Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2022/0808

 

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2022/0808

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Х****

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн эрх залгамжлагч Э.М****** нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б******, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З******, хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ү***********, гуравдагч этгээдийн эрх залгамжлагч Э.М****** ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Ж***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Л нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Х****-гаас Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжийн Ч.Э******** холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, уг газрыг мэдээллийн сангаас устгасан Дүүргийн газрын албаны үйлдэл хууль бус болохыг тогтоож, зөвтгөж оруулахыг Дүүргийн газар зохион байгуулалтын албанд даалгуулах-аар, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрчилгээ олгохыг даалгах, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 160 дугаар захирамжийн Д.Х****д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох-оор тус тус маргаж байна.

2. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Газар эзэмшүүлж, ашиглуулах эрх баталгаажуулах, газрын эрхийг бусдын нэр дээр шилжүүлэх, хугацаа сунгах тухай 160 дугаар захирамжаар Даваасамбуугийн Хуланд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Сэлбэ зусланд 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрх, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Газар эзэмшүүлж, ашиглуулах, эрх баталгаажуулах, хугацаа сунгах, газар эзэмших, ашиглах эрхийг бусдын нэр дээр шилжүүлэх тухай 300 дугаар захирамжаар  Ч.Э******** мөн дүүргийн 18 хороо, Сэлбэ зусланд 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрх тус тус олгож шийдвэрлэсэн байна.

3. Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжийн Ч.Э******** холбогдох хэсгийг эс зөвшөөрч 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандан гомдол гаргахад Нийслэлийн Засаг даргаас 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ...Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжаар иргэн ... Ч.Э********нарт газар олгохдоо дүүргийн Засаг даргын 2007 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 160 дугаар захирамжаар олгогдсон иргэн Д.Х**** нарын газартай давхцуулан олгосон байна. Иймд 2007 оны 300 дугаар захирамжийг Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасны дагуу хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна... гэсэн хариу авсан, эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хэвээр байна гэж үзэн анх 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4. Нэхэмжлэгч Д.Х****нь нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын хариу тайлбартаа: 1/ Иргэн Д.Х****миний бие Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлбэ зусланд байрлалтай (нэгж талбарын дугаар: 18************ ) 700м2 зуслангийн зориулалттай газрыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 160 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсний дагуу 2007 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож гэрээ байгуулсан.

Энэхүү газраа 2007 оноос хойш гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж, газрын төлбөрийг зохих хугацаанд нь төлж газрын тухай хууль болон газар эзэмших гэрээнд заасан үүргийн зөрчилгүй, хууль ёсны дагуу эзэмшиж ирсэн. Миний эзэмшлийн газар болон хөрш иргэдийн эзэмшлийн газартай холбоотой зөрчил гарч байгааг хөрш Б.Д******** мэдэгдсэний дагуу Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулагчид нэгж талбарын дугаараа хэлж харуулахад өөр хүний нэр дээр байна гэсэн хариуг хэлсэн.

Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2020 оны 10 дугаар 09-ний өдөр иргэн Д.Х****миний *******дугаартай хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээгээр олгогдсон газрын бүртгэл, мэдээллийн сантай танилцуулж, шалган, миний газар эзэмших эрх зөрчигдөж болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хариуг яаралтай мэдэгдэнэ үү гэсэн өргөдөл бичгээр гаргаж өгсөн.

Гэвч тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газар зохион байгуулагч Батмягмар Иргэдээс төрийн байгууллагад гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлэхгүй, хуульд заасан хугацаанд хариуг өгөхгүй удаасаар 2021 оны 01 дүгээр 13-ны өдөр буюу 3 сарын дараа тус нэгж талбар дээр байгаа газар нь газрын маргаантай байгаа тул маргааныг шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг өгсөн болно.

14/263 дугаартай уг албан бичигт миний газартай бусдын газар давхардуулан олгосон эсэх мэдээллийн сан дах газрын байршлын кадастрын зурагт өөрчлөлт оруулсан эсэх бүртгэл мэдээллийн талаар огт дурдаагүй болно.

Миний бие 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазарт газрын маргаантай асуудлаа шийдвэрлүүлэх тухай өргөдлөө өгөхөд Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас өгсөн лавлагаанд ...Сүхбаатар дүүргийн 18-р хороонд дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн захирамжаар иргэн Ж.Б**, Э.М******, Ч.Э********, Д.О*********нарт газар олгохдоо дүүргийн Засаг даргын 2007 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 160 дугаар захирамжаар олгогдсон иргэн Д.Х****. Д.Х***** нарын газартай давхцуулан олгосон байна. Иймд 2007 оны 300 дугаар захирамжийг Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 "газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд ууссан маргааныг зохих шатны Засаг дарга заалтын дагуу хүчингүй болгож хянан шийдвэрлэх нь зүйтэй байна, Иймээс зөвлөмжийн дагуу авсан арга хэмжээний талаар 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор тус албанд хариу ирүүлэхийг Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд мэдэгдсэн гэсэн хариуг ирүүлсэн.

2/ ...гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан бие даасан шаардлагын бодит үндэслэл нь нотлох баримтад үндэслээгүй байна. Өөрөөр хэлбэл хуульд зааснаар шүүхэд үнэн зөв тайлбар гаргасан гэж үзэхгүй байгаа бөгөөд өөрийн нэхэмжлэл, тайлбар татгалзлын үндэслэлээ өөрөө нотолно гэж зааснаар нотлогдоогүй, баримтгүй, үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байна.

Тухайн бие даасан шаардлагад тусгагдсан 18************ нэгж талбарын дугаартай газрыг нэхэмжлэгч Д.Х**** Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 160 дугаар захирамжийг үндэслэн 2007 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн *******дугаартай хүчин төгөлдөр гэрчилгээгээр эзэмшиж байгаа болно.

Д.Х****нь 2007 оны 5 дугаар сарын 17-ны өдөр "TOP SURVEY" ХХК-аар кадастрын зургийг хийлгэж хуульд заасан шаардлага хангасан бусад бичиг баримт, гараар бичсэн өргөдлийн хамт 2007 оны 5 дугаар сарын 21-ний өдөр эрх бүхий байгууллагад өгсөн нь бүртгэл хяналтын картаас харагдаж байх ба үүнийг үндэслэн Засаг даргын захирамж гарч, гэрчилгээ олгогдсон байдаг.

Мөн Д.Х****гийн энэхүү нэгж талбар бүхий газрын кадастрыг хуульд зааснаар үйлдэн мэдээллийн санд оруулсан нь хэрэгт авагдсан хувийн болон эрх бүхий байгууллагаас гаргасан кадастрын зураг, газрын гэрчилгээ зэргээс тодорхой харагдаж байна.

Гуравдагч этгээд нь 2020 онд гэнэт өргөдөл хүсэлт гаргаж, түүндээ хариу авч, улмаар шүүхэд хандсан нь хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагдаж байгаа...Иймээс гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:...1/ Д.Х****өөрийн эзэмшил газар дээрээ байгаа, н.Б********, н.Л****, н.Г*******, н.Х*****, н.Б** гэх хүмүүсийн захирамж дээр 15 дугаар хороо Сэлбэ гэж байгаа нь асуудал үүсээгүй. н.Х*****, Д.Х****нарын газар дээр 2020 онд хүмүүс гарч ирээд давхацсан гэж яриад байгаа нь үндэслэлгүй....2007 оны 10 дугаар сарын 22-ны өдөр энэ хүмүүс өргөдлөө өгсөн гэж хэрэгт материал өгсөн байдаг, гэтэл 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Э.М****** Ч.Э******** гуайн хууль ёсны төлөөлөгч өөрөө бас газар эзэмшиж авч байсан гээд захирамж дээр тусгуулсан, тухайн үед 16, 17 настай байсан буюу Газрын тухай хуульд заасан шаардлага хангаагүй байна. 2007 онд болсон асуудалд өнөөдрийн хуулийг буцааж хэрэглэх боломжгүй...13 жилийн дараа яагаад шүүхэд хандсан юм бэ гэх асуултад хариулж чадаагүй, Мэдээллийн санд яагаад байхгүй гэдэг нь ойлгомжтой. 2020 онд устгаад оронд нь Ч.Э********ыг оруулсан байна.

Ямар шийдвэрийг үндэслэж хэн оруулаад байгаа юм бэ. Мэдээллийн санд 2009 онд бүртгэгдсэн гэдэг нь тогтоогдсон. Ингээд 2020 оныг хүртэл газрын төлбөрөө төлөөд хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй байсан байна. Дээд шатны байгууллага нь хүчингүй болгосон юм уу, эсхүл Газар зохион байгуулалтын албанаас нь байхгүй болгосон юм уу гэдэг нь тодорхойгүй байна.

Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй байхад мэдээллийн сангаас устгаж, өөр этгээдэд шилжүүлсэн үйлдлийг хууль бус гэж үзэж байгаа учраас мэдээллийн санд сэргээн бүртгэхийг даалгаж өгнө үү гэх шаардлагаа дэмжиж байна... гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбийн аманд тус дүүргийн Засаг даргын 2007 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 160 дугаар захирамжаар иргэн Д.Х****д 700 м2 газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдсон байна.

Тус байршил дээр дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжаар иргэн Ч.Э******** давхцуулан 700 м газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгогдсон ч газрын гэрчилгээ олгогдоогүй байна. Гэвч газрын кадастрын мэдээллийн санд Ч.Э********ын нэр дээр нэгж талбарын 18************/шинэ нэгж талбарын дугаар 14********/ дугаартай газар бүртгэлтэй байна. гэжээ.

6. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон бие даасан шаардлагадаа: ...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаартай захирамжаар Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, "Сэлбэ"-д зуслангийн зориулалтаар 700 м.кв талбайтай газрыг 15 жилийн хугацаатайгаар иргэн Ч.Э******** эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

Захирамжийн 2 дугаар хавсралтын "5169" дугаарт баталгаажсан. Захирамжийн дагуу газрын албаны мэргэжилтнээр газраа заалган кадастрын зураг хийлгэж нэгж талбарын 14******** /хуучин нэгж талбарын дугаар 18649325293706/ дугаар бүхий 705 м.кв талбайтай газар баталгаажуулж, газрын төлбөрийг тухай бүр төлж ирсэн бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээ авах, гэрээ байгуулах хүсэлт гаргасан боловч хариуцсан мэргэжилтэн солигдсон, бичиг баримт нь олдохгүй байна гэж удаа дараа буцаасаар өнөөдрийг хүрсэн.

Бид газар эзэмших гэрээ, гэрчилгээ олгохгүй байгаа тухай гомдлыг тус дүүргийн Засаг дарга, Газар зохион байгуулалтын албанд олон удаа гаргаж байсан боловч хариу өгдөггүй, тухайн үед гаргаж байсан гомдлууд олдохгүй байна гэж тайлбарладаг байсан.

Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн газарт 2020 оны 10 дугаар сард гомдол гаргаж, Газрын даргын 2020 оны 10 сарын 21-ний өдрийн 1/2994 дугаартай "Өргөдөл шилжүүлэх тухай" албан бичгээр Сүхбаатар дүүргийн Газрын албанд иргэн Ч.Э********ын нэр дээр эрх зүйн харилцаа үүсэж баталгаажсан байх тул хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгох ажлыг зохион байгуулан ажиллахыг даалгасан.

Ингэж явсаар Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 14/259 дугаартай албан бичгээр "тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг "Сэлбэ зусланд" иргэн Ж.Б** нарын 4-н иргэнтэй холбоотой гомдлыг судалж үзлээ. Тус нэгж талбар дээр газрын маргаантай байгаа бөгөөд тус иргэд нь Газрын тухай хуулийн 40.1.6 дугаар зүйлд заасны дагуу газраа 2 жил ба түүнээс дээш хугацаагаар эзэмшээгүйгээс болж маргаан үүссэн. Иргэн Ж.Б** ад манай албаны зүгээс 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 4079 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн.

Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4 дүгээр заалтад газартай холбогдсон маргааныг шүүх хяналтын байгууллагаар шийдвэрлэдэг тул та шүүх хяналтын байгууллагад хандан маргаанаа шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу өгсөн.

Мөн Газар зохион байгуулалт геодези зурагзүйн газарт хандан 2021 онд өргөдөл гаргаж өргөдлийн хариуг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 1/704 дугаартай албан бичгээр Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн 2021 оны 3 дугаар сарын зурган мэдээллээс албан бичгийн хавсралтаар ирүүлсэн регистрийн ********** дугаараар хайлт хийж үзэхэд, нэгж талбарын 14******** дугаартай, 705 м.кв талбайтай газар нь иргэн Ч.Э********/**********/-ын нэр дээр газар эзэмших эрхтэйгээр бүртгэгдэн баталгаажсан гэж хариу ирүүлсэн.

Д.Х****гийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2007 оноос хойш гэрээнд заасан болзол журмын дагуу газрын төлбөрийг төлж ирсэн гэсэн нь үндэслэлгүй учир нь гэрээ байгуулагдаж, гэрчилгээ олгогдож байж газрын төлбөрийн нэхэмжлэл үүсэж төлбөр төлөх болдог.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжид заасан газар хороо байршилд газрыг олгох үүрэгтэй. Маргаан бүхий газар нь Сүхбаатар дүүргийн 18-р хороо юм. Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн 15, 16-р хороог хувааж, 15-р хороо нь 17 хороо, 16-р хороо нь 18 дугаар хороо болсон, 2012 оны 4 дүгээр 11-ний өдрийн Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 30 дугаар тогтоолоор 16, 18-р хороодыг хуваан шинээр 19, 20 дугаар хороо байгуулснаар 15-р хороо нь 4 дүгээр хороо, 18 дугаар хороо нь 20-р хороо болон өөрчлөгдсөн байна. Одоо 15-р хорооны байршилд Сэлбийн 20-р хорооны нутаг дэвсгэр хамаарахгүй тул Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 5 дугаар 23-ны өдрийн 160 дугаартай захирамжийн холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны актад тооцож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ... Д.Х****гийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан, өргөдөлд хавсаргасан кадастрын зурагт нэгж талбарын дугаар бичигдээгүй, газар эзэмших гэрээ байхгүй тул хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээтэй.

Кадастрын зураг албан ёсоор баталгаажаагүй, мэдээллийн сангийн зураг хэвлэж хэрэгт хавсаргаж өгсөн байдаг, Д.Х****гийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд гэрээ байгуулж гэрчилгээ авсан, 2007 оноос хойш гэрээнд заасан болзол журмын дагуу эзэмшиж байгаа, төлбөр төлсөөр ирсэн гэдэг.

Учир нь гэрээ байгуулагдаагүй, газрын төлбөрийн нэхэмжлэл үүсгээгүй байхад Д.Х****нь Газар зохион байгуулалтын албаны данс руу нэгж талбарын дугаарыг бичиж төлбөрийг шилжүүлсэн байдаг. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжид заасан газар, хороо байршилд газрыг олгох үүрэгтэй. Д.Х****д 2007 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн захирамжаар олгогдсон хорооны байршил нь Сэлбийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарахгүй. Энэ нь нотлох баримт шинжлэн судлахад тогтоогдсон.

Д.Х****гийн нэр дээр газрын ямар нэгэн бүртгэл байгаагүй, устгасан талаар ямар нэгэн баримт байхгүй. Үүнтэй гуравдагч этгээд хамааралгүй. Устгасан талаар ч хавтаст хэрэгт баримт байхгүй. Үүнийг тогтоох боломжгүй. Харин Ч.Э********ын газар эзэмших эрхийн гэрээ, кадастрын зураг баталгаажсан байгаа. 2007 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Д.Х****гийн кадастрын зураг нь Газар зохион байгуулалтын албанаас зөвшөөрөл, мэдэгдэх хуудас авч хийлгээгүй, хянуулаагүй учир энэ зургийн дагуу эрх зүйн харилцаа үүсэх боломжгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасан захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй, хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шүүх шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэхээр хуульчилсан.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт эс үйлдэхүй-н талаар хуульчилсан. Газар зохион байгуулалтын албаны гэрээ байгуулж, гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус гэж үзэж байна. Гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг Газар зохион байгуулалтын албанд даалгаж өгнө үү.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг үндэслэлтэй гэж харж байна. Гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөн хөндөгдсөн. Мөн хорооны байршил илэрхий алдаатай бичигдсэн. Үүнийг 2022 онд мэдсэн учир энэ актыг хүчингүй болгуулахаар шаардлагаа нэмэгдүүлсэн. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд тухайн үед газрын албанд удаа дараа хандаж байсан. Мөн танай өгсөн өргөдөл гомдол олддоггүй гэх хариуг өгдөг. Гуравдагч этгээдийн хувьд газартай холбоотой асуудлаа хөөцөлдөж яваад авто ослын улмаас нас барсан үйл баримт байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй. Тийм учраас дээрх шаардлагуудыг хүлээн авч хангасан шийдвэр гаргаж өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг харьцуулан судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Х****тус шүүхэд хандаж Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжийн Ч.Э******** холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, уг газрыг мэдээллийн сангаас устгасан Дүүргийн газрын албаны үйлдэл хууль бус болохыг тогтоож, зөвтгөж оруулахыг Дүүргийн газар зохион байгуулалтын албанд даалгуулах нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд Ч.Э********ын өв залгамжлагч Э.М******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Э.М******д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг даалгах, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 160 дугаар захирамжийн Д.Х****д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох бие даасан шаардлага тус тус гаргасан.

1.    Нэхэмжлэгч Д.Х****гаас гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжийн Ч.Э******** холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага, Ч.Э********ын өв залгамжлагч Э.М******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 160 дугаар захирамжийн Д.Х****д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох бие даасан шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчээс уг шаардлагын үндэслэлээ ...Д.Х****гийн газар эзэмших эрх нь Ч.Э********аас түрүүлж үүссэн, хууль ёсны эзэмшигч мөн болох нь кадастрын зураг, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын албанд гаргасан өргөдөл, Хорооны Засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдоно, газрын гэрчилгээг сунгуулах, төлбөрөө төлөх боломжгүй хохирч байна... гэж тодорхойлсныг хариуцагч ... Д.Х****гийн газрын байршлыг 15 дугаар хороо гэж буруу бичсэн боловч газрын байршил, нэршил өөрчлөгдөөгүй хэвээр байгаа... гэж, гуравдагч этгээд ...байршил нь өөр байгаа, баталгаажсан кадастрын зураг, гэрээ нь байдаггүй, гэрчилгээний хугацаа нь дууссан, мөн Д.Х****д газрын хувийн хэрэг байхгүй, харин Ч.Э********ынх хууль ёсны дагуу үүссэн... гэж тодорхойлон,

Гуравдагч этгээд бие даасан шаардлагын үндэслэлээ ...Д.Х****д Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд газар олгохоор шийдвэрлэсэн, 15 дугаар хороо нь 18 дугаар хороо, 18 дугаар хороо нь 20 дугаар хороо болж өөрчлөгдсөн, газар нь өөр байршилд байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай илт хууль бус захиргааны акт... гэж тодорхойлсныг хариуцагч ...Д.Х****гийн газрыг 15 дугаар хороо гэж бичсэн нь техникийн алдаа болсон, Сэлбэ гэдэг нэр байршил нь өөрчлөгдөөгүй... гэж, нэхэмжлэгч тал ...2007 оны захирамжийг илт хууль бус гэж маргахад хөөн хэлэлцэх хугацаа яригдах ёстой, 2020 он хүртэл ямар ч үйлдэл хийж маргаагүй, 13 жилийн дараа өргөдлийн хариу аваад шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй... гэж тус тус маргав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Д.Х****нь Сүхбаатар дүүргийн Газрын харилцааны албанд хандаж ...тус дүүргийн Сэлбэ зуслангийн өмнө газар олгож өгнө үү гэсэн өргөдөл баримтууд хавсаргасныг тус Дүүргийн газрын албаны өргөдлийн бүртгэлд 2007 оны 5 дугаар сарын 21-ний өдөр бүртгэсэн байх ба улмаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 160 дугаар Газар эзэмшүүлж ашиглуулах эрх баталгаажуулах, газрын эрхийг бусдын нэр дээр шилжүүлэх, хугацаа сунгах тухай захирамжийн 327-д Д.Х****, 15 дугаар хороо, Сэлбэ зусланд 700 м2 талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай олгож баталгаажуулахаар шийдвэрлэн, уг шийдвэрийг үндэслэн 2007 оны 6 дугаар сарын 12-ны өдөр *******дугаар бүхий Газар эзэмших эрхийн гэрчилгээг Д.Х****д 18.ХР Сэлбэ зуслан байршилд олгосон үйл баримтууд тус тус тогтоогдов.

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Иргэн...газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана, 32.2-т Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана, 32.4-т Энэ хуулийн 32.2, 32.3-т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа...дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ гэж, 32.5-д Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг...дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна гэж тус тус заасан.

            Хуулийн дээр дурдсан заалтуудаас үзвэл хариуцагч дүүргийн газрын алба нь нэхэмжлэгч Д.Х****гийн ...Сэлбэ зуслангийн өмнө газар олгож өгнө үү гэх хүсэлт болон 2007 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөр огноолсон Топ сүрвэй ХХК-ийн үйлдсэн Нэгж талбарын байршлын кадастрын зургийг үндэслэн түүнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 160 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Сэлбэ зуслан байршилд 700 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийн *******тоот гэрчилгээ олгосон нь хууль зүйн үндэслэлтэй, хариуцагч захиргааны байгууллагаас гаргасан уг шийдвэр нь түүнд хуулиар олгосон эрх хэмжээ, чиг үүрэгт нийцсэн тул эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Х****д газар эзэмших эрх хууийн дагуу үүссэн гэж үзэхээр байна.

Харин Гуравдагч этгээд Ч.Э********ын тухайд, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Монгол улсын иргэн газар эзэмшихийг хүссэн өргөдөл-д Ч.Э******** Сэлбэ зуслан, 700 м2, ахуйн зориулалт гэж бичсэн боловч уг өргөдөл нь он сар, өдөргүй, Сүхбаатар дүүргийн газрын албаны Бүртгэл-хяналтын картад сар өдөр бичээгүй зөвхөн 2007 он, картын дугаар 5169 гэж бүртгэгдсэн, улмаар 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар бүхий Газар эзэмшүүлж ашиглуулах эрх баталгаажуулах, газрын эрхийг бусдын нэр дээр шилжүүлэх, хугацаа сунгах тухай Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжийн 5169 дүгээрт Ч.Э******** 18 дугаар хороо, Сэлбэ зуслан, 700 м2 гэж баталгаажуулсан, Ч.Э********ын нэрээр 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 2021 оны 1, 2 дугаар улирал болон 2022 оны 1 дүгээр улирлын газрын төлбөр төлсөн үйл баримтууд тус тус тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж зааснаас болон дээр дурдсан үйл баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Д.Х****гийн газар эзэмших эрх нь цаг хугацааны хувьд гуравдагч этгээд Ч.Э********аас түрүүлж үүссэн нь тогтоогдсон, энэ тохиолдолд хуулийн 31.3-д заасан шаардлага нь гуравдагч этгээд Ч.Э********ын хувьд хангагдвал зохих шаардлага, өөрөөр хэлбэл Ч.Э********ын хүсэлт болгосон газар нь бусдын эзэмшиж буй газартай давхцалгүй байх ёстой.

Гэтэл хариуцагч захиргааны байгууллага нь шийдвэр гаргахдаа нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тодруулж шалгахгүйгээр иргэн Д.Х****гийн нэгэнт хууль ёсны эзэмшил үүссэн газрыг иргэн Ч.Э******** олгохоор Дүүргийн засаг даргын 300 дугаар захирамжаар шийдвэрлэсэн нь хуулийн дээрхи шаардлагыг зөрчсөн хууль бус, ийнхүү газрыг давхцуулан олгосон захирамжийн улмаас нэхэмжлэгч Д.Х****гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул уг захирамжийн Ч.Э******** холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн Ч.Э********ын газар хүссэн өргөдөлд он сар өдөр бичигдээгүй, тухайн өргөдлийн Бүртгэл-хяналтын карт ч огноогүй байгаа нь түүнийг өргөдлөө хэдийд гаргасныг тогтоох боломжгүйд хүргэж байх хэдий ч Ч.Э******** газар эзэмших эрх олгосон 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Дүүргийн Засаг даргын 300 дугаар захирамж нь Д.Х****д газар эзэмших эрх олгосон 2007 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 160 дугаар захирамжаас он дарааллын хувьд сүүлд гарсан байгааг дурдах нь зүйтэй.

Хэрэгт гуравдагч этгээд Ч.Э********ын өв залгамжлагч Э.М******нь 2020 оны 10 дугаар сарын 14-нд Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт хандаж ...дүүргийн Газрын албанд...хүсэлт гаргасан...шалгаж шийдвэрлэж өгнө үү гэсэн гомдол гаргаж түүндээ өөрийн нэрээр гаргасан Газар эзэмших тухай хүсэлт /сар өдөргүй/-ийг нотлох баримтаар хавсаргаж хүргүүлсэн байх хэдий ч энэ нь Ч.Э********ыг нэхэмжлэгч Д.Х****гаас өмнө тухайн газрыг эзэмшихээр хүсэлт гаргасан гэдгийг нотлохгүй.

Түүнчлэн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э******оос 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нотлох баримтаар иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 01119-2007/00317 тоот гэрээ-г ирүүлсэн ба уг гэрээг Ч.Э********болон Дүүргийн газрын албаны мэргэжилтэн Э.З******нар байгуулснаар цахим системээс хэвлэсэн, мөн 2007 оны 9 дүгээр сарын 19-ний огноотой эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зургийг тус тус ирүүлсэн боловч эдгээр нь нэхэмжлэгч Д.Х****гийн газар эзэмших эрх үүссэнээс хойшхи хугацаанд хамаарч байгаагийн дээр эдгээр баримт нь нэхэмжлэгч Д.Х****гийн газар эзэмших эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Иймд дээрхи хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Х****гаас гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжийн Ч.Э******** холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.

1.2 Сүхбаатар дүүргийн Засаг даргын 160 дугаар захирамжийн Д.Х****д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох Бие даасан шаардлагын тухайд:

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 160 дугаар захирамжид нэхэмжлэгч Д.Х****гийн эзэмшил газрын байршлыг Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо гэж бичсэн, тухайн газрын байршил нь Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 08 дугаар тогтоолоор өөр хорооны нутаг дэвсгэрт хамаарахаар шинэчлэгдсэн боловч үүнийг шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 18 дугаар хороо гэхийг 15 гэж бичсэн нь манай байгууллагын гаргасан техникийн шинжтэй алдаа гэж тайлбарласан, түүнчлэн Д.Х****гийн эзэмшил газар нь Сэлбэ зуслан байршилтай уг байршил болон газрын нэгж талбарын 18************дугаар өөрчлөгдөөгүй болох нь тогтоогдож байх тул дээр дурдсан үндэслэлүүдээр уг захиргааны актыг илт хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д утга агуулгын илэрхий алдаатай захиргааны актыг илт хууль бус гэж үзэхээр заасан ба гуравдагч этгээдийн гаргаж буй үндэслэл болох ...захирамжид газрын байршлыг 15 дугаар хороо гэж бичсэн нь тухайн захирамжийг утга агуулгын илэрхий алдаатай гэх үзэх үндэслэл болохгүй, өөрөөр хэлбэл энэ нь хэлбэрийн төдий, техникийн шинжтэй алдаа гэж үзэхээр ба нөгөө талаар тухайн захиргааны актын улмаас гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн 15, 16-р хороог хувааж шинээр хороо байгуулсан үйл баримт тогтоогдсон хэдий ч Сүхбаатар дүүргийн 15-р хорооны байршилд одоогийн хаягаар Сэлбийн 20-р хорооны нутаг дэвсгэр хамаарахгүй гэх үндэслэл нь маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус гэж үзэх үндэслэл биш, түүнчлэн тухайн газрын оршин буй нутаг дэвсгэрийн хаягийг захирамжинд буруу бичсэн үйл баримт нь энэ маргааны тухайд эрх зүйн үр дагавар үүсгэхгүй буюу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 160 дугаар захирамжийн Д.Х****д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоох боломжгүй тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

2.    Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын Сүхбаатар дүүргийн Засаг даргын 300 дугаар захирамжийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрчилгээ олгохыг даалгах хэсгийн тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж тус тус заасан.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Ч.Э******** газар эзэмших эрх олгосон Дүүргийн засаг даргын 300 дугаар захирамж гарсан 2007 оноос хойш 2020 он хүртэл Дүүргийн газрын албанд газар эзэмших эрхийн гэрчилгээ авах, уг захирамжийг үндэслэн гэрээ байгуулах талаар гуравдагч этгээдийн зүгээс өргөдөл, хүсэлт гаргаж байсан нь тогтоогдоогүй, харин түүний өв залгамжлагч Э.М******аас 2020 оны 10 дугаар сарын 14-нд Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт хандаж, Ч.Э********аас 2020 оны 7 дугаар сарын 30-нд Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандаж тус тус гомдол гаргасан зэргээс үзвэл хариуцагч дүүргийн Газар зохион байгуулалтын албыг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж дүгнэх, цаашлаад Ч.Э******** газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй.

Мөн шүүхийн энэ шийдвэрээр Ч.Э******** газар эзэмших эрх олгосон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжийн Ч.Э******** холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрхийн гэрчилгээг Ч.Э******** олгохыг даалгаж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй, эдгээр үндэслэлүүдээр хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрчилгээ олгохыг даалгуулах тухай Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

3. Нэхэмжлэгч Д.Х****гаас гаргасан ...миний газрыг мэдээллийн сангаас устгасан Дүүргийн газрын албаны үйлдэл хууль бус болохыг тогтоож, зөвтгөж оруулахыг Дүүргийн газар зохион байгуулалтын албанд даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Д.Х****нь анх дүүргийн Газрын албанд хандаж газар эзэмших хүсэлт гаргахдаа хавсаргаж өгсөн гэх 2007 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөр огноолсон Топ сүрвэй ХХК-ийн үйлдсэн, Сүхбаатар дүүрэг 18 дугаар хороо, Сэлбэ зуслан хаягт орших, өөрийн нэгж талбарын байршлын кадастрын зургийг болон 2007 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөр огноолсон, мөн хаягт орших нэгж талбарын 18************дугаар бүхий кадастрын зургийг тус тус нотлох баримтын шаардлага хангуулж ирүүлсэн, харин Ч.Э********нь 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөр огноолсон, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Сэлбэ зуслан хаягт орших нэгж талбарын 18************дугаар бүхий кадастрын зургийг тус тус ирүүлсэн,

Түүнчлэн Э.М******аас Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газарт гомдол гаргасны дагуу тус газрын 2020 оны 10 дугаар сарын 21-ний 1/2994 дүгээр албан бичгээр Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд өргөдөл шилжүүлэх тухай албан бичиг хүргүүлж түүний хавсралтаар иргэн Э.М******ын эзэмшиж буй Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, сэлбэ зуслан хаягт байрлах, нэгж талбарын 18649325292671 дугаар бүхий газрын байршлын кадастрын зургийг илгээсэн болох нь тус тус тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Д.Х****хүсэлт гаргахад тухайн газрын тойм зураг нь авагдаагүй сүүлд гарч ирсэн, үүнээс болоод давхцал үүсэн болох нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын албан бичгээр тогтоогддог... гэж, гуравдагч этгээдээс ...анх хүсэлт гаргахдаа баталгаажсан кадастрын зургаа өгөөгүй, уг зураг нь хянасан хүлээж авсан гарын үсэггүй, нөхөж хийлгэсэн... Ч.Э********ын кадастрын зураг бүртгэлд үнэн зөв бүртгэгдсэн гэж тайлбарлан маргав.

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Газрын кадастрыг...дүүрэгт газрын алба, улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхэлнэ гэж, мөн зүйлийн 10.2-т Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ, 10.2.1-д газрын кадастрыг удирдах, зохион байгуулах гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Д.Х****нь анх хүсэлт гаргахдаа Топ сүрвэй ХХК-иар хийлгэсэн нэгж талбарын дугааргүй, 2007 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөр огноолсон кадастрын зургийг хавсаргаж хүргүүлснээр дүүргийн Засаг даргын захирамж гарсны дараа тухайн газрын кадастрын зураг нь нэгж талбарын 18************дугаартайгаар 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн архивын мэдээлэлд иргэн Д.Х****гийн нэр дээр анх бүртгэгдсэн, уг бүртгэл анх бүртгэгдсэн хэвээр байж байгаад 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн мэдээлэлд нэгж талбарын 14******** дугаартай болж иргэн Ч.Э********ын нэр дээр өөрчлөгдөн бүртгэгдсэн болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1/444 дүгээр албан бичиг, түүний хавсралт нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Дүүргийн газар зохион байгуулалтын алба нь 2009 онд үүссэн нэхэмжлэгч Д.Х****гийн газрын кадастрыг түүний хүсэлт, өргөдөл нотлох баримтгүйгээр 2022 онд гуравдагч этгээд Ч.Э********ын нэр дээр өөрчлөн бүртгэсэн нь хууль бус, уг үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул бүртгэлийг зөвтгөж бүртгэхийг хариуцагч захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус Удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.4, 31 дүгээр зүйлийн 31.3, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Х****гаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжийн Ч.Э******** холбогдох хэсгийг хүчингүй болгож, Д.Х****гийн газрыг мэдээллийн санд өөрчлөн бүртгэсэн Дүүргийн Газрын албаны үйлдэл хууль бус болохыг тогтоож, зөвтгөж бүртгэхийг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж, гуравдагч этгээд Ч.Э********ын өв залгамжлагч Э.М******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э********, Ч.Э****** нарын гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН