| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 305/2025/0073/Э/ |
| Дугаар | 2025/ШЦТ/80 |
| Огноо | 2025-03-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ундармаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/80
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр,
улсын яллагч Б.Ундармаа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм,
шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундармаагийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т овогт Б-н Г-т холбогдох 2516000000076 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ***** оны ** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн ***** суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ******* сумын ******** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ********* регистрийн дугаартай, Т овогт Б-н Г.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь согтуурсан үедээ 2025 оны 02 дугаар сарын 25-ны орой 20 цагийн үед Говь-Алтай аймгийн ********* сумын төвд байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болон эхнэр Б.А-г зодож биед нь зүүн дээд доод зовхи, зүүн хацар, зүүн шуу, зүүн бугуй, баруун бугалага, зүүн мөр, баруун шилбэ, зүүн шилбэнд цус хуралт, баруун хөлийн тавхайд цэврүү буюу хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь:
1.Хохирогч Б.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Нөхөр Г бид хоёр 2010 онд хуримаа хийсэн. Албан ёсны гэр бүл. Дундаасаа 3 хүүхэдтэй. Манай нөхөр Г *****-н уурхайд ажилладаг. 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн орой 20 цагийн үед хүүхдүүдтэйгээ гэртээ байж байхад манай нөхөр Б.Г нь *******-н уурхайгаас ажлаасаа бууж ирсэн. Ингэхдээ халамцуу гэртээ орж ирсэн. Тэгээд намайг машин унаж тэнэлээ гээд байсан. Дунд хүүг айлын үүднээс очиж машин аваад ир гэж хэлсэн. Би тэгэхээр нь жаахан хүүхэд яаж машин унах юм бэ? гэж хэлсэн. Би тэгээд дунд хүүгээ явуулаагүй юм. Тэгсэн чинь манай нөхөр уурлаад чамайг “алаад өгье” гэж хэлээд намайг зодож эхэлсэн. Миний нүүрэн хэсэг рүү хоёр удаа өшиглөөд, цээж хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Мөн толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Намайг гэрээс гаргаад сумын төвийн мөсөн дээр аваачиж хөл нүцгэн 20-30 минут зогсоосон. Тэгээд буцаад гэртээ ирээд байж байхад манай аав Б ирээд намайг гэр лүүгээ авч явсан. Тэрнээс хойш би гэртээ очоогүй байгаа. Намайг өмнө нь зодож байгаагүй. Харин бид 2 хоорондоо хэрэлдэж муудалцдаг байсан. Машин авч ирж тавьсангүй. Соёлын төв рүү очиж юм үзлээ гэж загнаад зодсон. 2025 оны 02 дугаар сарын 22-нд эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон гэж арга хэмжээ авхуулсан. Миний толгой өвдөж байна. Юм зажлахаар эрүү өвдөж байна. Мөн зүүн нүд, зүүн шанаа, зүүн гарын шууны хэсэг хөхөрсөн. Баруун хөлийн таваг хөлдөж ус гоожоод байгаа. Баруун эгэм орчим хөндүүр өвчтэй байна. Би нөхөртөө зодуулсандаа гомдолтой байна...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 9-12 дугаар хуудас/
2.Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2025 оны 02 дугаар сарын 25-ны орой манай зээ хүү Г.Н миний утас руу залгаад “Аав бид нарыг зодоод байна. Өвөө та хүрээд ирээч гэж хэлсэн. Би тэгээд гэрээсээ гараад хүргэн Г-н ирэхэд манай охин хөл нүцгэн уйлаад сууж байсан. Би тэгээд юу болсон талаар асуухад манай хүргэн “Энэнд тэр уралдаан тэмцээн ямар хамаа байна. Гэр орноо цэвэрлээд байж байхгүй” гэж хэлсэн. Тухайн үедээ би хүргэнээ эрүүл юм байна гэж бодсон. Манай охин Б араас ирээд А-н гутал, хувцсыг нь өмсүүлээд хүүхдүүдтэй нь хамт аваад гараад явсан. Би тэгээд араас нь гэртээ алхаж ирсэн. Би өөрөө бодохдоо машин тэрэгнээс болсон юм байх гэж бодсон. Өмнө нь эхнэрээ зодож байсан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,
3.Насанд хүрээгүй гэрч Г.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2025 оны 02 дугаар сарын 25-ны орой 19-20 цагийн хооронд байхаа цагийг сайн мэдэхгүй байна. Би гэртээ ээж А, аав Г, дүү Н нарын хамт байсан юм. Манай аав Г, ээж А-тэй хэрэлдэж байгаад босож ирээд гэрийн баруун талын орны тэнд ээжийг цохиод хөл рүү, толгой, цээж рүү өшиглөсөн. Мөн хамар руу нь өшиглөсөн. Толгой руу гараараа цохиод байсан. Аав мах идэж байгаад хавиргыг чинь хадаад өгье гэж хэлсэн. Би тэгээд хутгыг нь авч нуусан. Ээж түрүүлээд гараад явсан. Харин аав араас нь гарч явсан. Тэгэхэд аав ээжийг дагуулаад мөс рүү яваад мөсөн дээр очоод ээжийн оймсыг нь тайлаад мөсөн дээр зогсоож байхаар нь би буцаж гэртээ орж ирээд өвөө рүү утсаар залгаад “Манай аав зодоод байна. Өвөө та хүрээд ир гэж хэлсэн. Удалгүй өвөө манай гэрт ирсэн. Өвөө тэгээд бид нарыг гэр рүүгээ аваад явсан. Бид нар өвөөгийндөө хоноод гэртээ очоогүй байгаа. Намайг зодож цохисон асуудал байхгүй. Ээжийг машин хураалгасан гэж хэлээд ээжтэй маргалдаж зодсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,
4.Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, Т.Алтайбаатарын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “...1. Б.А-н биед зүүн дээд доод зовхи, зүүн хацар, зүүн шуу, зүүн бугуй, баруун бугалга, зүүн мөр, баруун шилбэ, зүүн шилбэнд цус хуралт, баруун хөлийн тавхайд цэврүү гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цэврүү гэмтэл нь нам хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 5. Б.А-н биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоолоо. 6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх 108 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,
5.Иргэний нэхэмжлэгч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Б.А нь 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хооронд амбулаторийн үзлэгээр 73,128 төгрөгийн тусламж үйлчилгээ гаргуулсан байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/ болон ЭМДЕГ-ын цахим лавлагаа /хавтаст хэргийн 06 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх шинжийг тодорхойлсон бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заасан тул шүүгдэгчийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүгдэгч Б.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.А-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч хохирол нэхэмжлээгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч “...гомдол санал байхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/-г гаргасан, мөн шүүгдэгч Б.Г Эрүүл мэндийн даатгалын санд хохирогч Б.А-н эмчилгээний төлбөрт 73,128 (далан гурван мянга нэг зуун хорин найм) төгрөг буюу иргэний нэхэмжлэлийг бүрэн төлсөн болох нь Төрийн банкны 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хавтаст хэргийн 72 дугаар хуудас/-аар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600(зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600(зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож шүүх шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нь эрүүл мэндийн даатгалын санд хохирогч Б.А-н эмчилгээний төлбөрт 73,128 (далан гурван мянга нэг зуун хорин найм) төгрөг төлсөн, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т овогт Б-н Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-г 600(зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т оногдуулсан торгох ялыг 3(гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялыг 15(арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1(нэг) хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Г-т сануулсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нь эрүүл мэндийн даатгалын санд 73,128 (далан гурван мянга нэг зуун хорин найм) төгрөг төлсөн, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА