| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2025/0044/э |
| Дугаар | 2025/ШЦТ/43 |
| Огноо | 2025-03-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Баттуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/43
2025 03 11 2025/ШЦТ/43
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хаалттай явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.*******ид холбогдох эрүүгийн 2504000000023 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал
Улсын яллагч Б.Баттуяа
Хохирогч Э.*******
Шүүгдэгч О.******* нар оролцов.
Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Багануур дүүрэгт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “**************” ХХК-нд аврах албанд аврагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ........... дүүргийн ... дүгээр хороо, ..... дугаар байрны ... тоотод оршин суух хаягтай, урьд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн ................ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдэж байсан, ******* овогт *******ын ******* (РД:*******)
Шүүгдэгч О.******* нь эхнэр Э.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч О.*******ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн:”...тухайн шөнө угаалгын өрөөнд манай эхнэр нь эрэгтэй хүнтэй эвгүй байдалтай байж байхыг нь харчихсан юм. Энэ асуудлаас болж би эхнэрийнхээ нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохьсон. Өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Сая иргэний шүүхээр орж хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид үлдээхээр болж, бид хоёр гэр бүлийн асуудлаа шийдвэрлүүлсэн. Бид хоёр хамт архи дарс ууснаас болж хэрүүл маргаан үүсдэг гэж дүгнэж байгаа...” гэх мэдүүлэг (хх-ийн 69, шүүх хуралдааны тэмдэглэлээс)
Хохирогч Э.*******гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Тухайн орой нөхөр болон найзуудын хамт ууцгаасан. Мөрдөн байцаалтын шатанд “манай нөхөр намайг зодоогүй өөрөө орны ******* мөргөж унаад гэмтсэн” гэж хэлчихсэн юм. Тухайн орой угаалгын өрөөнд эрэгтэй хүнтэй юм яриад зогсож байтал, манай нөхөр буруугаар ойлгоод миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохьсон. Ер нь манай нөхөр өөр эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаатай ба урьд нь намайг цохиж зодож байсан. Одоогийн байдлаар би эцэг, эхийнхээ гэрт тусдаа амьдарч байгаа. Цаашдаа *******оос хол баймаар байна, нэг газар хамт амьдармааргүй байна. Энэ нөхцөл байдлыг минь харгалзан үзнэ үү. Надад *******оос эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 22-23, 25, шүүх хуралдааны тэмдэглэл),
Гэрч З.*******ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр албан үүргээ гүйцэтгэн ажиллаж байхад үүрийн 05 цаг 30 минутын үед “нөхөртөө зодуулсан хүн ирлээ” гэхээр нь өрөөнөөс буугаад очтол зүүн талынх нүд нь хөхөрчихсөн эмэгтэй байсан, юу болсон талаар асуухад “манай нөхөр намайг угаалгын өрөөнд оруулж байгаад цохисон, хүнд хэлвэл ална шүү” гэсэн яриа өгүүлэлтэй байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 27),
Гэрч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “…Тухайн өдөр гэртээ байж байхад О.******* архи уусан бололтой манай гэрт ирээд хоол унд идээд надтай цуг 1 шил архи хувааж ууж байгаад эхнэрээ дуудсан. ******* манайд орж ирэхэд зүүн нүд нь хавдсан, цус хурсан байдалтай байхаар нь юу болсон талаар асуухад “2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр *******той маргалдаж муудалцаад ийм болсон” гэж байсан” гэх мэдүүлэг (хх-ийн 30-31),
Гэрч Б.*******н-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “…******* манай гэрт архи үнэртүүлсэн орж ирээд манай нөхөр хамаатны ах нартай түлээний мод бэлтгэж байгаад орой 19 цагийн үед архи, пиво дэлгүүрээс аваад хувааж ууцгаасан, орой эхнэр ******* ирсэн ба зүүн нүд нь хавдчихсан байсан.” гэх мэдүүлэг (хх-ийн 34-35)
Шүүхийн шинжилгээний газрын шинжээч эмч Ө.Шаарийбуугийн “...2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 49 дугаартай дүгнэлтэд: “Э.*******гийн биед зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх няцрал гэмтэл нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 49-50)
Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэсийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 28/183 дугаартай албан бичгээр “иргэн Э.******* (РД:) нь 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс хойш гэмтлийн оношоор эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй байна” гэжээ (хх-ийн 42),
Аюулын зэргийн үнэлгээгээр “өндөр” гэжээ (хх-ийн 3-4),
Согтуурал шалгасан тухай гэрэл зургийн үзүүлэлтээр “шүүгдэгч О.******* нь 3.36 хувь, хохирогч Э.******* нь 2.62 хувийн согтолттой” гэжээ (хх-ийн 5, 8),
Хохирогчийн нүүр, нүд хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 7)
Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “Бүртгэлийн 2364 дугаартай гомдол мэдээлэлд Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн мэдүүлэг авах 109 тоот өрөөний 2024 оны 12 дугаар сарын 30-ны өглөөний 06 цаг 21 минут 2 секундын хяналтын камерийн бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэжээ (хх-ийн 12)
Иргэний үнэмлэхний “...******* регистрийн дугаартай ******* овгийн *******ын ******* гэх лавлагаа болон бусад хувийн байдалтай холбоотой гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтууд (хх-ийн 85-86, 118-120, )
Нийслэлийн Багануур дүүрэх дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэсийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №111 дугаартай Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор “Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор *******ын ******* /РД:*******/-т холбогдох эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсонд тооцсугай” гэжээ. (хх-ийн 98)
Шүүгдэгч О.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд 1 удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 89-95) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч О.******* нь согтуугаар 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 102 дугаар байрны 09 тоотод хардалтын улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Э.*******г нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж түүний зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, салстад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Э.*******гийн мэдүүлсэн “угаалгын өрөөнд эрэгтэй хүнтэй хамт юм яриад зогсож байхад манай нөхөр буруугаар ойлгоод миний нүүрэн тус газар гараа нэг удаа цохьсон” гэсэн мэдүүлэг, гэрч З.*******ын “тухайн эмэгтэй надад хэлэхдээ манай нөхөр угаалгын өрөөнд оруулж байгаад цохьсон, хүнд хэлвэл ална шүү гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Б.*******ын “******* манайд орж ирэхэд зүүн нүд нь хавдаж цус хурсан байдалтай байхаар нь юу болсон талаар асуухад “2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр *******той маргалдаж муудалцаад ийм болсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Б.*******н-Эрдэнийн “******* манайд орж ирэхэд зүүн нүд нь хавдчихсан байсан” гэх мэдүүлэг, хохирогчийн зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 49 дугаартай дүгнэлт, хохирогчийн нүүр, нүд хэсгийн гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, согтуурал шалгасан болон аюулгын зэргийн үнэлгээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгч, хохирогч нар нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэрлэгчид тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлд заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай” гэж үзнэ. (хх-н 86)
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэдэгт “шүүгдэгч, хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байхаас гадна үйлдлийн шинж, урьд хүчирхийлэл үйлдэж байсан эсэх” зэрэг ойлголтыг хамруулан ойлгоно.
Хэргийн үйл баримтыг дүгнэхэд хэрэг болсон өдөр шүүгдэгч О.******* нь хохирогч Э.*******тай хардалтын улмаас хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогчийн эрүүл мэндэд халдаж хөнгөн гэмтэл учруулснаас гадна урьд нь хэд хэдэн удаа хохирогчийн эрүүл мэндэд халдаж байсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч О.*******ийн хохирогчийн биед халдаж буй дээрх үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд гэм буруугийн талаар улсын яллагчийн гаргасан “шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч О.*******ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба шүүх хуралдаанд хохирогчийн зүгээс “гомдол саналгүй, эмчилгээний болон сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт “Энэ гэмт хэргийг хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хуульчилсан.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Улсын яллагчаас “Шүүхээс О.*******ийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хохирогч Э.******* нь одоогийн байдлаар эцэг, эхтэй хамт амьдарч байх тул Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 15 дугаар байрны 20 тоотод шүүгдэгчийг очихыг хориглох албадлагын арга хэмжээ авах” гэсэн,
Хохирогчийн зүгээс “******* нь хотод амьдарч байгаа. Надаас хол байлгахыг хүсч байна” гэсэн,
Шүүгдэгчээс “торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “улсын яллагч шүүгдэгчийг яллах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхтэй холбогдуулан гаргасан хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн саналыг яллах үйл ажиллагаандаа харгалзана”,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “хохирогч нь шүүгдэгчийг яллах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхтэй холбоотой санал хүсэлтийг шүүх хуралдааны аль ч үед гаргаж болно” гэж зааснаас үзэхэд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хохирогчийн зүгээс гаргасан санал, хүсэлт чухал ач холбогдолтой байна.
Мөн аливаа эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх зорилгоос гадна нөгөө талаасаа дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зорилгыг хамтад нь агуулдаг.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж, бусдад төлөх төлбөргүй, мөн шүүгдэгч О.*******ийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний орлого, эд хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно” гэж заасан.
Иймд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан дахин гэмт хэргээс үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгын хүрээнд шүүх хуралдаанд хохирогч, улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад заасан хязгаарлалтыг тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуульд оногдуулсан ял дээр нэмж албадлагын арга хэмжээ авсан тохиолдолд ямар хугацаанд хэрэглэх талаар тодорхой заагаагүй байх тул шүүгдэгчид шүүхээс оногдуулсан торгох ялыг төлж биелүүлэх хүртэлх хугацаанд уг албадлагын арга хэмжээг авахаар шийдвэрлэв.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн камерийн бичлэг бүхий 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсарган үлдээхийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.*******ид 2500 (хоёр мянга таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 (хоёр сая таван зуун мянган) төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг О.*******ид мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг О.*******ид мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч О.*******ид шүүхээс оногдуулсан торгох ял дээр нэмж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “хохирогчтой харилцахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
6. Шүүгдэгч О.*******ид хэрэглэсэн “хохирогчтой харилцахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг торгох ялыг төлж биелүүлэх хүртэлх хугацаанд авсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол О.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн камерийн бичлэг бүхий 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
9. О.*******ид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, энэ тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА