Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 115

 

МАГАДЛАЛ

 

2019.01.14                                                 Дугаар 115                                    Улаанбаатар хот

 

 

 

 

В ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2018/03296 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч В ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.С, Э.Ө нарт холбогдох,

Алдангид 4 857 525 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Ж.С, Э.Ө нар 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүсэлт гаргасны үндсэн дээр 15 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлийн гэрээ байгуулсан өдөр 15 000 000 төгрөгийг Ж.С-ийн данс руу шилжүүлсэн. 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 1 561 000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 1 000 000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр                18 000 000 төгрөгийг хоёр хувааж тус тус төлсөн байна. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр дууссан. Гэрээний төлбөр 15 000 000 төгрөг, хүү 3 000 000 төгрөг нийт 18 000 000 төгрөг төлснөөс гэрээний хугацаанд 1 561 000 төгрөг л төлөгдсөн байна. 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 5 дугаар сарын 31-ийг хүртэл 18 хоногийн алданги, гэхдээ бид нэхэмжлэлдээ алдангийг 17 хоногоор тооцсон. 18 000 000 төгрөгөөс хугацаандаа төлсөн 1 561 000 төгрөгийг хасахаар 16 439 000 төгрөгийн 0,5 хувийн алдангийг 17 хоногоор үржүүлэхэд 1 397 315 төгрөг болж байгаа. 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 78 хоногийн алданги 6 021 210 төгрөг болсон ба нийт алданги 7 418 525 төгрөг байна. Үндсэн төлбөр 15 000 000 төгрөг, хүү 3 000 000 төгрөг нийт 18 000 000 төгрөг төлсөнөөс гадна алдангид төлсөн 2 561 000 төгрөгийг хасахаар 4 587 223 төгрөг үлдсэн. Иймд алдангид 4 587 223 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: В ХХК-ийн хуулийн этгээдийн захирал С. Н, Э.Ө нар нь багын дотны найзууд байсан. Найзаасаа л мөнгө зээлсэн асуудал үүссэн. Тухайн үед 15 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн. В ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Зээлийн гэрээ болон зээл шилжүүлсэн данснуудыг харахаар өөр байгаа. Захирал С.Н-ийн дансаар зээл олгогдоод, буцаан төлөлт нь тэр данс руу хийгдсэн байна. Энэ хуулийн этгээдтэй хийсэн зээлийн харилцаа биш. Хариуцагч 15 000 000 төгрөгийг зээлээд, 20 560 000 төгрөгийг буцааж төлсөн. Дахин нэхэмжлэгч 4 587 223 төгрөг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр гэрчилгээ авсан зээл олгох эрхтэй байсныг мэдэхгүй. Үйл ажиллагаа явуулах эрхгүй зээл олгосон гэж үзэхээр байна. Барьцаалан зээлдүүлэх байгууллага байж, барьцаагүйгээр өндөр хүүтэй мөнгө зээлсэн байна. Хариуцагч нар В ХХК-ийн голомт банкны данс руу төгрөг төлөөгүй. Иймд алданги нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.С, Э.Ө нараас 971 505 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч В ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 886 020 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92 680 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.С, Э.Ө нараас 27 866 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 3 886 020 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шүүх гэрээний үүргийг ялимгүй хугацаагаар хэтрүүлсэн талаархи хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн нь ойлгомжгүй дээр нь анзын хэмжээг илт их гэж яагаад үзэх болсноо огт тайлбарлаагүй болно. Талуудын хооронд 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 15 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан, 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл сарын 10 хувийн хүүтэйгээр эргүүлэн төлөх нөхцөлтэй байсан зээлдэгч энэ хугацааг 95 хоногоор хэтрүүлсэн байдаг. Гэтэл энэхүү хэтрүүлсэн хугацааг үүргээ ялимгүй зөрчсөн гэж дүгнэж байгаа нь зүйд нийцэхгүйн дээр алдангийг шүүх талуудын тохиролцоо, гэрээний чөлөөт байдлын зарчмыг алдагдуулах байдлаар шууд 80 хувь багасгаж байгаа нь хэтэрхий шударга бус байна. Үүргээ хугацаанд нь биелүүлэхгүй бол алданги тооцогдох талаар талуудын тохиролцсон тохиролцоог 80 хувиар бууруулсан алдангийг 0,2 хувь болгож байгаа ойлголт бөгөөд шүүх ингэж бууруулах шалтгаан нь ойлгомжгүй. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 3 886 020 төгрөгийг хариуцагч нараас нэмж гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байгааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой.

Нэхэмжлэгч В ХХК нь хариуцагч Ж.С, Э.Ө нарт холбогдуулан алдангид 4 857 525 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, нэхэмжлэгчтэй зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, шилжүүлэн авсан уг мөнгийг С.Н-иас зээлсэн, зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлж, дуусгавар болгосон гэж маргасан байна.

Талууд 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж,     нэхэмжлэгч нь гэрээний дагуу 15 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлж, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцож, хариуцагч нар нь мөн өдрөө 15 000 000 төгрөгийг хүлээн авсан үйл баримт тогтоогдсон, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар шүүх зөв дүгнэжээ. /хэргийн 4, 7 дугаар тал/

Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагч нарт зээлийн мөнгөн хөрөнгө болох 15 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, хариуцагчаас нэхэмжлэгчид зээлийн үүргийн гүйцэтгэлд 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 1 561 000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 1 000 000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр              18 000 000 төгрөгийг тус тус төлсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээл төлсөн Хаан банкны дансны хуулга болон зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагч нар нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр       1 561 000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 1 000 000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 18 000 000 төгрөгийг тус тус төлж дууссан боловч зээлийн үүргийг гүйцэтгэж дуусгах хүртэл 95 хоногийн хугацаа хэтрүүлсэн байгааг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-т зааснаар үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

Харин талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь сарын 10 хувийн хүүтэй байгаа нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа Монгол Банкнаас тогтоосон хүүгийн хэмжээтэй харьцуулахад сарын хүүгийн хэмжээ хэт өндөр байгаатай холбоотойгоор зээлийн үүрэгт тооцсон анзын хэмжээ нэмэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар анзын хэмжээг багасгах боломжтой.

Тодруулбал, талуудаас хүүгийн хэмжээг багасгах талаар хүсэлт гаргаагүй, хариуцагч зөвшөөрч хүүгээ төлсөн байна. Гэвч хариуцагчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэлийн шаардлагын алдангийг зөвшөөрөхгүй байх тул уг үндсэн зээлийн хүүг, хүүгийн хэмжээтэй харьцуулж үзвэл алдангийн хэмжээг хэт их гэх үндэслэл бүрдсэн гэж үзнэ.

Зээлийн гэрээний 1.1.5-т “зээл болон хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож төлнө.” гэж тохиролцсон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч нараас хугацаа хэтрүүлсэн алдангийг шаардах эрхтэй байх бөгөөд хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг болох 4 857 525 төгрөгийн алданги нь түүний 50 хувиас хэтэрч байх тул алдангийн хэмжээг 50 хувиар бууруулж         2 425 763 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж тооцох үндэслэлтэй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2018/03296 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “971 505” гэснийг “2 425 763”, “3 886 020” гэснийг “2 431 762” гэж, 2 дахь заалтын “27 866” гэснийг “53 762” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 77 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

       ШҮҮГЧИД                                         Б.НАРМАНДАХ

 

                                                                    М.НАРАНЦЭЦЭГ