Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 365

 

Б.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 389 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 552 дугаар магадлалтай, Б.Б-д холбогдох 170600000045 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Б-ын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 687 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Цэцэг зуутраг овогт Б-ын Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсэгт заасан “Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж онц харгис хэрцгийгээр алах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Б-ыг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсэгт зааснаар 12 жил хорих ял шийтгэж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос Б.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Б.Б-ыг онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Б гаргасан гомдолдоо “Миний бие 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 0.5 граммын “Алтан” нэртэй архи аваад нагац ах Г-н гэрт очиход ах маань архи уусан бололтой унтаж байхаар нь хойд талын хөрш айлд архиа талд нь ортол уучихаад Э-тай хамт найз бүсгүй Д-н гэрт очсон боловч гэртээ байгаагүй. Тэгээд буцаад Г ахынд Д-н ах Д, хүргэн Н нартай хамт очиход босчихсон байсан ба мэнд усаа мэдэлцсэний дараа надад хоол хийж өгөхөөр болсон. Тэгээд Д, Н бид гурав гараад дэлгүүрээс 0,75 граммын “Хараа” нэртэй архи, ундаа, тамхи авчраад архиа уугаад сууж байтал Д, Н хоёрыг ээж нь дуудаад аваад явсан. Га ах бид хоёр сууж байтал ах гэнэт  уурлаж “хоёр п…а яах гэж гэртээ оруулж ирж байгаа юм бэ, тэр Д чинь янхан ш дээ” гэж хэлэхээр нь миний дургүй хүрч “та олон жилийн өмнө төрсөн эхийгээ ш..ж байсан биз дээ, чам шиг төрсөн эхийгээ ш..хгүй л бол янханаа ш..на уу, юугаа ш..на уу чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлсэн чинь “намайг ална” гэж сандал бариад дайрахад зугтах гэсэн боловч ар дагзандаа сандлаар хүчтэй цохиулаад ухаан алдаж унасан. Ухаан ороод сэрсэн чинь “чамайг ингээд алчихъя, яасан олон юм хуцдаг гөлөг вэ” гээд сандлаар ар нуруу, өгзөг хавиар нүдэж байхаар нь босоод ирсэн чинь миний үүдний шүдийг дотогшоо цохисон. Тэгээд би өөрийгөө хамгаалах зорилгоор Г ахын нүүрэн тус газар нь баруун гараараа цохиход тэнцвэр алдаж унасан. Энэ үед гаднаас Д, Н хоёр орж ирэхэд Г ах “ахыгаа яах гэж зодож байгаа юм бэ” гэж жүжиглэж сүүлдээ сүх бариад над руу дайрахад тэр хоёр салгасан. Тэгээд тэндээс Д, Н хоёртой хамт гараад пиво ууж байхад эхнэрүүд нь ирээд аваад явсан юм. ... Утас, нүдний шил авахаар Г ахынд буцаж очихдоо дэлгүүрээс 0,33 граммын “Хараа” нэртэй архи аваад орсон. Тэгээд тэр архинаас нэг хундага уугаад сууж байхдаа өлсөж байна шүү таны хийж байсан хоол яасан бэ гэсэн чинь Г ах босоод тумбочик ухаж байснаа гэнэт хутга ирлэгч гартаа барьчихсан “чамайг одоо гэрчгүй байхад ална” хэмээн над руу дайраад тулаад ирэхээр нь сандарсандаа хутга ирлэгчээс нь барьж аваад булаацалдаж байж арай гэж салгаж авахад жижиг хутга гаргаж ирсэн. Энэ үед цочирдсондоо хяналтаа алдсан ба нэг мэдэхэд учиргүй орилчихсон Г ахын дээрээс дэвсэж байсан. Тэгээд ухаан ороод Г ах руу хартал ямар ч ухаангүй нүүр ам нь өмнөхөөсөө аймаар болчихсон баруун орны урд хэвтэж байсан. ...Миний хувьд хүнийг санаатай алаагүй, өөрийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор буюу аргагүй хамгаалалт хийсэн болно. Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэдэг нь хүнийг алахын өмнө буюу алах явцдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон байхыг ойлгоно. Мөн гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн байдаг. Иймээс хэргийн зүйлчлэл тохироогүй гэж үзэж байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн иштэй арзгар иртэй жижиг хутга, иш нь хугарсан хутга ирлэгч, мөн гэрч Д, Н нарын нуусан хутга, сүх зэрэг зэвсгийн чанартай зүйлүүдэд шүүх онцын ач холбогдол өгөөгүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг орхигдуулсан. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат хэлсэн саналдаа “Шүүгдэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг өмгөөлөгчийн хувьд бүрэн дэмжиж байна. Давж заалдах шатны шүүхээс хоёр хүндрүүлэх нөхцлөөс нэг шинжийг нь үгүйсгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Анхан шатны шүүх зөвхөн цусан дахь спиртийн хэмжээгээр нь дүгнэж биеэ хамгаалж чадахгүй гэж үзэн хүндрүүлж ял шийтгэсэн нь үндэслэлгүй. Тухайн хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн байгааг анхаарч үзнэ үү” гэв.

Мөн хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүх хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь мэдсээр байж санаатай алсан гэж үзэж ял шийтгэснийг давж заалдах шатны шүүх үгүйсгэж тухайн үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй. Харин шүүгдэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдагдсан би хохирогчийг санаатай алаагүй зөвхөн өөрийгөө хамгаалах зорилгоор эсрэг үйлдэл хийсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Шинжээчийн дүгнэлт болон хохирогчийн биед олон тооны шарх үүссэн байгааг анхаарч үзэх нь зүйтэй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б-ын гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 18-23 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 278 тоотод байрлах талийгаач Г.Г-ын гэрт түүнийг хувийн таарамжгүй харьцааны улмаас онц харгис хэрцгийгээр зодож алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс хүндрүүлэх бүрэлдэхүүний “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж” гэх шинжийг хэрэгсэхгүй болгож зөвтгөж шийдвэрлэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулжээ.

Аргагүй хамгаалалт хийсэн гэж хяналтын журмаар гаргасан гомдолдоо Б.Б дурдсан боловч нагац ах Г.Г-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж илтэд хүч давамгайлан зодож олон тооны шарх гэмтэл, ясны хугарал учруулан алсан гэмт хэргийг үйлдсэн гэж анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна.

Иймд шүүгдэгч Б.Б-ын гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 389 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 552 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                       

 

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН