Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/25

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж

Нарийн бичгийн дарга             П.Янжмаа

   Улсын яллагч                           О....

   Шүүгдэгч                                   Б....

   Шүүгдэгчийн өмгөөлөгч           Б....

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.... холбогдох ....  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны 12 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн .... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн .... сумын Х.... багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ... овогт .... /регистрийн дугаар: ..../

 Шүүгдэгч  ‌Б.... нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 20 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн .... сумын .... баг задгайд байрлах өөрийн гэртээ эхнэр Б.... хэрүүл маргаан хийж түүнийг сандлаар нэг удаа нүүр рүү нь цохиж зүүн хөмсөгний дээр шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд                                            

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж  заасан журмын дагуу хохирогч Б.... шүүх хуралдааны товыг мэдэгдсэн.

 Хохирогч “шүүх хуралдаанд оролцохгүй гомдол санал, хохирол төлбөр байхгүй” гэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

                                    1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:            

Шүүгдэгч  .... овогт .... нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 20 цагийн орчимд Завхан аймгийн .... сумын .... баг задгайд байх гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Б.... маргалдаж улмаар түүнийг нэг удаа нүүр рүү нь сандлаар цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Б.... өөрийг нь  сандлаар нэг удаа нүүр рүү нь цохисныг шууд тусган мэдүүлсэн хохирогч Б.... “...2025 оны 01 дүгээр сарын 29-ний орой 20 цагийн үед манай нөхрийн найз ... нэг шил архитай манайд орж ирсэн. Тэгээд бид гурав тэр архийг хувааж уучхаад дахиад нэг шил архи авч бид гурав хувааж уугаад нөхөр бид хоёр .... гэрт нь хүргэж өгчхөөд буцаад гэр лүүгээ явж байгаад гудамжинд би нөхөртэйгөө маргалдаж муудалцахад манай нөхөр Б.... миний нүүр лүү нэг удаа алгадсан юм. Тэгээд гэртээ орж ирээд хэрүүл маргаан үргэлжилсэн тэгээд ... гэртээ орж ирээд намайг сандлаар цохисон байсан....” гэсэн мэдүүлгээр,

гэрч Ц.... “...Би 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ... ... ... ороход ..., .... болон 2 хүүхэд нь байж байсан. Бид нар юм яриад сууж байж байхдаа би надад байсан 1 шил 0.5 литрийн “Зэс” экс нэртэй архи гаргаж .... хувааж уусан. ... бас 1 шил “Зэс” экс нэртэй архи гаргаж .... болон би бас эхнэртэй нь хувааж уусан. Дараа нь ахиад нэг шил архи гаргаж ирээд нэг нэг татаад би согтоод байхаар нь харилаа гээд гарах гэсэн чинь нөгөө 2 чамайг хүргээд өгье гээд бид 3 гарсан. Гарах үед эхнэр нь 2 хүүхдээ оронд нь оруулаад унтуулсан байсан болохоор эхнэр нь хамт явсан. Би гэртээ ороод 1 шил архи гаргаад бид нэг нэг татаад би хэвтээд өгсөн. Тэгсэн тэр 2 за за .... унтаж байгаа юм бол бид 2 явлаа гээд манайхаас гараад явсан. Түүнээс хойш уулзаагүй байгаа. Би анх тэднийд байж байхад ямар нэгэн хэрүүл маргаан огт болоогүй...манайд байх болон гарах үедээ ямар нэгэн маргаан болон хэрэлдсэн зүйл огт гаргаагүй Тэр 2 хаана юу болсон талаар огт мэдэх зүйл алга...” гэсэн мэдүүлгээр,

Мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.... “...Би 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гэртээ байж байхад найз .... 1 шил 0.5 литрийн Зэс экс нэртэй архитай ирсэн. Тэр архийг би, эхнэр, ... бид 3 хувааж уусан. Би дэлгүүр 2 удаа явж 0.75 литр, 2 дахь нь 0.5 литрийн Зэс экс нэртэй архи авчирсан. Сүүлийн 0.5 литрийн архинаас .... бид 1 удаа татаад ... согтууд байсан болохоор уугаагүй орхисон. Тэгээд эхнэртэйгээ цуг .... гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд .... эхнэр 1 шил 0.5 литрийн Зэс экс архи гаргасан тэгээд тэр архинаас .... болон түүний 1 юм уу 2 л татсан тэгээд .... унтаад өгсөн. Үлдсэнийг нь би эхнэртэйгээ хуваагаад уусан. Тэднийхээс гарахад эхнэр жаахан явахгүй гээд байхаар нь би тэврээд тэднийхээс гаргаад хойшоо гэртээ харих гээд алхаж явж байхад урьд өмнө болсон зүйлийг яриад уйлж унжаад явахгүй байхаар нь нэг удаа алгадсан тэгээд гэртээ ороод ирэхэд хүүхдүүд унтаж байсан юм угаасаа гарахдаа 2 хүүдээ орж засаж өгөөд унтуулчхаад гарсан юм. Гэрт орж ирээд бид 2 маргалдаад байсныг санаж байна ухаан орж гараад байсан маргалдаж байхдаа гэрт байсан жижиг төмөр сандлаар цохисон чинь нүүр хавьцаа нь цохичих шиг болсон тэгээд нэг ухаан ороход эхнэр миний урд суугаад уйлж байсан харин гаднаас цагдаа ороод ирсэн юм...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б....  үйлдлийн улмаас хохирогч Б....  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.... 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №ЗАВ0725/082 дугаартай “...1.Хохирогч Б.... биед хохирол учирсан байна. 2. Хохирогч Б.... биед зүүн хөмсөгний дээр шарх гэмтэл учирсан 3. Хохирогч Б.... биед учирсан гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирч байна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл болно. 4. Хохирогч Б.... биед учирсан гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Хохирогч Б.... биед зүүн хөмсөгний дээр шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгалаа.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэг, 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Шүүгдэгч нь хохирогчийг сандлаар нүүрэн тус газар цохиход хохирогчийн биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа хор уршгаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна.

Иймд  түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учирсан  байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Б.... нь хохирогч Б.... сандлаар цохисон үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд  учирсан зүүн хөмсөгний дээр шарх бүхий хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.

Шүүгдэгч Б.... нь хохирогчийг цохисон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол зориуд учруулсан.

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” тухай ойлголтын обьектив талын шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг нэг удаагийн болон байнгын шинжтэй хүч хэрэглэсэн үйлдлийн аль алинаар илэрч болох бөгөөд нэг удаагийн үйлдлийг тохиолдлын шинжтэй үйлдлээс ялган зүйлчлэх шаардлагатай.

“Гэр бүлийн хүчирхийлэл”-ийг нэг удаагийн үйлдлээр тодорхойлоход гэмт хэргийн субьектив талын шинж буюу уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн байдлыг нарийвчлан тогтоож, дүгнэлт хийх шаардлагатай болно. Өөрөөр хэлбэл, нэг удаагийн үйлдэл нь ямар нэг тодорхой учир шалтгаангүй, хохирогчийг тохуурхан даажигнах, нэр төр, алдар хүндийг нь гутаах, доромжлох, эрхшээл дарамтдаа оруулах зэрэг санаа зорилгоор сэтгэл санааны дарамт учруулж, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие мах бодид нь хүч хэрэглэсэн үйлдлээр илэрч болно.

Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тайлбарт  “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэдгийг  гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно” гэж  тодорхойлсон.

Энэ гэмт хэргийн тухайд Б...., Б.... нар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Шүүгдэгч Б.... нь хохирогч Б.... үл ялих зүйлээр шалтаглан, цохиж зодсон нь нэг удаагийн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Б.... нь хохирогч Б.... Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон үйлдлийн улмаас  түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж, зориуд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байх тул Б.... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчээс хохирогч хохирол нэхэмжлээгүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Шүүгдэгч Б.... нь өөрт  холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн бөгөөд түүнд  эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх  зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:           

Шүүгдэгч Б.... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.             

Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын санал болгож, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан  эрүүгийн хариуцлагын зорилготой нийцсэн бөгөөд шүүгдэгч  тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр  дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сандлыг устгаж, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд           

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:           

1. Шүүгдэгч ... овогт .... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.... 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу  450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.      

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.... оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.         

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.... нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.    

5. Шүүгдэгч Б.... 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сандлыг устгасугай.

7. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.            

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар прокурор, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             З.НАНДИНЦЭЦЭГ