| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2017/03462/И |
| Дугаар | 101/ШШ2017/03289 |
| Огноо | 2017-10-20 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2017/03289
| 2017 оны 10 сарын 20 өдөр | Дугаар 101/ШШ2017/03289 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: С,Сгийн /РД: хххххххххх/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: З ХХК-д /РД: ххххххххх/ холбогдох
Бэлэглэлийн гэрээ хүчингүй болгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,
Хариуцагч З ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өнөржаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
С.С нь өөрийн өмчлөлийн хххххххххххххххххх тоот хаягт байршилтай, 180 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-0000000000 дугаарт бүртгэлтэй, орон сууцыг аавдаа буюу аавынхаа байгуулсан З ХХК-д бэлэглэсэн. Уг З ХХК нь 1 гишүүнтэй компани.
С.С нь Налайх дүүрэгт байрлан, үйл ажиллагаа явуулдаг У.Ц ХХК-ийн захирал бөгөөд тус компани тоосгоны үйлдвэрлэл явуулдаг. С.С Э.К ХХК-д тоосго нийлүүлээд тоосгоны үнэ 260.000.000 төгрөгтөө дээрхи ххххххххххххх тоот хаягт байршилтай, 180 м.кв талбайтай, орон сууцыг бартераар авсан байсан.
З ХХК-ийн захирал Г.С нь 2017 оны 1 дүгээр сараас байнга архи хэрэглэх болж зан нь хувирч хүүгийндээ ирж муусайн баячууд байраа аваарай. Би компанийн захирал хүн, та нарын байртай, байргүй болно гэж агсам тавих болсон. Хамгийн сүүлд 2017 оны 4 дүгээр сард С.Сгийн зуслан дээр буюу С дүүрэг, 8 дугаар хороо, 20-20 тоотод согтуу ирсэн ба агсам тавиад байхаар нь цагдаа дуудахад Г.С гуай цагдаагаас зугтан явсных нь дараа ирээд хүүтэйгээ зодолдсон юм билээ.
Г.С нь байнга архи ууж, С.С болон түүний гэр бүл, эхнэр, хүүхдийг нь хэл амаар доромжлон, эрх чөлөөнд халдаж бэлэглэгчийг ноцтой гомдоож байх тул С.Сгийн Г.Сын үүсгэн байгуулсан З ХХК-тай 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хххххххххххххххххххх тоот дахь, 180 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-0000000000 дугаарт бүртгэлтэй, орон сууцыг тус З ХХК-д бэлэглэсэн Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээ-г хүчингүй болгож, бэлэглэлийн зүйлийг бэлэглэгч С.Сд буцаан олгож өгнө үү гэв.
Хариуцагч З ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гүнтэвчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч З ХХК, тус компанийн захирал Галсаннамжилын С нь өөрийн хүү Сын Сгийн өмчлөл дэхь хххххххххххххххххххх тоот хаягт байршилтай, 180 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-0000000000 дугаарт бүртгэлтэй, орон сууцыг 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн бэлэглэлийн гэрээний дагуу бэлгэнд авснаа зөвшөөрдөг.
Тэрээр архи ууж эвгүй байдал гарган хүүгээ, гэр бүлийг нь гомдоосноо хүлээн зөвшөөрч байгаа. Би Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ар талд байрлах Албан бус насан туршийн боловсролын төвийн 106 тоотод хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлдэг бөгөөд 2017 оны 3, 4 сарын орчим Г.С нь Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүлжүүлэгдсэн гээд надаас архитай холбоотой зөвлөгөө авч байсан. Үүнээс хойш надаас зөвлөгөө авах болсон.
З ХХК-ийн захирал Г.С нь архинаас болж үр хүүхдээ нэг бус удаа гомдоосноо зөвшөөрч бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд уламжилсан болно гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.С нь хариуцагч З ХХК-тай 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хххххххххххххххххххх тоот хаягт байршилтай, 180 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-0000000000 дугаарт бүртгэлтэй, орон сууцыг хариуцагч З ХХК-д бэлэглэсэн Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээ-г хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Сын С нь хариуцагч З ХХК-ийн захирал Г.Стай 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулсан байх ба тэрээр өөрийн өмчлөлийн хххххххххххххххххххх тоотод байршилтай, 180 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-0000000000 дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууцыг З ХХК-д бэлэглэсэн нь талуудын тайлбар болон бэлэглэлийн гэрээгээр тогтоогдож байх ба мөн өдөр уг орон сууц хариуцагч З ХХК-ийн өмчлөлд бүртгэгджээ.
/ХХ-ийн 3, 22 дугаар тал/
хххххххххххххххххххх тоот хаягт байршилтай, 180 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-0000000000 дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууцны өмчлөгч С.С болох нь С.Сд 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр олгогдсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар нотлогдсон болно.
/ХХ-ийн 4 дүгээр тал/
Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчын зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ гэж заасан бөгөөд энэ нь бэлэг авсаны төлөө ямар нэгэн хариу үйлдэл хийхгүй гэсэн үг ба талуудын хооронд байгуулсан дээрх гэрээний 1.1-т ... орон сууцыг хариу төлбөргүй шилжүүлэх ... талаар заасан байна.
Мөн хуулийн 276 дугаар зүйлийн 276.3-т Хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийнэ, 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно гэж заасан бөгөөд талууд бэлэглэлийн гэрээг хуульд заасан хэлбэрээр буюу бичгээр байгуулан уг хэлцлийг мөн өдрөө бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэнээр шинэ өмчлөгчид буюу бэлэг хүлээн авагчид орон сууцыг өмчлөх эрх үүссэн ба дээрх бэлэглэлийн гэрээ хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
З ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Г.С байх ба үүсгэн байгуулагчийн 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 01 тоот шийдвэрээр тус компанийн дүрмийг баталсан бөгөөд тус компани нь гадаад худалдаа, барилгын засвар хийх чиглэлээр үүсгэн байгуулагдсаныг 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр улсын бүртгэлд бүртгэжээ.
/ХХ-ийн 5-6, 11 дүгээр тал/
Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т Бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн бол бэлэглэлийг хүчингүй болгохыг бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй, 280.2-т Бэлэглэлийг хүчингүй болгосон бол бэлэглэлийн зүйлийг бэлэглэгчид, эсхүл түүний өвлөгчид буцаан олгоно гэж заажээ.
Ямар тохиолдолд ноцтой гэж үзэх нь тухайн тохиолдлоос хамаарах ба тухайн тодорхой нөхцөл байдал ач холбогдолтой бөгөөд бэлэглэгч болон бэлэг хүлээн авагчийн садан төрлийн байдал, гомдоосон үйлдэл хувийн хүрээнд хийгдсэн эсэх, харилцан муудалцсан эсэх гэх мэт.
Хариуцагч З ХХК-ийн захирал Г.С нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүү С.С болон түүний гэр бүлийн гишүүнтэй муудалцан, тэднийг гомдоосон үйлдэл нэг бус удаа гаргасан талаар талууд хэн алин нь тайлбарласан бөгөөд энэ нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл мөн гэж үзэхээр байна.
/ХХ-ийн 28-31 дүгээр тал/
Иймд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.С, хариуцагч З ХХК-ийн хооронд 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр байгуулагдсан хххххххххххххххххххх тоотын, 180 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-0000000000 дугаарт бүртгэлтэй, орон сууцыг хариуцагч З ХХК-д бэлэглэсэн Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээ-г хүчингүйд тооцож, бэлэглэлийн зүйл болох уг орон сууцыг бэлэглэгч С.Сгийн өмчлөлд буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.С, хариуцагч З ХХК-ийн хооронд 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр байгуулагдсан хххххххххххххххххххх тоот хаягт байршилтай, 180 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-0000000000 дугаарт бүртгэлтэй, орон сууцыг хариуцагч З ХХК-д бэлэглэсэн Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээ-г хүчингүйд тооцож, бэлэглэлийн зүйл болох уг орон сууцыг бэлэглэгч С.Сгийн өмчлөлд буцаан олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.457.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З ХХК-иас 1.457.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Сд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Н.САРАНГҮН