| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2016/09401/И |
| Дугаар | 101/ШШ2017/00641 |
| Огноо | 2017-02-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 101/ШШ2017/00641
| 2017 оны 02 сарын 16 өдөр | Дугаар 101/ШШ2017/00641 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Г-т холбогдох,
Зээлийн төлбөр 4.620.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, хариуцагч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Х ХХК нь 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр иргэн Г.Гтэй барьцаат зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр иргэн Г.Гт 3.000.000 төгрөгийг 7 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдүүлсэн бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар түүний өмчлөлийн тоёота приус маркийн УНӨ улсын дугаартай автомашиныг манай компанийн нэр дээр шилжүүлэн барьцаалсан юм. Гэвч Г.Г нь зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй бүтэн жил гаруй хугацаанд элдэв шалтаг, шалтгаан тоочиж өнөөдрийг хүрлээ. Иймд үндсэн зээл 3.000.000 төгрөг, зээлийн гэрээний 1.3-т заасны дагуу хүү 120.000 төгрөг, зээлийн гэрээний 1.7-д заасны дагуу алдангийг Иргэний хуульд нийт үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэж заасныг удирдлага болгон 1.500.000 төгрөг, нийт 4.620.000 төгрөгийг хариуцагч Г.Гөөс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Миний бие Х ХХК-ийн нэхэмжилсэн 4.620.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд сарын хүү болох 300.000 төгрөг, 11 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 1.000.000 төгрөгийн төлөлтүүд уг компанийн дансаар төлөгдөөгүй. Нэхэмжлэлд эдгээр төлөлтийг тусгаагүй байна. Мөн барьцаалсан тээврийн хэрэгслийн даатгалгүйгээс болж би хохирсон. Иймд миний бие нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй болно гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Г.Гт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээл 3.000.000 төгрөг, зээлийн хүү 120.000 төгрөг, алданги 1.500.000 төгрөг, нийт 4.620.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Г.Г нь зээлийн зарим төлөлтийг оруулж тооцоогүй, мөн барьцаа хөрөнгийг даатгуулаагүйгээс хохирол учирсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.
Зохигчид 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр барьцаат зээлийн гэрээ бичгээр байгуулж, нэхэмжлэгчээс хариуцагчид 3.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй нөхцлөөр зээлдүүлсэн ба талууд энэ талаар маргахгүй байна /хх-6-7/.
Нэхэмжлэгч Х ХХК барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсан байна /хх-5/.
Дээрх гэрээ Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 286 дугаар зүйлийн 286.5 дахь хэсэгт заасан бичгийн хэлбэрийн шаардлага хангасан хүчин төгөлдөр ба мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс хариуцагчид зээл шилжүүлсэн байх тул зээлийн гэрээ байгуулагдсан байна.
Иймд нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Г.Гөөс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээл төлөх үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
Нэхэмжлэлд хариуцагчаас зээл 3.000.000 төгрөг, зээлийн хүү 120.000 төгрөг, алданги 1.500.000 төгрөг, нийт 4.620.000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Барьцаат зээлийн гэрээний 1.3-т зээлийн хүү сарын 7 хувь, 1.4-т хугацаа 2 сар байхаар заасан байх тул нийт 420.000 төгрөгийн хүү /3.000.000*7%*2/ тооцогдоно.
Хариуцагчаас зээлийн төлбөрт нийт 1.300.000 төгрөг төлсөн гэснийг нэхэмжлэгч 300.000 төгрөгийг зээлийн хүүнд тооцож нэхэмжлэл гаргахдаа хасч 120.000 төгрөгийн хүү нэхэмжилсэн, шүүхэд гаргасан баримт /хх-28/-ыг үндэслэн 1.000.000 төгрөгийг алдангиас тооцно гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж тогтоосон дарааллын дагуу хариуцагчийн төлсөн 1.300.000 төгрөгийг зээлийн төлбөрт тооцох нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр зээлийн гэрээний дагуу төлбөл зохих зээл, зээлийн хүүний нийт төлбөр 3.420.000 төгрөгөөс 1.300.000 төгрөг төлөгдсөн гэж үзэх ба хариуцагч 2.120.000 төгрөг төлөх үүрэгтэй байна.
Зээлийн гэрээний 1.7-д гэрээний хугацаа дуусахад зээлийн төлбөр төлөөгүй тохиолдолд зээлийн үлдэгдэл дүнгээ хоногийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр талууд харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байх тул нэхэмжлэгч хариуцагчаас алданги шаардсан нь үндэслэлтэй.
Гэрээний хугацаа 2015 оны 09 дугаар сарын 07-ны өдөр дууссан байх ба энэ хугацаанаас эхлэн хоног тутамд 15.000 төгрөгийн алданги тооцогдох ба сүүлийн төлөлт хийсэн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл тооцоход 440 хоногийн алданги 6.600.000 төгрөг болохоор байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул алдангийг гүйцэтгээгүй үүрэг болох 2.120.000 төгрөгийн 50 хувь буюу 1.060.000 төгрөгөөр тооцох нь зүйтэй.
Хариуцагч Г.Г нь нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж барьцаалуулсан тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч даатгал хийлгээгүйн улмаас уг тээврийн хэрэгсэл осолд ороход хохирсон гэж маргасан ба зээлийн гэрээний 4.1-д 8366УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалахаар талууд тохирсон, мөн уг тээврийн хэрэгсэл хариуцагчийн эзэмшил ашиглалтад байсан болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Гэвч зээлийн гэрээний 4.9-д барьцаатай холбогдон гарах зардлыг /тээврийн хэрэгслийн оношлогоо үзлэг болон даатгалтай холбоотой зардал/ зээлдэгч бүрэн хариуцахаар заасан байх тул хариуцагчийн татгалзлыг үндэстэй гэж үзэх боломжгүй, мөн хариуцагч татгалзлаа нотолж шүүхэд баримт гаргаагүй.
Дээрх үндэслэлээр хариуцагч Г.Гөөс зээлийн төлбөр 2.120.000 төгрөг, алданги 1.060.000 төгрөг, нийт 3.180.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Гөөс 3.180.000 /гурван сая нэг зуун наян мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.440.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Г.Гөөс 65.830 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88.870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА