Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 130/ШШ2019/00680

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Ц сумын .. дүгээр багт оршин суух, утас, РД: Т Згийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ц сумын ... дүгээр багт оршин суух, РД:0000 С Б, РД: С Ө нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Т.Згийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, хариуцагч С.Б, С.Ө, хариуцагч нарын өмгөөлөгч К.З, хэлмэрч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Ц сумын 1 дүгээр багийн Хаг нуур гэдэг газарт байгаа дэвээртэй саравчтай малын хашаа хорооны өөрт ногдох хэсэг буюу 1/3 хэсгийг хариуцагч С.Б, С.Ө нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай.

 

Нэхэмжлэгч Т.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б аймгийн Ц сумын 1 дүгээр багт хүүхдүүдийнхээ хамт оршин суудаг, 1000 гаруй мал маллан амьдардаг малчин хүн юм. Нөхөр болох тайлийгаач С.Мын хамт 1977 онд Хаг нуурын Мухар гэдэг газарт байгаа дээвэртэй чулуун хашааг А нэгдлийн тусламжтайгаар барьж ашиглалтанд оруулж байсан. 1992 онд нэгдэл тарж, хашаа хороо хувьцаагаар тарааж өгөх үед 8000 төгрөгний үнэтэй бидний ашигалалтанд оруулсан хашаа хороог А компанын удирдлагууд болох А.А, Ж.Б нар нь буруу тэнцүү хуваарилалт хийж, Сын 3 хүү болох С.М, С.Ө, С.Б нарт тэнцүү хуваарлилан шийдвэр гаргаж байсан. Үүний талаар талийгаач нөхөр маань 2011 онд шүүхэд хандаж хашаа хорооны хувьцааны ногдлыг өөрчилж давуу эрхийг С.Мад олгуулахаар нэхэмжлэл гаргаж байсан боловч шүүхээс хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан билээ. Үүнээс хойш тухайн хашаа хороог С.Ө, С.Б нарын хамт тэнцүү ашиглаж ирсэн. Гэтэл 2017 оны сүүлээс эхэлж С.Ө, С.Б нар нь тухайнг хороог хоёулхнаа ашиглан гэж төрсөн ахынхаа эхнэр хүүхдүүдийг хөөж малыг тухайн хашаа хороонд оруулахгүйгээр хорьж эрхийг зөрчиж, өмч хөрөнгө эзэмшин ашиглахад саад учруулж байна. Иймд Б аймгийн Ц сумын 1 дүгээр багийн Хаг нуур гэдэг газарт байгаа дээвэртэй хашааны өөрт ногдох хэсгийг С.Ө, С.Б нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Ө шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Учир нь, Миний бие хаг нуур гэдэг газарт байршилтай битүү хашаа хороо нь Ц сумын А нэгдэл татан буугдаагүй байсан 1970-аад оны үед баригдсан өгөөд 1992 онд нэгдэл татан буугдаж, улс орон даяар их хувьчлал явагдсан үед тухайн үеийн ханшаар 8000 төгрөгөөр үнэлэгдсэн байхад хувьчилж авсан юм. Тухайн үед хөрөнгө орлогын эрхийн бичиг-ийг хувьчлагдаж буй А оргил нэгдлийн удирдлагад тушааж, хувьчлалын журмаар өмчлөлд шилжүүлэж авсан болно. Нэхэмжлэгч Т.Згийн нөхөр болох С.М нь 2011 онд маргаан үүсгэж тухайн хөрөнгө өмчлөгчөөр болон давуу эрхийн эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэл гаргасан боловч Б аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 198 тоот шийдвэр, Б аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 28 тоот магадлал, Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2011 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 514 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгосон байна. Эдгээр шүүхийн хууль ёсны эрхийн актууд хүчин төгөлдөр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Тухайн дээвэртэй битүү хашаа хороог нэхэмжлэгч Т.З эзэмших эрхтэй болохыг нотолсон ямар нэгэн нотлох баримт байхгүй болно. Б аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2018/00144 тоот шийдвэртэй иргэний хэрэгт шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэлээр З, Ө бид хоёрын эзэмшил газар, тухайн эд хөрөнгө, хашаа хороо тус тусдаа болохыг тогтоосон байдаг. Нэхэмжлэлийн шаардлага болгож буй битүү хашаа хороог Т.З нь огт эзэмшиж ашиглаж байгаагүй, түүнд засвар шинэчлэл хийгээгүй байж, 20-иад жил миний эзэмшилд байсан эд хөрөнгөд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа хэтэрснийг илтгэж байна. Хариуцагч гэх С.Б нь өөр газарт оршин сууж, өөрийн хашаа хороо үл хөдлөх эд хөрөнгийг С.Ө, Т.З биднээс 100-аад метр алс барьсан тул Б саад болсон явдал байхгүй. Иймд Згийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Б шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие Згийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Миний бие Т.Згийн нэхэмжлэлийн шаардлага болох битүү хашааг эзэмшиж, ашиглаж байгаагүй юм. Миний эзэмшлийн газар, хашаа хороо, өвлийн байшин зэрэг үл хөдлөх хөрөнгө тэдний эзэмшил газарт давхацаагүй тустай байдаг. Харин С.Ө, Т.З нар айл хөрш бөгөөд үл хөдлөх хөрөнгө хөрш залгаа байгаа юм. Миний бие энэ хэргийн хариуцагч биш үзэж байна. Б миний эзэмшлийн газар, үл хөдлөх хөрөнгө Т.Зд хамаарахгүй түүний өмч хөрөнгө ашиглах явцад саад болохгүй. Миний бие Т.Згийн нэхэмжлэлийн хариуцагч биш тул Т.Згийн нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Т.Згийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгтээ: Талийгаач С.М, С.Ө, С.Б нар төрсөн ах дүү. Эдгээр хүмүүс хамтдаа Б аймгийн Ц сумын Хар нуур гэх газарт байрлах саравчтай хашааг нэгдлийн үеэс хувьчилж авсан. Тухайн үед М, Ө, Б нар нь тус тусдаа ногдох хувьцаатай байсан. Гэхдээ М нь илүү хувьцаа эзэмшиж байсан тул давуу эрхийг надад олгож өг гээд 2011 оноос эхэлж маргаан гаргаж байсан. Шүүхээс М, Ө, Б нар нь саравчтай хашааг дундаа эзэмшдэг болох нь тогтоогдож байна. Гэхдээ давуу эрхийг Мад олгох боломжгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байсан. Дээрх шүүхийн шийдвэр давах болон хяналтын шатны шүүхээр хянагдаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Тухайн маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан. Маргаан бүхий саравчтай хашааг ах дүү 3 хувааж ашигласаар ирсэн. Сүүлийн үед тэдний мал өсөх тусам ах дүү нар болон түүний хүүхдүүд нь таарч тохироогүй тул саравчтай хашааны эзэмшилтэй холбоотой асуудлаар маргаан гарсан. Анх ах дүү нар хувьцаагаар саравчтай хашааг дундаа өмчилж авч байсан. Улмаар тухайн маргаан бүхий хашаа хороог дундаа өмчилж байгаад малын тоо өссөнтэй холбоотой маргаан үүсэж, нэг нэгнийхээ малыг хөөж гаргасан асуудал гарсан. Хашаа хороог давуу эрхтэй өмчлөх ёстой гэж хувьцааны талаар маргасан ч шүүхээс Ө, Б, М нар тухайн хашаа хороог дундаа өмчлөх ёстой гэх дүгнэсэн. Тухайн шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан байгаа. Гэхдээ хариуцагч тал шүүхийн шийдвэрийг буруугаар ойлгож байх шиг байна. Хариуцагч нар Мыг тухайн хашаа хороонд ямар ч хамааралгүй, авах ёстой хувиа авах эрхгүй мэтээр тайлбарлаж байна. Шүүхээс М та давуу байдлаар тухайн хашаа хороог эзэмших эрхгүй, Ө, Б нарын хамт дундаа эзэмшинэ гэсэн нь хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна. Шүүхээс тогтоосон үйл баримтыг дахин тогтоох эрх хэнд ч байхгүй. З нь нөхөр болох М нас барсны дараа тухайн саравчтай хашаа хороог эзэмших эрхтэй болсон. Згийн нөхөр М нас барсны дараа хадам дүү болох Ө, Б хоёр нэхэмжлэгчийн малыг нь тухайн саравчтай хашаанд оруулахаас татгалзаж, хөөн гаргасан тул шүүхэд хандсан. Дундын өмч болох саравчтай хашаа хороог 3 хүн өмчилдөг ба тэрээр өөрт ногдох хэсгийг буюу Мад ногдох хашаа хорооны хэсгийг Т.Згийн шаардаж байгаа нь хуульд нийцэж байгаа. Т.З хуулийн дагуу өв залгамжлагч байгаа ба энэ талаар холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагыг зөвтгөн тодруулж Саравчтай малын хашаа хорооны 1/3 хэсгийг хариуцагч С.Б, С.Ө нарын хууль бусаар эзэмшлээс чөлөөлүүлэх тухай гэж тодорхойлж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1988 онд цэргээс халагдаж ирснээс хойш ах Мын хамт мал маллаж ирсэн. 1992 онд А нэгдэл хувьчлагдаж Сыргалы, А, С, С зам, гэх хоршоонд хуваагдсан. Бид 4 компаниас хувьцаа авсан. Бид А компани хашаа хороог хувьчилж авсан. 1996 онд О гэх хүн нүүж явсан тул 9 хүний хувьцааг аваад тухайн үед хашаа хороог буулгаж авсан байсан. О гэх хүн одоо амьд сэрүүн байгаа. О гэх хүн 2011 онд ирээд мэдүүлэг өгч, бичгээр баримт бичиж өгсөн ба уг баримтууд 2011 онд шийдвэрлэгдсэн хэрэгт нотлох баримтаар авагдсан. Бидний мал өсөж хашаа хороонд багтахгүй болсон тул асуудал гарч байна. 2000 онд бид тухайн хорооны ойролцоо 80 метр зайтай нэг хашаа барьсан ба 2013 он хүртэл тусдаа амьдарсан. 2013 онд Б бид хоёрын мал нэг хашаанд багтахгүй байсан тул уг маргаан бүхий хуучин хашаанд дахиж ирсэн. Маргаан бүхий хашаа бидний нэр дээр байсан ба Згийн мал багтахгүй байсан. Бид бэр эгч Зд малдаа битгий оруул, яв гэж хэлээгүй. З 1000 гаруй мал. Б болон би 1000 гаруй малтай. Би хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож малаа өсгөж байгаа. 3000 орчим мал 100 метр газар бэлчиж байна. Бид нарт өөрт ногдох хувьцаагаараа тус хашаа хороог хувьчилж авсан. Энэ талаар холбогдох хүмүүсийн өгсөн тодорхойлолт хэрэгт авагдсан. Тус маргаан бүхий хашаа хороонд Т.Згийн ямар ч хамаарал байхгүй. Бид тухайн хашаа хороонд Т.Зд ногдох хэсэг байхгүй гэж бодож байна. Нэхэмжлэгч Т.Згийн нөхөр С.М амьд сэрүүн байхад 1992 онд нэгдэл тарах үед А нэгдлээс авах ёстой хувьцаагаа Оы хашаа хорооноос авсан. Иймд тухайн хашаа хороонд Т.Згийн ямар ч хамаарал байхгүй гэдгийг ойлгохыг хүсэж байна гэв.

 

Хариуцагч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2011 оноос хойш шүүх хуралдаанд оролцож байна. Миний эцэг С гэх хүн Хар нуур, Карай бастау гэх 2 хашаа хороотой байсан. Шар булаг гэх газарт Ө, Б, М бид гурвын нэр дээр хувьцаагаар хувьчилж авсан нэг хашаа хороо байсан. Миний талийгаач ах С.М 1992, 1993 оны үед тухайн хашаа хорооноос биднийг зодож хөөсөн. Би ах Өийн хамт 2000 онд тухайн хашааны дээд талд 80 метрийн зайтай нэг хашаа хороо барьсан ба би 10 жил тухайн хашаа хороонд амьдарсан. 10 жилийн хугацаанд Ө бид хоёрын мал өсөж хашаанд багтахгүй болсон тул Ө ах хуучин хашаанд буцаж ирсэн. Тухайн үед М, Ө нар таараагүй тул Мын мал хашаанд багтаагүй. 2011 онд М шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Улсын дээд шүүх хүртэл заргалдсан ч ялагдсан. Би М, З нарт хашаанд мал оруулахгүй, үүнээс яв гэж хэлээгүй. Би маргаан бүхий хашаа хорооны өөрт ногдох хувийг Ө эзэмшихийг зөвшөөрсөн. Би 2000 онд ах Өийн хамт тухайн хашаа хорооноос 80 метрийн зайд хашаа хороо барьсан ба түүндээ малаа маллаж тухайн саравтай хашааг эзэмшиж байгаагүй энэ хэргийн хариуцагч биш гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч РД:00000 Ж овогт Т З нь РД:0000 Б овогт Сын Мтай хууль ёсны эхнэр нөхөр болох нь Б аймгийн Улсын бүргэлийн хэлтсээс олгосон Дугаар 231/002868 дугаартай Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа-аар, мөн РД:0000 Б овогт Сын М нь 2014 оны 01 дугаар сарын 22-ны өдөр өвчнөөр нас барсан болох нь 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр олгосон №0000158600 Г-12 дугаартай Нас барсны гэрчилгээ-гээр тус тус нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч Т.Згийн нэхэмжлэлийн шаардлагад маргаж буй Б аймгийн Ц сумын 1 дүгээр багийн Хаг нуур гэдэг газарт байгаа тухайн үед 8000 төгрөгөөр үнэлэгдсэн дээвэртэй саравчтай хашааг 1992 оны Ц сумын А компанийн гишүүдэд олгосон 1994 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн хашаа хорооны хуваарийн дагуу өмч хувьчлалаар С.М 2, С.Ө 2, С.Б, С.Т 1 бүгд 7 хүний хувьцаагаар С.М, С.Ө, С.Б нар хамтран өмчилж авсан үйл баримт болон маргаан бүхий саравчтай хашаа хорооны эзэмшилтэй холбоотой үйл баримтын талаар гарсан Б аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 198 тоот шийдвэр, Б аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 28 тоот магадлал, Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 514 тоот тогтоол хуулийн хүчин төгөлдөр байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Ц сумын 1-р багийн Засаг дарга П.Хын 2011 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт: Ц сумын 1-р багийн иргэн Сын М нь 60 настай, ам бүл-6, малчин өрх, С.М нь төрсөн дүү болох С.Ө, С.Б нартай хамт эзэмшиж ирсэн өвөлжөөндөө булаацалдаж су дундын шүүхэд хандаж, С.М нь хангалтгүй шийдвэр хариутай байна. С.Мыг хохиролгүй болгохын тулд 1992 оны хувьчилал ёсоор шийдвэр гаргаж өгөх нь цаашдын маргаан үүсэж хэрэг зөрчил гаргахаас сэргийлэх зөв шийдвэр болно гэсэн;

 

Мөн Ц сумын 3-р багийн Төлегений Долдагийн 2011 оны 02 дугаар сарын 17-ны өдөр бичиж 2011 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр нотариатаар гэрчлүүлсэн Гэрчлэх баримт: Ц сумын 01-р багийн иргэн Сын М надтай хамт 1993 оны компани хувьчлалд олгосон хашаа хорооны ноогдох материалыг авлаа. Бид хоёрн 3-р багийн малчин Ж.Оы кетпест буй Битүү хашааны материалаас С.М 5 хүнд би 5 хүний хувьцааг авч дууссан гэсэн;

 

Мөн тус шүүхийн архиваас Б аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2018/00144 тоот шийдвэртэй иргэний хэргээс хуулбарлан өгсөн РД:0000 Ж.Дн тодорхойлолт: Миний бие 1 дүгээр багийн өндөр настан, Сын хамт мал аж ахуй эрхэлдэг байсан, тэр үед 1972 оноос эхэлж Сары булакын Харабастауд мал төлүүлдэг байсан. Тэр үед хүүхдүүд нь өрх тусгаарлаагүй байсан. Талийгаач С хашаа хороогоо өөрөө барьж хүүхдүүдийн хамт эзэмшин сууж байсан нь үнэн. 90 онд нас барснаас дараах асуудлыг мэдэхгүй гэсэн;

 

-РД:00000 И.Мын тодорхойлолт: Ц сумын 3 дугаар багийн Засаг дарга Ханай надад Алтай оргил клмпаний Сарбулак дахь Хын Нын битүү саравчийг хувьцаагаар өгсөн. Уг саравчны дээвэр болох бүх материалыг өөрөө 1994.03.05-нд ачиж авсан. Саравчны чулууг 1 дүгээр багийн иргэн С.М сайн дураараа зохин үнээр нь худалдсан гэсэн;

 

-А.Аы 1996 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр бичсэн тодорхойлолтод: Алтай оргил компаний гишүүдэд өвөлжөө, хашаа хороо хувиарлахад С.Мын 6 хүн, С.Тийн 4 хүн, С.Ө, С.Б нарын 2 хүн бүгд 12 хүний тус бүрт 1150 төгрөгний хувьцаа, 13800 төгрөгний хувьцаанд Ж.О, Ж.Х нарын эзэмшилд байсан мал төлүүлдэг хаваржаа хашаа хороог авах хуваарь гарч батлагдсан нь үнэн. Уг өвөлжөө хашаа хорооны одоогийн эзэн Ж.Оаас энэхүү хувийг хувааж авах нь зүйтэй гэсэн;

 

-А.Аы 1996 оны 5 дугаар сарын 09-ний өдөр бичсэн тодорхойлолтод: А компаний гишүүн С.Мын 3 хүн, С.Өийн 2, С.Бын 2 хүн, бүгд 7 хүн Хаг нуур дахь өвөлжөө хашаа хороонд бичигдэж, бусад нь Оы мал төлүүлдэг хаваржаа, хашаа хороонд бичүүлсэн. Өмнөх хуваарилалтаас Тийн нэг хүний хувийг өөрсдөө тохиролцсоны дагуу өвөлжөө хашаа хорооноос мал төлүүлэх хаваржаа хашаа хороо руу шилжүүлж М хоёрын хооронд сэлгээ явагдсан. Өөр өөрчлөлт хийгдээгүй гэсэн;

 

-1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Хашаа Пүнзний хувиарлалт-ын жагсаалтын 19-д С.М хашаа 8000 төгрөг, 20-д С.Ө-2, С.Б-1 гэж бичигдсэн байдал;

 

Мөн 1993 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Ц сумын 1-р бригадын Засаг дарга С.Бы тодорхойлолтод: Ц сумын 1-р бригадын иргэн Х овогтой П нь өөрийн хүчээр ашиглаж ирсэн Хагнуурын хар салаа гэдэг газарт байгаа хадлангийн талбайг хэн ч маргаагүй гэж тэр үед бригадын даргад тэмдэглүүлэн хамт амьдарч суугаа Сын Мад эзэмшүүлэж ашиглахаар өгсөн нь үнэн гэсэн;

 

Эдгээр тодорхойлолтуудад дурьдсан үйл баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дээрхи шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон тул дахин нотлох шаардлагагүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Б аймгийн Ц сумын 1 дүгээр багийн Хаг нуур гэдэг газарт байгаа дэвээртэй саравчтай малын хашаа хороо нь 1992 онд өмч хувьчлалаар буюу хувьцаагаар С.М (талийгаач), хариуцагч С.Ө, С.Б нарын өмчилж авсан Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д заасан дундын өмч байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан Б аймаг дахь Шүүхийн арихваас хуулбарлан өгсөн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Үзлэгийн тэмдэглэл болон мөн өдрийн Газрын үзлэгийн үеийн схем зураг[1]-т нэхэмжлэгч Т.Згийн эзэмшлийн газарт малын саравчтай хашаа гэж тусгагдаагүй, харин хариуцагч С.Өийн эзэмшил газарт саравчтай малын хашаа гэж тусгагдсан байдал,

 

Мөн Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Үзлэг хийсэн тухай тэмдэглэл-ээр Б аймгийн Ц сумын 1-р багийн нутаг дэвсэг Хаг нуур гэх газарт байршилтай маргаан бүхий дээвэртэй хашаанд үзлэг хийхэд маргаан бүхий саравчтай битүү хашаа нь ерөтнцийн зүгээр хойд талыг уулын хаданд залгаа байдлаар барьсан, чулуугаар өрсөн битүү дээвэртэй, 319 м2 талбайтай болох нь тогтоогдож байна.

 

Мөн энэхүү чулуугаар өрсөн дээвэртэй битүү малын хашааны ертөнцийн зүгээр баруун талд (хариуцагч) С.Бийн өвлийн байшин, зүүн урд талд (нэхэмжлэгч) Т.Згийн өвлийн байшин, зүүн хойд талд (хариуцагч) С.Өийн байшин байрладаг болох нь нотлогдож байна.

 

Харин нэхэмжлэгч Т.З (талийгаач С.Мын эхнэр) нь энэхүү саравчтай хашаа хорооны өөрт ногдох хэсэг буюу 1/3-ийг өмчлөгч байна гэх боловч Иргэний хуулийн 487.1-д зааснаар тухайн хашаа хороог дундаа хэсгээр өмчилж байсныг нотлох баримт байхгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч өмчлөлийн зүйл болох тухайн саравчтай хашаа хорооны өмчлөгчдэд оногдох хэсгийг, мөн өмчлөлийн зүйлийн зориулалтыг алдагдуулахгүйгээр биет байдлаар 1/3-ээр хэсгээр өмчлөх тухайгаа нотлох баримтаар нотлож чадаагүй болно.

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар Т.З нь талийгаач С.Мын эхнэрийн хувьд хууль ёсны өвлөгч мөн боловч хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр олгосон 95 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ-гээр (нэхэмжлэгч) Т.З нь Б аймаг, Ц сумд орших 0305120, 031200445 дугаар бүхий 700м2 газрыг эзэмших эрх олгосон ба улмаар 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээгээр 0,07га газар эзэмшиж байгаа нь нотлогдож байгаа боловч тухайн саравчтай хашаа хорооны 1/3 хэсгийг өмчлөгч болохыг нотлох баримт байхгүй байна.

 

Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 110/ШШ2019/0007 дугаартай Шийдвэр, Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ХТ2018/01624 дугаартай Тогтоол нь тус тус энэхүү маргаанд холбогдолгүй болно.

 

Мөн нэхэмжлэгчийн Б аймгийн Ц сумын 1 дүгээр багийн Хаг нуур гэдэг газарт байгаа дэвээртэй саравчтай малын хашаа хорооны өөрт ногдох хэсэг буюу 1/3 хэсгийн шударга эзэмшигч нэхэмжлэгч Т.З мөн болохыг болохыг нотлох баримт байхгүй ба хариуцагч нар Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар маргаан бүхий хашаа хороог шударгаа эзэмшиж байгаа гэдэг нь дээрхи нотлох баримтаар нотлогдож байгаа тул нэхэмжлэгч Т.Загийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожх нь зүйтэй байна.

 

Энэхүү маргаан бүхий саравчтай хашааг 1992 оны өмч хувьчлалын үед 8000 төгрөгөөр үнэлэгдсэн ба одоогийн үнэлгээ нь тодорхойгүй тул нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дүгээр зүйлийн 106.4-ийг баримтлан Б аймгийн Ц сумын 1 дүгээр багийн Хаг нуур гэдэг газарт байгаа дэвээртэй саравчтай малын хашаа хорооны өөрт ногдох хэсэг буюу 1/3 хэсгийг хариуцагч С.Б, С.Ө нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Ж овогт Т Згийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Згийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МАНГИЛИК