| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 144/2021/0008/Э |
| Дугаар | 2021/ДШМ/09 |
| Огноо | 2021-03-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Амармөрөн |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2021/ДШМ/09
О.С, Ц.Б нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Прокурор: Б.Амармөрөн /онлайнаар/,
Нарийн бичгийн дарга: О.Очмаа нар оролцов.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЗ/30 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч О.С, Ц.Б нарт холбогдох 2029000000154 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дампын оператор мэргэжилтэй, “Энержи Ресурс" ХХК-д дампын оператор ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 326 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Ц.Б.
Монгол Улсын иргэн 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, О.С.
Яллагдагч Ц.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 22 цагийн орчим Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд байрлах нийтийн байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.С-тай үл ялих зүйлээс болж маргалдан зодолдож баруун чихийг нь тас хазан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч О.С нь 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 22 цагийн орчим Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд байрлах нийтийн байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Б-тэй үл ялих зүйлээс болж маргалдан зодолдож хоолойг нь боож, нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.А нь шүүгдэгч О.С, Ц.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.С, Ц.Б нарт холбогдох эрүүгийн 2029000000154 1 /нэг/ хавтас бүхий эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол О.С, Ц.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Б.А давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ: “...1. Шүүгч захирамждаа “...Прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллагдагч Ц.Б-г урьд өмнө нь нэг удаагийн ял шийтгэл эдэлж байсан гэж тэмдэглэжээ.
Хавтаст хэрэгт Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 326 дугаартай шийтгэх тогтоол авагдсан бөгөөд уг шийтгэх тогтоолын хуудас нь дутуу, хуулбар хувь байх бөгөөд нотлох баримтын шаардлага хангаагүй байна” гэж үзжээ. Хавтаст хэргийн 68-72-р хуудсанд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 326 дугаартай шийтгэх тогтоол авагдсан ба уг шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэхгүй байна.
Тухайлбал: хавтаст хэргийн 67 дугаар хуудсанд Өндөр овгийн Ц.Б-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас авагдсан. Уг ял шалгах хуудаст яллагдагч Ц.Б нь урьд өмнө нь Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 326 дугаартай шийтгэх тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэснийг 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр торгуулийг бүрэн төлж барагдуулсан гэх лавлагаа авагдсан байна.
2. Шүүгч захирамждаа “...мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Б нь О.С-аас хохирол төлбөр нэхэмжилсэн эсэх, гомдол саналтай байгаа эсэх, О.С нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх нь тодорхойгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ гэж заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй байна” гэжээ.
Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №655 дугаартай дүгнэлтээр “...Ц.Б-гийн биед тархины доргилт, дагз хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, хамар, хоёр нүдний зовхи, 2 чих, хүзүүний цус хуралт, зүүн нүдний алимын салстын цус харвалт гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлтээр /хх-ийн 43-44-р хуудас/ хохирогч Ц.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Б нь яллагдагч О.С-аас эмчилгээний зардалд хохирол төлбөр нэхэмжлэхгүй, хохирол төлбөрт ямар нэгэн гаргаж өгөх баримт байхгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй тухайгаа мэдүүлэг болон хүсэлтээ бичиж өгсөн байгаа нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хэргийн бодит байдлыг нотолсон гэж үзэхээр байна.
3. Шүүгч захирамждаа “...Прокурорын 06 дугаартай яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, уг яллах дүгнэлтийн хавсралт нь хэрэгт авагдаагүй байна” гэжээ.
Эрүүгийн 2029000000154 дугаартай О.С, Ц.Б нарт холбогдох хавтаст хэргийн 90 дүгээр хуудаст 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №06 дугаартай яллах дүгнэлтийн хавтаст авагдсан байна.
4. Захирамждаа “...дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.С-т холбогдох эрүүгийн дугаартай 3 хавтаст хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дах сум дундын прокурорын газарт буцаасугай” гэжээ.
Уг хэрэг нь дугаартай О.С, Ц.Б нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэрэг байхад өөр хэргийн талаар бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг зөрчсөн бөгөөд шүүгчийн захирамж хууль ёсны үндэслэлтэй болж чадаагүй байна. Дээрх хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх онцлог ажиллагаа болох хялбаршуулсан журмаар, гэмт хэргийг шуурхай шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйл, 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан байна.
Хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцээд прокурорт буцаасан шүүгчийн захирамждаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсгийг удирдлага болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЗ/30 дугаартай захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
Прокурор Б.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Хавтаст хэргийн 67 дугаар хуудсанд авагдсан Ц.Б-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаагаар 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 326 дугаар шийтгэх тогтоолоор 450 нэгжтэй торгох ял шийтгэл эдэлж байсан нь нотлогддог. Уг лавлагааг Архивын ерөнхий газраас албан тоотын хамт хуулбарлаж нотлох баримтын шаардлага хангуулж ирүүлсэн. Гэтэл 326 дугаар шийтгэх тогтоолын 3 дугаар хуудас дутуу хэвлэгдэж ирсэн. Гэхдээ лавлагаанаас харагдаж байх тул шүүгчийн захирамжид заасан Ц.Б-гийн хувийн байдлыг бүрэн тогтоогоогүй гэсэн үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн Ц.Б О.С-аас хэдэн төгрөг нэхэмжилсэн нь тодорхойгүй байна гэж шүүгч дүгнэсэн. Гэтэл Ц.Б нь хохирогчоор мэдүүлэг өгөхдөө болон бичгээр гомдол саналгүй тухайгаа мэдэгдсэн. Харин О.С Ц.Б-гээс цаашид гарах хохирлоо иргэний журмаар нэхэмжилнэ гэсэн учраас 2 хүний хүсэлтийг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн. Шүүгч захирамждаа яллах дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангаагүй гэдэг. Гэтэл хавтаст хэргийн 90 дүгээр хуудсанд 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 06 дугаартай яллах дүгнэлтийн хавсралт авагдсан байх тул яллах дүгнэлт хуулийн шаардлага хангасан. Мөн шүүгч захирамждаа О.С, Ц.Б нарт холбогдох хэрэг гэж бичих ёстой байтал бичилт, техникийн алдаа гаргаж Г.С-т гэж буруу бичсэн.
Тухайн хэргийг хялбаршуулсан журмаар гэмт хэргийг шуурхай шийдэхээр хуулийн шаардлага хангасан гэж үзсэний үндсэн дээр шүүхэд шилжүүлсэн. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.А-гийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр бичсэн 04 дугаартай эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.
Хэргийн бүх ажиллагаа болон шүүхийн шийдвэрийг хянахад Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.А нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 06 дугаартай яллах дүгнэлт үйлдэж яллагдагч О.С, Ц.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр харьяаллын дагуу Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ. /хх-87-90, 93-95/
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЗ/30 дугаартай тэмдэглэлд /хх-105/ “...Даргалагчаас: ...тухайн хэрэг нь хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэгдэх саналтай ирсэн гэж танилцуулж шүүх хуралдааныг явуулсан гэж тэмдэглэгдсэн боловч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт заасан журмыг баримтлахгүйгээр яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх тухай болон урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэргийг прокурорт буцаах тухай заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн заалтуудыг тус тус баримтлан шүүгчийн захирамжийг гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг анхан шатны шүүх зөрчсөн гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Шүүгчийн захирамжийн үндэслэх нь хэсэгт “...Хэлэлцсэн хэргийн талаар биш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.С холбогдох эрүүгийн дугаар 3 /гурав/ хавтас хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж шийдвэрлэв гэж” /хх-109/ өөрийн хэргийн талаар бичигдсэн нь “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг анхан шатны шүүх зөрчсөн байна.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, шүүхээс гарсан шийдвэр нь хуулийн шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс хяналтын прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлүүдэд дүгнэлт хийлгүйгээр шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЗ/30 дугаар шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч О.С, Ц.Б нарт холбогдох 2029000000154 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд буцаасугай.
3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч О.С, Ц.Б нарт хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Г.ТЭГШСУУРЬ