2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/601 

 

 

 

 

 

 

 

 

 

    2025          02           25                                   2025/ШЦТ/601                        

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн

улсын яллагч Б.Одонтуяа /томилолтоор/

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Х.Даваахүү

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: ***

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч *** нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 12:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Хүй долоон худаг зүүн хойд талын задгай тоот хашаан дотор “Beiben North” маркийн 36-51 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 10.14. “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй”, мөн дүрмийн 12.3. “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Цэвээнжав “Beiben North” маркийн 36-51 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хавчуулагдаж нас барсан гэх “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Талийгаач бид нар хамаатан садан буюу миний ээжийн төрсөн ахынх нь хүүхэд юм. Бид нар үеэлүүд. Талийгаачийн ар гэрт 20.000.000 төгрөг өгсөн. Талийгаачийн эхнэр нь нотариатч хийдэг, 12 дугаар анги, 4 дүгээр ангийн хоёр хүүхэдтэй айл байсан. Ар гэр нь надад гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хэлсэн. Гэхдээ би цаашид талийгаач ахынхаа өнчин үлдсэн хүүхдүүдийг нь харж хандах болно. Би ажил хийж мөнгө төгрөг олмоор байгаа тул надад зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахад хэцүү байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** “... талийгаач Б.Цэвээнжав нь миний нөхөр маань байсан бөгөөд 1976 онд Увс аймагт төрсөн, айлын том хүү, доороо таван дүүтэй. Бид хоёр 2006 онд гэр бүл болж 2007 онд хүү, 2015 онд охин төрүүлсэн. Бид нар Баянгол дүүргийн 26 дугаар хороо, Нарны хороолол 26-1802 тоотод амьдарч байгаа.

2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ажил дээрээ байж байтал нөхрийн дүү Хадбаатар утсаар залгаад осол болсон, та Гэмтлийн эмнэлэг дээр байж бай гэж хэлсэн. Би тэгээд шууд Гэмтлийн эмнэлэг дээр ирсэн ба дүү Удвалаас ослын талаар мэдээд намайг осол болсон гэх газар руу дагуулж явсан. Би тэнд очоод осол болсон талаар мэдсэн. Талийгаач нөхөр маань том машины хажууд хучаастай байсан. Удалгүй цагдаа нар ирээд хэмжилт хийгээд явсан. Буяны ажил зардалтай холбоотой хэдэн төгрөгийн хохирол зардал гарсныг би тооцоолоогүй. Буяны ажил нь буяны мөнгөөр хийгээд болсон. Ямар ч баримт байхгүй. Мөргөсөн гэх жолооч Батбуян нь манай нөхөртэй ах дүү хоёрын хүүхдүүд ба хамаатан. Тэр хоёр хамт ажил хийх гэж байгаад ийм осол болсон болохоор гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирол төлбөр, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Надад өөр хэлэх зүйл байхгүй байна” /хх-н 90-91/ гэж,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч *** “... би “Бэш тэрэг транс” ХХК-д менежерээр 4 жил гаран ажиллаж байна. Манай дүү Баяртсайхан утсаар залгаад түргэн дуудмаар байна, Батбуян ах машин холбож асаах гэж байгаад хүн хавчуулсан гэж хэлсэн. Тэгээд хотын төвөөс осол болсон газар ирсэн чинь цагдаа ирээд хэмжилт хийж байсан. Тухайн “Beiben North” маркийн 36-51 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2024 оны 4 сард хувь хүнээс нүүрс тээвэрт явуулах гээд байгууллагын нэр дээр шилжүүлэн авсан. Түүнээс хойш манай байгууллагын нэр дээр байгаа. Жолооч Батбуян нь манай байгууллагад жолоочоор ажилладаг, гэрээ байгаа. Манай байгууллагын “Beiben North” маркийн 36-51 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй тул нэхэмжлэх зүйлгүй” /хх-н 101/ гэж,

гэрч *** “... 2024 оны 11 дугаар сарын 04-ний өглөө гэрээсээ гараад Хүй 7-н худгийн баруун хойд талд байрлах таньдаг ах Азхүү ахын хашаанд очоод Болдоо гэх ахын машиныг талийгаач Цэвээнжавын хамт бид хоёр аваад өвсөнд явах гээд машиныг асаах гээд оролдож байсан. Тэгээд Батбуян ах тухайн хашаанд хоноод явах гэж байхад машин холбоод өгчих гэж талийгаач бид хоёрт хэлсэн. Тэгээд Батбуян ах за тэгье гэж хэлээд машинаа асаагаад зогсож байсан. Асахгүй байгаа машин руу дөхөх гээд урагшаа яваад буцаад ухрах үйлдэл хийх үед талийгаач Цэвээнжав ах бид хоёр зогсож байсан машины хойд хэсэгт зогсож байсан. Тэгээд тухайн машин зогсохгүй машин мөргөх гэж байхаар нь талийгаач Цэвээнжав хажууд байсан төмөр аваад хоёр машины голд ороод явж байсан машины дугуй руу шидсэн. Машины голоос гарах үедээ голд нь хавчуулагдсан. Тэгээд би хүн хавччихлаа гэж Батбуян ахад хэлсэн чинь машинаа урагшаа хөдөлгөөд явтал талийгаач Цэвээнжав маань газар унаж байсан. Би очоод түшээд авсан чинь Батбуян ах машинаасаа буугаад хүрээд ирсэн ба талийгаач түргэн дууд гэж хэлэх шиг болсон. Тэгээд би талийгаачаас холдож байгаад түргэн дуудсан. Буцаад очтол талийгаач хөдөлгөөнгүй сонин байсан. Тэгээд би машинаа унаад түргэн тусламж тосож авахаар зам орсон. Удалгүй хамаатны Болдоо ах ирсэн ба мөн цагдаа ирсэн. Хашаан дотор 3 хүн байсан ба осол болох үед хол байсан. Сүүлд Батбуян ах бид хоёрын орилж байхыг сонсоод ирсэн. Надад машинаас бууж ирэх үедээ машин араанаасаа салсангүй гэж хэлсэн” /хх-н 106/ гэж тус тус мэдүүлсэн байна.

 

Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч Т.Номинцэцэгийн гаргасан 2024 оны 12 сарын 04-ний өдрийн №3723 дугаартай “Амь хохирогч Б.Цэвээнжавын цогцост цээжний хөндийд цус хуралдалт /баруунд 40 мл, зүүнд 30 мл/, хэвлийн хөндийд цус хуралдалт /110мл/, хоёр уушгины урагдал, цус хуралт, өрцний урагдал, дэлүү, зүүн бөөрний няцрал, зүүн бөөрний өөхөн эдэд цус хуралт, хоёр талын олон хавирганы хурал, өвчүү ясны хугарал, бүсэлхийн 1, 2, 3-р нугалмын хоёр талын хөндийн сэртэнгийн хугарал, зүүн чихний дэлбээнд шарх, зүүн мөр, хоёр тохой, зүүн шуу, зүүн бугуй, баруун бугалга, баруун сарвуу, баруун ташаа, баруун гуя, зүүн өвдөг, хэвлий, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Амь хохирогч нь цээж, хэвлий дарагдсаны улмаас амьсгалын цочмог дутагдалд орж нас баржээ. 2024.11,04-ний 22 цаг45 минутын байдлаар нас бараад 11-12 цаг болсон байна. Үхэлд хүргэсэн өвчин тогтоогдсонгүй. Цусны В/111/ бүлгийн харьяалалтай байна. Амь хохирогчид спирт, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй” гэсэн дүгнэлт /хх-н 78-79/,

Автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2024 оны 11 сарын 27-ны өдрийн 1000418 дугаартай “Beiben North” маркийн 36-51 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Зүүн урд талын шанаа мултарч хонхойсон, урд буфер хонхойсон, дуут дохио ажиллахгүй, ухрах арааны гэрэл асахгүй, зүүн талын гишгүүр байхгүй. Тоног төхөөрөмжийн хэмжилтээс үзэхэд тээврийн хэрэгслийн 1 болон 2-р тэнхлэгийн тоормос стандарт хэмжээнээс хэтэрсэн үзүүлэлттэй байна. ...Нэгдүгээр тэнхлэгийн дугуйнуудын тоормосны хүч зүүн талдаа 0,9кН, баруун талдаа 2,17кН, зөрүү нь 59,0% (стандарт <20%), хоёрдугаар тэнхлэгийн дугуйнуудын тоормосны хүч зүүн талдаа 5,83кН, баруун талдаа 4,02кН, зөрүү нь 31,0% (стандарт<30%). “Beiben North” маркийн 36-51 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрэл стандартын шаардлага хангахгүй байна. Тоног төхөөрөмжийн хэмжилтээр урд гэрлийн тусгал зүүн талдаа ойр дээр 600 кандел, хол дээр 1800 кандел, баруун талдаа ойр дээр 600 кандел, хол дээр 600 кандел (стандарт 10000-225000cd)” гэсэн дүгнэлт /хх-н 37-38/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Анхбаярын “Жолооч *** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” Мөн дүрмийн 10.14. Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй. Мөн дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” Гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол үйлдэгдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. Талийгаач Б.Цэвээнжав нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн нь тогтоогдохгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна” гэсэн магадалгаа /хх-н 119-120/,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургууд /хх-н 5-8/, жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-н 11/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч ***ыг “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолгүй гэсэн зэргийг харгалзав.

 

Шүүгдэгч ***ы хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 109/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 112/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-н 113/, жолоодох эрхийн лавлагаа /хх-н 114/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 115/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 116/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-н 117/, хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа /хх-н 118/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** баримтаар хохирол нэхэмжлээгүй хэдий ч шүүгдэгч *** 20.000.000 төгрөг өгсөн байна.

 

Түүнчлэн шүүгдэгч ***ы бусдад төлөх төлбөргүй байдал, амь хохирогч Б.Цэвээнжавын хууль ёсны төлөөлөгч ***ын зүгээс гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдал зэргийг харгалзан энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдож, иргэний хариуцагчаар татагдсан ***тэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй орхив.

 

Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                             ТОГТООХ нь:

 

  1. ***ыг “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, хэрэгжилтэд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

 

4. Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч ***д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, “үүрэг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 20.000.000 төгрөг төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  О.ЖАНЧИВНЯМБУУ