Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2022/00791

 

 

 

 

 

 

 

 

 

   2022        02          22                                     101/ШШ2022/00791         

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Н ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.О-д холбогдох,

 

5,939,079.17 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

Хариуцагч Г.О нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Н ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Г.О нь 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ККГ/100 дугаартай “Н кредит карт эзэмших гэрээ”-г байгуулан 6,000,000 төгрөгийн зээлийн эрх бүхий картыг авч ашиглаж байгаа болно.

Зээлдэгч нь өөрийн хэрэглэж буй кредит картын төлбөрт огт төлөлт хийгээгүй, улмаар талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1, 6.2.8-д заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн удаа дараа төлбөрөө төлөхийг шаардсан боловч шаардлагыг биелүүлэхгүй байх тул “Н кредит карт эзэмших гэрээ”-ний 9.9.1-д заасныг үндэслэн талуудын хооронд байгуулсан гэрээг нэхэмжлэл гаргах өдрөөр тооцож цуцалж дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

Г.Огээс “Н кредит карт эзэмших гэрээ”-ний дагуу авч ашигласан үндсэн зээл болох 4,975,085.01 төгрөг, хуримтлагдсан хүү 738,994.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 225,000 төгрөг буюу нийт 5,939,079.17 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “Н ББСБ” ХХК-иас Д.У-д олгосон итгэмжлэл, 2021.11.04-ний өдрийн кредит картын хүү тооцоолол, Г.О-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2020.05.29-ний өдрийн Н кредит карт эзэмших гэрээ, “Н ББСБ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, тус шүүхийн шүүгчийн 2021.10.27-ны өдрийн 101/ШЗ2021/18366 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, 2021.11.16-ны өдрийн кредит картын хүү тооцоолол, кредит дансны хуулга зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн. /хх-ийн 2-15, 53-59 тал/

Хариуцагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх хүсэлт, 2021.12.30-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, “Э” эмнэлгийн магадлагаа, 2022.02.22-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт зэргийг шүүхэд ирүүлсэн. /хх-ийн 23,30,38-39,52/ 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Н ББСБ” ХХК нь хариуцагч Г.О-д холбогдуулан үндсэн зээл 4,975,085.01 төгрөг, хүү 738,994.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 225,000 төгрөг, нийт 5,939,079.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Тус шүүх хариуцагч Г.О-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 5,939,079.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Н ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны  өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүгчийн 101/ШЗ2021/19712 тоот захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн, хариуцагч Г.О-д 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн гардуулан өгч, түүнд зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, хэрэгт авагдсан баримтуудтай танилцуулжээ.

/хх-ийн 17, 24-27/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч Г.О нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд ирүүлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.

 

Түүнээс гадна хариуцагч Г.О-ийн өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх хүсэлтээр 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээр 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааныг тус тус хойшлуулсан, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдааныг тус шүүхийн байранд халдвар хамгааллын дэглэм сахих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус шүүхийн үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан шүүх хуралдааны тов өөрчилсөн талаар түүнд мэдэгдэж, энэ өдрийн шүүх хуралдааны товыг 2022.02.08-ны өдөр мэдэгдсэн боловч тэрээр Ковид-19 халдвар авсан байж болзошгүй үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн боловч уг хүсэлтээ нотолсон баримтыг ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

/хх-ийн 29-45, 48-52/

 

Дээр дурдсан байдлаас үзэхэд хариуцагч Г.О нь нэхэмжлэгч “Н ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авсан боловч хуульд заасан хугацаанд буюу 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр болон түүнээс хойш хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, мөн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т: “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж зааснаас үзэхэд хариуцагч Г.О нь хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлийг бий болгосон гэж үзэв.

 

/хх-ийн 52/

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талуудын хооронд байгуулагдсан кредит картны харилцагч зээлийг эргүүлэн төлсөн дүнгээсээ буцааж ашиглах бөгөөд хариуцагч нь 6,000,000 төгрөгийн картнаас 4,975,085.01 төгрөгийг авч ашигласан, тэрээр зээлийг, хүүгийн хамт хугацаанд нь эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний хугацаанд тооцогдсон хүү 738,994.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 225,000 төгрөгийн хамт нийт 5,939,079.17 төгрөг гаргуулахаар шаардсан гэж тайлбарласан.  

 

Н ББСБ” ХХК, Г.О нарын хооронд 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр зээлдүүлэгч нь карт эзэмшигчид 6,000,000 төгрөгийн зээлийн эрх нээх, зээлийн төлбөрийн хэмжээ, төлөх хугацааны талаарх мэдээллийг өгөх,

Зээлдэгч Г.О нь зээлийн эрхтэй карт ашиглан гүйлгээ хийх, тухайн сарын нийт зарцуулалтыг дараа сарын 1-15-ны хооронд зээлийн эрхийн өмнөх сарын зарцуулалтыг бодогдож гарсан хэмжээгээр эргэн төлөх зориулалттай КГГ/100 тоот “Н кредит карт эзэмших гэрээ”-г 2 жилийн хугацаатай байгуулсан байна.

 

/хх-ийн 7-8/

 

Дээрх гэрээний 2.1-т: “зээлийн эрхийн хэмжээ 6,000,000 төгрөг, картын хугацаа 2 жил, зээлийн эрхийн хэмжээ 3,5 хувь, хүү бодох суурь хоног 365, хугацаа хэтрүүлсний шимтгэл хар карт 10,000 төгрөг, алтан карт 25,000 төгрөг,

Төлбөр эргэн төлөх өдөр дараа сарын 1-15-ны хооронд, төлбөр эргэн төлөх доод хэмжээ ашигласан зээлийн 10 хувь, бэлэн мөнгө авах өдрийн хязгаар зээлийн эрхийн 80 хувь, картын хугацаа 2 жил, АТМ-ээс бэлэн мөнгө авах шимтгэл ХХБ-ны 200 төгрөг, ХХБ-ны гэрээт банкны 300 төгрөг, бусад банкны 500 төгрөг, төлбөр эргэн төлөх доод хэмжээг төлбөр эргэн төлөх өдрөөс өмнө төлөөгүй тохиолдолд картын эрх хаагдах, төлбөр эргэн төлөх хуваарийн дагуу төлбөл зохих төлбөр, түүнд ногдох хүүг ХХБ 471017430 дансанд бүрэн шилжүүлсэн тохиолдолд картын эрх сэргэхээр тус тус тохиролцжээ.

 

Гэрээний оролцогч нь хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн гэрээний нөхцлийг өөрсдөө тодорхойлсон, үүний үндсэн дээр гэрээнд гарын үсэг зурсан, гэрээгээр зээлийн хэмжээ, түүний хүү, зээл эргэн төлөх хугацаа, талууд гэрээнд заасан үүргээ аль нэг нь биелүүлж чадахгүй тохиолдолд гэрээ цуцлах талаар тохиролцсон нь 1995 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж заасантай нийцсэн байна.

 

Дээр дурдсан байдлаас үзэхэд “Н ББСБ” ХХК, Г.О нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, тэдний хооронд гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.8-д “Карт эзэмшигч үүссэн өр төлбөр, түүнд ногдох хүү картын ерөнхий нөхцөлд заасан шимтгэл хураамжийг гэрээнд заасан хугацаа, нөхцлийн дагуу төлөх үүрэгтэй” гэж,  

9 дүгээр зүйлийн 9.9-д гэрээ болон картыг аль нэг талын санаачилгаар цуцлахыг зохицуулсан, 9.9.1-д “Аль нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй, эсвэл ноцтой зөрчсөн тохиолдолд нөгөө талын санаачилгаар, гэрээ цуцлах шалтгааныг бичгээр тодорхой гаргах” гэж тус тус заажээ.   

 

Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан кредит картын хүү тооцоолол, кредит картын хуулга зэрэг баримтаас үзэхэд талуудын хооронд 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 24 сарын хугацаатай байгуулсан гэрээний хугацаа 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр дуусгавар болох ба хариуцагч нь гэрээгээр тохиролцсон тухайн сарын нийт зарцуулалтыг дараа сарын 1-15-ны хооронд зээлийн эрхийн өмнөх сарын зарцуулалтыг бодогдож гарсан хэмжээгээр эргэн төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээ байгуулагдсан 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд 4,975,085.01 төгрөгийг кредит картаас авч ашигласан, зээлийн эргэн төлөлт хийгээгүй болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээний 2.1-т хугацаа хэтрүүлсний шимтгэл хар карт 10,000 төгрөг, алтан карт 25,000 төгрөг гэж тохиролцсон тул нэмэгдүүлсэн хүүд тооцож 225,000 төгрөгийг 2020.06.30-ны өдрөөс 2020.10.15-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцож шаарджээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд 1995 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 зүйлийн 3 дах хэсэгт: “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заажээ.

 

Дээр дурдсан байдлаас үзэхэд нэхэмжлэгч нь гэрээний 2.1-т хугацаа хэтрүүлсний шимтгэлийг нэмэгдүүлсэн хүүд тооцсон нь дээр дурдсан хуульд нийцсэн гэж үзэхээргүй байна.

 

Зээлдэгч Г.О нь зээлийн гэрээний үүргийг гэрээгээр тохирсон төлбөр эргэн төлөх доод хэмжээгээр төлөөгүй, 2020.05.20-ны өдрөөс 2021.11.16-ны өдөр хүртэлх хугацаанд авч ашигласан зээл болох 4,975,085.01 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч нь гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 9 дүгээр зүйлийн 9.9.1-т зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлах шаардлагыг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөр тооцож гаргасан тул мөн өдрөөр гэрээг цуцалж, гэрээг цуцлах хүртэл хугацааны гэрээний үүргийг шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Иймд хариуцагч Г.О-ээс кредит карт эзэмших гэрээний дагуу ашигласан зээл болох 4,975,085.01 төгрөг, хүү 738,994.16 төгрөг, нийт 5,714,079 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Н ББСБ” ХХК-д олгож, нэмэгдүүлсэн хүү 225,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасныг баримталсан болохыг дурдах нь зүйтэй.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч Г.О-ээс үндсэн зээлийн үлдэгдэл 4,975,085.01 төгрөг, хүү 738,994.16 төгрөг, нийт 5,714,079 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Н ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 225,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Г.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид 106,375.26 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Н ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 109,975.27 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ