Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 117

 

МАГАДЛАЛ

 

2019.01.14                                                 Дугаар 117                                   У  хот

 

 

 

 

Ш.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 189/ШШ2018/00005 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ш.Д-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч А ХХК-д холбогдох,

Худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, учирсан хохирол нийт 4.457.500 төгрөг гаргуулах, 240 боодол өвсийг хадгалж байгаа агуулах чөлөөлөхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 61 тооны үхэр маллаж байна. Би Таванбогдоос тэжээл, будаа авч жил болгон малаа тэжээдэг. Гэтэл бэлтгэсэн өвс дууссан болохоор 2017 оны 01 дүгээр сард А ХХК-ийн захирал Н.Н-тай яриад бэлтгэсэн өвснөөс нь 400 боодлыг авахаар болж, өөрсдийн зардлаар 2017 оны 01 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд татаж аваад 61 тооны үхэртээ өгсөн. Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө 4 бяруу бөөлжиж, гэдэс нь дүүрсэн, халуурсан шинжтэй байсан. Энэ хугацаанд 1 бяруу үхсэн, 3 бярууны биеийн байдал хүндэрсэн. Эмч 3 бяруунд тариа хийж, үхсэн бяруунд задлан хийж, дээж авч явсан. 2017 оны 01 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд 2 бяруу дахин үхсэн. Энэ хугацаанд өвсөө өгч байсан. Тэр болгонд эмч дуудаж ирүүлсэн. Эмч хэлэхдээ задлан хийсэн бярууны ходоод улаан хүрэн өнгөтэй болсон байна. Ямар нэг зүйлээс хордсон шинж тэмдэг илэрлээ гэсэн. Тэгээд биднээс малдаа ямар тэжээл өгч байгаа талаар асуусан. Бид малдаа 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш У  ХХК-ийн хивэг, Дарханаас авсан улаан буудай, өөрсдийн бэлтгэсэн өвсөөр 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл тэжээсэн. Эмч худалдаж авсан өвсний 5 боодлоос дээж авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид /УМЭАЦТЛ/ шинжлүүлэхэд хариу нь аспергиллус нигер төрлийн мөөгөнцөр илэрсэн гэх хариу гарсан. Шинжилгээний хариу ирэхээс өмнө малд өвс өгөхгүй байхыг эмч зөвлөсөн боловч өөр өгөх тэжээлгүйгээс өвс өгсөөр байсан, нийт 16 үхэр өвдөж, 3 бяруу үхсэн. Бид өвс худалдаж авсан А ХХК-ийн захиралтай утсаар удаа дараа ярьж, мал үхээд байна гэхэд огт тоохгүй байсан. Бид аргаа бараад худалдаж авсан өвснөөс үлдсэн 240 боодлыг УМЭАЦТЛ-ийн шинжилгээний бичигтэй, сумын цагдаагийн тодорхойлолт хавсаргаад аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандаж, үлдсэн 240 боодол өвсийг устгаж өгөхийг хүссэн. Гэтэл өвсний эзэн Б.Н гэнэт хотоос эмч авчирч өөрийнхөө өвснөөс дээж авч явж шинжлүүлэхэд хариу нь мөн л мөөгөнцөртэй гэж гарсан. 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч С.У , н.Г  нар өвсний эзэн Б.Н-ыг дагуулж ирээд дахиад өвс, хивэг, будаанаас дахин дээж авч яваад хариу нь мөөгөнцөртэй буюу 3 дээжний хариутай мөн ижил гарсан. Бид шинжилгээний хариунд эргэлзээгүй. Харин хүргэж өгсөн дээжинд эргэлздэг. Бид Таван богд буюу “У ” ХХК-иас олон жил тэжээл, хивэг авч хэрэглэсэн. Хэрэв энэ хивэгнээс янз бүрийн мөөгөнцөр хор илэрсэн бол Мэргэжлийн хяналтын газар цаг алдалгүй очиж шалгах ёстой. Б.Н нь өөрийн зарсан өвсөө шаардлага хангахгүй болохыг мэдээд бусдын бараа бүтээгдэхүүнийг шинжлүүлдэг нь буруу юм. Энэ хүний өвсний хадгалалт буруу, өөрөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрсөн. Төв аймгийн шүүх бүрэлдэхүүний 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэрийн дагуу шинжээч өвснөөс дээж авсан байдаг. Үүний хариу мөөгөнцөр бол хаа сайгүй байдаг, энэ нь мал үхэх шалтгаан болохгүй гэсэн байдаг. Хариуцагч талын гаргасан зарим шинжилгээний бичиг нь нотлох баримтын шаардлага хангаагүй. Мөн шинжилгээний хариунд би гомдолтой байгаа. Иймд 400 боодол өвсний үнэ 1 960 000 төгрөг, өвс тээвэрлэлтийн хөлс 160 000 төгрөг, малын эмчийн дуудлага 50 000 төгрөг, малын эмчилгээнд 100 000 төгрөг, мал устгахад зарцуулсан машины шатахууны 150 000 төгрөг, өвсөнд хордож үхсэн үхрийн үнэлгээ 1 үхрийг 1 000 000 төгрөг, 1 бяруу 500 000 төгрөг нийт 4 457 500 төгрөгийг хариуцагч А ХХК-иас гаргуулах, мөн 240 боодол өвсийг устгуулж, өвс хийсэн агуулах сав чөлөөлж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Манай компани малын тэжээл өвс бэлтгэдэг ба Улсын байцаагчийн дүгнэлт гарсан байдаг. Төв аймаг болон Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагчийн шинжилгээгээр өвс нь стандартын шаардлага хангасан гэж үзэж байгаа. Малын тэжээл, хивэг, өвс, будаа зэрэг нь шинжилгээгээр бүгд мөөгөнцөртэй гарсан байтал зөвхөн манай компанийн өвснөөс болж үхэр үхсэн гэдэг. Мөн манай компанийн өвснөөс зөвхөн Ш.Д-ын мал хордоно гэж байхгүй. Манай талын гаргаж өгсөн нотлох баримтын хувьд хуулбар үнэн тамгатай тул нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж байгаа. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр мал юунаас болж үхсэн гэдгийг тогтоодог. Бид гаднаас нь хараад мэдэхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А ХХК-иас     3 870 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 587 500  төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Д-ын Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Морин давааны ард байрлах агуулахад хадгалагдаж байгаа 240 боодол өвсийг авч чөлөөлж өгөхийг хариуцагч А ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 270 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч А ХХК-иас 76 870 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Д-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг даргалагч, шүүгч Л.Н шүүх хуралдааныг нээж, шүүх бүрэлдэхүүнийг танилцуулж татгалзан гаргах эрхийг тайлбарлахдаа, А Ж  ХХК-ийн захирал Б.Н-тай олон жилийн өмнө ерөнхий боловсролын сургуульд хамт суралцаж байсан гэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.П нь манай гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэвэл шүүх бүрэлдэхүүнээс татгалзах зүйлгүй. Мөн өмгөөлөгч Г-ыг  ч хуралд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэж тайлбарласан нь шүүх бүрэлдэхүүнд шууд нөлөөлж, өөрийн үзэл бодлоо тулгасан гэж үзэхээр байгаа юм. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний дүнгийн хуудас, дүгнэлт зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, эх хувь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн нь нотлох баримтын шаардлагыг хангаагүй гэжээ. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн дүгнэлтийн хуулбарыг тус байгууллагын архиваас гаргуулж, хуулбар үнэн гэсэн улаан тэмдэг дарагдсан тул нотлох баримтын шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж байгаа юм. А Ж  ХХК нь улсын нөөцөд жилд 300-400 тонн өвсийг стандартын шаардлагыг хангаж бэлтгэн нийлуүлдэг ба өвсөнд мал хордож үхсэн талаар ямар нэгэн асуудал гарч байгаагүй, мөн малчин Ш.Д-тай хамт нуруунаас өвс авсан малчдын мал өвсөнд хордсон асуудал гараагүй. Мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний дүгнэлтээр Ш.Д-ын мал өвсөнд хордоогүй, өвсөнд илэрсэн мөөгөнцөрийн хэмжээ хамгийн доод хязгаараас манай компанийн бэлтгэсэн өвс 1000 дахин бага гэж гарсан байхад Ш.Д-ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, өөр бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлүүлэхээр гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ш.Д нь хариуцагч А ХХК-д холбогдуулан  худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, учирсан хохирол нийт 4 457 500 төгрөг гаргуулах, 240 боодол өвсийг хадгалж байгаа агуулах чөлөөлөхийг хариуцагчид даалгахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2017 оны 01 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд нэхэмжлэгч нь Н.Н-аас 400 боодол өвсийг 1 960 000 төгрөгөөр худалдан авч малдаа өгснөөс 1 үнээ, 2 бяруу нийт 3 үхэр хордож үхсэн, өвснөөс дээж авч шинжлүүлэхэд мөөгөнцөртэй гэсэн дүгнэлт гарсан, Төв аймгийн Эрдэнэ сумын ханш тогтоох үнэлгээний комисс үнээг 800 000 төгрөгөөр, бярууг 400 000 төгрөгөөр үнэлсэн зэрэг үйл баримт Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид мөөгөнцөр илэрсэн гэх баримтаар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээний зүйл болох өвс нь мөөгөнцөртэй байснаас нэхэмжлэгчийн үхэр хордож үхсэн, нэхэмжлэгч нь мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан хугацаанд өвсийг сольж өгөх талаар хариуцагчид шаардлага гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Харин худалдаж авсан 400 боодол өвснөөс 160 боодлыг малд өгсөн байхад энэ өвсний үнийг хариуцагчаас гаргуулсан нь үндэслэлгүй юм. Иймд 160 боодол өвсний үнэ болох 784 000, тээвэрлэлтийн зардал 160 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн 3 870 000 төгрөгөөс хасч шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт зааснаар барааг зөөх, тээвэрлэхтэй холбогдсон зардлыг худалдан авагч хариуцдаг болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг өөр бүрэлдэхүүнээр шийдвэрлүүлэх...” гэж гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж үзнэ. Учир нь шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл хуралдааныг даргалагч шүүгч өөрийгөө хариуцагчтай дунд сургуульд хамт сурч байсан талаар мэдэгдэж, татгалзал байгаа эсэхийг асуухад шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг нэр заан татгалзаагүй байх тул татгалзлыг шүүх шийдвэрлээгүй гэх гомдол үндэслэлгүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 189/ШШ2018/00005 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “3 870 000” гэснийг “2 926 000”, “587 500” гэснийг “1 531 500” гэж тус тус өөрчлөн,

шийдвэрийн тогтоох хэсгийн 3-т “76 870” гэснийг “61 766” төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

  1. . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 78 870 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

     ШҮҮГЧИД                                   Б.НАРМАНДАХ

                                                             М.НАРАНЦЭЦЭГ