| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 318/2025/0033/Э/224/2025/0020 |
| Дугаар | 2025/ШЦТ/40 |
| Огноо | 2025-02-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуяа,
Улсын яллагч: Ж аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л,
Шүүгдэгч: Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ж аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж Б ургийн овогт Д.Тод холбогдох эрүүгийн 2535000000018 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянав.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Ж аймгийн Улаангом суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Ж аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 32-16 тоотод оршин суух хаягтай, Б ургийн овогт Д.Т (Л88888)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Т нь согтуурсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө 02 цагийн орчимд иргэн Г.Элбэгдоржтой хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Д.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө 02 цагийн орчимд иргэн Г.Элбэгдоржтой хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Г. мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Тухайн өдөр Ж аймгийн үсчдийн шинэ жил болж бид Хийморь ресторанд хүлээн авалтад орчихоод шөнө 02 цагийн үед Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Их наяд баар луу өөрийн хуурай дүү болох Хатанбаатарын хамт ороход хаасан байсан. Ингээд буудал орох гэж байгаад зүс таних Төртогтохтой таарч мэнд мэдчихээд буудал орохоо болиод өөрийн төрсөн дүү Мянганбаярыг дуудаад уг баарнаас гарч ирээд гадна зогсож байтал Төртогтох миний хойноос гарч ирээд шууд миний зүүн хацар хэсэг рүү гараараа нэг удаа цохисон бөгөөд тухайн үед би зуны гуталтай явж байсан тул хальтарч унасан түүнээс хойш юу болсныг сайн санахгүй байна, ухаан ортол миний зүүн нүдний доод хэсэг язарсан нэлээн том шарх үүссэн байсан юм. Тэгээд би цагдаа дууд гэж хэлтэл Д.Т нь зугтсан. Надтай хамт явж байсан Д.Хатанбаатар, дүү Мянганбаяр нар Д.Тыг олж ирсэн ба удалгүй цагдаа нар ирээд бид нарыг аваад явсан юм гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17, 18, 20 дахь тал),
Гэрч Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2024 оны 12 дугаар сарын 14-ний шөнө гэртээ унтаж байтал миний төрсөн ах Элбэгдорж над руу залгаад Их наядаас намайг ирээд авчих гэхээр нь би гэрээс гараад Их наяд гэх газарт очтол ах өөрийн хуурай дүү болох Хатанбаатарын хамт байсан. Би өөрийн машиныг Бэл булагийн зогсоол дээр тавих гээд Хатанбаатарын хамт яваад эргээд иртэл Их наядын хашаан дотор ах Элбэгдоржийг нэг хүн дээрээс нь дарчихсан цохиж байхаар нь би хөлөөрөө түлхэж унагаатал нөгөө хүн босоод зугтаж явсан. Тухайн үед Д.Хатанбаатар бид хоёр ах Элбэгдоржийг цохиж байсан хүний ардаас хөөгөөд цагдаад дуудлага өгсөн ба удалгүй цагдаа нар ирж авсан юм гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),
Насанд хүрээгүй гэрч Д.Хатанбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2024 оны 12 дугаар сарын 14-ний үүрээр 02 цагийн үед өөрийн танил нагац ах болох Г. хамт Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Их наяд нийтийн үйлчилгээний газар луу орсон юм. Тэгтэл тухайн баар нь хаасан байсан бөгөөд Элбэгдорж ах бид хоёр буудалд хонох гээд өрөө асууж байтал Элбэгдорж ах нэг хүнтэй буюу Төртогтох гэх хүнтэй юм яриад мэнд мэдэлцээд зогсож байсан. Тэгээд бид хоёр буудалд хонохоо болиод Элбэгдорж ах өөрийн төрсөн дүү Мянганбаярыг ирээд авчих гэж хэлсэн. Улмаар Мянганбаяр ирчихлээ гэхээр нь бид хоёр баарнаас гараад би Мянганбаярын машин руу явсан ба эргээд ирж байтал уг баарны үүдэн дээр Элбэгдорж ахыг нэг хүн газарт унагаагаад цохиж байсан. Мянганбаяр бид хоёр гүйгээд очтол Элбэгдорж ахыг цохиж байсан хүн босоод зугтсан юм. Тэгээд Мянганбаяр бид хоёр тухайн хүнийг барьж аваад цагдаа дуудсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал)
Ж аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 58 дугаартай: “Үзүүлэгч Г. биед зүүн нүдний доод зовхины гадна доод хэсэгт сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна. Зүүн нүдний доод зовхины гадна доод хэсэгт сорви гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал),
Шүүгдэгч Д.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би Ж аймгийн Улаангом сумын 7 дугаар багт өөрийн эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг юм. Би 2024 оны 12 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө өөрийн найз нарын хамт Их өргөө цогцолборын зочид буудал орж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад тамхи татах гээд гартал өөрийн нэг сургуульд сурч байсан дүү болох Элбэгдоржтой таараад юм ярьж байсан ба тэрнээс хойш юу болсныг сайн санахгүй байна, ухаан ортол би Элбэгдоржийн дээр нь гарчихсан гараараа цохиж байсан юм. Тэгтэл 2 залуу ирээд бид хоёрыг салгаад над руу дайрахаар нь би зугтаад явж байгаад буцаад Их наяд дээр иртэл цагдаа нар ирээд цагдаагийн газар луу авч явсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал)-үүдээр нотлогдон тогтоогдож байна.
Ж аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 58 дугаартай: “Үзүүлэгч Г. биед зүүн нүдний доод зовхины гадна доод хэсэгт сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна. Зүүн нүдний доод зовхины гадна доод хэсэгт сорви гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал)-ээр шүүгдэгч Д.Т нь хохирогч Г.Элбэгдоржийг зодсоны улмаас түүний биед хөнгөн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Т нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Г. биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд зодож хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Д.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч маргаагүй болно.
Хохирол хор уршиг
Хохирогч Г. тодорхойлолт: “Д.Т намайг 2024 оны 12 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө маргалдаж зодсоны улмаас надад хөнгөн зэргийн гэмтэл учирч хохиролд 250,000 төгрөгийг төлж барагдуулсан учир цаашид нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй. Миний сэтгэл санаанд хохирол учирсан зүйл байхгүй. Би сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэхгүй. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 55 дахь тал), гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж хэрэгт хавсаргасан байгаа байдлыг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч Д.Тод эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Д.Т урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа, (хавтаст хэргийн 42 дэх тал)-оор тогтоогдож байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тод 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Шүүгдэгч Д.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хадгалах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Тод шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овогт Д.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тод 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, шүүгдэгч Д.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хадгалсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тод шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр авсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ж аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ