Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 221/MA2017/0303

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаарh221/МА2017/0303 

Улаанбаатар хот

 

 

  “Шинэдөл констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваадорж, гуравдагч этгээд Д.Даваагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 99 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Шинэдөл констракшн” ХХК-ийн  нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 99 дүгээр шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 13 дугаар зүйл, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Шинэдөл констракшн” ХХК-ийн “Улсын бүртгэлийн Ү-2204041775 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Нарны зам, 99б байрны 1102 тоотод орших орон сууцыг 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр иргэн Дамдинсүрэнгийн Даваагийн өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, иргэн Д.Даваад 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр олгогдсон 000375650 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх давж заалдах гомдолдоо: “...Иргэн Э.Болормаа нь Баянзүрх дүүрэгт байрлах Шинэ дөл хорооллын 99б байрны 1102 тоот орон сууцны төлбөрийг төлөөгүй байхдаа хүргэн Д.Даваад байраа худалдсан нь хуулийн дагуу биш байх тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй.

Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үнэн зөвөөр шийдвэрлэж улсын бүртгэлийн Ү-2204041775 тоот гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг зөв шийдвэрлэжээ.

Эрхийн улсын бүртгэлийн байгууллага нь “Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам, 99б байрны 1102 тоот хаягт байршилтай 108,6 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөх эрхийг 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр иргэн Э.Болормаагаас иргэн Д.Даваад шилжүүлэн бүртгэж, өмчлөх эрхийн 000375650 дугаартай гэрчилгээ олгосон байна.

Нэхэмжлэгч “Шинэдөл констракшн” ХХК-аас “иргэн Д.Даваа нь уг байрны төлбөр төлөгдөөгүй болохыг мэдсээр байж санаатайгаар хуурамчаар улсын бүртгэл хийлгэсэн” гэх үндэслэлээр уг орон сууцыг Д.Даваад шилжүүлэн бүртгэсэн бүртгэл, үүнд үндэслэн олгогдсон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч “эрхийн улсын бүртгэл хууль тогтоомжийн дагуу хийгдсэн” гэж маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд гуравдагч этгээд Д.Даваа болон Э.Болормаа нарын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн “орон сууц худалдах, худалдан авах гэрээ”, Д.Даваагийн бүртгэл хийлгэх тухай мэдүүлэг, хураамж төлсөн баримт зэргийг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн байгууллага дээрх орон сууцыг Д.Даваагийн өмчлөлд шилжсэнийг бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Дараах тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна”; 19.1.1-д “үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжих”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийг үндэслэн уг шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд хэлцлийн эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана”, 18 дугаар зүйлийн 18.5-д “Бүртгэлийн гэрчилгээ нэгдмэл дугаартай байх бөгөөд гэрчилгээг мэдүүлэг гаргасан огноогоор бичиж олгоно” гэж тус тус заажээ.

Үүнээс үзэхэд нотариатаар гэрчлэгдсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, үүнд үндэслэн эрх шилжүүлэн авч буй этгээдийн гаргасан бүртгүүлэх тухай мэдүүлгийг хүлээн авч, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, шинэ өмчлөгчийн эрхийг бүртгэж, мэдүүлэг гаргасан огноогоор өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн, эд хөрөнгийн өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан иргэн Д.Даваагийн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

Нөгөөтэйгүүр иргэн Э.Болормааг маргаан бүхий бүртгэлд бүртгэгдсэн орон сууцны өмчлөгчөөр тогтоож,  өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасан Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 503 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр байх бөгөөд уг шийдвэрийн дагуу Э.Болормаагийн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гаргасан мэдүүлэг болон холбогдох бусад баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн байгууллага тус орон сууцны өмчлөх эрхийг Э.Болормаагийн нэр дээр бүртгэж, 000357695 дугаартай гэрчилгээ олгосон, үүнтэй нэхэмжлэгчээс маргаагүй болно.

Харин нэхэмжлэгчээс “Э.Болормаа нь маргаан бүхий бүртгэлд бүртгэгдсэн орон сууцны төлбөрийг төлөөгүй байхдаа Д.Даваад худалдсан, Д.Даваагийн бүртгэлийг хүчингүй болгосноор Э.Болормаагийн бүртгэл сэргэж, түүнээс орон сууцны төлбөрийг авах боломжтой болно” гэж тайлбарлан маргах боловч энэ үндэслэлээр эрхийн улсын бүртгэлийн байгууллагыг буруутгаж, хуульд нийцсэн бүртгэлийг хүчингүй болгох боломжгүй, мөн дээрх бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн ямар нэг эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 99 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

   ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ                                               Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН