| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2017/01298/И |
| Дугаар | 101/ШШ2017/01231 |
| Огноо | 2017-04-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 101/ШШ2017/01231
| 2017 оны 04 сарын 10 өдөр | Дугаар 101/ШШ2017/01231 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П.А
Хариуцагч: Л.С
43 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.А, хариуцагч Л.С, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л.С-тэй 2015 оны 11-р сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 1 жилийн хугацаатайгаар 30 сая төгрөгийг хүүгүйгээр зээлдүүлсэн. Гэрээний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 30-нд дууссан. Иймд гэрээнд заасан нөхцөлийн дагуу үндсэн мөнгийг алданги болон хураамжид төлсөн мөнгөний хамт нэхэмжилж байна. Хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5% алданги төлөх нөхцөлтэй. Үндсэн зээлд 30 сая, алдангид нийт 13,500,000 төгрөг, нийт 43,5 сая төгрөг нэхэмжилж байна. Би анх Л.Сд 2,500,000 төгрөг, нөхөр Ж.Өад 5,000,000 төгрөг өгсөн. Түүний хүүг тооцоод бид харилцан тохиролцож 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 30,000,000 төгрөгний гэрээ байгуулсан. Энэ гэрээ байгуулах үед мөнгө өгөөгүй. Өмнөх төлбөрөө тооцоод ийм гэрээ байгуулсан тул энэ гэрээний дагуу нэхэмжлэл гаргаж байгаа гэв.
Хариуцагч Л.С нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.А бид нар гэр бүлийн найзууд гэж хэлж болох сайн танилууд бөгөөд хамгийн анх 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр манай гэр бүлийн хүн болох Ж.Ө нь П.А-тэй амаар харилцан тохиролцож 5.000.000 төгрөгийг хэрэгцээндээ зээлж авч байсан юм. Ж.Ө П.А хоёр анх тохирохдоо 5.000.000 төгрөгийг хэдэн сарын дараа боломжтой болохоороо бүтнээр нь эргүүлж төлье, гэхдээ тэр болтол cap бүр 3%-н хүү төлнө гэж тохиролцсон юм билээ. Ингээд Ж.Ө бид хоёр 5.000.000 төгрөгийг төлж чадахгүй байсан учир сард 3%-р хүү тооцон cap бүр 150.000 төгрөгийг 2006 оны 12 дугаар сараас эхлэн 2009 оны 05 дугаар cap хүртэл бүтэн 2 жил 6 сарын хугацаа буюу 30 сарын турш П.Ат cap бүр 150.000 төгрөг төлсөн. Энэ нь нийтдээ 4.500.000 төгрөг болсон юм. Үүнээс хойш бид төлж чадахгүй явсаар 2010 он гарсан ба 2010 оны 10 дугаар сард П.А нь бидэнд хандан үндсэн зээл 5.000.000 төгрөг, хуримтлагдсан хүү алданги нийлээд 8.007.950 төгрөг болсон, нэмж 2.000.000 төгрөг зээлүүлье, тэгээд нэг мөр 10.000.000 төгрөгөөр зээлийн гэрээг албан ёсоор бичгээр хийе гэсэн санал тавьсны дагуу Л.С миний бие П.Аээс 2.000.000 төгрөгийг бэлнээр авч өмнө нь нөхөр Ж.Өын авсан зээлийн үлдэгдэл болох 8.007950 төгрөг дээр миний авсан 2.000.000 төгрөгийг нэмж 10.009.750 төгрөг болсон ба үүнээс бид 7.950 төгрөгийг нь буцаан П.Ат бэлнээр өгч 10.000.000 төгрөгний үнийн дүнгээр Зээлийн гэрээг Л.С П.А бид хоёр хийсэн юм. Ингээд 2010 оны 11 дүгээр сараас 10.000.000 төгрөгний үнийн дүнгээс 3%-р тооцон cap бүр 300,000 төгрөгийг хүүнд төлж эхэлсэн ба энэ хүүг 2011 оны 03 дугаар cap хүртэл нийт 5 сарын хүү буюу нийт 1.500.000 төгрөг төлсөн. Үүнээс хойш мөн л боломж бололцоогүй байхгүй байсан учраас мөнгө төлж чадалгүй явсаар байсан ба 2014 он болсон. Ингээд 2014 оны 03 дугаар сард П.А танай нийт төлбөр 30 сая хүрсэн гэсэн ба манай вакум цонхны цехээр нийт 6,500,000 төгрөгний өртөг бүхий цонх хийлгэж үүнээсээ 1.500.000 төгрөгийг төлж 5.000.000 төгрөгийг төлөлгүй биднээс авах ёстой гэсэн 30 сая төгрөгнөөс хасч тооцохоор бид тохиролцож бид цонхыг нь хийж өгч 5.000.000 төгрөг авалгүй суутгуулсан. Үүний дараа 1 сарын дараа буюу 2014 оны 04 дүгээр сард дахин вакум хаалтыг 2.000.000 төгрөгөөр тохирон хийлгэсэн ба 500.000 төгрөгийг өгч 1.500.000 төгрөгийг биднээс авах зээлийн авлагадаа тооцон суутгахаар тохиролцож бид хаалтыг нь хийж өгч 1.500.000 төгрөг авалгүй мөн суутгуулсан. Ингээд 2014 оны 03 дугаар сарын байдлаар нийт 30 сая төгрөг болоод байсан төлбөрийн хэмжээ 2014 оны 04 дүгээр сарын байдлаар 25 сая төгрөг болсон. Үүнээс хойш бид уулзалгүй байсаар 2014 оны эцэст уулзахад П.А нь анх зээл авсан 2006 оноос хойшхи хугацаанд авсан, төлсөн, хүү тооцогдсон гээд бүх үзүүлэлтийг гаргасан 2 хуудас хүснэгт гаргаж өгсөн бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт үлдэгдэл 32.369.878 төгрөг болсон гэж танилцуулж хүснэгтээ бидэнд өгсөн. /Түүний бидэнд өгсөн хүснэгтийг хавсаргав./ Бид хүнээс мөнгө авсан нь үнэн, хүүг нь төлнө гээд хэлчихсэн, танил хүмүүс учир өгнө гэж явсаар ийм хэмжээний төлбөр хуримтлуулчихсан юм. Үүнээс хойш бүтэн 1 жил өнгөрсөн ба П.А нь 2015 оны 11 дүгээр сард бид хоёртой уулзсан ба 2014 оны эцэст танай үлдэгдэл 32 сая төгрөг байсан, түүнээс хойш 1 жилийн хугацаанд тооцогдсон хүү бодолгүй мухарлаад яг 30.000.000 төгрөгөөр зээлийн гэрээ хийе, 1 жилийн хугацаа олгоё, хүү тооцохгүй харин та хоёр энэ хугацаанд мөнгөө төлөөд дуусга гэсний дагуу бид хоёрыг бодож хөнгөлөлттэй нөхцөл өгч байна гэж бид бодон зөвшөөрч 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Л.С миний бие П.Атэй 30.000.000 төгрөгний үнийн дүн бүхий Зээлийн гэрээ хийсэн. П.А нь Зээлийн гэрээ хийхдээ гэрээний дагуу надад 30.000.000 төгрөгийг бэлнээр олгоогүй бөгөөд урьд нь олгосон мэтээр гэрээндээ Зээлийг бэлнээр олгосон гэж бичсэн юм. Тухайн үед П.А нь зээлийн гэрээг манай нөхөр Ж.Өтай хийхээр дуудсан ч манай нөхрийн иргэний үнэмлэхний хугацаа нь дуусчихсан, сунгуулаагүй байсан учир хамт очсон миний нэрээр гэрээг хийсэн юм. Гэтэл П.А нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа бидний хооронд болж өнгөрсөн дээрх бүхнийг бичилгүй зөвхөн надад зээл олгосон мэтээр байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 30.000.000 төгрөгний үнийн дүн бүхий Зээлийн гэрээг дурдан, надад 30.000.000 төгрөгийг бэлнээр тухайн өдөр олгосон мэтээр худал бичиж байгаад гомдож байна. Хэрвээ миний бие П.Аийн нэхэмжлэлдээ дурдсан шиг 2015 оны 11 дүтээр сарын 30-ны өдөр түүнээс 30.000.000 төгрөгийг бэлнээр авч гэрээ байгуулсан бол авсан мөнгөө өгөхөд гомдох зүйлгүй. Бид танил нөхөд гэж бодож түүний хэлсэн мөнгө бүрийг, хуримтлагдсан үнийн дүн болгоныг тухай бүр нь зөвшөөрч явсаар нийтдээ түүнд дээр дурьдсанаар
1. 2006 оны 12 дугаар сарын 20-с 2009 оны 05 дугаар cap хүртэлх 2.6 жилийн cap бүрийн хүүнд 4.500.000 төгрөг, 2010 оны 11 дүгээр сараас 10.000.000 төгрөгний үнийн дүнгээс 3 хувиар тооцон cap бүр 300,000 төгрөгийг 2011 оны 03 дугаар cap хүртэл нийт 5 сарын хүү буюу нийт 1.500.000 төгрөг
2. 2014 оны 03, 04 дүгээр саруудад төлбөртөө тооцно гэж тохиролцсон 5.000.000 төгрөгний цонх, 1.500.000 төгрөгний хаалт нийт 6.500.000 төгрөгний цонх, хаалтыг өгсөн ба эдгээр нь нийлээд 4.500.000+1,500.000+цонх хаалт болох 6.500.000= 12.500.000 төгрөгний төлбөрийг өнгөрсөн хугацаанд төлсөн байна.
Бидний түүнээс авсан мөнгө нь нийт эхлээд 5.000.000 төгрөг, дараа нь 2.000.000 төгрөг, нийт 7.000.000 төгрөг бөгөөд үүнийг 12.500.000 төгрөг болгон төлсөн байна. Гэтэл бидэнд нийт 7.000.000 төгрөг өгч буцаан авсан 12.500.000 төгрөг дээрээ дахин олгоогүй зээлээрээ 43.875.450 төгрөг гаргуулж, нийт 55 сая төгрөг болгон авна гэж байгааг шударга бус гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл миний бие П.Атэй 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу түүнээс 30.000.000 төгрөгийг бэлнээр аваагүй учир түүний тус гэрээг үндэслэн шаардаж буй 43.875.450 төгрөгний шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. П.А нь олгоогүй мөнгөө шаардах эрхгүй гэж үзэж байна. Иймд П.Аийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2006 оноос эхэлж зээл авсан байдаг. Гэхдээ хариуцагч 2,000,000 төгрөг, нөхөр нь 5,000,000 л авсан. Энэ зээлийн тооцооно явсаар байгаа 30,000,000 төгрөг гэж тооцоод зээлийн гэрээг нөхөж байгуулсан байдаг. Энэ гэрээгээр мөнгө олгоогүй тул хүчин төгөлдөр болоогүй. Иймд шаардах эрхгүй гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.А нь зээлийн гэрээний үүрэгт нийт 43,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Л.С нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээгээр мөнгө аваагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь хариуцагч Л.С-д 2,500,000 төгрөг, түүний нөхөр Ж.Өад 5,000,000 төгрөг өгсөн гэж, хариуцагч Л.С нь өөрөө 2,000,000 төгрөг, нөхөр Ж.Ө нь 5,000,000 төгрөг зээлээр авсан гэж тайлбарласан боловч хэн аль нь тайлбараа нотлоогүй, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Гэвч зээл олгосон талаар хэн аль нь маргаагүй тул зохигчдын хооронд зээлийн харилцаа үүсжээ.
Харин нэхэмжлэгч нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 30,000,000 төгрөгний үнийн дүн бүхий зээлийн гэрээний дагуу нэхэмжлэл гаргасан бөгөөд уг гэрээгээр зээл олгогдоогүй бөгөөд өмнөх зээл, түүний хүүний тооцоог харилцан тохиролцож нөхөж хийсэн гэрээ болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон. Энэ талаар хэн аль нь маргаагүй. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар дээрх зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 30,000,000 төгрөгний үнийн дүн бүхий зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчид шаардах эрх үүсээгүй байна.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Л.С-д холбогдох 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 43,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч П.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 375,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД