролд 22 000 000 төгрөг надад ирсэн” гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд хүндрэл, бэрхшээл тулгарч байна. Энэхүү хэргийн амь хохирогч гудамжид явж байгаад Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас осолд ороогүй. Ажил үүргээ гүйцэтгэж байхдаа амь насаараа хохирсон. Тэгэхээр ажил олгогч нь “Хүслэнт бүтээмж” ХХК юу, “Кей Ди Ай” ХХК юу гэдэг нь тодорхой бус байна. Учир нь баримтууд хоорондоо зөрүүтэй байна. Хэн цалин хөлс олгож, хэн хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын зааварчилгаа өгөх ёстой байсан эсэх нь тодорхойгүй учраас мэргэжлийн тусгай мэдлэг бүхий хүмүүсээр шинжээчийн дүгнэлт гаргуулъя гэж удаа дараа санал тавьсан.

...Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг шалгаж тогтоосон. Гэхдээ 11.3 дугаар зүйл буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол гэснийг яагаад шалгахгүй байна вэ? Хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлын инженер Төрбат эсхүл ажил олгогч компанийн захирал хоёрын хэн нь хариуцлага хүлээх эсэх нь шалгагдахгүй байна. Хэрэв шалгаад тогтоогдохгүй бол прокурор өнөөдрийн шүүх хуралдаанд хэлж буй тайлбараа гаргаж болно. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанд гаргасан прокурорын тайлбар, эсэргүүцэл нь хамгийн анхны шүүх хуралдаанаас хойш огт өөрчлөгдөөгүй. Миний үйлчлүүлэгч гомдоод байгаа нь үндэслэлтэй.

.. Шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Прокуророос 2 компанийг хоорондоо гэрээтэй байсан. Энэ гэрээ нь хуульд нийцсэн эсэхийг мэргэжлийн тусгай мэдлэг бүхий шинжээчээр тогтоолгох хэрэгтэй байна. Прокурор хуульд заасан хянавал зохих асуудлаа хянаагүй. Үндэслэлгүй эсэргүүцэл гаргасан байна. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Агийн бичсэн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дугаартай эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.   

Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтас хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ", 2 дахь хэсэгт "Мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтас хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ”, 3 дахь хэсэгт “Хэргийн материалтай энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогч мөрдөгчөөс тогтоосон хугацаанд танилцах ба мөрдөгч хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлийг бүрдүүлнэ”, 5 дахь хэсэгт “Оролцогч хүсэлт гаргавал хавтас хэргийн материалаас шүүхээр хэлэлцүүлэх төрийн нууцад хамаарахаас бусад нотлох баримтыг өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах боломжоор хангана” гэсэн хуулийн заалтуудыг мөрдөгч зөрчиж хохирогч С.М, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.У, яллагдагчийн өмгөөлөгч И.О нарт хавтас хэргийн материалтай танилцах хугацааг тогтоож, тэдэнд хэргийн материалтай танилцах боломж нөхцөлийг бүрдүүлээгүй, тэдэнд мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч нь мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссаны дараа хавтас хэргийн материалыг танилцуулаагүй нь тэдний баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар мэдээллийг авах, мөрдөн шалгах ажиллагаанд оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах, мөрдөгч, прокурорын ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах, нэмэлт ажиллагаа хийлгэх, шинжээчийг татгалзан гаргах, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлтүүдийг гаргах гэх мэт эрхийг хязгаарласан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүхийн “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан шүүгчийн захирамжийн биелэлтийг бүрэн хангуулах нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, нотолбол зохих байдлыг нотлохын тулд захирамжид дурдсан асуудлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн гүйцэт шалгаж тогтоогоогүй байна” гэсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс үгүйсгэх няцаах үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд хяналтын прокурорын “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай” эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, “хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ШЗ/17 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                  ШҮҮГЧИД                                       Х.ГЭРЭЛМАА

                                                                                          Г.ТЭГШСУУРЬ