Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 154

 

 

 

 

 

 

 

 

                          

                                    

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, шүүгч П.Туяат нарын бүрэлдэхүүнтэй,

улсын яллагч Н.Амарсанаа,

иргэдийн төлөөлөгч Д.Баттөмөр,

шүүгдэгч Ц.Тэгшбаяр, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг,

шүүгдэгч О.Байгалмаа, Б.Баттөр, тэдгээрийн өмгөөлөгч Э.Золбоо,

нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Боржигон овогт Цэдэндамбын Тэгшбаяр,

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Үйзэн овогт Болдын Баттөр,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Боржигон овогт Оюунбилэгийн Байгалмаа нарт холбогдох эрүүгийн 201601000245 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран 12 дугаар гудамж 309-Б-110 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Цэдэндамбын Тэгшбаяр /РД:ШЖ79122201/,

 

2. Монгол Улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, Англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, , Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгатын 8 дугаар байр 11 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 1А байрны 7 тоотод оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Үйзэн овогт Болдын Баттөр /РД:ШЗ75020238/,

 

3. Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 1А байрны 7 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд:

Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 355 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгэгдэж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Оюунбилэгийн Байгалмаа /РД:УХ86042866/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

1. Яллагдагч Ц.Тэгшбаяр нь БНХАУ-д оршин суух Смит гэгчээс 100 грамм мөс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис худалдан авахаар 2500 Хонк Конг доллар шилжүүлж улмаар НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 106.7 грамм мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хувь хүний шуудан илгээмж буюу каргогоор дамжуулан хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлэхийг захиалж, зохион байгуулж, нэвтрүүлсэн,

- 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конценцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 106.7 грамм мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, улмаар 95.9 граммыг биедээ, 10.8 граммыг Б.Баттөр, О.Байгалмаа нартай урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны 1-А байрны 07 тоотод хадгалсан,

 

2. Яллагдагч Монгол Улсын иргэн Б.Баттөр нь хамтран амьдрагч О.Байгалмаа болон түүний найз Ц.Тэгшбаяр нартай урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэн Ц.Тэгшбаярын хууль бусаар олж авсан НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 10.8 грамм мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн түр оршин суух Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны 1-А байрны 07 тоотод хадгалсан,

 

3. Яллагдагч Монгол Улсын иргэн О.Байгалмаа нь хамтран амьдрагч Б.Баттөр болон өөрийн найз Ц.Тэгшбаяр нартай урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэн Ц.Тэгшбаярын хууль бусаар олж авсан НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 10.8 грамм мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн оршин суух Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны 1-А байрны 07 тоотод хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

            1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Тэгшбаярын өгсөн:

“...Би 1979 онд төрсөн. 1993 онд манай аав нас барсан. Аавыг нас барснаас хойш ээж бид хоёр Яармагт хамт амьдрах болсон. Тухайн үед манай ээж групп-т байдаг байсан. Би 7 дугаар ангиас эхлэн 10-р анги төгсөх хүртэл оёдлын үйлдвэр, гутлын үйлдвэрт хичээлийнхээ хажуугаар давхар ажил хийж гэр бүлээ тэжээдэг байсан. Би 2006 онд охиноо төрүүлсний дараа охиныхоо ирээдүйг бодож Хонг Конг улс руу ажиллаж амьдрахаар явсан. Би Хонг Конг улсад цагаачлан амьдрах бодолтой очсон. Хонг Конг улсад 10 гаран жил амьдрах хугацаандаа буруу аргаар, хууль бус зүйл хийж байгаагүй. Хулгай, хар тамхины наймаа хийж байгаагүй. Хонг Конг улсад очиж буудал ажиллуулж амьдарч байсан. Тэнд байхдаа Золжаргал гэх залуутай танилцаж, 2 жил хиртэй хамтран  амьдарсан. Гэтэл хамтран амьдарч Золжаргал нь хар тамхи хэрэглэдэг, үүнээсээ болоод сэтгэцэд нь өөрчлөлт орсон, догшин ширүүн авир гаргах, намайг байнга дарамталж зоддог болсон. Би Золжаргалын  хар  тамхи авах  мөнгийг нь олж өгдөг, Золжаргал намайг байнга зодоод л байж байдаг байсан. Би хоёр удаа савны гадуурх жирэмслэлт болж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, улмаар цаашид үр хүүхэдтэй болох боломжгүй болсон. Ингээд сэтгэл санаагаар унаж, амьдрах хүсэлгүй болж, танил хятад эмэгтэйн гэрт амьдарч байхдаа их хар тамхи хэрэглэж сурсан ба үүндээ дадал зуршил болж байнга хэрэглэх болж, хэрэглэхгүй бол хэцүү байх болсон. Хонгконг-д байхдаа сүүлийн 5 жилийн хугацаанд би хар тамхинд маш их донтож тасралтгүй хэрэглэсэн. Би өдөрт 5-6 грамм хар тамхи хэрэглэдэг байсан. Би 2, 3 удаа хар тамхи хэтрүүлж хэрэглээд эмнэлгийн тусламж авч, хордлого тайлах эмчилгээ хийлгэж байсан.   

Хүний нутагт иймэрхүү байдлаар амьдарч байхад тэнд байсан нэг хүүхэд “эгч минь та Монгол эх нутагтаа очихгүй бол, хар тамхичин хүний үг нь үнэгүй, үхэл чинь үнэгүй болох нь хар тамхинаасаа болж үхэх болж байна уу, охиноо ч гэсэн бод” гэж зөвлөсөн нь надад их нөлөөлж, би Монголдоо 2016 оны 08 сарын 16-нд ирсэн. Би Хонгконгд байхдаа буудал ажиллуулахаас гадна, хүмүүсийн гар утсыг нь зарж борлуулах, код тайлах ажил хийдэг байсан.

Монголд ирээд байх айлгүй, хаяадаа найз нөхдийнхөөр хоноглож, буудлаар голдуу амьдардаг байсан ба гадуур худалдаалагдаж байгаа кодтой утсыг хямдхан 80.000-90.000 төгрөгөөр худалдан аваад кодыг нь тайлаад буцаан зарж мөнгө олдог. Ингээд олсон мөнгөөрөө мөс буюу мансууруулах бодис худалдан авч, өөртөө хэрэглэдэг байсан. Олсон мөнгөөрөө мөс авч хэрэглээд, мөн Монголд энэ төрлийн бодис өндөр үнэтэй тул их хэцүү байсан. Ингээд би Хонгконг дахь танил Смит гэх залуутай утсаар холбогдоод “мөс өгч явуулаач” гээд авахаар болсон юм. Учир нь Хонгконгд 1 гр мөс нь 50 хонгконг доллар бөгөөд энэ нь монгол мөнгөөр тооцоход ойролцоогоор 15.000 орчим төгрөг болох юм.  Монголд мөс олдохгүй, олдсон ч 350.000-400.000 төгрөг байдаг тул захиж авах нь хямд юм байна гэж бодсон. Тэгээд хүнээс мөнгө зээлж Смит руу 2500 юань  шилжүүлсэн. Смит нь  каргогоор 100 гр мөс явуулсаныг 2016 оны 11 сарын 23-ны өдөр хүлээн авсан. 

Байгалмаа, Баттөр нартай Хонгконг улсад 2015 онд анх танилцаж байсан. Хэрэг гарах үед Байгалмаа төрөх дөхсөн байсан. Би хоёр удаа хагалгаанд орж, дахин үр хүүхэд гаргах боломжгүй болсон байж жирэмсэн хүнийг мөс сор гэж хэлэх хүн чанаргүй хүн биш. Би Байгалмаад “миний найз жирэмсэн, мөс сорох хэрэггүй, урагт чинь нөлөөлнө, хүүхэд төрүүлэх гэж байгаа юм чинь хүндэтгэлтэй ханд, битгий мөс сор” гэж удаа дараа хэлж байсан. Би мөс сорж хэрэглэж байгаадаа маш их харамсаж явдаг. Гэхдээ би “чи мөс сор” гэж бусдыг уруу татаж байгаагүй. Би хар тамхи захиалж авчруулсан нь үнэн, хавтаст хэрэгт авагдсан баримтуудтай маргах зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.2-т зааснаар зүйлчилснийг хүлээн зөвшөөрч байна, маргах зүйл байхгүй.

Харин Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.2-т заасан мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан борлуулах зорилгоор олж авсан гэдэг зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй, би уг нь өөрөө хэрэглэхээр захиж авсан, бусдад худалдах, тараах зорилго надад байгаагүй.

Би 10 грамм хар тамхийг Баттөрийн гэрийнх нь цонхны тавцан дээр нь тавиад орхисон ба өөрөөсөө нууж, холдуулсан арга нь тэр. Би өөрөө нэг хэрэглэхдээ 3-4 гр орчимыг, их хэмжээгээр хэрэглэдэг, мөс харахаараа хэрэглээгээ хязгаарлаж чаддаггүй юм. Тиймээс өөрөөсөө холдуулаад нуучихъя, хэсэг завсарлагаа авъя гэж бодоод Баттөрийн гэрт үлдээсэн байсан юм. Цагдан хоригдож байх хугацаандаа их зүйлийг ухаарч ойлголоо. Мөс хэрэглэхгүй байж чадах юм байна гэдгийг ойлгосон. Маш их гэмшиж байна. Удаан хугацаанд цагдан хоригдож, мансууруулах бодис хэрэглэхгүй байгаа учир хар тамхины хамаарал, дон арилсан. Хонг Конг улсаас хар тамхи хэрэглэхгүй хол байя гэж бодож ирсэн хэдий ч Монголд ирээд үргэлжлүүлэн хэрэглэсэндээ маш их харамсаж байна. Би хар тамхи захиж авчруулсан нь үнэн хэдий ч зарж борлуулах зорилго байгаагүй, өөртөө хэрэглэхээр авсан юм. Манай ээж асрамжийн газарт байгаа. Би одоо 38 настай. Би олон удаа амьдралаа тэгээс эхэлж байсан. Ээж, охин хоёртойгоо уулзаж, хамт амьдрах боломж олгож өгнө үү...” гэсэн мэдүүлэг,

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баттөрийн өгсөн:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм асуудал гаргахгүй. Тэгшбаярын данс руу мөнгө шилжүүлж байсны тухайд бол Байгалмаа бид хоёр байр түрээслэн амьдардаг байсан, байрны мөнгөгүй болохоороо Тэгшбаяраас мөнгө зээлдэг байсан ба зээлсэн мөнгөө буцаан өгөхдөө түүний дансаар мөнгийг шилжүүлж байсан. Түүнээс биш Тэгшбаяраас хар тамхи худалдаж авах гэж мөнгө шилжүүлээд байгаа зүйл огт биш юм. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг,

 

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Байгалмаагийн өгсөн:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Маш их гэмшиж байна. Дахин ийм хэрэгт холбогдохгүй. Мөрдөн байцаалтын шатанд би 9 сартай жирэмсэн, мөн айсандаа л Ц.Тэгшбаярыг хар тамхи борлуулж, амжиргааны эх үүсвэр болгодог гэж мэдүүлэг өгсөн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг,

 

 Эрүүгийн 201601000245 дугаартай хэргээс:

 

            1. Гэрч Д.Санжаахандын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Одоогоос 4 жилийн өмнө би нөхөр Баатартайгаа дөнгөж танилцаад хамт Хонг Конг, Хятад, Туркээс хувцас оруулж ирж зардаг болсон. Ингэж Хонг Конгод явж байхдаа Тэгшбаяртай танилцаж байсан. ... 2016 оны 11 сарын 16-ны өдөр 7 хоногийн хугацаатай 2 сая төгрөг зээлээч гэхээр нь тухайн үед надад мөнгө байгаагүй учир үнэн байдлаа хэлээд, найзад нь зээлүүлэх мөнгө байхгүй ээ гэхэд өдөржин над руу залгаад мөнгө олоод өгөөч гээд байхаар нь би найз Одончимэг рүү залгаад 2.0 сая төгрөг 7 хоногийн хугацаанд хүүтэй зээлүүлээч гээд байна чамд мөнгө байна уу гэхэд надад Монгол мөнгө байхгүй харин 800 ам.доллар байна, бараг 2.0 сая төгрөг болно гэж хэлсэн. Тэгээд Тэгшбаяр луу залгаад найзынхаа дугаарыг өгөхөд, тэр хоёр ярьж байгаад уулзаж, гэрээ байгуулаад мөнгөө зээлсэн байна лээ. Ганаа /Тэгшбаяр/ Одончимэгээс 7 хоногийн хугацаатай, 800 доллар 20%-ын хүүтэй зээлсэн. 7 хоногийн дараа мөнгөө буцааж өгөх болоод 2016 оны 11 сарын 24-ний өдөр Тэгшбаяр луу утсаар залгахад утсаа авахгүй, сүүлдээ утас нь холбогдохгүй болсон.

Би Хонгконгд ажлаар явж байхдаа Тэгшбаярын найз залуу гэх Золжаргал буюу Золоог 2 удаа харж байсан. Ганаа /Тэгшбаяр/ надад хэлэхдээ Золоог хар тамхи хэрэглэдэг, хар тамхиа хэрэглэхээрээ намайг их зовоодог, гэр орны эд зүйл эвдэж сүйтгээд, гар хүрээд байдаг, догшин ширүүн болоод байдаг гэж хэлж байсан. Ганаагийн хувьд илүү дутуу муухай ааш зан байхгүй, хүнд тусархуу, их хүн чанартай, тусархуу сэтгэлтэй, надад ч олон удаа тус болж байсан болохоор би  бас нэг удаадаа тусалъя гэж бодоод мөнгө олж өгсөн юм. Ганаа 2016 оны 08 сарын сүүлээр Монголд ирсэн, энд ирээд Оогий гэдэг найзындаа амьдарч байгаа гэж байсан. Ганц охин нь аав дээрээ байдаг, нөхрөөсөө салчихсан юм шиг байна лээ. Би хар тамхи гэж юу байдгийг ч харж байгаагүй, Ганаа /Тэгшбаяр/ надад хар тамхи хэрэглэдэг юм уу даа гэмээр сэжиг таамаг огт төрүүлж байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1- р хавтас 53х/,

 

2. Гэрч Н.Бүжмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...7 жилийн өмнө Хонг Конгод бааранд ажилладаг байхдаа Тэгшбаяртай танилцаж байсан. ...2016 оны 10 сарын 10-ноос 11 сарын 17-ны хооронд 3.0 сая төгрөгийг  Тэгшбаярын өөрийнх нь явуулсан гуталны мөнгийг би бага багаар цувуулж явуулсан. Харин хамгийн сүүлд шилжүүлсэн 300.000 төгрөг бол Тэгшбаяр эгч “манай найз төрчихсөн, хоосон очиж чадахгүй байна, хүүхдэд нь юм авмаар байна, ямар ч мөнгөгүй болчихлоо” гээд зээлж авсан мөнгө байгаа юм.

Надад Хаан банкны карт, данс байхгүй болохоор би аавынхаа хамтран амьдрагч Хишигжаргал гэж хүний Хаан банкны картыг гуйж аваад, түүний Мобайл банкаар нь шилжүүлэг хийсэн байгаа. Түүнээс өөр ямар нэгэн санаа зорилго байхгүй. Ганаа /Тэгшбаяр/ эгч байнга нэг хөх өнгийн үүргэвч үүрээд яваад байдаг байсан. Хамгийн сүүлд 2016 оны 10 сарын сүүлээр надаас мөнгөө асуухаар ирэхэд нь нэг уулзсан. Энэ үед миний хажууд нэг хүнтэй утсаар ярихдаа удахгүй бараа ирж байгаа, зарна гэх мэт тиймэрхүү нууцлаг, учир битүүлэг юм яриад байсан шиг санагдаж байна. Одоо бодоход Ганаа /Тэгшбаяр/ Хятадаас хар тамхи захиж авч ирэээд энд хүмүүст зарах гэж байсан юм байна, би тухайн үедээ түүнийг хувцас хунар оруулж ирээд зарах гэж байгаа юм байна гэж бодоод өнгөрсөн.” ..” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 62-63х/,

 

3. Гэрч А.Одончимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“... Би Тэгшбаяр гэдэг хүнийг танихгүй. Манай найз Санхаажанд 2016 оны 11 сарын 16-нд 11 цагийн үед над руу залгаад хүн 2 сая төгрөг зээлээч гэж байна гэж хэлсэн. Тухайн үед надад 800 ам доллар байсан болохоор би зээлүүлье гэж хэлсэн. Маргааш нь буюу 2016 оны 11 сарын 17-ны өдөр Тэгшбаяр гэж эмэгтэй надтай утсаар холбогдоод 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн тэнд байх нотариат дээр ирж уулзаад 7 хоногийн хугацаатай, 20 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулан 800 ам доллорыг зээлүүлсэн. Тухайн үед Тэгшбаяр надад хэлэхдээ Хонконгоос оригналь гутал, пүүз оруулж ирж зардаг гээд гар утаснаасаа зургийг нь хүртэл үзүүлж байсан болохоор итгэсэн. Бараагаа оруулж ирэх гэсэн мөнгө дутаад гээд байсан. Нотариатаар гэрээ байгуулж байх үед тэр эмэгтэйн гар утас нь байн байн дугараад нэг хүнтэй ви чатаар хятад, англи хэлээр  “бараа авах, өгөх” тухай яриад, бас тэр англи хүн нь “хурдлаач ээ, хэцүүдээд байна, гацах гээд байна” гэх мэт утгатай зүйл бичлэгээр илгээгээд, тэр нь шууд сонсогдоод байсан.

2016 оны 11 сарын 24-ний өдөр Тэгшбаяр луу залгахад утсаа авахгүй, мессеж бичихээр хариу ирэхгүй байсан учир би Санжаахандын гэрт нь очоод, Тэгшбаярыг хайж олохоор таних мэдэх хүмүүсээс нь лавлахад хар тамхи хэрэглэдэг гэх асуудал гарч ирсэн. Миний хувьд гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 54-55х/,

 

4. Гэрч Б.Билгүүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 11 сарын дундуур 10, 11-ний үед манай ээж Баярмаа над руу мессенжерээр холбогдоод “хувцас явуулсан, тосч аваарай” гэсэн. Тэгээд би Нарантуулаас зүүн тийш нэг хашаан дотор байдаг каргоны газарт очоод авах гэтэл төлбөрийн асуудалтай байна гэхээр нь тухайн үед мөнгө байгаагүй учир каргогоо авч чадаагүй. Дараа нь би завгүй, машин тэрэг байхгүй учир манай ээжийн найз эгч Ганаа /Тэгшбаяр/ гэж эмэгтэй карго аваад гэрт авчирч өгсөн.

Үүнээс хойш миний нэр дээр ээжээс дахин карго ирээгүй. Тухайн үед каргоны хүн над руу залгаад Ганаа гэдэг хүн таны каргог авахаар ирсэн байна, өгч явуулж болох юм уу гэхэд нь би болно гэж хэлж байсан.

Би ээжээс асуухад 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш дахиж карго явуулаагүй, ямар учиртай юм бол гээд гайхаад байсан. Би ч бас 2016 оны 11 сарын 23-ны өдөр яагаад миний утасны дугаартай карго хураагдсаныг гайхаад байна. Миний гар утасны дугаар бичээстэй каргогоос хууль бус зүйл хураагдсан бол тэрийг Ганаа /Тэгшбаяр/ гэх хүн будлиан хутгаж байгаад авсан байх” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 56-57х/,

 

5. Гэрч Б.Оргилжаргалын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Тэгшбаярыг би танина. Манай дээд ангид сурч байсан, бид ахлах ангиас танилцаж найзалсан. Тэгшбаяр нь бага насаа ээжтэйгээ хамт Яармагт өнгөрөөсөн. 2006 онд Эрдэнэхүү гэж залуутай найзалж байгаад хүүхэдтэй болж, ээж охиныхоо хамт Улаанхуаранд нийтийн байранд өрөө түрээслэн амьдарч байгаад 2011 онд ээж, охин хоёрыгоо орхиод Хонгконг руу явчихсан юм. Эхний нэг жил холбоотой байж байгаад сүүлдээ холбоо тасарсан. Энэ хооронд би өндөр настай ээж, бага насны охиныг нь харж ханддаг байсан.

Би охиных нь эцэгтэй холбоо тогтоож охиныг нь аавд нь өгсөн, ээж нь асрамжийн газарт байгаа. 2013-2014 онд сураг тавихад сэтгэцийн өөрчлөлттэй хүнтэй суусан, тэр нь зодож нүддэг, хэцүү амьдарч байгаа сураг сонсогдож байсан. Тэгж байгаад 2015 онд фейсбүүкээр холбогдож эхэлсэн. Юу болсон талаар нь асуухад “хамт амьдарч байсан хүн нь шоронд ороод одоо л эрх чөлөөтэй болж байна, тэндээ цагаачлал хүсээд өргөдөл гаргасан” гэж байсан.  Ингээд хаа нэг харилцаж байгаад сураггүй болсон.

2016 оны 08 сарын дундуур намайг удахгүй төрнө гэж байхад миний утас руу нэг дугаараас Тэгшбаяр залгаад “би гадаадын харьяатын албаныханд баригдаад, хоригдож байгаад гарч ирлээ, одоо шуууд Монгол руу явуулна гэж байна, очоод автобусны ч мөнгө байхгүй, очих газаргүй, намайг тосоод аваач, тэгэх үү” гээд гуйгаад байхаар нь ...би Чингис Хаан онгоцны буудал дээрээс тосож авсан. Очих газаргүй болохоор эхний хэд хоног манайд байсан.

Тэгшбаяр хөх өнгийн үүргэвчээ үүрээд “Хятад явлаа” гээд явдаг, хэд хоног сураггүй байж байгаад “Замын-үүдээс машинаар ирлээ” гээд л ороод ирдэг, Ирснээсээ хойш  дахиад 2-3 хоног алга болж байгаад ирэхэд нь би “хаагуур, юу хийгээд яваад байгаа” талаар асуухад “Байгал гээд найзындаа байж байгаад ирлээ, би хүнээс хямдхан гар утас авч, цаашаа зардаг ажил хийдэг” гэж байсан. Тэрнээс хойш манайд болон Байгал гээд найзындаа ирэн очин байдаг болсон.

Хамгийн сүүлд 2016 оны 11 сарын 22-ны өдөр манайд хоноод маргааш өглөө нь машинаа өгчих гээд гуйгаад байхаар нь би эмээгээ эргээд, хүүхдээ сургуульд хүргэж өгөх ёстой гэхэд тэгвэл би хамт явж байгаад ажил чинь дуусахаар машиныг чинь авъя гээд миний машиныг аваад явсан. 17.30 цагийн үед охиныг сургуулиас нь авч манай гэрийн гадаа хүргэж өгөөд, машин авч яваад тэр чигтээ алга болоод дахиж ирээгүй.

Машинтай явж байгаад осол аваар болон янз бүрийн юм болсон байгаа гэж санаа зовоод 11 сарын 25-ны өдрийг хүртжл хүлээж байгаад 102 луу залгаад “манай найз машин унаад алга болчихлоо гэхэд машины улсын дугаар, өнгө, загвар, унаж явсан хүний онцлог, содон шинж зэргийг асуугаад 1 дэх өдөр ажил цуглахаар хайж байгаа хүнийхээ зургийг болон өргөдлөө бичээд харъяа дүүргийнхээ цагдаагийн хэлтэст очоорой” гэж хэлсэн. Цагдаад ханддаг юмуу гэж байтал би фейсбүүкээр Тэгшбаярын найзууд руу өмнө Тэгшбаярыг хайгаад холбогдож байсан, ...тэд нараас нь Бүжмаа гэж эмэгтэй эргэж надтай холбогдоод “Тэгшбаярыг хар тамхины хэргээр цагдан хоригдсон байгаа” гэж хэлээд би ирлээ.  

Тээврийн хэрэгсэл нь 2016 оны 10 сарын 27-нд манай ээж Алтанцэцэг тэтгэврийн зээл болон хурааж хуримтлуулж байсан хэдэн төгрөгөө нийлүүлээд 5 саяыг нь бэлнээр төлөөд, үлдсэн 4 сая 600.000 төгрөгийг 1 жилийн хугацаанд төлөх гэрээтэйгээр 1000 машины зогсоолоос автомашины ченж Зоригт гэдэг хүнээс худалдаж авсан. Машин одоо ломбардын барьцаанд байгаа.

...Би хар тамхи гэдгийг кинон дээрээс л харж байсан болохоос ийм ойрын хүн хэрэглээд, хадгалаад яваад байсан гэж зүүдэлсэн ч үгүй. Тэгшбаярыг гаднаас нь харахад хар тамхи хэрэглэж байна уу гэх сэжиг таамаг ч төрж, төсөөлж байгаагүй. Надад мэдэх юм алга, харьцаа холбоотой байдаг хүмүүсээс Байгал гэж жирэмсэн хүүхний нэрийг олон удаа өөрөөс нь сонсож байсан. Байгалынд очоод ирлээ, хоноод ирлээ гэж ярьдаг байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 43-44х/,

 

6. Гэрч Ц.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“... Би Тэгшбаярыг танина. 15-16 настайгаасаа манайхаар орж гарч байсан. Миний бага охин Оргилжаргалтай найзалж, нөхөрлөдөг байсан. Сүүлийн хэдэн жил сураггүй байж байгаад охиныг төрөхөөс өмнө л гэнэт гараад ирсэн. ...11 сарын 23-ны өдөр том зээ охиныг маань сургуулиас нь аваад  гэрийн үүдэнд буулгаж өгчихөөд яваад алга болсон. 11 сарын 25-ны өдөр болоод сураг байдаггүй, хальтиргаатай, гадуур явж байгаад янз бүрийн юм болчоогүй байгаа гээд цагдаад мэдэгдсэн.

Тэгшбаярын унаж явсан тээврийн хэрэгслийг би том зээгээ сургуульд зөөх, бага зээгээ ойр зуур эмнэлэг, агаар салхинд гаргахад хэрэгтэй гэж 2016 оны 10 сард охиндоо авч өгсөн. 2016 оны 7-р сард 3 сая төгрөгийн тэтгэврийн зээл аваад, цуглуулсан хэдэн төгрөгөө нэмээд 5 сая төгрөг бэлнээр төлөөд, үлдсэн мөнгийг ломбарданд барьцаанд 1 жилийн хугацаатай тавиад авсан юм. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг авдаг өдөр охин маань нялх биетэй, гэрээс удаан хугацаагаар гарч чадахгүй,  хүйтэн байсан учир би өөрөө явж, нэр дээрээ аваад барьцаанд тавих гэрээг хийсэн. Эзэмшигч нь миний нэр дээр болохоос биш би өөрөө машин барьж чадахгүй, охин маань л хэрэгцээндээ унадаг. Тээврийн хэрэгслийг худалдан авахад Тэгшбаярын мөнгө ороогүй. Тэгшбаяр өөрийгөө яая гэж байгаа ядарсан хүнд бид нарт өгдөг илүүдээ гарсан мөнгө  ч байхгүй.

Би гэрээрээ хөөрөгний даалин оёж, жаазтай зураг наадаг. Орифлеймийн гишүүн учир тодорхой хэмжээний хэдэн төгрөг олоод амьжиргаагаа залгуулаад байдаг. Мөн охины маань салсан нөхөр хүүхдээ харж хандаж байнга мөнгө өгдөг. Тэгшбаяр нь хар тамхи хэрэглэдэг талаар мэдэхгүй, ой тоонд багтахгүй байна. Тэгшбаярыг ийм хэрэгт холбогдсон гэж сонсоод даралт ихсээд, ухаан алдах дөхсөн. Охин маань 2 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. 2 хүүхдээ зөөж, хичээл сургуульд нь  дөхүүлэх гэж л машин тэрэг авсан. Одоо эд хөрөнгөө бүрэн бүтэн хүлээж авах хүсэлтэй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас, 45-46х/,

 

7. Гэрч Р.Лундаажанцангаас мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2013  оноос Замын-Үүдээс Улаанбатар хотод ирсэн ачааг эзэнд нь тарааж өгдөг ажлыг хийж байна. Харьяалагдах албан байгууллага, компани гэж байхгүй. Орон нутгийн хооронд явдаг учраас тусгай зөвшөөрөл шаардлагагүй. Цалин хөлс байхгүй. Хувийн 2 ширхэг портер машинаараа халтуур хийгээд хийснээрээ олдог ажил юм аа. Замын-Үүдээс ирсэн ачааг Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг, Өгөөмөр захын зүүн талын талбайд өдрийн 15.000 төгрөгийн төлбөр төлөөд ачаагаа тараадаг. Би өөрөө Замын-Үүд явдаггүй. Харин Замын-Үүдэд манай ажлын хамтрагч, хуурай ах болох Баагий ах Хятадаас орж ирсэн ачааг тосож аваад машинд ачуулан Улаанбаатар хот луу явуулахад, би эндээс нь тосож аваад эзэнд нь тараадаг юм.  

2016 оны 11 сарын 23-ны өдрийн бүртгэл харахад 11 сарын 22-ны өдөр Замын-Үүдээс ах ачаагаа ачиж гаргаад 23-нд Улаанбаатар хотод ирсэн байна. Баагий ах анх ачаагаа ачихдаа ачаа өгсөн хүмүүсээс тосч авах хүмүүсийн утасны дугаарыг бүртгэж аваад гардаг бөгөөд зарим хүмүүс Замын-Үүдээс төлбөрөө бүрэн хийгээд, зарим нь бараагаа авахдаа хөлс мөнгөө өгдөг. Ачсан ачаанууд ихэвчлэн гэр ахуйн бараа, бэлэн хувцас, гутал, тоглоом, тавилга, гоо сайханы бараа зэрэг янз бүрийн хэлбэр хэмжээ, жинтэй байдаг.

99200024 дугаартай ачааг ямар хүн ирж авсаныг хэлж мэдэхгүй байна. Олон хүнтэй хальт харьцаад өнгөрдөг болохоор тэр бүр ямар хүн байсныг мэдэх боломжгүй. Ачааг нь задалж үздэггүй болохоор дотор нь ямар бараа байгааг мэддэггүй, хагарах ачаатай бол гадна талд нь хагарах аюултай гээд бичсэн байдаг.  Ачаа авсан хүнийг одоо харвал таних үгүйг хэлж мэдэхгүй байна. Ачаагаа өгөхдөө Баагий ахаас Ви чатаар ирсэн бүртгэлийг хэвлэж аваад гар утасны дугаар бичигдсэн байгаа хэсгийг, ачаа авч байгаа хүмүүсийн гар утас мөн эсэхийг өөрөө залгаж үзээд, мөн байвал ачааг нь өгөөд явуулчихдаг болохоор гарын үсэг зуруулдаггүй. Харин бүртгэлд бичигдсэн гар утаснаас өөр хүн бараа ирж авах бол бүртгэгдсэн гар утас руу нь залгаж ирсэн хүнд бараа өгч болох үгүйг асуугаад, болно гэвэл өгөөд явуулах тохиолдол байдаг.  ...Би 2016 оны 11 сарын 23-ны өдрийн тараасан ачааны бүртгэлийг өгье.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 51х/,

 

8. Шинжээч Т.Батхуягийг байцаасан тэмдэглэлд:

“... Би Тэгшбаярт холбогдох хэрэгт нэгжлэг хийх явцад мөрдөн байцаагчийн хамт оролцсон. Энэ үед нэгжлэгээр гал тогооны өрөөнөөс илэрсэн хайрцаг бүхий гар жин, гялгар ууттай мөс мэт зүйл, гуурснууд, хуванцар сав, бонго гэх мэт зүйлүүд байсныг хэрэгт ач холбогдолтой гэж үзэж Nikon маркийн аппарат ашиглан нийт 18 кадр зураг авч бэхжүүлсэн боловч уг дижитал зургийн аппаратны мемори карт /санах ой/ нь зургуудыг хуулбарлах үед гэмтэж, тухайн үед авагдсан гэрэл зургууд устсан. Уг мемори картыг сэргээх гэсэн боловч сэргэх боломжгүйгээр гэмтсэн байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 58-59х/,

 

9. Харьцуулах шинжилгээнд хэв хэлбэр, дээж авах тогтоол, шинжилгээнд дээж авсан тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 64-67х/,     

 

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Химийн шинжилгээ хийсэн шинжээчийн 10143 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “Б.Баттөр 2016.11.24” гэж хаягласан хуванцар савтай шээс 110 мл, “Ц.Тэгшбаяр” гэж хаягласан хуванцар савтай шээс 110 мл, “О.Байгалмаа” гэж хаягласан хуванцар савтай шээс 90 мл-г тус тус ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн Б.Баттөр, О.Байгалмаа, Ц.Тэгшбаяр нарын гэх шээснүүдэд метамфетамин /МАМР/ илэрсэн.

3. Метамфетамин нь 1971 оны НҮБ-н сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно. гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 69-70х/,

 

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Химийн шинжилгээ хийсэн шинжээчийн 10252 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн зүйл болон дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн №9, 10, №12-21, 22,23 дугаартай цайвар өнгийн мөс мэт талстлаг зүйл, №24 дугаартай цайвар өнгийн талстлаг мөс мэт зүйлээр бохирлогдсон уут гэх зүйл тус бүрээс метамфетамины /methamphetamine/ агууламж илэрсэн.

Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн гуурс мэт зүйлтэй таг, улаан, шар өнгийн гуурстай ногоон өнгийн таг, Mountain гэсэн шошготой хоосон хуванцар сав зэрэгт мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.

3. Шинжилгээгээр илэрсэн метамфетамин нь НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2-р жагсаалтанд багтдаг.

Жич: №9,10, №12-21, 22,23 дугаартай цайвар өнгийн мөс мэт талст зүйл, цагаан өнгийн гуурс мэт зүйлтэй таг 1 ширхэг, улаан, шар өнгийн гуурстай ногоон өнгийн таг 1 ширхэг, Mountain гэсэн шошготой хоосон хуванцар сав, №24 дугаартай хоосон уут зэргийг дүгнэлтийн хамт буцаав...” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 72-76х/,

 

12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Компьютер, техникийн шинжилгээ хийсэн шинжээчийн 0272 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн гар утаснууд нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн гар утаснуудад байх текстэн болон дуу, дүрсэн мессеж, тэмдэглэл, зурэг, холбоо барих хаяг, и-мэйл хаяг, интернетэд хандсан цахим хуудас, баршил нийгмийн сүлжээнд илгээсэн захидал байгааг хуулбарлан хүргүүлэв.

3. Шинжилгээнд ирүүлсэн гар утаснуудад үүрэн телефоны сүлжээнд /дугаарт/ хандсан хандалтыг бүртгэж хуулбарлан хүргүүлэв.

4. Шинжилгээнд ирүүлсэн гар утаснууд нь WI-FI сүлжээнд холбогдох боломжтой. Хэзээ, хаана, ямар WI-FI сүлжээнд холбогдсоныг тогтоох боломжгүй.

5. Шинжилгээнд ирүүлсэн гар утаснуудад интернет орчинд хандалт хийсэн түүх байна. Тухайн хандалтуудыг устгах боломжтой. Устгасан тохиолдолд сэргээх боломжгүй.

Жич: Хавсралтаар шинжилгээнд ирүүлсэн гар утаснуудад байх текстэн болон дуу, дүрсэн мессеж, тэмдэглэл, зураг, холбоо барих хаяг, и-мэйл хаяг, интернетэд хандсан цахим хуудас, байршил нийгмийн сүлжээнд илгээсэн захидал, үүрэн телефоны сүлжээнд /дугаарт/ хандсан хандалтуудыг бүртгэж  2ш  DVD-нд хуулбарлан хүргүүлэв...” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 78-82х/,

 

13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Гарын мөрний шинжилгээ хийсэн шинжээчийн 139 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй.

3. Шинжилгээнд тэнцсэн 3 ширхэг гарын мөр нь Ц.Тэгшбаярын гарын хээний дардас, санд бүртгэлтэй этгээдүүдийн гарын хээний дардас болон эзэнгүй хэргийн мөрүүдтэй тохирохгүй байна гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 84-87х/,

 

14. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 109 тоот дүгнэлтэд:

1. Ц.Тэгшбаяр нь 2011 оноос амфетамины бүлгийн сэргээгч бодисыг /сэтгэц идэвхит бодис/ хэрэглэх болсон байна.

2. Одоо Ц.Тэгшбаяр нь “Амфетамины бүлгийг сэргээгч бодисын хараат байдлын хам шинж” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна. Уг эмгэг нь олдмол эмгэг байна.

3. Ц.Тэгшбаяр нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Ц.Тэгшбаяр нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5. Мансуурах донтой, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх нэршлүүд нь утга нэгтэй ойлголтууд болно. Ц.Тэгшбаяр нь амфетамины бүлгийг сэргээгч бодисын хамааралтай байна.

6. Мансуурах донтой, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх нэршлүүд нь утга нэгтэй ойлголтууд болно. Ц.Тэгшбаяр нь амфетамины бүлгийг сэргээгч бодисын хамааралтай байна. Монгол улсад СЭМҮТ энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой.

7. Ц.Тэгшбаярт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна. Харин иргэний журмаар сайн дурын эмчилгээ хийлгэх шаардлагатай байна гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 89-92х/,

 

15. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 48 тоот дүгнэлтэд:

1. О.Байгалмаа нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвчилж байсан эсэх талаар эмнэлгийн бичиг баримт үгүй байна.

2.3. О.Байгалмаа нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

4. О.Байгалмаа нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. О.Байгалмаа нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

6. Мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх нэршлүүд нь утга нэгтэй ойлголтууд болно. О.Байгалмаад мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдгүүд одоогоор үгүй байна. Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай тохиолдолд Монгол улсад СЭМҮТ энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой.

7. О.Байгалмаад сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна...” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 94-95х/,

 

16. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 47 тоот дүгнэлтэд:

1. Б.Баттөр нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвчилж байсан эсэх талаар эмнэлгийн бичиг баримт үгүй байна.

2. Б.Баттөр нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

3. Б.Баттөр нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Б.Баттөр нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5. Мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх нэршлүүд нь утга нэгтэй ойлголтууд болно. Б.Баттөрд мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдгүүд одоогоор үгүй байна.

6. Б.Баттөрд мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдгүүд одоогоор үгүй байна. Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай тохиолдолд Монгол улсад СЭМҮТ энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой.

7. Б.Баттөрд сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй болно...” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 97-98х/,

 

17. Хүний биед үзлэг хийж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай Тестер шалгахад AMP хэсгийн T, C  түвшинд 1 тод улаан зураас эерэг /илэрсэн/

THC хэсгийн T,C түвшинд 2 улаан зураас сөрөг /илрээгүй/ гэсэн зааж байгаа нь Б.Тэгшбаяр нь метамфетамины агууламжтай мансууруулах бодис хэрэглэсэн болохыг зааж байгааг тэмдэглэсэн,

үзлэгээр:  Ц.Тэгшбаярын барьж явсан хөх өнгийн үүргэвч цүнхэнд “...2 тустай гялгар ууттай зүйл байна. 1 уут нь 70мм х 50мм гэсэн улаан өнгийн бичигтэй, зиплок түгжээ бүхий гялгар уут байх ба дотор нь 9 ширхэг жижиг зиплок түгжээ бүхий гялгар ууттай, цайвар цагаан өнгийн, мөс мэт талстлаг зүйл, 2 дахь нь 5 х 8,5 см хэмжээтэй, зиплок түгжээ бүхий гялгар ууттай мөнгөлөг цагаан өнгийн нунтаг зүйл байсныг нийтэд нь саарал өнгийн жижиг гар жин дээр  жинлэж үзэхэд 99,44 гр зааж байсныг хураан авсан болохыг тэмдэглэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 6-8х/,

 

18. Б.Баттөр, О.Байгалмаа нарын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хэргийн 1-р хавтас 18-19х, 22х, 24х,/,

 

19. Б.Баттөр болон О.Байгалмаа нар мансууруулах, сэтгэцэт нөлөөт бодис хэсэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тэмдэглэл /хэргийн 18х, 23х/,

 

20. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 9-11х/,

 

21. Хан-Уул дүүргийн 3-р хороо 1-7 тоотод нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, 

Нэгжлэг хийх явцад сэжигтэн Тэгшбаяраас “...би өдөр уг тоотод орж ирээд гарахдаа цагаан өнгийн гар утасны хайрцагтай, зиплок түгжээ бүхий гялгар ууттай мөс гэх зүйлийн үлдэгдлийг уутанд сольж хийгээд үлдээсэн гэх ба уг гар утасны хайрцагтай зүйлийг гал тогооны өрөөний ширээн дээр үлдээсэн.” гэснийг үзэхэд олдоогүй талаар, мөн Б.Баттөр нь уг гар утасны хайрцагны талаар асуухад огт мэдэхгүй гэснийг тус тус тэмдэглэсэн байх ба нэгжлэгийг тус байрны гал тогооны өрөөнөөс эхэлж, зүүн гар талд хананд угаалтуур болон гал тогтооны тавилга, тавиурууд тавигдсан,  угаалтуурын хаалгыг онгойлгож үзэхэд цагаан өнгийн талыг нь цоолж гуурс зоосон, түүний хажуу талд ногоон өнгийн Mountain гэх бичигтэй хуванцар сав, угаалтуурыг хөдөлгөж үзэхэд хойд завсраар нь ногоон өнгийн ундааны савны тагыг хоёр цоолж шар улаан өнгийн гуурс зоосон эд зүйлс байсныг, мөн хажууд нь байсан мечта плитканы доод тагыг сөхөж үзэхэд цагаан өнгийн Галакси А-7 гэх бичиглэлтэй гар утасны хайрцаг, уг хайрцагыг авч үзэхэд дотор нь хар өнгийн “Pocket Scale” бичигтэй гар жин, түүний доор нийлэг, тунгалаг гялгар ууттай /зиплок түгжээ/ мөс мэт зүйл хийгдсэн байсныг жин дээр жинлэж үзэхэд 8,48 гр /бохир/ жинтэй байсныг №1 гэж дугаарлан хураан авсан, мөн гялгар ууттай мөс мэт зүйлс байсныг жинлэхэд 0,49 гр /бохир/ жинтэй байсныг хураан авсан, мөн уг гар утасны хайрцаганд ам хэсгийг нь наасан гялгар ууттай мөс мэт зүйл байсныг жинлэж үзэхэд 1,08 гр /бохир/ жинтэй байсныг тус тус эд мөрийн баримтаар, мөн зиплок түгжээ бүхий ёроол хэсэгт цагаан өнгийн цайвар зүйлээр бохирлогдсон, жинлэж үзэхэд грамм жин заахгүй гялгар уут, ямар нэг зүйлээр бохирлогдоогүй зиплок түгжээ бүхий 2 ширхэг гялгар уут, хар цагаан өнгийн “Pocket Scale” гар жингийн хайрцаг байсныг гэрэл зургаар бэхжүүлэн хураан авсан талаар тэмдэглэлд тусгагдсан ба 2016 оны 11 сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 3-р хороо, 1а байрны 7 тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэлийн гэрэл зургууд “тухайн үед ашигласан камерын санах ой буюу мемори карт шатаад зурагнууд устсан” тухай мөрдөн байцаагчийн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 13-15х/,

 

22. Ц.Тэгшбаяр, Б.Баттөр, О.Байгалмаа нарын гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 25-30х/,

 

23. Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 32-34х/,

 

24. Б.Тэгшбаярын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан гэх 20-12 УНН улсын дугаартай, Тоёото Приус маркийн  автомашиныг битүүмжилсэн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, уг тээврийн хэрэгслийг үнэлсэн эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт, тээврийн хэрэгслийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 35-36х, 215-216х, 3-р хавтас 160х/,  

 

25. Банкны лавлагаа, гар утасны биллд үзлэг хийсэн тухай тэмдэглэл: “...Ц.Тэгшбаярын гэмт хэрэг үйлдэх үедээ ашиглаж байсан 90922012 дугаараас ...хэрэг болсон өдөр буюу 2016 оны 11 сарын 23-ны өдөр 12:22 цагт каргоны хүний утас болох 99666251 дугаартай холбогдож 26 секунт ярьсан мэдээлэл байна...” гэсэн тэмдэглэл /хэргийн 2-р хавтас 2х/,

 

26. “Мөнгөн Гүүр” ББСБ-н Эрүүгийн цагдаагийн газарт ирүүлсэн 2017 оны 08 сарын 13-ны өдрийн 3/20 тоот албан бичиг, мөнгөн гуйвуулгын баримт /хэргийн 2-р хавтас 119х, 120х/,

 

27. Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, хавсаргасан эд мөрийн баримтуудыг гэрэл зургаар бэхжүүлсэн байдал /хэргийн 1-р хавтас,  37-42х/,

 

28. Эрүүгийн цагдаагийн газрын 2017 оны 01 сарын 13-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн “Амфетамины төрлийн метамфетамин буюу мөс гэх бодисын талаарх мэдээлэл баримт /хэргийн 1-р хавтас 155-156х/,

 

29. Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын 2017 оны 05 сарын 08-ны өдрийн 68 тоот тогтоол /хэргийн 3-р хавтас 177х/,

 

30. Шүүгдэгч Ц.Тэгшбаярын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...Би 2010 онд ганцаараа Хонгконг улс руу наймаа хийхээр явсан. Эхэндээ дууриамал кофе, цүнхний наймаа хийж, тэнд хоол хийж зардаг нэг эгчийнд хамт амьдарч байсан. Тэгээд визний хугацаагаа сунгуулж чадахгүй явсаар, 2 сар хараар амьдарсан. Тэгж явж байгаад 2012 онд Нямдоогийн Золжаргал гэж залуутай танилцаад, хамт амьдардаг болсон.  2014 оны 11 сарын үед Хонгконгод явж байгаад албаны хүмүүст баригдаж, хугацаа хэтэрсэн асуудлаар 2 сар орчим хоригдоод гарч ирсэн.

Намайг хоригдоод гарч ирэхэд миний хамт амьдарч байсан залуу хар тамхи хэрэглэдэг болсон байсан. ...2016 оны 8 дугаар сард Золжаргал баригдсан юмуу яасан юм мэдэхгүй сураггүй болохоор нь би Монгол руугаа буцъя гэж бодоод ирсэн. Монголд ирснээс хойш хар тамхи хэрэглэмээр санагдаад, хэрэглэхгүй байгаад байхаар бие өвдөөд байсан учир мөс хайж эхэлсэн.

Хонгконгод хар тамхи худалдаж авдаг байсан хар арьст Смиттэй Ви чатаар холбогдоод “Монголд юм олдохгүй хэцүү байна, нэг мөсөн бөөнд нь авчихмаар байна, энд их үнэтэй байна, надад туслаач” гэхэд би “эндээс яаж явуулах учраа олохгүй байна, арга нь олдвол явуулаад өгч болно, юу ч гэсэн мөнгөө бэлдэж бай” гэж хэлсэн. Ингээд би мөнгө хайж байгаад 2016 оны 11 сард Сооса гэж найзынхаа танил Одончимэг гэж хүүхнээс 800 ам.доллар 7 хоногийн хугацаатай 20%-ийн хүүтэй зээлж, гэрээ байгуулсан. Энэ мөнгөө би Смитийн өгсөн дансаар шилжүүлээд 100 грамм мөс захисан. Хонг Конгод мөс маш хямдхан байдаг. 1 грамм нь 50 Хонг Конг доллар байдаг. Энд 1 граммыг нь 400.000 төгрөгөөр авна. Тэгээд нэг авч байгаагийнх гээд олсон мөнгөндөө бүгдээрэнг нь юань болгоод мөс захисан юм.

Би бараагаа ирэхийг хүлээгээд, тэвдээд Смитээс байн байн асуухад, Смит “надад мөс бол байна, харин би эндээс яаж явуулахаа мэдэхгүй байна” гэхээр нь Хонгконгод танилцаж байсан Баярмаа гээд эгч Монгол руу хүүхэд рүүгээ байнга хувцас хунар явуулдаг, би хааяа машинтай тосч аваад гэрт нь хүргэж өгдөг байсан болохоор би тэр эгчийг “ойрын хугацаанд хүүхэд рүүгээ хувцас явуулах уу” гэхэд энд “хэдэн хувцас байна, даанч арай цөөхөн, хоёрын хооронд ачааны мөнгөнд шатах гээд байна” гэхээр нь “та манай танил Смит гээд хүнд наад ачаагаа өгчих, манай найз Смит надад бас юм өгч явуулах болохоор хамт явуулчих гээд би хэлчихье, та ачааны мөнгөнд санаа зовоод хэрэггүй, би эндээс өөрөө төлбөрийг нь төлөөд тосч явуулаад, гэрийнхэнд чинь хүргээд өгье” гэж хэлсэн.

Ингээд Баярмаа Смиттэй уулзаад хүү рүүгээ явуулах хэдэн хувцас өгсөн байсан бөгөөд тэр хувцасан дунд Смит над руу явуулах 100 грамм мөсийг нуугаад каргонд хийгээд явуулсан байна лээ.

2016 оны 11 сарын 22-ны өдөр ачаа Замын-Үүдэд ирээд наашаа Улаанбаатар хотод ирэх каргогоор дамжаад 11 сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт байх Нарантуул, Өгөөмөр захын зүүн талын хашаанд буусан. Би 99666351 дугаарын утсаар каргоны хүнтэй холбогдож байгаад 99200024 дугаартай карго ирсэн байгаа, өмнө нь бас 10-аад хоногийн өмнө 99200024 дугаар дээр карго ирэхэд нь би авч байсан, эгч нь байгаа юм, манай дүү гадаад явчихсан байгаа, утас нь холбогдох боломжгүй байгаа гэж гуйгаад каргог авчихсан юм. Эндээсээ би Оргилжаргалын охиныг нь сургуулиас нь аваад гэрт нь буулгаж өгчихөөд 7 буудлын хойшоо яваад зуслангийн байшингууд дунд ороод хүнгүй газар очиж байгаад каргогоо задлаад үзэхэд 10 ширхэг тусдаа ууттай 10 грамм орчим мөс байсан. Би нэг ууттайг нь задалж өөрөө хэрэглэчихээд тэндээсээ Баттөрийн гэрт очсон. Баттөрийн гэрт очиход Баттөр өөрөө байхгүй, Байгалмаа ганцаараа байсан. Би 10 грамм мөсөө Байгалмаагийн гэрт түр үлдээгээд, үлдсэн мөсөө Оргилжаргалын машиныг аваачиж өгөнгөө нэг газар нуучихаад, буцаж ирээд Байгалмаагийнд үлдээсэн мөсөө авъя гэж бодоод гартал үүдэнд нь цагдаа нарт баригдсан.

...Би Байгал, Баттөр хоёрт хар тамхинаасаа өгөөгүй. Би өөрийн мэдэлгүй хар тамхи их хэмжээгээр хэрэглэчихдэг болохоор тэдний гэрт хэсэг хар тамхи нууж үлдээгээд, өөртөө байгаа хар тамхиа дуусахаар тэрийгээ авч хэрэглэх гэж байсан. Анх тэдний гэрээс гарахдаа гал тогооных нь өрөөнд Самсунг гэсэн бичигтэй утасны хоосон хайрцаг байхаар нь аваад дотор нь 8-10 орчим грамм 2-3 ууттай мөс хийгээд ширээн дээр нь үлдээсэн.  Дараа нь гарч яваад цагдаа нарт баригдаад нэгжлэг хийхээр очиход ширээн дээр байсан хайрцагтай хар тамхи байхгүй болохоор нь “яасан бол, одоо яана аа нөгөө 2 аваад хэрэглэчихсэн юм биш байгаа даа” гэж бодож байтал плитканы доод талын шургуулгандаа хийчихсэн байсныг нэгжлэгээр олж авсан. Намайг Байгалийн гэрт очиход нөхөр нь байгаагүй. Тамхи татахад хэрэглэсэн тугалган цаасаа базаад хогийн саванд хаясан, гуурстай тагийг гал тогооны өрөөний угаалтуурын тэр хавьд тавьсан байсан. Би Баттөр, Байгал хоёр хэзээд нь хэрэглэсэн болохыг мэдэхгүй байна, хамт хэрэглээгүй.

Намайг гарсны дараа хэрэглэсэн байж магадгүй. Хураан авсан жингийн хувьд би Хонг Конгод байхдаа хэрэглэдэг байсан. Мөс худалдаж авахдаа тэр жингээрээ шалгаж авдаг байсан. Монголд ирэхдээ авч ирсэн бөгөөд Смитээс ирсэн мөсөө хэдэн грамм болохыг үзэх гээд авч явж байснаа Байгалынд үлдээсэн юм. Жижиг ууттай мөс нь хэрэглээд үлдсэн мөсөө асгахгүй гээд амсарыг нь наалдуулсан байсан.

89475457 дугаар бол намайг явж байхад гадаа гудамжинд Оросын хуучин хөргөгчний сэлбэг авна гэсэн зар байхыг хараад юм асуухаар залгасан дугаар холбогдохгүй байсан болохоор энэ дугаар угаасаа л холбогдохгүй байлгүй гээд хэлчихсэн юм. Баярмаа, Смит хоёр өмнө нь бие биенээ танихгүй, би холбож өгөөд нэг удаа уулзуулсан. Баярмаа, Смитийг каргоны хүн, эсвэл миний нэг танил л гэж бодсон байх, нарийн асуудлыг мэдээгүй. Баярмаагийн хүү Билгүүн Карго ирж байсныг мэдээгүй. Би Байгалмааг “карго ирсэн байна уу үгүй юу мэдээд өгөөч” гэж гуйгаад каргоны хүний утасны дугаарыг нь өгсөн.

Учир нь карго буугаад 99200024 дугаар луу залгачих вий гээд өрсөж очиж авах гээд Байгалмаад захисан байсан. Гэхдээ би Байгалмаад мөс ирж байгаа гэж хэлээгүй, харин хувцас ирж байгаа гэж л хэлсэн.

Смит рүү 2500 юань Мөнгөнгүүр шилжүүлгийн үйлчилгээ ашиглаж өгсөн данс руу нь шилжүүлсэн. Би анхнаасаа 100 граммыг явуулчихаарай гэж гуйсан. Тэгтэл намайг 2500 юань шилжүүлээрэй гэж хэлээд тохиролцсон. Би их хэмжээний мансууруулах бодис гэдгийг мэдэхгүй, би маш их хэмжээгээр мансууруулах бодис хэрэглэдэг. Хонг Конгод байхдаа өдөрт 4-5 грамм мөс хэрэглэдэг байсан болохоор энд ирээд мөс олдохгүй танихгүй хүмүүс гуйж царай алдаж явах хэцүү байсан болохоор нэг мөсөн бөөнд нь авъя гэж бодсон.

Би мансууруулах бодис зарах ямар ч санаа зорилго байгаагүй, зөвхөн өөрөө л хэрэглэх гэж байсан. Би Монголд ирээд үнэхээр мөс хэрэглэхгүй байя гэж бодсон ч бие сэтгэхгүй маань дийлсэнгүй, эмчлүүлмээр байсан хэдий ч баригдаад хоригдчих юм болов уу гэж айсандаа чадсангүй, ийм асуудал боллоо.

Би өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Миний хувьд Байгалмаа, Баттөр нарт зарсан зүйл байхгүй. Хамгийн гол нь Смиттэй холбогдоход “доод тал нь 100 граммаар явуулна” гээд байсан болохоор түүний хэлсэн грамм, хэмжээгээр нь захиж авсан. Би урьдчилгаа 50%-ийг нь эхэлж шилжүүлээд, бараагаа авсны дараа 50%-ийг нь буюу үлдэгдэл 2500 Хонг Конг долларыг шилжүүлэхээр ярилцаж тохирсон байсан.

Би Гар утасны хайрцагт 1 том, 2 жижиг ууттай мөс хийгээд цонхны тавцан дээр тавьж үлдээсэн. Би гэрт нь “мөсөө үлдээлээ шүү” гэж хэлээгүй боловч намайг үлдээгээд гарсныг Байгалмаа харсан байх. Би лысьванд хийгээгүй, Баттөр, Байгалмаа 2 хийсэн байх. Баттөрийн гэрт үлдээсэн мөсөө би эргэж очиж аваад, бага багаар өөрөө хэрэглэх гэж байсан. Би Байгалмаагийн хажууд бүх мөсөө хэмжиж үзээд, түүнээсээ 10 граммыг нь тасалж аваад хайрцаганд хийж байхад Байгалмаа миний хажууд зогсож байсан. Харин Баттөр гэртээ байгаагүй болохоор би түүнийг дараа нь мэдсэн байх гэж бодож байна. ..” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 130-131х, 134-138х, 3-р хавтас 140-141х/,

 

31. Шүүгдэгч О.Байгалмаагийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн:

“...2015 оны 9 сард би нөхөртэйгөө хамт Макаогоос Хонг Конг руу орж визээ сунгуулахдаа тэнд амьдарч байсан Ганаа буюу Тэгшбаяр гэж хүүхэнтэй танилцаж байсан. Үүнээс хойш харилцаа холбоотой, найз нөхдүүд болоод нэг нэгнийхээрээ орж гардаг болсон. Ганаа бол аль Хонг Конгод байхаасаа л мансууруулах бодис хэрэглэдэг, буруу гарын хүмүүстэй нийлж, болохгүй бүтэхгүй зүйл хийдэг байсан юм байна лээ. 2016 оны 11 сарын 23-ны өдөр 20:00 цаг өнгөрч байхад Тэгшбаяр манайд ирээд “надад маш их хэмжээний мөс байна, зарна, танайд бага зэргийг хадгалаад үлдээчихье, миний юм дуусахаар авна шүү, та 2 найдвартай юм чинь итгэж байна, хүнд битгий хэлээрэй” гээд миний гар утасны хайрцаганд 3 ууттай мөс хийсэн.

Тэгээд би “за за чи тэгвэл нэг газар өөрөө хийчихгүй юу” гэж хэлэхэд өөрөө нуусан байсан.  Би хаана хийснийг нь мэдээгүй. Дараа нь би усанд орчихоод гараад иртэл Тэгшбаяр “мөс сорох уу” гэхээр нь “яахын бэ” гэсэн чинь Тэгшбаяр “за яав л гэж, удахгүй төрөхийн хооронд нэг сорчих” гээд байхаар нь мөснөөс нь нэг удаа л сорсон. Манай нөхөр бас хамт хэрэглэсэн.

Ганаа буюу Тэгшбаяр нь найз залуутайгаа хамт манай гэрт орж ирээд хоол унд идээд, хонож өнжөөд явдаг л байсан. Тэгшбаяр ер нь бол хар тамхи хэрэглэдэг хүмүүсийн дунд өөрийгөө Ганаа гэж танилцуулдаг. Олон хүн Ганаагаас хар тамхи мансууруулах бодис авах гэж холбогддог. Тэмүүлэн билүү Тэмүүжин, Баатар зэрэг залуустай бас холбоотой байдаг талаараа өөрөө надад ярьж байсан. Тэгшбаяр бид хоёр сүүлийн үед ер нь дотно байгаа болохоор Тэгшбаяр надад итгээд бүх юмаа ярьдаг байсан.

Тэгшбаяр Хонг Конгод нэг хүүхэнтэй байнга холбоотой байдаг, тэр хүүхэн нь илгээмжээр Тэгшбаяр луу мансууруулах бодис явуулдаг юм байна лээ. Тэр хүүхнийх нь нэрийг би мэдэхгүй, Монгол хүүхэн гэсэн.

Би хар тамхи мансууруулах бодис олж авах, хадгалах нь хууль бус гэдгийг мэднэ. Тэгшбаяр нь надад хааяа 20.000-30.000 төгрөг өгдөг. Гэхдээ намайг жирэмсэн болохоор хэрэглээрэй л гэж өгдөг. Ганаа ерөнхийдөө энэ зүйлээр л амжиргаагаа залгуулдаг. Би хамт явж байгаагүй, би хар тамхи зардаггүй.

Нөхөр, бид хоёр англи хэлтэй болохоор хааяа орчуулга хийж мөнгө олдог, мөрийтэй тоглодог. Дээрээс нь би 10 жил Австрали улсад, гадаад хүнтэй хамт амьдарсан, гэрлэлтийн баталгаатай, эд хөрөнгийн маргаантай байсан учир надад гадаадаас мөнгө ирдэг. Би Тэгшбаярыг гэртээ оруулж, энэ зүйлд хутгалдсандаа, бас мөс хэрэглэсэндээ маш их харамсаж байна. Би Тэгшбаярыг хүнд хэцүү амьдрал туулсныг бодоод өрөвдөөд, холбоотой байгаад байдгаас өөр надад тэр хүнтэй хар тамхи, мансууруулах бодисын наймаатай нь холбоотой асуудал огт байхгүй.

Би өмнө нь сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар үнэн зөв, дэлгэрэнгүй ярьсан учир одоо надад нэмж ярих зүйл байхгүй.

Орой 00:00 цагийн үед Баттөр над руу залгаад “гэрт хурдан хүрээд ир, цагдаа нар ирчихсэн байна, Тэгшбаяр юмаа мартсан байна” гээд байна гэхээр нь би яваад очтол цагдаа нар үзлэг хийж байсан. Тэгээд нэг юм хайж байгаад манай гэрийн гал тогооны өрөөний плитканы доод талын шүүгээнээс хайрцагтай мөс олоод хурааж авсан. Би Тэгшбаярыг манай гэрт мөс үлдээсэн талаар мэдээгүй, цагдаа нар гаргаж ирэхэд л харсан.

Тухайн үед би 9 сартай жирэмсэн мөртлөө мөс хэрэглэчихсэн байснаасаа санаа зовоод “тийм ээ, би мэдэж байсан гээд хэлчихсэн юм. Би мансууруулах бодис хэрэглэсэндээ их гэмшиж байгаа. Дахиж ийм асуудал гаргахгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 140-141х, 143-144х, 2-р хавтас 226-228х, 230-232х/,

 

32. Шүүгдэгч  Б.Баттөрийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн:

“...Би 2015 оны үед Макао улс руу зугаалж, казино тоглохоор найз Мөнхбатын хамт явсан. Макаод очоод эхнэр Байгалтайгаа танилцаад, Монгол руу буцахдаа хамт явсан. Хонг Конгоор дайрч явсан бөгөөд тэнд явж байгаад Монголчуудын байдаг газар нь Ганаа буюу Тэгшбаяр гэж хүүхэнтэй танилцаж байсан.

Тэр цагаас хойш харьцаа холбоотой болоод манай эхнэртэй найзууд болсон. Тэгшбаяр нь утсаар манай эхнэртэй холбоотой байж байгаад 2016 оны 8 сарын үед Монголд ирээд, манай гэрээр орж гардаг байсан.

2016 оны 11 сарын 23-ны өдөр 20:00 цагийн үед дэлгүүрээс талх авчихаад буцаад ороод иртэл Тэгшбаяр манай гэрт ирчихсэн, гал тогооны өрөөнд Байгалмаатай юм яриад сууж байсан. Би хоол аягалж өгөөд, бид 3 хоол идсэн. Манай эхнэр найзтайгаа утсаар ярилаа гээд хоолоо аваад том өрөө рүү орсон, удалгүй би зурагт үзэхээр бас том өрөөндөө орсон.

Хоолоо идэж дуусчихаад гал тогооны өрөөнд ортол Ганаа буюу Тэгшбаяр нь мөс сорж байсан бөгөөд намайг “сорох уу” гэхээр  нь би “тэгье” гээд сонирхоод хоёр удаа сорсон. Манай эхнэр хүүхэддээ авсан хувцас, өлгийгөө гал тогооны өрөөнд Ганаад үзүүлээд юм яриад сууж байснаа Ганаа “за за найз нь явлаа” гээд гараад явсан.

Тэгээд эхнэр усанд орж гарч ирээд унайзуудтайгаа уулзаад ирьеу гээд 22:00 цагийн үед гараад явсан. Би гэртээ ганцаараа байж байтал Тэгшбаяр 23:00 цаг өнгөрөөд цагдаа нартай хамт манай гэрт ирж нэгжлэг хийсэн. Энэ үед би эхнэр лүү залгаж дуудсан.

Юу болсон талаар асуухад Тэгшбаяр “би танай гэрт юмаа орхисон байна, авах гээд ирлээ” гэхээр нь “юу орхисон юм, манайд янз бүрийн илүү юм харагдаагүй дээ” гэтэл нэгжлэг хийгээд плитканы доод талын шүүгээнээс гар утасны хайрцагтай мөс хурааж авсан.

Манай гэрээс хурааж авсан 3 ууттай 10,8 грамм мансууруулах бодис болон мансууруулах бодис хэрэглэхэд ашигладаг гуурс зэрэг нь минийх биш. Ямар учраас эдгээр зүйл манай гэрт байсныг мэдэхгүй байна. Тэгшбаяр л нуусан юм шиг байна. Тэгшбаяр “жаахан юм байна сорох уу” гэхээр нь ганц хоёр удаа сорсон. Тэгшбаярт их хэмжээний мансууруулах бодис байгаа гэдгийг болон хэн явуулсан, хэн авчирч өгсөн талаар мэдэх зүйл байхгүй. Тэгшбаяр “мөс орхилоо шүү” гэж Байгалмаа бид хоёрт хэлээгүй болохоор мэдээгүй. Тэгшбаяр мөс үлдээхдээ “манай эхнэрээс зөвшөөрөл авсан, манай эхнэрийн гар утасны хайрцаганд мөсөө хийгээд, гал тогооны цонхны тавцан дээр үлдээсэн” зүйл огт болоогүй.

Миний хувьд Тэгшбаярын хэрэглэж байсан мөснөөс хоёр удаа л сорж хэрэглэснээс өөр мэдэх асуудал байхгүй. Гэхдээ би мөс хэрэглэсэндээ гэмшиж байна. Хүү маань 3 сар хүрч байгаа, намайг ганц худагт байх хооронд төрсөн. Цаашид зөвхөн ээж, эхнэр, хүүхдийнхээ төлөө л амьдарна, алдаа дутагдал гаргахгүй гэдэгтээ итгэлтэй байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 146х, 150х, 2-р хавтас 234-235х, 239-240х/ болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох гэрч Б.Оргилжаргал /хэргийн 1-р хавтас 43-44х/, Ц.Алтанцэцэг /хэргийн 1-р хавтас 45-46х/, У.Ариунаа /хэргийн 1-р хавтас 47х/, Т.Энхтуяа /хэргийн 1-р хавтас 48х/ нарын мэдүүлэг, иргэний үнэмлэхийн лавлагаа баримтууд /хэргийн 1-р хавтас 159х, 161х, 181х, 2-р хавтас 160х, 209х, 3-р хавтас 41х, 43х, 46х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 1-р хавтас 160х, 162х, 187х, 2-р хавтас 162х, 3-р хавтас 23х, 99х/, Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 11 сарын 11-ний өдрийн 355 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 1-р хавтас 165-176х, 2-р хавтас 182-193х, 3-р хавтас 26-37х/, гадаад паспортын хуулбар /хэргийн 1-р хавтас 179-180х/, Хан-Уул дүүргийн 1-р хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 1-р хавтас 182х, 230х/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 1-р хавтас 183х/, Монгол Үндэсний их сургуулийн дипломын хуулбар /хэргийн 1-р хавтас 184-186х/, Сонгинохайрхан дүүргийн 27-р хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 2-р хавтас 172х/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хэргийн 3-р хавтас 103х/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Тухайн хэргийн хувьд мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаанууд зохих журмын дагуу хийгдсэн, хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтуудын хүрээнд үнэлэлт дүгнэлт хийж хэргийг хянан  шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.     

 

Монгол улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба  “сэтгэцэд  нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 1, 2, 3, 4 дүгээр жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд метамфетамин буюу мөс нь 90-98%-ын өндөр цэвэршилттэй,  хайлах температур нь өндөр, сэтгэцэд нөлөөлөх чадал нь маш хүчтэй бодис бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж айдас түгшүүрт автах, булчин шөрмөс хөших, биеийн халуун нэмэгдэх, ам хатах зэргээр олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир тухайн төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг /хил, гаалиар нэвтрүүлэх зэрэг/ хориглож гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоомжид тус тус хуульчилан заасан.

Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр  нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлэгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж аван өөрийн эзэмшлийнх болгож буй аливаа үйлдлийг “хууль бусаар олж авсан” гэж, түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж, улмаар дээрх хориглосон хүн амын эрүүл мэндэд хөр хөнөөл бүхий  мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг шуудан ба тээшийн илгээлтийн төрлийг ашиглан хууль бус эргэлтэд оруулж, улсын хилээр нэвтрүүлснийг “хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн” гэж тус тус үзнэ.

 

Нэг. Шүүгдэгч Ц.Тэгшбаяр нь:

 

1. 2016 оны 11 дүгээр сард 1971 оны НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй 100 грамм бодисыг худалдан авахаар Хятад улсад амьдрах Смит гэгчид захиалга өгч, төлбөрт нь 2500 Хонгконг доллар шилжүүлэн, улмаар 106,7 грамм мөс буюу метамфетамины агууламж бүхий мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хувь хүний шуудан тээшийн илгээлтийг /карго/ ашиглан Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг зохион байгуулж, мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисыг Монгол улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн,

2.  Улмаар хувь хүний ачаа тээшийн илгээмжийн үйлчилгээг ашиглан Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж авчруулсан,  1971 оны НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 106.7 грамм мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, 95.9 граммыг өөрийн биед авч явсан цүнхэнд буюу биедээ хадгалсан,

- мөн Б.Баттөр, О.Байгалмаа нартай урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэн Б.Баттөр, Байгалмаа нарын оршин суух, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 1-А байрны 07 тоотын орон сууцанд мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодис болох мэтамфетамины агууламжтай мөс 10.8 граммыг хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн,

 

Хоёр. Шүүгдэгч О.Байгалмаа, Б.Баттөр нар нь:  

 

1. Ц.Тэгшбаяртай урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэн, Ц.Тэгшбаярын Монгол улсын хил нэвтрүүлэн хууль бусаар олж авсан 1971 оны НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 10.8 грамм мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өөрсдийн амьдрах Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны 1-А байрны 07 тоотод хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь: 

-  Банкны лавлагаа, гар утасны биллд үзлэг хийсэн тухай “...Ц.Тэгшбаярын гэмт хэрэг үйлдэх үедээ ашиглаж байсан 90922012 дугаараас ...хэрэг болсон өдөр буюу 2016 оны 11 сарын 23-ны өдөр 12:22 цагт каргоны хүний утас болох 99666251 дугаартай холбогдож 26 секунт ярьсан мэдээлэл байна...” гэсэн тэмдэглэл /хэргийн 2-р хавтас 2х/,

- Мөнгөн Гүүр ББСБ-н Эрүүгийн цагдаагийн газарт ирүүлсэн 2017 оны 8 сарын 13-ны өдрийн 3/20 тоот албан бичиг, мөнгөн гуйвуулгын баримт /хэргийн 2-р хавтас 119х, 120х/,

- гэрч Д.Санжаахандын:  “... 2016 оны 11 сарын 16-ны өдөр 7 хоногийн хугацаатай 2 сая төгрөг зээлээч гэхээр нь тухайн үед надад мөнгө байгаагүй учир үнэн байдлаа хэлээд, -найзад нь зээлүүлэх мөнгө байхгүй ээ” гэхэд өдөржин над руу залгаад “мөнгө олоод өгөөч” гээд байхаар нь би найз Одончимэг рүү залгаад “2.0 сая төгрөг 7 хоногийн хугацаанд хүүтэй зээлүүлээч гээд байна чамд мөнгө байна уу” гэхэд надад “Монгол мөнгө байхгүй, харин 800 ам.доллар байна, бараг 2.0 сая төгрөг болно” гэж хэлсэн. Тэгээд Тэгшбаяр луу залгаад найзынхаа дугаарыг өгөхөд, тэр хоёр ярьж байгаад уулзаж, гэрээ байгуулаад мөнгөө зээлсэн байна лээ. Ганаа /Тэгшбаяр/ Одончимэгээс 7 хоногийн хугацаатай, 800 доллар 20%-ын хүүтэй зээлсэн. 7 хоногийн дараа мөнгөө буцааж өгөх болоод 2016 оны 11 сарын 24-ний өдөр Тэгшбаяр луу утсаар залгахад утсаа авахгүй, сүүлдээ утас нь холбогдохгүй болсон.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1- р хавтас 53х/,

- гэрч А.Одончимэгийн: “... Би Тэгшбаяр гэдэг хүнийг танихгүй. Манай найз Санхаажанд 2016 оны 11 сарын 16-нд 11 цагийн үед над руу залгаад хүн 2 сая төгрөг зээлээч гэж байна гэж хэлсэн. Тухайн үед надад 800 ам доллар байсан болохоор би зээлүүлье гэж хэлсэн. Маргааш нь буюу 2016 оны 11 сарын 17-ны өдөр Тэгшбаяр гэж эмэгтэй надтай утсаар холбогдоод 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн тэнд байх нотариат дээр ирж уулзаад 7 хоногийн хугацаатай, 20 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулан 800 ам доллорыг зээлүүлсэн. Тухайн үед Тэгшбаяр надад хэлэхдээ Хонгконгоос оригналь гутал, пүүз оруулж ирж зардаг гээд гар утаснаасаа зургийг нь хүртэл үзүүлж байсан болохоор итгэсэн. Бараагаа оруулж ирэх гэсэн мөнгө дутаад гээд байсан. Яг нотариатаар гэрээ байгуулж байх үед тэр эмэгтэйн гар утас нь байн байн дугараад нэг хүнтэй ви чатаар хятад, англи хэлээр  бараа авах, өгөх тухай яриад, бас тэр англи хүн нь хурдлаачээ, хэцүүдээд байна, гацах гээд байна гэх мэт утгатай зүйл бичлэгээр илгээгээд, тэр нь шууд сонсогдоод байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 54-55х/,

- гэрч Б.Билгүүний: “...2016 оны 11 сарын дундуур 10,11-ний үед манай ээж Баярмаа над руу мессенжерээр холбогдоод “хувцас явуулсан, тосч аваарай” гэсэн. Тэгээд би Нарантуулаас зүүн тийш нэг хашаан дотор байдаг каргоны газарт очоод авах гэтэл төлбөрийн асуудалтай байна гэхээр нь тухайн үед мөнгө байгаагүй учир каргогоо авч чадаагүй. Дараа нь би завгүй, машин тэрэг байхгүй учир манай ээжийн найз эгч Ганаа /Тэгшбаяр/ гэж эмэгтэй карго аваад гэрт авчирч өгсөн. Үүнээс хойш миний нэр дээр ээжээс дахин карго ирээгүй. Тухайн үед каргоны хүн над руу залгаад Ганаа гэдэг хүн таны каргог авахаар ирсэн байна, өгч явуулж болох юм уу гэхээр нь би болно гэж хэлж байсан.

Би ээжээс асуухад 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш дахин карго явуулаагүй, ямар учиртай юм бол гээд гайхаад байсан. Би ч бас 2016 оны 11 сарын 32-ны өдөр яагаад миний утасны дугаартай карго хураагдсаныг гайхаад байна. Миний гар утасны дугаар бичээстэй каргогоос хууль бус зүйл хураагдсан бол тэрийг Ганаа /Тэгшбаяр/ гэх хүн будлиан хутгаж байгаад авсан байх” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 56-57х/,

- шүүгдэгч О.Байгалмаагийн: “...2016 оны 11 сарын 23-ны өдөр 20:00 цаг өнгөрч байхад Тэгшбаяр манайд ирээд “надад маш их хэмжээний мөс байна, зарна, танайд бага зэргийг хадгалаад үлдээчихье, миний юм дуусахаар авна шүү, та 2 найдвартай юм чинь итгэж байна, хүнд битгий хэлээрэй” гээд миний гар утасны хайрцаганд 3 ууттай мөс хийсэн.

Тэгээд би “за за, чи тэгвэл нэг газар өөрөө хийчихгүй юу” гэж хэлэхэд өөрөө нуусан байсан. Би хаана хийснийг нь мэдээгүй. Дараа нь би усанд орчихоод гараад иртэл Тэгшбаяр “мөс сорох уу” гэхээр нь “яахын бэ” гэсэн чинь Тэгшбаяр “за яав л гэж, удахгүй төрөхийн хооронд нэг сорчих” гээд байхаар нь мөснөөс нь нэг удаа л сорсон. Манай нөхөр бас хамт хэрэглэсэн.” гэсэн мэдүүлэг, 

 - Шинжээч Т.Батхуягийн: “... Би Тэгшбаярт холбогдох хэрэгт нэгжлэг хийх явцад мөрдөн байцаагчийн хамт оролцсон. Энэ үед нэгжлэгээр гал тогооны өрөөнөөс илэрсэн хайрцаг бүхий гар жин, гялгар ууттай мөс мэт зүйл, гуурснууд, хуванцар сав, бонго гэх мэт зүйлүүд байсныг хэрэгт ач холбогдолтой гэж үзэж Nikon маркийн аппарат ашиглан нийт 18 кадр зураг авч бэхжүүлсэн боловч уг дижитал зургийн аппаратны мемори карт /санах ой/ нь зургуудыг хуулбарлах үед гэмтэж, тухайн үед авагдсан гэрэл зургууд устсан. Уг мемори картыг сэргээх гэсэн боловч сэргэх боломжгүйгээр гэмтсэн байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 58-59х/,

- Харьцуулах шинжилгээнд хэв хэлбэр, дээж авах тогтоол, шинжилгээнд дээж авсан тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 64-67х/, 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Химийн шинжилгээ хийсэн шинжээчийн 10143 тоот: 

1. Шинжилгээнд ирүүлсэн “Б.Баттөр 2016.11.24” гэж хаягласан хуванцар савтай шээс 110 мл, “Ц.Тэгшбаяр” гэж хаягласан хуванцар савтай шээс 110 мл, “О.Байгалмаа” гэж хаягласан хуванцар савтай шээс 90 мл-г тус тус ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн Б.Баттөр, О.Байгалмаа, Ц.Тэгшбаяр нарын гэх шээснүүдэд метамфетамин /МАМР/ илэрсэн.

3. Метамфетамин нь 1971 оны НҮБ-н сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 69-70х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Химийн шинжилгээ хийсэн шинжээчийн 10252 тоот:  

1. Шинжилгээнд ирүүлсэн зүйл болон дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн №9, 10, №12-21, 22, 23 дугаартай цайвар өнгийн мөс мэт талстлаг зүйл, №24 дугаартай цайвар өнгийн талстлаг мөс мэт зүйлээр бохирлогдсон уут гэх зүйл тус бүрээс метамфетамины /methamphetamine/ агууламж илэрсэн.

Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн гуурс мэт зүйлтэй таг, улаан, шар өнгийн гуурстай ногоон өнгийн таг, Mountain гэсэн шошготой хоосон хуванцар сав зэрэгт мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.

3. Шинжилгээгээр илэрсэн метамфетамин нь НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2-р жагсаалтанд багтдаг.

Жич: №9,10, №12-21, 22, 23 дугаартай цайвар өнгийн мөс мэт талст зүйл, цагаан өнгийн гуурс мэт зүйлтэй таг 1 ширхэг, улаан, шар өнгийн гуурстай ногоон өнгийн таг 1 ширхэг, Mountain гэсэн шошготой хоосон хуванцар сав, №24 дугаартай хоосон уут зэргийг дүгнэлтийн хамт буцаав...” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 72-76х/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 109 тоот дүгнэлтэд:

1. Ц.Тэгшбаяр нь 2011 оноос амфетамины бүлгийн сэргээгч бодисыг /сэтгэц идэвхит бодис/ хэрэглэх болсон байна.

2. Одоо Ц.Тэгшбаяр нь “Амфетамины бүлгийг сэргээгч бодисын хараат байдлын хам шинж” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна. Уг эмгэг нь олдмол эмгэг байна.

3. Ц.Тэгшбаяр нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Ц.Тэгшбаяр нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5. Мансуурах донтой, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх нэршлүүд нь утга нэгтэй ойлголтууд болно. Ц.Тэгшбаяр нь амфетамины бүлгийн сэргээгч бодисын хамааралтай байна.

6. Мансуурах донтой, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх нэршлүүд нь утга нэгтэй ойлголтууд болно. Ц.Тэгшбаяр нь амфетамины бүлгийг сэргээгч бодисын хамааралтай байна. Монгол улсад СЭМҮТ энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой.

7. Ц.Тэгшбаярт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна. Харин иргэний журмаар сайн дурын эмчилгээ хийлгэх шаардлагатай байна гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 89-92х/,

- Хүний биед үзлэг хийж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай Тестер шалгахад AMP хэсгийн T, C  түвшинд 1 тод улаан зураас эерэг /илэрсэн/

THC хэсгийн T,C түвшинд 2 улаан зураас сөрөг /илрээгүй/ гэсэн зааж байгаа нь Б.Тэгшбаяр нь метамфетамины агууламжтай мансууруулах бодис хэрэглэсэн болохыг зааж байгааг тэмдэглэсэн, үзлэгээр:  Ц.Тэгшбаярын барьж явсан хөх өнгийн үүргэвч цүнхэнд “...2 тустай гялгар ууттай зүйл байна. 1 уут нь 70мм х 50мм гэсэн улаан өнгийн бичигтэй, зиплок түгжээ бүхий гялгар уут байх ба дотор нь 9 ширхэг жижиг зиплок түгжээ бүхий гялгар ууттай, цайвар цагаан өнгийн, мөс мэт талстлаг зүйл, 2 дахь нь 5 х 8,5 см хэмжээтэй, зиплок түгжээ бүхий гялгар ууттай мөнгөлөг цагаан өнгийн нунтаг зүйл байсныг нийтэд нь саарал өнгийн жижиг гар жин дээр  жинлэж үзэхэд 99,44 гр зааж байсныг хураан авсан гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 6-8х/,

- Б.Баттөр болон О.Байгалмаа нар мансууруулах, сэтгэцэт нөлөөт бодис хэсэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тэмдэглэл /хэргийн 18х, 23х/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 9-11х/, Хан-Уул дүүргийн 3-р хороо 1-7 тоот дахь шүүгдэгч О.Байгалмаа, Б.Баттөр нарын гэрт үзлэг, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, шүүгдэгч Ц.Тэгшбаяр, Б.Баттөр, О.Байгалмаа нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Нийслэлийн Прокурорын газраас Ц.Тэгшбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 35.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2 дахь хэсэг зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэг зааснаар,

Б.Баттөр, О.Байгалмаа нарыг үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын гэмт үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Тэгшбаярыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх   бодисыг хууль бусаар Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг захиалж, зохион байгуулж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн,  мөн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, бусадтай бүлэглэн хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд, 

Шүүгдэгч Б.Баттөр, О.Байгалмаа нарыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хадгалсан гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Тэгшбаярын өмгөөлөгч Д.Энхцэцэгээс “Тэгшбаяр нь мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлбх бодисыг худалдан борлуулах зорилгоор олж аваагүй, өөрийн хэрэгцээнд, өөртөө хэрэглэхээр олж авсан, бусдад борлуулсан, түгээсэн зэргээр худалдан борлуулах зорилготой байсан гэх байдал хангалттай тогтоогдоогүй,  мөн уг төрлийн бодисыг Монгол улсын хилээр нэвтрүүлсэн гэх үйлдлийг гардан үйлдээгүй, шүүгдэгч Б.Баттөрийн өмгөөлөгч Э.Золбоо нь Б.Баттөр нь мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн гэрт хадгалсан байсан гэх асуудлыг огт мэдээгүй байсан” хэмээн  мэтгэлцэж, Ц.Тэгшбаярт Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх, мөн Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх үйлдлийг түүнд ашигтай байдлаар шийдвэрлэж хэрэгсэхгүй болгох, Б.Баттөрд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох санал тус тус гаргасныг  дээр дурьдсан үндэслэлээр хүлээн авч хангах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.     

 

Шүүгдэгч О.Байгалмаа нь урьд Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 355 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57-р зүйлийн 57.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан хүнд ялд нь багтааж, биечлэн эдлэх ялыг бүгд 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 59-р зүйлийн 59.2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 303 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож шийдвэрлэсэн ба түүний хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялтайд тооцогдох хугацаа дуусгавар болж ялгүй болсон байна.

 

Шүүгдэгч Ц.Тэгшбаяр, Б.Баттөр нар нь урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй болох ЦЕГ-н МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 1-р хавтас 160х, 187х, 3-р хавтас 99х/, тогтоогдсон тул нэр бүхий шүүгдэгч анх удаа Эрүүгийн хуульд заасан “хүнд” , “хүндэвтэр” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх юм.

 

Шүүгдэгч Б.Тэгшбаярын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх хэрэгт битүүмжлэгдсэн 20-12 УНН улсын дугаартай Приус-20 маркийн барьцаанд зээлийн гэрээний үүрэгт “Еэс капитал” ББСБ-н эзэмшилд бүртгэгдсэн,  иргэн Ц.Алтанцэцэгийн өмчлөлийн эд хөрөнгө болох нь тогтоогдсон, нөгөө талаар шүүгдэгч мансууруулах буюу сэтгэцэт нөлөөт бодисыг уг тээврийн хэрэгсэлд хадгалсан болон уг тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан байдал нь хангалттай тогтоогдоогүй учир 20-12 УНН улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлөн хууль ёсны эзэмшигчид буцаан олгох нь зүйтэй байна.   

 

Шүүх, шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тэдгээр нь хорих ял шийтгүүлж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа ойлгон ухамсарласан байдал зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан эрүүгийн  201601000245 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн:

- ШШҮХ-ийн шинжээчийн 10252 дугаартай дүгнэлтээр “метамфетамин” илэрсэн “мөс” гэх нэршилтэй нийт жин 105,1 грамм,

- Зиплок түгжээ бүхий 2 ширхэг хоосон уут,

- “Mountain” гэсэн бичигтэй, таггүй хуванцар сав,

- 2 нүх гаргаж цоолон 1 нүхэнд нь цагаан өнгийн резинэн соруул хийсэн цагаан өнгийг таглаа,

- Хоёр ширхэг нүх гаргаж цоолон шар, улаан өнгийн 2 ширхэг хуванцар соруул хийсэн ногоон өнгийн таглаа,

- Pocket Scale гэсэн бичигтэй хайрцагтай хар өнгийн жижиг хар жин,

- Samsung Galaxy A7 гэсэн бичигтэй цагаан өнгийн хайрцаг,

- Тээврийн хэрэгслээс хураан авсан гадуур нь битүү скочоор бүрж, баруун талд нь цэнхэр өнгийн лентээр нааж, урсан, дээр нь хар өнгийн үзгэн балаар 99200024 гэж бичсэн хар өнгийн гялгар уут зэргийг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж,

- Adidas гэсэн бичигтэй хар хөх өнгийн, дөрвөлжин хэлбэртэй үүргэвч 1 ширхэгийг Ц.Тэгшбаярт буцаан олгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.Тэгшбаяр нь 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 11 сарын 24-ний өдөр хойшлуулшгүйгээр баривчлагдаж, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл сэжигтнээр, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл яллагдагчаар, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл шүүгдэгчээр нийт 197 /нэг зуун ерэн долоо/ хоног /хэргийн 1-р хавтас 102х, 105х, 108х, 111х, 114х, 3-р хавтас 135х, 137х, 254х/  шүүгдэгч Б.Баттөр нь 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл сэжигтнээр, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл яллагдагчаар нийт 30 /гуч/ хоног /хэргийн 1-р хавтас 117х, 120х/ тус тус цагдан хоригдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон хугацааг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгч О.Байгалмаа нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, нэр бүхий шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус тогтоолд дурьдаж шийдвэрлэв.   

 

Түүнчлэн шүүгдэгч О.Байгалмаа нь анх удаа хүндэвтэр ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн, 2016 оны 12 сарын 09-ний өдөр төрсөн бага насны хүү Б.Төгөлдөр /РД:УЗ16320951/ 06 сартай болох нь хэргийн 1-р хавтас 183 дугаар талд авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар баримтаар тогтоогдсон тул түүний энэхүү нөхцөл байдлыг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасан журмыг хэрэглэж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэсэн болно.  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэг, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294, 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэг, 298, 299 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

                                               

ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Цэдэндамбын Тэгшбаярыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх   бодисыг хууль бусаар Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг захиалж, зохион байгуулж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн,  мөн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, биедээ болон бусадтай бүлэглэн хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,  

- Үйзэн овогт Болдын Баттөр, Боржигон овогт Оюунбилэгийн Байгалмаа нарыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хадгалсан гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Ц.Тэгшбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 35.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2 дахь хэсэгт зааснаар 06 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар 05 /тав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,

- Б.Баттөрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялаар,

- О.Байгалмааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Ц.Тэгшбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 35.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 06 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 05 /тав/ жил 01 /нэг/  сарын хугацаагаар хорих ялын зарим болох 01 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, Ц.Тэгшбаярын биечлэн эдлэх ялыг бүгд 07 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ц.Тэгшбаяр, О.Байгалмаа нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Б.Баттөрд оногдуулсан 04 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Ц.Тэгшбаярын цагдан хоригдсон 197 /нэг зуун ерэн долоо/ хоног, Б.Баттөрийн цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийг тус тус тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт заасныг баримтлан 20-12 УНН улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож тээврийг хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлөн, 20-12 УНН улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашиныг эзэмшигч өмчлөгч Ц.Алтанцэцэгт буцаан олгосугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн

“Adidas” гэсэн бичигтэй хар хөх өнгийн, дөрвөлжин хэлбэртэй үүргэвч цүнхийг ялтан Ц.Тэгшбаярт буцаан олгож,

-105,1 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах төрлийн бодис, зиплок түгжээ бүхий 2 ширхэг хоосон уут, “Mountain” гэсэн бичигтэй таггүй хуванцар сав, 2 нүх гаргаж цоолсон 1 нүхэнд нь цагаан өнгийн резинэн соруул хийсэн цагаан өнгийн таглаа, хоёр ширхэг нүх гаргаж цоолон шар, улаан өнгийн 2 ширхэг хуванцар соруул хийсэн ногоон өнгийн таглаа, “Pocket Scale” гэсэн бичигтэй хайрцагтай хар өнгийн жижиг гар жин, Samsung Galaxy A7 бичигтэй цагаан өнгийн хайрцаг, тээврийн хэрэгслээс хураан авсан гадуур нь битүү скочоор бүрж, баруун талд нь цэнхэр өнгийн лентээр нааж, урсан, дээр нь хар өнгийн үзгэн балаар 99200024 гэж бичсэн хар өнгийн гялгар уут 1 ширхэгийг тус тус зохих журмын дагуу устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг журамлан ялтан О.Байгалмаад 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, ялтанд хяналт тавьж ажиллахыг оршин суугаа газрын нутаг дэвсгэрийг харъяалах Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Б.Баттөрд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, Ц.Тэгшбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, ялтан нарын эдлэх ялыг 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

11. Ялтан, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  тайлбарласугай.

 

12. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Ц.Тэгшбаяр, Б.Баттөр нарт авсан цагдан хорих,  ялтан О.Байгалмаад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.БАЗАРХАНД 

                                

                                   ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР

 

                                                                                                 П.ТУЯАТ