Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2018/03681

 

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 05 өдөр Дугаар 101/ШШ2018/03681 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: М ХХКийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Ц

 

Хариуцагч: Г.С нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,443,040.97 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баянжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М ББСБ ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.С, Б.Ц нар нь тус банк бус санхүүгийн байгууллагаас 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 1100002196 тоот зээлийн гэрээ байгуулж, 3,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй зээлж авсан боловч зээлийн гэрээний 2.7, 3.3-т заасан үүргээ биелүүлээгүй болно. Зээлдэгч Г.С, Б.Ц нар нь зээлийн үлдэгдэл өр төлбөр болох үндсэн зээл 1,134,693.20 төгрөг, зээлийн хүү 258,209.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,137.89 төгрөг, нийт 1,443,040.97 төгрөгийг төлөөгүй байна. Гэрээний хугацаанд 11 удаагийн төлөлтөөр 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл үндсэн зээлд 1,556,959.03 төгрөг, хүүд 889,806 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 106,386 төгрөгийг тус тус хариуцагч нар нь төлсөн. Сар бүрийн төлөлтөө хугацаанд нь төлөөгүй тул нэмэгдүүлсэн хүү тооцсон.

Иймд Г.С, Б.Ц нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул гүйцэтгээгүй үүргийн төлбөр болох 1,443,040.97 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.С, Б.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд гаргасан тайлбартаа:

Г.С 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр М ББСБ-аас 3,000,000 төгрөгийн зээлийн үндсэн зээлдэгчээр, нөхөр Б.Ц батлан даагчаар бүртгүүлж зээл авсан. Үндсэн зээлийн хүүгийн хамт цаг хугацаанд нь төлж 1,980,000 төгрөгийг төлсөн. Төлөлтийн явцад мөнгөө төлж чадаагүй, 1,2 сар болж байтал М ББСБ-аас байнга дарамталж, бидний нэр төрд халдаж, ажиллуулж байсан дэлгүүр дээр удаа дараа ирж, дэлгүүрийн гадаа юм нааж нэр төрд халдсанаас дэлгүүрээ цаашид ажиллуулж чадахгүй болж хаасан. Мөн энэ хугацаанд нөхрийн ажил дээр удаа дараа очиж удирдлагуудтай нь уулзаж байсан. Мөн манай ээж Н.Бадамсүрэнгийнд янз бүрийн хүмүүс дагуулж очин дарамталж байсан. Иймд бид энэ мөнгийг төлж барагдуулах боломжгүй. Эдгээр байдлаас болж ажиллуулж байсан дэлгүүрээ хааж нилээн хэмжээний хохирол амссан. Дэлгүүрийн бараа 18,000,000 төгрөгийн бараа байснаас одоо бүгд хугацаа нь дуусаж, бид хохирсон.

М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.С, Д.Ц нарт холбогдох шүүх хуралдаанд биечлэн оролцож чадахгүй тул эзгүйд нотлох баримт, тайлбаруудыг үндэслэн шүүх хуралдааныг явуулж өгнө үү. Хэрэг маргааныг дуусах хүртэлх хугацаанд хүчинтэйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч Г.С, Д.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,134,693.20 төгрөг, зээлийн хүү 258,209.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,137.89 төгрөг, нийт 1,443,040.97 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нар зээл авсан нь үнэн, мөнгөө төлөөгүй хугацаа хэтэрсэн цаг хугацаанд бидний нэр төрд удаа дараа халдаж байсан, зээлийг төлж барагдуулах боломжгүй, бид хохирсон хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зохигчдын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 1100002196 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдаж, 3,000,000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээл олгогдсон, гэрээний хугацаанд буюу 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл үндсэн зээлд 1,556,959.03 төгрөг, хүүд 889,806 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 106,386 төгрөг, нийт 2,553,151.03 төгрөгийг хариуцагч нар төлсөн болох нь Зээлийн гэрээ, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т "Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, 453 дугаар зүйлийн 453.1-д "Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд дээрх зээлийн гэрээний 2.4-т нэмэгдүүлсэн хүүгийн талаар талууд харилцан тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасны дагуу тооцох нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгчийн хүлээх хариуцлага учраас гэрээний үндсэн хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй юм.

 

Өөрөөр хэлбэл нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаа буюу 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс хойшхи хугацаанд буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоосон хариуцлагын хэлбэр бөгөөд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад нэмэгдүүлсэн хүүд 106,386 төгрөгийг тооцсон нь үндэслэлгүй байх тул зээлийн гэрээний үүргээс хасч тооцох нь зүйтэй байна.

 

Харин гэрээний үндсэн хугацаа дууссанаас хойш нэмэгдүүлсэн хүүд 50,137.89 төгрөгийг тооцон нэхэмжилж буй нь үндэслэлтэй байна.

 

Зээлийн хүүгийн хувьд гэрээний үндсэн хугацаанд хүүд нийт 1,440,000 төгрөгийг төлөхөөр байх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дууссан 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хүүг тооцон 258,209.88 төгрөгийг нэхэмжилсэн нь хуульд нийцсэн байна.

 

Хариуцагч нар нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, төлөх боломжгүй гэж маргаж байгаа боловч энэхүү тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр үндсэн зээл 1,134,693.20 төгрөг, зээлийн хүү 258,209.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,137.89 төгрөг, нийт 1,443,040.97 төгрөгөөс гэрээний үндсэн хугацаанд тооцсон нэмэгдүүлсэн хүү 106,386 төгрөгийг хасч тооцон, хариуцагч нараас 1,336,654.97 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд зааснаар мэдэгдсэн бөгөөд тэрээр шүүх хуралдаанд биечилэн оролцохгүй гэсэн хүсэлтээ шүүхэд ирүүлсэн, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Г.С, Д.Ц нараас зээлийн гэрээний үүрэгт 1,336,654.97 /нэг сая гурван зуун гучин зургаан мянга зургаан зуун тавин дөрвөн төгрөг ерэн долоон мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 106,386 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,038.64 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.С, Д.Ц нараас улсын тэмдэгтийн хураамжид 36,336.4 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ББСБ ХХКолгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ