Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2022/00723

 

 

 

 

 

 

 

 

 

  2022        02          18                                     101/ШШ2022/00723         

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ж.Э-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай 2021 оны 12 дугаар сарын 27-ны  өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

Хариуцагч Ж.Э нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Б миний бие 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр БНХАУ-аас хамгаалалтын хувцас /комбинзон/ оруулж ирж зардаг гэх Ж.Э-тай уулзаж түүнээс 5,000 ширхэг хамгаалалтын хувцас /комбинзон/ худалдаж авахаар болж “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гэрээний урьдчилгаа төлбөр 20,000,000 төгрөгийг өөрийн гүйцэтгэх захирлаар нь ажилладаг “М” ХХК-ийн данснаас Ж.Э-ын дансанд шилжүүлсэн. Д.Т гэх хүнээр зуучлуулж Ж.Э-тай уулзаж гэрээ байгуулсан тул түүнийг гэрээнд худалдагч талаар гарын үсэг зуруулсан бөгөөд Д.Т-аас эд зүйл худалдан авахаар тохиролцоогүй, түүнд мөнгө шилжүүлээгүй болно.

Ж.Э нь гэрээнд заасан хугацаанд тохирсон бараагаа авчирч өгөөгүй бөгөөд тухайн бараа хэрэгцээтэй байсан цаг хугацаанд бараагаа нийлүүлээгүй болно. Худалдагч тал нь гэрээнд заасан бараагаа хугацаандаа өгөөгүйгээс тухайн бараа надад ашиггүй болсон. Тухайн үед хил гаалиар бараа каргогоор орж ирж байсан, ямар нэгэн хязгаарлалт байгаагүй болно.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.4-т “гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө” гэж заасан. Гэрээгээр эхний 3000 ширхэг хувцсыг 2020.03.21-ний өдөр үлдэгдэл 2000 ширхэг барааг 2020.03.31-ний өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч үүнээс хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн байна. Алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар хэтрүүлэлгүй тооцож, 10,000,000 төгрөг нэхэмжилсэн.   

Ж.Э-д гэрээгээ цуцалж урьдчилгаанд төлсөн мөнгөө буцааж өгөхийг шаардахад мөнгийг маань удахгүй өгнө гэсээр одоог болтол миний мөнгийг буцааж өгөхгүй намайг хохироож байна.

Иймд Ж.Э-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 20,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг нийт 30,000,000 төгрөгийг түүнээс гаргуулан өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Н.Б-аас С.Э-д 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, Ж.Э, Д.Т нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, Н.Б-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Г ХХК-ийн мемориалын баримт, Г ХХК дахь 1102026031 тоот дансны 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дансны хуулга, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, “М” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг /хх-ийн 3-8, 18-19 тал/ тус тус шүүхэд ирүүлсэн.   

 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Ж.Э-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Тус шүүх хариуцагч Ж.Э-д холбогдох, 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Б-ийн нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны  өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шүүгчийн 101/ШЗ2022/00942 тоот захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн, хариуцагч Ж.Э-д 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэлийг гардуулан өгч, түүнд зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгчээ.

 

/хх-ийн 9, 12-14/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч Ж.Э нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.

 

Түүнчлэн хариуцагч Ж.Э-ын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх хүсэлт гаргасныг шүүгчийн 101/ШЗ2022/03346 дугаар захирамжаар хангаж, түүнд 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 09:00 цагт хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүх хуралдааны товыг мэдэгдэж, хэрэгт авагдсан баримтуудтай танилцуулсан боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

/хх-ийн 21-25/

 

Дээр дурдсан байдлаас үзэхэд хариуцагч Ж.Э нь нэхэмжлэгч Н.Б-ийн нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авсан боловч хуульд заасан хугацаанд буюу 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр болон түүнээс хойш хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, мөн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т: “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж зааснаас үзэхэд хариуцагч Ж.Э нь хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлийг бий болгосон гэж үзэв.

 

/хх-ийн 27/

 

Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний дагуу барааг хугацаанд нь нийлүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 20,000,000 төгрөг, гэрээгээр тохирсон алданги 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Б, хариуцагч Ж.Э нарын хооронд 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан, уг гэрээгээр Ж.Э, Д.Т нар БНХАУ-ын 1 удаагийн Deltaplus маркийн, хамгаалалтын хувцас /комбинзон/, халдварт өвчнөөс хамгаалах хувцас, 5000 ширхэгийг нийлүүлэх, Н.Б нь үнэ болох 87,500,000 төгрөг төлөхөөр тохиролцжээ.

 

Гэрээний 3.3-т худалдагч нь эхний 3000 ширхэг хувцсыг 10 хоног буюу 2020 оны 03 дугаар сарын 21-ний дотор, үлдэгдэл 2000 ширхэг хувцсыг 2020 оны 03 дугаар сарын 31-ний дотор худалдан авагчид хүлээлгэн өгөх,

3.4-т гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх талаар тусгасан байна.

 

/хх-ийн 5/

 

Дээрх гэрээний худалдагч талд Ж.Э, Д.Т, худалдан авагч талд Н.Б нар өөрсдийн хүсэл зоригийн илэрхийлэл болгон гарын үсгээ зурсан, гэрээний талаар зохигч маргаагүй тул тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д: “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Мөн талууд гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх талаар бичгээр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасантай нийцжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.2-т: “Урьдчилгаа төлбөр 20,000,000 төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр дансаар, үлдэгдэл төлбөрийг барааг хүлээн авсан тухай бүрд төлнө” гэж тохиролцсоны дагуу Н.Б нь 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр “М” ХХК, барааны үнэ, Э гэсэн утгаар Ж.Э-ын “ХААН банк” ХХК-ийн 0 дугаарын данс руу шилжүүлсэн болох нь “Голомт банк” ХХК-ийн мемориалын баримт, дансны хуулгаар огтоогдож байна.

 

/хх-ийн 7-8/

 

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Н.Б нь гэрээгээр тохиролцсон барааны урьдчилгаа төлбөр болох 20,000,000 төгрөгийг хариуцагч Ж.Э-д шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, нэхэмжлэлд хавсаргасан баримтаас үзэхэд хариуцагч Ж.Э нь гэрээгээр тохирсон хугацаанд худалдах, худалдан авах гэрээгээр хамгаалалтын хувцас нийлүүлэх үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул гэрээнээс татгалзсан нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй гэж үзэв.

 

Иймд хариуцагч Ж.Э-аас худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 20,000,000 төгрөгийг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасантай нийцэж байх тул алданги 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Б-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ж.Э-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Б-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Ж.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 307,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Бд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ