| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2025/0043/э |
| Дугаар | 2025/ШЦТ/42 |
| Огноо | 2025-03-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Баттуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/42
2025 03 11 2025/ШЦТ/42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.*******т холбогдох эрүүгийн 2504000060025 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал
Улсын яллагч Б.Баттуяа
Шүүгдэгч А.******* нар оролцов.
Монгол Улсын иргэн, 1966 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ******* аймагт төрсөн, буриад, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хөдөө айлын мал малладаг гэх, ам бүл ганцаараа, Багануур дүүргийн 5 дугаар хороо, ******* ******* хэсгийн 18 дугаар гудамжны 01 тоотод оршин суух хаягтай,
урьд ******* аймгийн шүүхийн 1991 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 38 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
******* аймгийн шүүхийн 1992 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 11 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1996 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 1 жил 10 сар 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял,
******* аймгийн сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 244 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, ******* аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 72 дугаартай шүүгчийн захирамжаар зорчих эрх хязгаарлах ялыг 67 хоногийн хорих ялаар сольж байсан,
******* овгийн *******ийн ******* (РД:*******)
Шүүгдэгч А.******* нь согтуугаар хохирогч О.*******ийн хэвлийн тус газар нь хутгаар 1 удаа хатгаж, хэвлийн зүүн хажуу хэсэгт зүсэгдсэн ил шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч А.*******ын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2024 оны 11 дүгээр сарын эхээр Багануур дүүрэг 4 дүгээр хороо, хэсгийн 21 дүгээр гудамжны 04 тоотод О.*******ийнд 3 шил архи уусан. Нэг танихгүй залуу нь намайг үг хэлээрээ доромжлоод байсан, би О.*******тэй муудалцсан зүйл байхгүй, ******* болон тэнд байсан 2 залуу бүгд над руу дайраад байхаар нь нэг мэдэхэд *******ийг дээлний дотор талд байсан эвхэгддэг тонгорог хутгаараа айлгах санаатай далайхдаа хатгасан, хутгаа *******ийн гэрт орхиод явсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иргэний үнэмлэх дээр оршин суух хаяг бол манай дүүгийн хаяг юм. Би хөдөө айлд мал малладаг...” гэх мэдүүлэг, (хх-ийн 82 шүүх хуралдааны тэмдэглэлээс)
Хохирогч О.*******ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Тухайн өдөр гэртээ найз , , гийн ах бид 4 архи уугаад 17 цагийн үед явцгаасан. Гэртээ байж байтал , , ******* нар ирээд архи уусан. *******, нар хоорондоо чанга чанга дуугаар маргалдаад байхаар нь тай нийлж тэр 2-ыг гэрээс гаргахад хашаан дотор заамдалцаад дээр доороо ороод ноцолдоод эхэлсэн. Би *******ыг салгаж аваад *******ыг гэрийн үүднээс 10 алхам орчим алхаад “ингээд яв” гээд гэр лүүгээ буцаж ороход хэвлий хэсгээр нойтон байх шиг санагдаад гараа хийгээд үзтэл зүүн бөөр хэсгээс цус гарч байсан. Эмнэлэгт хэвтээд гарсан. Эмчилгээний зардалд 100.000 төгрөг авсан, миний бие одоо хэвийн эрүүл саруул байгаа, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 17-18, 20, 97),
Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын шинжээч Ө.Шаарийбуугийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “О.*******ийн биед хэвлийн зүүн хэсэгт зүсэгдсэн ил шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн №329 дугаартай дүгнэлт (хх-ийн 25-26),
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлээр “Иргэн Д.ээс Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Эмнэлгийн хүлээн авах тасагт хутгалуулсан хүн ирлээ” гэх мэдээллийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны орой 01 цаг 05 минутад хүлээн авав” гэжээ. (хх-ийн 01)
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтээр “хэрэг учрал гарсан гэх газар нь Багануур дүүргийн 4 дүгээр хороо, хэсгийн 21 дүгээр гудамжны 04 тоотод байв. Үзлэгээр төмөр зуухны баруун талд бор өнгийн модон иштэй эвхэгддэг хутга байх ба гэрэл зургаар баримтжуулан ад мөрийн баримтаар хураан авав” гэжээ. (хх-ийн 5-6, 9),
Согтуурал шалгасан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтээр “хохирогч О.******* нь 1.98 хувь” гэжээ. (хх-ийн 10)
Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолоор “бүртгэлийн 1826 дугаартай гомдол мэдээлэлд хураан авсан ажлын хэсэг нь 6 см, бариул хэсэг нь 8.5 см, нийт 14.5 см урттай бор өнгийн модон иштэй хутга 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэжээ. (хх-ийн 14)
Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэсийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 28/17 дугаар албан тоотод “Иргэн О.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш гэмтлийн оношоор Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвөөс тусламж үйлчилгээ авсан боловч эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал гараагүй байна” гэжээ (хх-ийн 43)
Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаарх “А.******* нь урьд 4 удаагийн ял шийтгэлтэй” гэх лавлагаа болон шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 44, 48-51, 55-59),
Иргэний үнэмлэхний “******* овгийн *******ийн *******, РД:*******” гэх лавлагаа болон хувийн байдалтай холбоотой Багануур дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн тодорхойлолтод “*******ийн ******* нь ******* *******ийн 18-1 тоотод ам бүл ганцаараа” гэх баримтууд (хх-ийн 40-41) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан дүгнэлт, тайлбар, тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч А.*******ын гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар
Хэргийн үйл баримтаар шүүгдэгч А.******* нь согтуугаар 2024 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, хэсгийн 21 дүгээр гудамжны 04 тоотод хохирогч О.*******ийг “бусадтай маргалдах үед нь салгах үйл явцад” түүний хэвлийн тус газар хутгаар нэг удаа хатгаж, эрүүл мэндэд нь хэвлийн зүүн хажуу хэсэгт зүсэгдсэн ил шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:
-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна хохирогч О.*******ийн “*******ын салгаж явуулаад гэртээ ороход хэвлий хэсгээр нойтон байх шиг санагдаад гараа хийгээд үзтэл зүүн бөөр хэсгээс цус гарч байсан” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн №329 дугаартай дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, согтуурал шалгасан тэмдэглэл, эд мөрийн баримт болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгч А.*******ын “хохирогчийг хутгаар хатгаж байгаа дээрх идэвхтэй үйлдэл”-ийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэх нь хүнийг зан төлөвийн хувьд хөөрлийн байдалд оруулж, улмаар дээрх нөхцөл байдалд гэмт хэрэг үйлдэх нь гэмт этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ихэсгэх нөхцөл болдог.
Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэвэл шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж, өөрийн үг үйлдлээ хянах чадвар нь алдагдаж, шүүгдэгчийн уур бухимдлаа зохицуулж чадаагүй байдал нь гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч А.******* нь хохирогч О.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Иймд гэм буруугийн талаар улсын яллагчийн гаргасан “шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлт нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.*******ийн эрүүл мэндэд хэвлийн зүүн хэсэгт зүсэгдсэн ил шарх бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба тэрээр мөрдөн байцаалтын шатанд “эмчилгээний зардалд 100.000 төгрөг авсан, сэтгэл санааны болон эмчилгээтэй холбоотой зардал нэхэмжлэхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч А.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.
Улсын яллагчаас “Шүүгдэгч А.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасныг шүүгдэгчийн зүгээс маргаагүй.
Иймд шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, шүүгдэгч А.*******ын хувийн байдал (2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 60 нас хүрнэ, урьд зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж байсан), эмчилгээний зардалд 100.000 төгрөг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд баримталдаг нийтлэг зарчим, зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 3 төрлийн ялаас торгох ялыг сонгож оногдуулахаар шийдвэрлэв.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн бор өнгийн модон иштэй хутгыг устгах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овгийн *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.*******ыг 1300 (нэг мянга гурван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 (нэг сая гурван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг А.*******т мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг А.*******т мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол А.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн нийт 14.5 см урттай бор өнгийн модон иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. А.*******т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА