| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2017/0007/Э |
| Дугаар | 36 |
| Огноо | 2017-06-27 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Ц.Сайнхүү |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр,
Улсын яллагч Ц.Сайнхүү,
Хохирогч, шүүгдэгч Р.З-гийн өмгөөлөгч М.Энхзаяа,
Хохирогч, шүүгдэгч Э.Б-гийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Р.З, Э.Б нарт холбогдох 201607000176 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 05-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат, **** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, одоо ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, **** хамт Говь-Алтай аймгийн ***** сумын **** багт оршин суудаг, ял шийтгэлгүй, аймгийн аварга малчин, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан, алдарт эхийн 2 дугаар зэргийн одонтой, яамны жуух бичгээр шагнуулж байсан гэх, аминдаа 1.000 гарам малтай, аймгийн сайн малчин, бие эрүүл, ухаан санаа бүрэн, ********* регистрийн дугаартай, З овогт Р-гийн З гэв.
Монгол улсын иргэн, Ховд аймгийн Дарив сумын харьяат, **** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, одоо ** настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, ***** хамт Говь-Алтай аймгийн *** сумын Баянговь багт оршин суудаг, ял шийтгэлгүй, төрөөс авсан гавьяа шагналгүй, аминдаа 1.000 гарам малтай, бие эрүүл, ухаан санаа бүрэн, ************ регистрийн дугаартай, Х овогт Э- Б гэв.
Холбогдсон хэргийн талаар: Ховд аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын иргэн Р.З, Э.Б нар хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо зодолдож Р.З, Э.Б нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч/хохирогч/ Э.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 2016 оны 07 сарын 30-ны өдөр сургуулийн ой үзэхээр морины хүүхэд аваад явсан. Гтой явж байхад машин нь эвдэрсэн. Тэгээд буцах гэсэн Б ах явсан. Сургуулийн ой үзээд орой болсон. Буцах замдаа орой байсан учраас З хүмүүс рүү уурлаад байсан над руу уурлахаар нь би яасан юм гэхэд намайг чи янхан банзал гээд байсан. Тэгээд машин зогсож Б буугаад тамхи татаж байхад та нар энэ хүүхэнтэйгээ янхандаарай, банзалдаарай би зайгаа тавьж өгье, би явлаа үхлээ гээд уйлаад явсан. Тэгж байснаа чи энэ банзалтайгаа яваарай гэж намайг хөөгөөд буцаж ирээд үснээс татаад, араас шороо цацсан. Замдаа чи нөхөрлүүгээ ярьдаггүй, янхан, банзал, гичий гээд хэл амаар доромжлоод байхаар нь Золоо эгч та юундаа уурлаад байгаа юм би яасан юм гэхэд чи явья гэхэд явсангүй. Би эрт явах байсан юм гэсэн. Хоёр хоног тэнэж бардаггүй тэнэмэл гээд байсан. Б ах машинаа зогсоосон. Нөхөртэйгөө муудалцаад үхлээ хатлаа гээд байхаар нь би машинаас буугаад ирсэн. Г хажууд нь байсан юу болсон гэтэл Б наадахыг чинь ална гээд байна гэтэл би очоод холдуултал З чи хөгшин намайг хаясан наадахтайгаа банзалдаарай гээд миний араас шороо цацаад байсан. Би та яаж байгаа юм гэтэл чи үхээд өгөөч гээд пивоны сав шидээд ирээд цээжнээс заамдаад байсан. Би та яаж байгаа юм гээд түлхэхэд үсдээд авсан. Би зөрүүлээд гараараа үсдсэн. Хажууд байсан хүмүүс боль гэхээр нь би гараа өргөсөн чинь миний үсийг тавихгүй болохоор нь дахиад үснээс нь татсан. Тэгээд би машинд орж дотроос нь түгжихэд та нар элэг бүтэн амьдарч байгаа. Би зовлонтой байгаа. Чи элэг бүтэн байгаа гээд хөөгөөд байсан. Тэгээд машины урд талын хаалгаар орж ирээд хөөсөн. Энэ хүн намайг гүтгэж ор үндэслэлгүй зүйл ярьж байна. Өмнө нь худлаа хэлж байгаад цагдаагаар явж мөнгө авч байсан гэсэн. Би зодоод цус алдаад хэвтэж байсан бол тэр үедээ цагдаад хэлэхгүй яасан юм зөвхөн үснээсээ зулгаалцсан өөр зүйл байхгүй гэв.
Шүүгдэгч/хохирогч/ Р.З нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Өдий насандаа ийм хэрэгт холбогдож байгаадаа гэмшиж байна. 2016 оны 07 сарын 30-ны өдөр 11 цагийн үед эд нар ирсэн. Би гурил, будаа авах санаатай явсан. Би явах үедээ оройноо ирэх юм уу ирэхээр бол би явмаар байна гэсэн. Тэгтэл морины хүүхэд хүргэж өгчихөөд ирнэ гэж хэлсэн. Тэгээд Дарви дээр ороод машиндаа бид 2 сууж байгаад эрчүүд нь бөхөө үзэж байхад гэнэт нийллэгтэй гээд буугаад явсан. Тэр оройноо хүлээгээд манайд очих айл байхгүй учир хөдөө хээр гарч хоносон. Орой нь манай хүүхдүүд худаг эвдэрсэн ирээч гэсэн. Би нөхөртөө явах уу гэхэд хүмүүстэй ирчихээд яаж хаяад явж болох уу гэсэн. Орой нь Б дээр ирэх үед буудалд нийлчихсэн байж байсан. Гаргаж ирээд бид нар явах уу гэхэд та нар явж болохгүй байж бай гэсэн. Тэгээд ирэхгүй байхаар нь Алтангэрэл гэх ангийнх нь хүүхдийн утсаар явж болохгүй шүү би явна гээд байсан. Тэгээд маргааш нь болсон. Наадам үргэлжлээд орой болоод явах гэтэл Б олдохгүй байсан. Бгийн нөхөр нь яриад ирээч гээд уурлаад байсан. Тэгэхээр нь эхнэр чинь олдохгүй байна гэж хэлсэн. Нэг байж байгаад ирээд буцаад нэлээн орой болоод ирсэн. Ирээд дэлгүүр хамт орсон. Энэ хүний ярьж байгаа ихэнх нь худлаа байна. Зохиогоод яриад байгаад хэцүү байна. Хамт дэлгүүр орох үед надаас мөнгө гуйсан. Би авч ирсэн мөнгөөрөө юм авчихсан гэснээс эхлээд энэ хүн уурласан. Бүх зүйлийг эсрэгээр нь ярьж байна. Хүнийг гүтгэж сурсан юм шиг байна. Манай нөхөр та 2 хамт яваад тарвас юм аа аваач гэсэн ч энэ хүн олдохгүй байсан. Эцэг нь бүр хайж олж ирээд хөдлөх болсон чинь эцэг нь манай хүний ханцуйруу Улаанбаатар гэх архи хийсэн. Эхлээд бол Дарви сумаас зүгээр хөдлөөд явсан. Миний хэлсэн зүйл танайхаас ч манайхаас ч ярьж байна, хоёр бүтэн өдөр боллоо, манай худгийн мотор эвдэрчихсэн гээд байна, танай нөхөр чинь уурлаад байна гэж хэлж шаардсан. Би эхэлж уурлаагүй. Энэ худлаа ярьж байна. Явж байхад та нар яах гээд байгаа юм гээд араас өшиглөөд хажуу талын хоёр эрэгтэйтээ хэрэлдэж зодолдоод байсан. Гоос утсаа өг гээд шаардаад байсан. Танай нөхөр чинь яриад байсан гэхэд би тэрэнтэй хэрэлдээдэхье тэр яасан сүртэй шээс вэ гээд байсан. Урьд өдөр нь буудал дээр нь очиход халамцуу гарч ирсэн. Цаана нь утсаар манай нөхөрлүү тэгж яриад байсан. Тэгэхэд хадамтайгаа хамаагүй харьцаж байгаа юм биш үү гэхэд архи уучихсан үед тэр хадам, нөхөр, хүүхэд гэж юу юм гэж байсан. Маргааш нь дахиад тэгсэн чинь уурлаад Гыг утсаа өг би тэр шээстэй хэрэлдэнэ, би нийлээ л биз гэхэд Г утсаа өгөхгүй хэрэлдээд хараагаад өшиглөөд байхаар нь би чи яагаад биеэ авч явж чадахгүй байгаа юм, нас биенд хүрсэн хүн байж чи урд ороод суучих гэтэл жолооч явах боломжгүй болоод зогссон. Буугаад эрчүүд нь тамхи татаж байх үед над руу чи ямар сүртэй юм, чи зохицуулдаг нь юм уу, хүн ганц удаа дайгдаж байхад, чам шиг юм тэгж зохицуулдаггүй юм, өчигдөр явчихгүй яасан юм, яах гэж хүлээсэн юм гээд элдэв янзаар хэлээд байх аргагүй болоод буугаад явсан. Би явья гэж бодоогүй. Бие засчихаад эргээд сууя гэж бодож байтал байдал сонин болж эхэлсэн. Ганцаараа эрүүл байсан тул согтуу хүмүүстэй хэцүү байсан. Тэгсэн Г нь намайг хүчээр суулгах гээд байсан. Тэгснээ та намайг Бархүүтэй үлдээ, би үлдмээр байна банзал, янхан явсныг нь би мэднэ, хэд хоносон ч яадаг юм гэж шаардаад байсан. Би эрүүл, согтуу бүгдийг нь аваад явах бодолтой байсан. Г нь тэгж ярьж, шаардаж байгаад намайг цээжээр барьж аваад арагш нь түлхээд буцсан. Г бид хоёр зовлон жаргал яриад тайвшираад байж байсан. Тэр хугацаанд энэ хүмүүс машин дотор архи уусан. Машин дотор бас нэг ерөөл архи байсан. Г, Б хоёр ихэнхийг нь уусан. Нөхөртэйгөө муудалцсан гэж ярьж байна. Манай нөхөр чи ууж иддэггүй болохоор ингэж байгаа юм дунд нь ороод явсан бол ийм зүйл болохгүй гэсэн. Яг явах гэж байтал Б сэгсгэнэж гарч ирчихээд надруу дайраад байсан. Бүгдийг нь худлаа ярьж байна. Би энэнд чи яаж байгаа юм. Ууж идэж болно. Гэхдээ цаг хугацаандаа харих хэрэгтэй байна. Чамаас болоод бид хоёр муудалцах хэрэгтэй болж байна уу гэсэн. Намайг өмнө нь очих үед үснээс татаж зулгаагаад доош нь угзарсан би сөхрөөд унасан. Наадам болж байсан учир гайгүй хувцсаа л өмссөн байсан. Миний гутал урд хэсгээрээ шууд салж унасан. Миний алтан өрөөсөн ээмэг гээгдсэн. Баруун гараараа самардаад гарын хумсны соривнууд их гүн байсан. Сорив нь одоо ч байж байна. Намайг 3 удаа үсдэж, зодож, 6 удаа самардсаны дараа манай машиныг дотроос нь түгжээд суусан. Хэнийг ч оруулахгүй байсан. Бүх хүмүүс явья гэж хэлсээр байгаад машин онгойлгосон. Энэ хүн Гтэй урд суусан. Би урд суу гэж хэлээгүй. Дарвиас хөдлөхдөө хойно таарахгүй бол урд суу гэж хэлснээс биш зодуулсныхаа дараа энэ хоёрыг урд суу гэж хэлээгүй. Г нь орж, түүнийхээ өвөр дээр суучихаад би хагацал зовлон үзээд удаагүй байсан. Танайхан үхээд дуусаж байгаа, надад үх гэж хэлэх, самардах ч чадал байгаагүй. Нохойн гөлөг шиг гэрийн буйрны газар өчнөөн чирсэн. Өвдөг рүү чулуу шигдэж, цус гараад хатчихсан байсан. Надад шидээд байх пивоны сав байхгүй. Би яаж батлахаа мэдэхгүй байна. Урд сууж байгаад эргэж хараад танайхан үхээд дуусаж байгаа, чиний ээж үхсэн чамд энэ хангалттай гээд салаавч өгч амруу чихсэн. Би үснээс нь татах гээд гараа явуулсан ч үсээ дээш нь шуусан байсан тул би хүрээгүй. Г нь энийг хамгаалаад байсан. Энэнээс ганц ч үс унаагүй, цус дусаагүй. Бүгдийг нь эсрэгээр нь худлаа яриад байна. Тийм учраас миний инээд хүрэх шиг болж байна. Хэцүү байна. Согтуу хүмүүс бүх зүйл болоод дууссаны дараа ганц удаа машин дотор шувтраад алдсаныг ярьж байна. Янхан, банзал гэдэг үг Гөс гарсан. Тэр үлдээчих, хэд хоносон ч яадаг юм гэж б байсан. Би бүх хүнээ авч явна гэж хэлж байсан. Энэ өмнө нь чи яасан өтөлдөггүй, үрчийдэггүй юм гэж хэлдэг байсан. Би тэр үед нь миний нүүр царай гайгүй байгаа юм байлгүй гэж бодож байсан. Энэ бол санаатайгаар хийсэн хүчирхийлэл, зүгээр үсдсэн бол би өнгөрөөх байсан. Намайг санаатайгаар самардсан. Би тэссэн. Тэр дороо Дарви орж шүүх цагдаад хандах гэтэл манай нөхөр намайг цагдаад хандуулаагүй. Тэгээд 8 дугаар сарын сүүлээр Ховд аймагт очиж 3 сар амьдарч байхад 10 дугаар сарын 18-ны өглөө хамраас гэнэт их хэмжээний цус алдсан. Тухайн үед дуудлага дуудахад бүх эмч нар нь хуралд орчихсон байсан. Би 10 өнгөртөл литр гарам цусаа алдаад ухаан алдсан. Нэг мэдсэн чинь эмнэлэг дээр дусал зоолгочихсон байсан. Тэгсэн оюутан охин маань ирсэн байсан. Тэгээд нэг өдөр үхэх юм байна гэж бодоод 10 дугаар сарын 27-ны өдөр өгсөн. Миний Томмографикийн шинжилгээг маш их үгүйсгэж байгаа. Тэнд шахагдсан, хавчигдсан маш олон зүйл байдаг гэсэн. Гэтэл энэ шинжилгээг хэн ч ярихгүй байгаа. Миний шинжээч эмч намайг тааруухан тодорхойлчихсон юм уу гэсэн бодолтой байгаа. Би толинд ч харж чадахгүй байгаа. Би эмэгтэй хүүхдүүдтэй. Хүүхдүүд маань хүртэл өөрсдөө самардуулчихсан юм шиг уйлж дуулдаг. Нэг хүний ард олон хүн хохирдог гэдгийг энэ байдлаас харлаа. Хүүхэд шигээ хүнээр зодуулсандаа гомдолтой байгаа. Би хэзээ ч хүнийг үх гэж хэлээгүй. Манайхан үхэж байгаа нь үнэн. Чи манайхан үхэж байхад яавдаа гэж хэлснийг аятайхан байдлаар гоё ярьж байна. Шөнийн гурван цагт нөхөр нь ирээд бүх зүйлийг ойлгуулах байх гэсэн боловч бүх бурууг надад өгсөн. Миний хамраас цус гоожсон, бүх сорвиноос аарц шүүж байгаа юм шиг цус асгарч байсан. Би бүр дарагдаад багтарч үхлээ гээд байхад намайг тавихгүй би муужирсан байсан. Толгойноос базам үс байхгүй. Уучлалт гуйсан нь худлаа. Маш их хэмжээний эмчилгээ хийлгэсэн. Ах дүүсээс мөнгө цуглуулсан. Тэгэхэд энийг ганц ч удаа мессеж бичих болов уу гэж хүлээж байсан. Тэгтэл нэг ч удаа надаас уучлалт гуйгаагүй. Энэ хүнийг Бархүү гэдэг юм одоо их гоё нэртэй болсон байна. Шат шатанд хүмүүс очиж уучлалт гуй гэж хэлж байсан. Эрдэнэбат гэдэг прокурор тантай очиж уулзсан уу гэж өдөр тутам асууж байсан. Эмнэлэгт ор байхгүй гээд нэг удаа такси бариад гэртээ харьсан. Нэг ч удаа надаас уучлалт гуйгаагүй. 1 дүгээр сарын 13-ны өдөр цагаа бүртгүүлээд гарах гэтэл хөөш байж бай зохицъё гэсэн. Би айгаад зүрх чичирч ам хамар татдаг, би ганцаараа л явж байдаг. Энэ хүн дандаа хүнтэй явж байдаг. Би өг гэсэн шинжилгээ бүрийг өгсөн. Тэр өглөө адилхан байж зохицчихооч гэсэн. Гэтэл хажууд нь байсан Ундармаа гэх хүн зохицох хэрэгтэй ш дээ гэж хоёр зэрэг дайрсан. Би хүнд зодуулаад зүрх үхчихсэн хүн чинь айгаад гадаа гараад шууд огисон. Би 11 дүгээр сард намрынхаа хувцастай ирсэн хүн. Би өвөлжин намрын хувцастай 2 карт дүүрэн эмчилгээ хийлгэсэн тэр бүхнийг үгүйсгэж байгаа. Би хотоос тос авч түрхэж байсан. Хүүхэд маань гадаа гарах хооронд хөдлөөд явсан байсан. Арай гэж гэртээ харьсан. Ингэж ярьж байгаа хүнийг мэдэхгүй, та нарын нүдэнд ингэж хэлж байгаа юм чинь, энэ үгнүүдэд ганц үнэн үг алга. Г нь янхан банзал гэж хэлсэн. Би өмнө нь ямар байсныг мэднэ гэж хэлж байсан. Өмнө нь Г, Шонтуул хоёртой уулзсан. Та нар яагаад байгаа юм, хажуу талаас нь маажиж малтаад байгаа юм уу гэхэд Г нь би энэ шиг тарган эхнэртэй хүн, би энүүгээр яадаг юм, би яагаа ч үгүй гэсэн. Би Г-тэйгээ муудалцсан байх гэж бодож байна. Энэ хоёрыг хоорондоо холбоотой хайраа гэж утсан дээрээ хадгалсан байдаг гэж олон түмэн ярьдаг. Тийм болохоор тэрэнтэйгээ муудалцсан байх гэсэн. Миний арын суудлаас өшиглөөд байсан. Ямар сайндаа манай нөхөр аргаа бараад зогссон. Би нөхөртөө хэлсэн үг нь чи яах гэж зогссон юм чи зогссоноос болж би зодууллаа гэж хэлсэн. Чи намайг 6 самардуулж, 3 үсдүүлж миний бие тал хагас болголоо. Одоог хүртэл миний толгой дотор сул юм гүйж, толгой өвдөж, нойргүй болж улаан нүдлээд явж байна. Миний баруун бөөр л өвддөг байсан. Одоо миний бүх өвчний эх үүсвэр болсон. Өвөлжин хийлгэсэн эмчилгээ надад нэмэр болоогүй надаас асар их хэмжээний хохирол мөнгө гарсан. Би Ховдоос, Хөхморьтоос, Ховдын Дарвиас хүртэл дуудагдаж ирж байсан. Энэ хохирлыг хэн гаргаж өгөх юм. Би анхан шатны шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байна. Энэ хүн их зохиомжилж ярьж байна. Би тэр орой нөхрийг нь очоод чи яаваа Б яагаа ч үгүй, харин би улаан эрээн болчихсон байхад, яав гэхийн оронд шууд эхнэрээ өмөөрсөн. Тэр орой, өдөржин, шөнөжин манай хүүхдүүд рүү бүгдийг чинь ална гэж залгасан байсан. Ах дүүгийн холбоо байхгүй. Манай хадам хөгшин энэ хүний нөхөрийг 6 жил тэжээгээд тэднийг нас барахад бүх зүйл дээр нь үлдсэн юм. Хүн тэжээвэл толгой цусддаг гэдэг үнэн юм байна. гэв.
Гэрч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би эд нарт дайгдаад Дарви сумын сургуулийн ойн баярын наадамд хамт явсан юм. Бид тавуулаа явж байсан. Сумаас гарахдаа согтуу байсан. Гэв гэнэт ийм зүйл болсон байсан. Нэг явж байгаад зогсох үед З эгч буугаад явчихлаа араас нь оч гэсэн. Би очиж машинд суулгаад хөдөлсөн. Машинд хэрэлдэж байгаад буугаад гүйсэн. Дараа нь нэг мэдсэн чинь үсдэлдчихсэн байсан. Тэгээд Б намайг аллаа гээд орилоод байсан. Тэгэхээр нь би тавиач гээд салгаад хоёр тийшээ салсан гэв.
Гэрч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид нар наадамд цуг яваад буцсан. Сумаас гарахдаа би халамцуу согтуу байсан. Нэг явж байгаад зогсоход нь Золоо эгчийг явчихлаа аваад ир гэхээр нь авчраад хөдөлсөн. Яг нарийн сайн санахгүй байна. Би эхэлж машин зогссоноос эхэлж сэргэсэн. Намайг очоод аваад ир гэж Б хэлэхээр нь би очиж авчирч машинд суулгасан. З эгч Б өөрөө урд суугаад яв гээд суугаад явж байхад гэв гэнэт З эгч Б-гийн араас үснээс нь зулгаагаад авсан. Тэгээд машин зогсоод тэр газраа хоносон. Өглөө З эгчийн нүүр хоёр газраа шалбарсан харагдаж байсан. Хэл амаар доромжилж, хэрэлдэж байсныг сайн мэдэхгүй байна. Юм хэлээд л байсан гэв.
Гэрч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид нар эхлээд Г-ын машинтай Ховдын Даривын наадамд явсан. Тэгтэл машин нь суугаад эргэж ирээд миний машинтай явсан. Наадам үзээд орой болж тэндээ хонохоор болоод Б үеийнхний нийллэгтэй гээд явсан. Тэр хойгуур З явья гэхэд хамт ирсэн орхиж яваад яахав гэсэн. Маргааш нь аваад явсан. Араас чинь дуудаад байна гэхэд Г, Г хоёрыг утсаа өг гэхэд нь өгөөгүй. Дарвиас 20 км явсан. Зогсоод гадаа сууж байгаад орж ирэх үед манай эхнэр машинаас буугаад явсан. Аваад явах гэхэд би та нартай суухгүй гэсэн. Тэгж байсаар байгаад харанхуй болсон. Энэ хоёр маргалдаж байхад бид 3 оролцоогүй. Тэгэхэд Б үсдээд чирээд явж байсан. Аргагүй эрхэнд салгаад тэндээ хоносон. Тэгээд маргааш нь нөхөр нь ирж аваад явсан. Шөнө суулгаж аваад явсан чинь эргэж З руу салаавч өгөөд түүнээс болж дахиж зогсоод хоносон гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Шүүгдэгч/хохирогч/ Ж.З-гийн мэдүүлэг/1-р хх 37-38-рт/, шүүгдэгч/хохирогч/ Э.Б-гийн мэдүүлэг/40-42-рт/, гэрч Д.Гийн мэдүүлэг/1-р хх 45-46-рт/, гэрч Б.Д-ын мэдүүлэг/1-р хх 43-44, 213-214-рт/, гэрч Б-гийн мэдүүлэг /1-рхх 47-49, 215-216-рт/, гэрч Г-ын мэдүүлэг /1-р хх 50-51, 218-219-рт/, шинжээч Д.Тогтохын дүгнэлт/1-р хх 24-рт, шинжээч Б.Шинэхүүгийн дүгнэлт мэдүүлэг/1-р хх 31-рт/ зэрэг баримтуудад,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч/хохирогч/ Э.Б-гийн өмгөөлөгчийн хүсэлтээр: Шинжээчийн дүгнэлт /1-р хх 24-рт/, гэрч Б.Г, Д.Г, Д.Б нарын мэдүүлэгүүд улсын яллагч уншсан, 76-рт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баянговь багийн засаг даргын тодорхойлолт/1-р хх 76-рт/, ял шалгах хуудас /1-р хх 77-рт/зэрэг баримтуудад,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч/хохирогч/ Р.З-гийн өмгөөлөгчийн хүсэлтээр: Шинжээчийн дүгнэлт/1-р хх 31-рт/, эм тариа хэрэглэсэн эмчилгээ, сувилгааны зардал/1-р хх 150-160-рт/, гэрч нарын мэдүүлэгт зэрэг баримтуудыг шинжлэн судалж, үзлэг хийв.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:
Шүүгдэгч Р.З, Э.Б нар нь Ховд аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо зодолдож Р.З, Э.Б нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч/хохирогч/ Р.З-гийн хэрэг бүртгэлтэнд мэдүүлсэн: “...2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Дарви сум руу нөхөр Б, Г, Г, Б нартай явсан... Маргааш өглөө нь 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Дарви сумын сургуулийн ойн баярыг үзээд өнжсөн...Ховд аймгийн Дарви сумаас гараад явж байхад Б нь Г, Г хоёртой хараал хэлээд хэрэлдээд байсан...Тэгээд Б хэрүүлээ хийцгээ та нар машинд явах арга алга гээд машинаас зогсоосон. Тэгээд би Бг урд суудалд суу, би наана чинь сууя гэсэн. Тэгээд Б буугаад явахад чи муу юу вэ? чам шиг юмтай харьцахгүй гээд хэл амаар доромжлоод байхаар нь би буугаад та нар явцгаа гэсэн. Гэтэл Г намайг цээжнээс өргөөд Гыг дуудаад өргөөд суулгачихья гэсэн. Тэгтэл Г намайг боль гэж хэлсэн. Тэгэхээр нь би амьда байна намайг үхэхээр нь аваачиж хая гэж хэлсэн. Тэгээд бусад нь сүүлд Золоо эгчээ суучих гээд гуйгаад байсан. Год би яагаад маяглаад байгаан гэхэд би тэрийг яагаачгүй би тэрийг яавал гэж хэлсэн. Гт ичдэггүй юм уу гэж намайг хэлэхэд яадын энэ хүүхнийг банзал явсныг мэдэх юм чинь яасан ч яадаг юм намайг энэ авгайтай буулгаад хаячих хэд хоносон ч яадаг юм гэж хэлсэн. Тэгээд эргээд явахгүй гээд сууцан. Тэгэхэд Б бууж ирээд миний үснээс зулгаагаад, сугсараад унагасан, тэгээд чирсэн. Удалгүй Б, Г хоёр ирж салгасан. Б машинд суугаад бүх түгжээг нь түгжээд намайг оруулахгүй байсан. Арай хийж машинд суухад урд талын суудал дээр Гийн өвөр дээр Б суучихаад танайхан дуусч байгаа одоо чиний ээлж, гоч больж гээд салаавч өгөөд байсан. Тэгээд би араас нь барих гэтэл гар хүрээгүй...зүүн талын хацарнаас самардсан хурууны 3 ширхэг сорви байгаа. Баруун гарын шуунаас самардсан. Бас хоёр өвдөг шалбараад чулуу ороод хатсан байсан...” гэх мэдүүлэг/хх 37-38-рт/,
Шүүгдэгч/хохирогч/ Э.Б-гийн хэрэг бүртгэлтэнд мэдүүлсэн: “...2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гэрээс Гын машинтай гарсан...Г, Г, Б нартай цуг явсан...З би явна гэж хэлээд суусан. Тэгэд Дарви суманд очоод 1 хоноод 2016 оны 07 дугаар сарын 31-нд буцаад сумруугаа явсан. Тэгээд замдаа Бруу шийвгай/тарвас/ авсангүй гэж хэлээд нөхөрлүүгээ З уурлаж байгаад надруу мангар тэнэг авгай нөхөрлүүгээ ярьдаггүй, гэрээсээ гараад мартчихдаг хоёр өдөр тэнэж банзалдаж ханаагүй юу банзал янхан минь гэж хэлээд дайрсан. Тэгээд та яагаад уурлаад байгаа юм бэ би таньд уурлаагүй байхад гэж хэлтэл чиний уурлаагүй чинь энэ үү зүгээр явчихаж чадахгүй яадаг янхан авгай вэ гээд хэл амаараа доромжилсон. Би дуугараагүй 7-8 км яваад Б ямар зовлонтой юм бэ үхчилтэй нь билүү гэж хэлээд замын хажуу талын нүх рүү тулаад зогссон.. З надруу янз янзаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би таньтай харьцаа нийлэшгүй нь гэж хэлсэн. Тэгтэл чи надтай харьцдаггүй яасан том юм бэ би шумууланд цусаа соруулж, боохойны хоол болно та гурав энэ банзал авгайтайгаа банзалдаарай би зайг чинь тавьж өгье гээд уйлаад яваад өгсөн...Золоо эгчээ явья гэртээ очиж байгаад учраа ольё одоо гадаа харанхуй болж байна гэсэн. Тэгтэл чи зүгээр зайл гээд гутлаа тайлаад хөлийн булчин руу цохисон. Тэгээд би явья гэхэд гарын хоёр булчингаас базаад Хөрсөн тэгээд би хаяад машинд орж суусан. Б, З хоёр хоорондоо хэрэлдсэн тэгсэн чинь З миний махыг идээд ханахгүй байна уу гэсэн. Тэгээд намайг очтол Б зүгээр зогсож байсан. Тэгээд би очоод холд гээд Бг явуулсан. Тэгэхэд Бруу З хөгшин намайг хаясан, залуу наадахтайгаа янхандаарай гэж хэлсэн. Тэгээд миний ардаас шороо цацаад байсан. Зогсож байхад пивоны сав шидсэн. Тэгээд ирээд намайг заамдаж аваад үхээтэх гээд сэгсчээд байсан. Чи элэг бүтэн амьдарч байгаа. Аавтайгаа, ээжтэйгээ гэж хэлээд миний үснээс зулаагаад авахаар нь би зөрүүлээд үсдсэн. Тэгээд бид хоёр салаад байж байхад ардаас хөөсөн...зугтаад Б-гийн хажууд очоод суутал дахиад үсдээд авсан. Тэгэхээр нь би дахиад үсдээд авахад Б-г боль гэхээр нь би больтол З намайг тавихгүй байсан. Тэгэхээр нь би дахиад нэг зулгаасан...Тэгээд Г би чамайг хамгаалаад явья урд суугаад яв гэхээр нь суугаад хөдлөхөд шууд миний үснээс хуруугаа ороож байгаад зулгаасан...Базаж авсан газраар нь Хөрсөн байсан. Хөлийн булчин дээр бас Хөрсөн байсан...” гэх мэдүүлэг/хх 41-42-рт/,
Гэрч Б.Д-ын хэрэг бүртгэлтэнд мэдүүлсэн: 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Ховдын Дарвийн наадам үзэхээр Г, Г, Б, З нартай явсан. Тэгээд наадам 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дууссан. Тэр өдөр 19 цагийн орчимд Дарвиас гарч байна гэж ярьж байсан. Тэгэхэд манай эхнэр Б нь гэртээ утсаа орхичоод явсан байсан. Тэгээд Г-ын утас руу залгасан. Тэгээд дахиад залгахад Г мэдэхгүй гэсэн. Сүүлд сонсоход З эгчийг уурлаад гүйгээд явахаар нь надаас санаа зовоод хэлээгүй байсан. Тэгээд шөнө Б залгасан хэдэн цаг болж байсныг нь сайн мэдэхгүй байна. Үснээс зулгаагаад зодоод машиндаа оруулахгүй байна ирээд аваадах гэж ярьсан. Одоо харанхуй болсон байна өглөө очоод авья гэж ярьсан. Тэгээд өглөө нь 09 цагийн үед очсон намайг очиход Г, манай эхнэр хоёр урдаас тосоод алхаад ирж байсан. Тэгээд дөхөөд очиход урдаас тосоод ирсэн. Б ах Г ах хоёр цаана сууж байсан. З машинд сууж байгаад намайг очиход буугаад ирсэн. Тэгээд танай банзал эхнэр чинь намайг ингэж зодлоо гэсэн. Тэгэхээр нь та банзал гэдгийг нь яаж нотлох юм бэ гэтэл Г тэгж надад хэлсэн гэсэн. Тэгэхээр нь чи яаж мэдэж байгаа юм гээд Г лүү би уурлахад би тэгээгүй гэтэл З эгч Б хэнтэй унтасныг нь мэдэж байгаа гэж хэлтэл Б чи юу яриад байгаа юм бэ би тэгж хэлээгүй гэсэн. Тэгээл хэрүүл болох шинжтэй болохоор нь эхнэрээ аваад явсан...” гэх мэдүүлэг/хх 43-44-рт/,
Гэрч Д.-Гийн хэрэг бүртгэлтэнд мэдүүлсэн: “...Ховдын Дарвийн сургуулийн 90 жилийн ойн баяр үзэхээр Б, Б, Г, бид дөрөв Гын машинтай явж байсан тэгээд машин нь болохоо болиод буцаад Б ахынд очоод машиныг нь авсан. Тухайн үед З орж ирж суусан тэгээд бид явсан. Тэгээд Дарви ороод орой нь буцна гэж байгаад болиод маргааш нь наадам дуусгаад явсан. Найз нөхөдтэйгээ бага зэрэг уусан байсан. Тэгээд замдаа явж байхад З эгч уурлаад байсан юунаас болсоныг нь би сайн мэдэхгүй байна тэгээд хэсэг зуур унтсан. Нэг сэрэхэд Б, З хоёр нь хоорондоо үсдэлдчихсэн орилолдоод байж байсан. Тэгэхээр нь би та болиочээ гээд салгасан. Тэгээд хээр хоносон. З эгч машиндаа унтсан бусад нь гадаа хоносон. З эгч бид нарыг бүгдийг нь Бтэй яриад наадахтайгаа яв гичий энэ тэр гээд машиндаа оруулахгүй байсан учраас хээр хоносон. Б айгаад машинд нь суухгүй байсан. Тэгээд өглөө нь Б ах явья гэхэд Бг З машинд оруулахгүй байсан. Удалгүй Бгийн нөхөр Д ирээд Б-г аваад явсан тэгээд бид хэд гэр лүүгээ явсан...” гэх мэдүүлэг/хх 45-46-рт/,
Гэрч Д.Б-н хэрэг бүртгэлтэнд мэдүүлсэн: “...Тэгээд Ховд аймгийн Дарви суманд хоноод маргааш нь баяр дуусгаад орой 20 цагийн үед буцаад гэр лүүгээ явсан. Тэгээд явах үед З, Бд хандаж нөхөр чинь араас ирэх болж байна уу гэж залгаад байна гэтэл Б машинд чинь суухгүй байж их юм болж гэж хэлсэн тэгээд гарч яваад хэсэг чимээгүй болсон. Замд явж байхад Б зүгээр яваач гэж хэлсэн хэнд хэлсэнийг нь сайн мэдэхгүй байна. Тэгтэл З, Бг хойно таарахгүй бол урагшаа суу би хойно сууя гэсэн тэгээд Б, З хоёр маргалдаад болохгүй болохоор нь би машинаа зогсоогоод бууж тамхи татчихаад эргээд ортол З машинаас буугаад алхсан. Араас нь Г очоод явья гэтэл яваагүй араас нь Г очоод Зг дагуулаад ирж байсан. Тэгэхэд Г машинд тэврээд суулгачихья гэсэн З машинд суухгүй байсан. Тэгэхээр нь Г, Г бид 3 машинаас буугаад сууж байтал З, Б хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Нэг харахад Зг Б үснээс зулгаагаад газарт чирээд явж байсан. Тэгээд гайгүй юм байлгүй гээд өнгөрсөн. Бүгд машинд суусан тухайн үед Згийн нүүр нил цус байсан. Тэгээд машинд суугаад явахад Б Гийн өвөр дээр сууж явсан. Тэгээд 2, 3 км явж байхад З Бг ардаас нь үсдсэн. Тэгээд зогсоод машинд З хоносон бусад нь бүгдээрээ хээр хоносон. Тэгээд өглөө босоход Згийн нүүр нил сорви болсон байсан. Б-г нөхөр Д нь ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг/хх 46-47-рт/,
Гэрч Б.Г-ын хэрэг бүртгэлтэнд мэдүүлсэн: “...Г бид хоёр халамцуу байсан. Би зүүрмэглээд байж байтал гэнэт машин зогссон. Тэгээд хартал Б ах чамаас боллоо зүгээр байгаач гэж Зд хэлсэн. Тэгтэл З Бтэй хэрэлдээд буугаад гүйсэн. Тэгэхэд Г араас нь явсан тэгээд байж байтал Б ах бид нарын үгэнд орохгүй чи очоод гуйгаад аваад ир гэж хэлсэн. Тэгээд араас нь очоод байж байтал ардаас Б машинтайгаа ирсэн тэгээд машинд суусан. Тэгэхэд З, Б, Г хоёрыг урд суучих гээд суулгасан тэгээд хөдлөөд явж байхад дахиж хоорондоо хэрэлдээд нэг нэгнийгээ үсдэж авсан. Тэгэхэд Б ах машинаа зогсоосон бид нар тэр хоёрыг салгасан. Тэгээд би жаахан халанцуу байсан болохоор дээл нөмрөөд унтсан. Өглөө босоход Б хөлдөж үхлээ дээлээ өгөөдөх гэж хэлсэн тэгээд дээлээ өгөөд байж байтал Д ирээд Б, Г хоёрыг аваад явсан. Би Б, З хоёртой явсан...” гэх мэдүүлэг/хх 50-51-рт/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №542 дугаар:
1.Э.Б-гийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2.Э.Б-гийн биед учирсан дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Э.Б-гийн биед гэмтэл учирсан боловч цаг хугацааг нь нарийн тогтоох боломжгүй. 4.Э.Б-гийн биед учирсан дээрхи гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д... ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр/5-10 хувь/ тогтонги алдагдсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт/хх 24-рт/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн №525 дугаар:
1.Р.З-гийн биед гэмтэл учирсан байна. 2.Р.З-гийн биед тархи доргилт, зүүн хацар хэсэгт 2х0.3 см, 1х0.2 см, 1.5х0.4 см, баруун гарын шууны дотор талд 1.8х0.6 см сорвинууд гэмтэл тогтоогдлоо. 3.Р.З-гийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой боловч цаг хугацааг нь нарийн тогтоох боломжгүй. 4.Р.З-гийн биед учирсан дээрхи гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д... ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр/5-10 хувь/ тогтонги алдагдсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт/хх 31-рт/,
Шүүгдэгч Р.З-гийн хэрэг бүртгэлтэнд яллагдагчаар хоёр дугаар удаа мэдүүлсэн “...Дарвиас явж байгаад машинаас буугаад нилээд удаж байтал намайг шууд үсдэж, 5-10 минут хугацаатай санаатайгаар чирсэн...Би Бг ерөөсөө цохиогүй машинд явж байхдаа ардаас үсдэх гэтэл гар хүрээгүй...” гэх мэдүүлэг/хх 221-222-рт/,
Шүүгдэгч Э.Б-гийн хэрэг бүртгэлтэнд яллагдагчаар хоёр дугаар удаа мэдүүлсэн “...Дарвиас гэрлүүгээ явж байхдаа нөхөр Б-тайгаа З нь муудалцсан. Тэгээд тэрнээсээ болоод намайг янз янзаар хэлээд доромжлоод байсан. Тэгээд гутлаараа хөлийн булчин руу цохиж авсан... Машинаас буугаад толгойны орой дээрээс зулгаасан. Тэгээд би зөрүүлээд үсдтэл намайг тавиач гэж хэлсэн. Би тавиад хоёр гараа өргөчихөөд хүмүүсээ тавиулаач гэхэд З болиоч гэж Б ах хэлсэн. Тэгээд тавихгүй болохоор нь би самардсан...Тэгээд явж байхад бас намайг үсдэж авсан. Тэгэхэд машины урд суудалд Г-тэй цуг сууж явсан...500 метр орчим яваад ахиж намайг ардаас гэдийлгээд үснээс зулгаасан...Зг цохиж аваагүй. Үснээс зулгаахаар нь зүүн хацарнаас нь самардсан. Бас толгойноос нь үсдсэн ерөөсөө цохиж аваагүй...” гэх мэдүүлэг/хх 225-226-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Хэрэг гарсан байдлыг тодруулбал: Шүүгдэгч Р.З, Э.Б нар нь 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Ховд аймгийн Дарив сумын нутагт хувийн таарамжгүй харьцааны улмаас харилцан зодолдож бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдох ба энэ хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №148 дугаар акт зэргээр хэрэгт хангалттай нотлогджээ.
Шүүгдэгч Р.З, Э.Б нар нь тодорхой сэдэлттэйгээр буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас харилцан зодолдож бие биедээ хөнгөн гэмтэл санаатай учруулсан бөгөөд тэдгээрийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Р.З, Э.Б нарт холбогдох хэрэгт хэрэг бүртгэлтийн шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул Р.З, Э.Б нарыг бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 147 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон байх тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэн зөв, хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
Уг гэмт хэрэг нь анх 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гарсан ба Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байх тул шүүгдэгч Р.З, Э.Б нарт холбогдох эрүүгийн 201607000176 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Р.З, Э.Б нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Р.Згийн нэхэмжилсэн 1.135.810 төгрөгийн баримтаас 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “***” эмнэлгээр үйлчлүүлсэн 147.000 төгрөгийн баримт нь хэргийн нөхцөл байдалтай холбоогүй буюу хэрэгт хамааралгүй, 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 66.600 төгрөгийн, 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 66.600 төгрөгийн баримтад бичигдсэн худалдан авагч Б гэх хүн нь хэн болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нийт 280.200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлээс үлдсэн 855.610 төгрөгийг шүүгдэгч Э.Б-гээс гаргуулж Р.Зд,
Шүүгдэгч Э.Б-гийн нэхэмжилсэн 302.100 төгрөгийн баримтаас 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр **** эмийн сангаас авсан 252.700 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэрэгсэхгүй болгож, үлдсэн 49.400 төгрөгийг шүүгдэгч Р.З-гаас гаргуулж Э.Б-д олгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Уг гэмт хэрэг нь Ховд аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бөгөөд тухайн хэргийн сэжигтэн, яллагдагч Р.З, Э.Б, гэрч Б.Г, Д.Б, Д.Г нар нь бүгд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баянговь багт оршин суудаг, улмаар шүүгдэгч Р.З, Э.Б нар нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Ховд аймгийн Цагдаагийн газарт “Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт хэргийг шилжүүлэн өгөх” тухай хүсэлтийг гаргасан байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 дахь хэсэгт зааснаар Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газар хэрэг бүртгэлтийн ажиллагааг хийж дуусгасан байна.
Энэхүү нөхцөл байдал нь Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг бүрэн бодитойгоор шийдвэрлэхэд нөлөөлөхгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 221 дүгээр зүйлийн 221.4, 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар Р.З, Э.Б нарт холбогдох 201607000176 дугаартай эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Р.З, Э.Б нар нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэднээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Р-гийн З, Х овогт Э- Б нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.З, Э.Б нарт холбогдох эрүүгийн 201607000176 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.З, Э.Б нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Згаас 49.400 төгрөгийг гаргуулж шүүгдэгч Э.Бд олгох, шүүгдэгч Э.Бгээс 855.610 төгрөгийг гаргуулж шүүгдэгч Р.Зд тус тус олгосугай.
4. Шүүгдэгч Р.З, Э.Б нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Р.З, Э.Б нар нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэднээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Р.З, Э.Б нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА