Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 36

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр,

Улсын яллагч Ц.Сайнхүү,

Хохирогч, шүүгдэгч Р.Золзаяагийн өмгөөлөгч М.Энхзаяа,

Хохирогч, шүүгдэгч Э.Баярхүүгийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн шүүгдэгч  Р.Золзаяа, Э.Баярхүү нарт холбогдох 201607000176 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 05-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат,  1966 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, одоо 51 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баянговь багт оршин суудаг, ял шийтгэлгүй, аймгийн аварга малчин, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан, алдарт эхийн 2 дугаар зэргийн одонтой, яамны жуух бичгээр шагнуулж байсан гэх, аминдаа 1.000 гарам малтай, аймгийн сайн малчин, бие эрүүл, ухаан санаа бүрэн, ДБ66050208 регистрийн дугаартай, Зураач овогт Раднаагийн Золзаяа гэв.

Монгол улсын иргэн, Ховд аймгийн Дарив сумын харьяат,  1983 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, одоо 33 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баянговь багт оршин суудаг, ял шийтгэлгүй, төрөөс авсан гавьяа шагналгүй, аминдаа 1.000 гарам малтай, бие эрүүл, ухаан санаа бүрэн, ПГ83062700 регистрийн дугаартай, Хөх овогт Эрдэнийн Баярхүү гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Ховд аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын иргэн Р.Золзаяа, Э.Баярхүү нар хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо зодолдож Р.Золзаяа, Э.Баярхүү нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч/хохирогч/ Э.Баярхүү нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 2016 оны 07 сарын 30-ны өдөр сургуулийн ой үзэхээр морины хүүхэд аваад явсан. Ганболдтой явж байхад машин нь эвдэрсэн. Тэгээд буцах гэсэн Баяндалай ах явсан. Сургуулийн ой үзээд орой болсон. Буцах замдаа орой байсан учраас Золзаяа хүмүүс рүү уурлаад байсан над руу уурлахаар нь би яасан юм гэхэд намайг чи янхан банзал гээд байсан. Тэгээд машин зогсож Баяндалай буугаад тамхи татаж байхад та нар энэ хүүхэнтэйгээ янхандаарай, банзалдаарай би зайгаа тавьж өгье, би явлаа үхлээ гээд уйлаад явсан. Тэгж байснаа чи энэ банзалтайгаа яваарай гэж намайг хөөгөөд буцаж ирээд үснээс татаад, араас шороо цацсан. Замдаа чи нөхөрлүүгээ ярьдаггүй, янхан, банзал, гичий гээд хэл амаар доромжлоод байхаар нь Золоо эгч та юундаа уурлаад байгаа юм би яасан юм гэхэд чи явья гэхэд явсангүй. Би эрт явах байсан юм гэсэн. Хоёр хоног тэнэж бардаггүй тэнэмэл гээд байсан. Баяндалай ах машинаа зогсоосон. Нөхөртэйгөө муудалцаад үхлээ хатлаа гээд байхаар нь би машинаас буугаад ирсэн. Ганболд хажууд нь байсан юу болсон гэтэл Баяндалай наадахыг чинь ална гээд байна гэтэл би очоод холдуултал Золзаяа чи хөгшин намайг хаясан наадахтайгаа банзалдаарай гээд миний араас шороо цацаад байсан. Би та яаж байгаа юм гэтэл чи үхээд өгөөч гээд пивоны сав шидээд ирээд цээжнээс заамдаад байсан. Би та яаж байгаа юм гээд түлхэхэд үсдээд авсан. Би зөрүүлээд гараараа үсдсэн. Хажууд байсан хүмүүс боль гэхээр нь би гараа өргөсөн чинь миний үсийг тавихгүй болохоор нь дахиад үснээс нь татсан. Тэгээд би машинд орж дотроос нь түгжихэд та нар элэг бүтэн амьдарч байгаа. Би зовлонтой байгаа. Чи элэг бүтэн байгаа гээд хөөгөөд байсан. Тэгээд машины урд талын хаалгаар орж ирээд хөөсөн. Энэ хүн намайг гүтгэж ор үндэслэлгүй зүйл ярьж байна. Өмнө нь худлаа хэлж байгаад цагдаагаар явж мөнгө авч байсан гэсэн. Би зодоод цус алдаад хэвтэж байсан бол тэр үедээ цагдаад хэлэхгүй яасан юм зөвхөн үснээсээ зулгаалцсан өөр зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч/хохирогч/ Р.Золзаяа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Өдий насандаа ийм хэрэгт холбогдож байгаадаа гэмшиж байна. 2016 оны 07 сарын 30-ны өдөр 11 цагийн үед эд нар ирсэн. Би гурил, будаа авах санаатай явсан. Би явах үедээ оройноо ирэх юм уу ирэхээр бол би явмаар байна гэсэн. Тэгтэл морины хүүхэд хүргэж өгчихөөд ирнэ гэж хэлсэн. Тэгээд Дарви дээр ороод машиндаа бид 2 сууж байгаад эрчүүд нь бөхөө үзэж байхад гэнэт нийллэгтэй гээд буугаад явсан. Тэр оройноо хүлээгээд манайд очих айл байхгүй учир хөдөө хээр гарч хоносон. Орой нь манай хүүхдүүд худаг эвдэрсэн ирээч гэсэн. Би нөхөртөө явах уу гэхэд хүмүүстэй ирчихээд яаж хаяад явж болох уу гэсэн. Орой нь Баярхүү дээр ирэх үед буудалд нийлчихсэн байж байсан. Гаргаж ирээд бид нар явах уу гэхэд та нар явж болохгүй байж бай гэсэн. Тэгээд ирэхгүй байхаар нь Алтангэрэл гэх ангийнх нь хүүхдийн утсаар явж болохгүй шүү би явна гээд байсан. Тэгээд маргааш нь болсон. Наадам үргэлжлээд орой болоод явах гэтэл Баярхүү олдохгүй байсан. Баярхүүгийн нөхөр нь яриад ирээч гээд уурлаад байсан. Тэгэхээр нь эхнэр чинь олдохгүй байна гэж хэлсэн. Нэг байж байгаад ирээд буцаад нэлээн орой болоод ирсэн. Ирээд дэлгүүр хамт орсон. Энэ хүний ярьж байгаа ихэнх нь худлаа байна. Зохиогоод яриад байгаад хэцүү байна. Хамт дэлгүүр орох үед надаас мөнгө гуйсан. Би авч ирсэн мөнгөөрөө юм авчихсан гэснээс эхлээд энэ хүн уурласан. Бүх зүйлийг эсрэгээр нь ярьж байна. Хүнийг гүтгэж сурсан юм шиг байна. Манай нөхөр та 2 хамт яваад тарвас юм аа аваач гэсэн ч энэ хүн олдохгүй байсан. Эцэг нь бүр хайж олж ирээд хөдлөх болсон чинь эцэг нь манай хүний ханцуйруу Улаанбаатар гэх архи хийсэн. Эхлээд бол Дарви сумаас зүгээр хөдлөөд явсан. Миний хэлсэн зүйл танайхаас ч манайхаас ч ярьж байна, хоёр бүтэн өдөр боллоо, манай худгийн мотор эвдэрчихсэн гээд байна, танай нөхөр чинь уурлаад байна гэж хэлж шаардсан. Би эхэлж уурлаагүй. Энэ худлаа ярьж байна. Явж байхад та нар яах гээд байгаа юм гээд араас өшиглөөд хажуу талын хоёр эрэгтэйтээ хэрэлдэж зодолдоод байсан. Ганболдоос утсаа өг гээд шаардаад байсан. Танай нөхөр чинь яриад байсан гэхэд би тэрэнтэй хэрэлдээдэхье тэр яасан сүртэй шээс вэ гээд байсан. Урьд өдөр нь буудал дээр нь очиход халамцуу гарч ирсэн. Цаана нь утсаар манай нөхөрлүү тэгж яриад байсан. Тэгэхэд хадамтайгаа хамаагүй харьцаж байгаа юм биш үү гэхэд архи уучихсан үед тэр хадам, нөхөр, хүүхэд гэж юу юм гэж байсан. Маргааш нь дахиад тэгсэн чинь уурлаад Ганболдыг утсаа өг би тэр шээстэй хэрэлдэнэ, би нийлээ л биз гэхэд Ганболд утсаа өгөхгүй хэрэлдээд хараагаад өшиглөөд байхаар нь би чи яагаад биеэ авч явж чадахгүй байгаа юм, нас биенд хүрсэн хүн байж чи урд ороод суучих гэтэл жолооч явах боломжгүй болоод зогссон. Буугаад эрчүүд нь тамхи татаж байх үед над руу чи ямар сүртэй юм, чи зохицуулдаг нь юм уу, хүн ганц удаа дайгдаж байхад, чам шиг юм тэгж зохицуулдаггүй юм, өчигдөр явчихгүй яасан юм, яах гэж хүлээсэн юм гээд элдэв янзаар хэлээд байх аргагүй болоод буугаад явсан. Би явья гэж бодоогүй. Бие засчихаад эргээд сууя гэж бодож байтал байдал сонин болж эхэлсэн. Ганцаараа эрүүл байсан тул согтуу хүмүүстэй хэцүү байсан. Тэгсэн Гантөмөр нь намайг хүчээр суулгах гээд байсан. Тэгснээ та намайг Бархүүтэй үлдээ, би үлдмээр байна банзал, янхан явсныг нь би мэднэ, хэд хоносон ч яадаг юм гэж шаардаад байсан. Би эрүүл, согтуу бүгдийг нь аваад явах бодолтой байсан. Гантөмөр нь тэгж ярьж, шаардаж байгаад намайг цээжээр барьж аваад арагш нь түлхээд буцсан. Ганболд бид хоёр зовлон жаргал яриад тайвшираад байж байсан. Тэр хугацаанд энэ хүмүүс машин дотор архи уусан. Машин дотор бас нэг ерөөл архи байсан. Гантөмөр, Баярхүү хоёр ихэнхийг нь уусан. Нөхөртэйгөө муудалцсан гэж ярьж байна. Манай нөхөр чи ууж иддэггүй болохоор ингэж байгаа юм дунд нь ороод явсан бол ийм зүйл болохгүй гэсэн. Яг явах гэж байтал Баярхүү сэгсгэнэж гарч ирчихээд надруу дайраад байсан. Бүгдийг  нь худлаа ярьж байна. Би энэнд чи яаж  байгаа юм. Ууж идэж болно. Гэхдээ цаг хугацаандаа харих хэрэгтэй байна. Чамаас болоод бид хоёр муудалцах хэрэгтэй болж байна уу гэсэн. Намайг өмнө нь очих үед үснээс татаж зулгаагаад доош нь угзарсан би сөхрөөд унасан. Наадам болж байсан учир гайгүй хувцсаа л өмссөн байсан. Миний гутал урд хэсгээрээ шууд салж унасан. Миний алтан өрөөсөн ээмэг гээгдсэн. Баруун гараараа самардаад гарын хумсны соривнууд их гүн байсан. Сорив нь одоо ч байж байна. Намайг 3 удаа үсдэж, зодож, 6 удаа самардсаны дараа манай машиныг дотроос нь түгжээд суусан. Хэнийг ч оруулахгүй байсан.  Бүх хүмүүс явья гэж хэлсээр байгаад машин онгойлгосон. Энэ хүн Гантөмөртэй урд суусан. Би урд суу гэж хэлээгүй. Дарвиас хөдлөхдөө хойно таарахгүй бол урд суу гэж хэлснээс биш зодуулсныхаа дараа энэ хоёрыг урд суу гэж хэлээгүй. Гантөмөр нь орж, түүнийхээ өвөр дээр суучихаад би хагацал зовлон үзээд удаагүй байсан. Танайхан үхээд дуусаж байгаа, надад үх гэж хэлэх, самардах ч чадал байгаагүй. Нохойн гөлөг шиг гэрийн буйрны газар өчнөөн чирсэн. Өвдөг рүү чулуу шигдэж, цус гараад хатчихсан байсан. Надад шидээд байх пивоны сав байхгүй. Би яаж батлахаа мэдэхгүй байна. Урд сууж байгаад эргэж хараад танайхан үхээд дуусаж байгаа, чиний ээж үхсэн чамд энэ хангалттай гээд салаавч өгч амруу чихсэн. Би үснээс нь татах гээд гараа явуулсан ч үсээ дээш нь шуусан байсан тул би хүрээгүй. Гантөмөр нь энийг хамгаалаад байсан. Энэнээс ганц ч үс унаагүй, цус дусаагүй. Бүгдийг нь эсрэгээр нь худлаа яриад байна. Тийм учраас миний инээд хүрэх шиг болж байна. Хэцүү байна. Согтуу хүмүүс бүх зүйл болоод дууссаны дараа ганц удаа машин дотор шувтраад алдсаныг ярьж байна. Янхан, банзал гэдэг үг Гантөмөрөс гарсан. Тэр үлдээчих, хэд хоносон ч яадаг юм гэж б байсан. Би бүх хүнээ авч явна гэж хэлж байсан. Энэ өмнө нь чи яасан өтөлдөггүй, үрчийдэггүй юм гэж хэлдэг байсан. Би тэр үед нь миний нүүр царай гайгүй байгаа юм байлгүй гэж бодож байсан. Энэ бол санаатайгаар хийсэн хүчирхийлэл, зүгээр үсдсэн бол би өнгөрөөх байсан. Намайг санаатайгаар самардсан. Би тэссэн. Тэр дороо Дарви орж шүүх цагдаад хандах гэтэл манай нөхөр намайг цагдаад хандуулаагүй. Тэгээд 8 дугаар сарын сүүлээр Ховд аймагт очиж 3 сар амьдарч байхад 10 дугаар сарын 18-ны өглөө хамраас гэнэт их хэмжээний цус алдсан. Тухайн үед дуудлага дуудахад бүх эмч нар нь хуралд орчихсон байсан. Би 10 өнгөртөл литр гарам цусаа алдаад ухаан алдсан. Нэг мэдсэн чинь эмнэлэг дээр дусал зоолгочихсон байсан. Тэгсэн оюутан охин маань ирсэн байсан. Тэгээд нэг өдөр үхэх юм байна гэж бодоод 10 дугаар сарын 27-ны өдөр өгсөн. Миний Томмографикийн шинжилгээг маш их үгүйсгэж байгаа. Тэнд шахагдсан, хавчигдсан маш олон зүйл байдаг гэсэн. Гэтэл энэ шинжилгээг хэн ч ярихгүй байгаа. Миний шинжээч эмч намайг тааруухан тодорхойлчихсон юм уу гэсэн бодолтой байгаа. Би толинд ч харж чадахгүй байгаа. Би эмэгтэй хүүхдүүдтэй. Хүүхдүүд маань хүртэл өөрсдөө самардуулчихсан юм шиг уйлж дуулдаг. Нэг хүний ард олон хүн хохирдог гэдгийг энэ байдлаас харлаа. Хүүхэд шигээ хүнээр зодуулсандаа гомдолтой байгаа. Би хэзээ ч хүнийг үх гэж хэлээгүй. Манайхан үхэж байгаа нь үнэн. Чи манайхан үхэж байхад яавдаа гэж хэлснийг аятайхан байдлаар гоё ярьж байна. Шөнийн гурван цагт нөхөр нь ирээд бүх зүйлийг ойлгуулах байх гэсэн боловч бүх бурууг надад өгсөн. Миний хамраас цус гоожсон, бүх сорвиноос аарц шүүж байгаа юм шиг цус асгарч байсан. Би бүр дарагдаад багтарч үхлээ гээд байхад намайг тавихгүй би муужирсан байсан. Толгойноос базам үс байхгүй. Уучлалт гуйсан нь худлаа. Маш их хэмжээний эмчилгээ хийлгэсэн. Ах дүүсээс мөнгө цуглуулсан. Тэгэхэд энийг ганц ч удаа мессеж бичих болов уу гэж хүлээж байсан. Тэгтэл нэг ч удаа надаас уучлалт гуйгаагүй. Энэ хүнийг Бархүү гэдэг юм одоо их гоё нэртэй болсон байна. Шат шатанд хүмүүс очиж уучлалт гуй гэж хэлж байсан. Эрдэнэбат гэдэг прокурор тантай очиж уулзсан уу гэж өдөр тутам асууж байсан. Эмнэлэгт ор байхгүй гээд нэг удаа такси бариад гэртээ харьсан. Нэг ч удаа надаас уучлалт гуйгаагүй. 1 дүгээр сарын 13-ны өдөр цагаа бүртгүүлээд гарах гэтэл хөөш байж бай зохицъё гэсэн. Би айгаад зүрх чичирч ам хамар татдаг, би ганцаараа л явж байдаг. Энэ хүн дандаа хүнтэй явж байдаг. Би өг гэсэн шинжилгээ бүрийг өгсөн. Тэр өглөө адилхан байж зохицчихооч гэсэн. Гэтэл хажууд нь байсан Ундармаа гэх хүн зохицох хэрэгтэй ш дээ гэж хоёр зэрэг дайрсан. Би хүнд зодуулаад зүрх үхчихсэн хүн чинь айгаад гадаа гараад шууд огисон. Би 11 дүгээр сард намрынхаа хувцастай ирсэн хүн. Би өвөлжин намрын хувцастай 2 карт дүүрэн эмчилгээ хийлгэсэн тэр бүхнийг үгүйсгэж байгаа. Би хотоос тос авч түрхэж байсан. Хүүхэд маань гадаа гарах хооронд хөдлөөд явсан байсан. Арай гэж гэртээ харьсан. Ингэж ярьж байгаа хүнийг мэдэхгүй, та нарын нүдэнд ингэж хэлж байгаа юм чинь, энэ үгнүүдэд ганц үнэн үг алга. Гантөмөр нь янхан банзал гэж хэлсэн. Би өмнө нь ямар байсныг мэднэ гэж хэлж байсан. Өмнө нь Гантөмөр, Шонтуул хоёртой уулзсан. Та нар яагаад байгаа юм, хажуу талаас нь маажиж малтаад байгаа юм уу гэхэд Ганболд нь би энэ шиг тарган эхнэртэй хүн, би энүүгээр яадаг юм, би яагаа ч үгүй гэсэн. Би Гантөмөртэйгээ муудалцсан байх гэж бодож байна. Энэ хоёрыг хоорондоо холбоотой хайраа гэж утсан дээрээ хадгалсан байдаг гэж олон түмэн ярьдаг. Тийм болохоор тэрэнтэйгээ муудалцсан байх гэсэн. Миний арын суудлаас өшиглөөд байсан. Ямар сайндаа манай нөхөр аргаа бараад зогссон. Би нөхөртөө хэлсэн үг нь чи яах гэж зогссон юм чи зогссоноос болж би зодууллаа гэж хэлсэн. Чи намайг 6 самардуулж, 3 үсдүүлж миний бие тал хагас болголоо. Одоог хүртэл миний толгой дотор сул юм гүйж, толгой өвдөж, нойргүй болж улаан нүдлээд явж байна. Миний баруун бөөр л өвддөг байсан. Одоо миний бүх өвчний эх үүсвэр болсон. Өвөлжин хийлгэсэн эмчилгээ надад нэмэр болоогүй надаас асар их хэмжээний хохирол мөнгө гарсан. Би Ховдоос, Хөхморьтоос, Ховдын Дарвиас хүртэл дуудагдаж ирж байсан. Энэ хохирлыг хэн гаргаж өгөх юм. Би анхан шатны шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байна. Энэ хүн их зохиомжилж ярьж байна. Би тэр орой нөхрийг нь очоод чи яаваа Баярхүү яагаа ч үгүй, харин би улаан эрээн болчихсон байхад, яав гэхийн оронд шууд эхнэрээ өмөөрсөн. Тэр орой, өдөржин, шөнөжин манай хүүхдүүд рүү бүгдийг чинь ална гэж залгасан байсан. Ах дүүгийн холбоо байхгүй. Манай хадам хөгшин энэ хүний нөхөрийг 6 жил тэжээгээд тэднийг нас барахад бүх зүйл дээр нь үлдсэн юм. Хүн тэжээвэл толгой цусддаг гэдэг үнэн юм байна.  гэв.

Гэрч Б.Ганболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би эд нарт дайгдаад Дарви сумын сургуулийн ойн баярын наадамд хамт явсан юм. Бид тавуулаа явж байсан. Сумаас гарахдаа согтуу байсан. Гэв гэнэт ийм зүйл болсон байсан. Нэг явж байгаад зогсох үед Золзаяа эгч буугаад явчихлаа араас нь оч гэсэн. Би очиж машинд суулгаад хөдөлсөн. Машинд хэрэлдэж байгаад буугаад гүйсэн. Дараа нь нэг мэдсэн чинь үсдэлдчихсэн байсан. Тэгээд Баярхүү намайг аллаа гээд орилоод байсан. Тэгэхээр нь би тавиач гээд салгаад хоёр тийшээ салсан гэв.

Гэрч Д.Гантөмөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид нар наадамд цуг яваад буцсан. Сумаас гарахдаа би халамцуу согтуу байсан. Нэг явж байгаад зогсоход нь Золоо эгчийг явчихлаа аваад ир гэхээр нь авчраад хөдөлсөн. Яг нарийн сайн санахгүй байна. Би эхэлж машин зогссоноос эхэлж сэргэсэн. Намайг очоод аваад ир гэж Баяндалай хэлэхээр нь би очиж авчирч машинд суулгасан. Золзаяа эгч Баярхүү өөрөө урд суугаад яв гээд суугаад явж байхад гэв гэнэт Золзаяа эгч Баярхүүгийн араас үснээс нь зулгаагаад авсан. Тэгээд машин зогсоод тэр газраа хоносон. Өглөө Золзаяа эгчийн нүүр хоёр газраа шалбарсан харагдаж байсан. Хэл амаар доромжилж, хэрэлдэж байсныг сайн мэдэхгүй байна. Юм хэлээд л байсан гэв.

Гэрч Д.Баяндалай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид нар эхлээд Ганболдын машинтай Ховдын Даривын наадамд явсан. Тэгтэл машин нь суугаад эргэж ирээд миний машинтай явсан. Наадам үзээд орой болж тэндээ хонохоор болоод Баярхүү үеийнхний нийллэгтэй гээд явсан. Тэр хойгуур Золзаяа явья гэхэд хамт ирсэн орхиж яваад яахав  гэсэн. Маргааш нь аваад явсан. Араас чинь дуудаад байна гэхэд Ганболд, Гантөмөр хоёрыг утсаа өг гэхэд нь өгөөгүй. Дарвиас 20 км явсан. Зогсоод гадаа сууж байгаад орж ирэх үед манай эхнэр машинаас буугаад явсан. Аваад явах гэхэд би та нартай суухгүй гэсэн. Тэгж байсаар байгаад харанхуй болсон. Энэ хоёр маргалдаж байхад бид 3 оролцоогүй. Тэгэхэд Баярхүү үсдээд чирээд явж байсан. Аргагүй эрхэнд салгаад тэндээ хоносон. Тэгээд маргааш нь нөхөр нь ирж аваад явсан. Шөнө суулгаж аваад явсан чинь эргэж Золзаяа руу салаавч өгөөд түүнээс болж дахиж зогсоод хоносон гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Шүүгдэгч/хохирогч/ Ж.Золзаяагийн мэдүүлэг/1-р хх 37-38-рт/, шүүгдэгч/хохирогч/ Э.Баярхүүгийн мэдүүлэг/40-42-рт/,  гэрч Д.Гантөмөрийн мэдүүлэг/1-р хх 45-46-рт/, гэрч Б.Доржпамалын мэдүүлэг/1-р хх 43-44, 213-214-рт/, гэрч Баяндалайгийн мэдүүлэг /1-рхх 47-49, 215-216-рт/, гэрч Ганболдын мэдүүлэг /1-р хх 50-51, 218-219-рт/, шинжээч Д.Тогтохын дүгнэлт/1-р хх 24-рт, шинжээч Б.Шинэхүүгийн дүгнэлт мэдүүлэг/1-р хх 31-рт/ зэрэг баримтуудад,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч/хохирогч/ Э.Баярхүүгийн өмгөөлөгчийн хүсэлтээр: Шинжээчийн дүгнэлт /1-р хх 24-рт/, гэрч Б.Ганболд, Д.Гантөмөр, Д.Баяндалай нарын мэдүүлэгүүд улсын яллагч уншсан, 76-рт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баянговь багийн засаг даргын тодорхойлолт/1-р хх 76-рт/, ял шалгах хуудас /1-р хх 77-рт/зэрэг баримтуудад,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч/хохирогч/ Р.Золзаяагийн өмгөөлөгчийн хүсэлтээр: Шинжээчийн дүгнэлт/1-р хх 31-рт/, эм тариа хэрэглэсэн эмчилгээ, сувилгааны зардал/1-р хх 150-160-рт/, гэрч нарын мэдүүлэгт зэрэг баримтуудыг шинжлэн судалж, үзлэг хийв.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

 

Шүүгдэгч Р.Золзаяа, Э.Баярхүү нар нь Ховд аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо зодолдож Р.Золзаяа, Э.Баярхүү нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

 

Шүүгдэгч/хохирогч/ Р.Золзаяагийн хэрэг бүртгэлтэнд мэдүүлсэн: “...2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Дарви сум руу нөхөр Баяндалай, Гантөмөр, Ганболд, Баярхүү нартай явсан... Маргааш өглөө нь 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Дарви сумын сургуулийн ойн баярыг үзээд өнжсөн...Ховд аймгийн Дарви сумаас гараад явж байхад Баярхүү нь Ганболд, Гантөмөр хоёртой хараал хэлээд хэрэлдээд байсан...Тэгээд Баяндалай хэрүүлээ хийцгээ та нар машинд явах арга алга  гээд машинаас зогсоосон. Тэгээд би Баярхүүг урд суудалд суу, би наана чинь сууя гэсэн. Тэгээд Баяндалай буугаад явахад чи муу юу вэ? чам шиг юмтай харьцахгүй гээд хэл амаар доромжлоод байхаар нь би буугаад та нар явцгаа гэсэн. Гэтэл Гантөмөр намайг цээжнээс өргөөд Ганболдыг дуудаад өргөөд суулгачихья гэсэн. Тэгтэл Гантөмөр намайг боль гэж хэлсэн. Тэгэхээр нь би амьда байна намайг үхэхээр нь аваачиж хая гэж хэлсэн. Тэгээд бусад нь сүүлд Золоо эгчээ суучих гээд гуйгаад байсан. Ганболдод би яагаад маяглаад байгаан гэхэд би тэрийг яагаачгүй би тэрийг яавал гэж хэлсэн. Гантөмөрт ичдэггүй юм уу гэж намайг хэлэхэд яадын энэ хүүхнийг банзал явсныг мэдэх юм чинь яасан ч яадаг юм намайг энэ авгайтай буулгаад хаячих хэд хоносон ч яадаг юм гэж хэлсэн. Тэгээд эргээд явахгүй гээд сууцан. Тэгэхэд Баярхүү бууж ирээд миний үснээс зулгаагаад, сугсараад унагасан, тэгээд чирсэн. Удалгүй Баяндалай, Ганболд хоёр ирж салгасан. Баярхүү машинд суугаад бүх түгжээг нь түгжээд намайг оруулахгүй байсан. Арай хийж машинд суухад урд талын суудал дээр Гантөмөрийн өвөр дээр Баярхүү суучихаад танайхан дуусч байгаа одоо чиний ээлж, гоч больж гээд салаавч өгөөд байсан. Тэгээд би араас нь барих гэтэл гар хүрээгүй...зүүн талын хацарнаас самардсан хурууны 3 ширхэг сорви байгаа. Баруун гарын шуунаас самардсан. Бас хоёр өвдөг шалбараад чулуу ороод хатсан байсан...” гэх мэдүүлэг/хх 37-38-рт/,

Шүүгдэгч/хохирогч/ Э.Баярхүүгийн хэрэг бүртгэлтэнд мэдүүлсэн: “...2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гэрээс Ганболдын машинтай гарсан...Гантөмөр, Ганболд, Баяндалай нартай цуг явсан...Золзаяа би явна гэж хэлээд суусан. Тэгэд Дарви суманд очоод 1 хоноод 2016 оны 07 дугаар сарын 31-нд буцаад сумруугаа явсан. Тэгээд замдаа Баяндалайруу шийвгай/тарвас/ авсангүй гэж хэлээд нөхөрлүүгээ Золзаяа уурлаж байгаад надруу мангар тэнэг авгай нөхөрлүүгээ ярьдаггүй, гэрээсээ гараад мартчихдаг хоёр өдөр тэнэж банзалдаж ханаагүй юу банзал янхан минь гэж хэлээд дайрсан. Тэгээд та яагаад уурлаад байгаа юм бэ би таньд уурлаагүй байхад гэж хэлтэл чиний уурлаагүй чинь энэ үү зүгээр явчихаж чадахгүй яадаг янхан авгай вэ гээд хэл амаараа доромжилсон. Би дуугараагүй 7-8 км яваад Баяндалай ямар зовлонтой юм бэ үхчилтэй нь билүү гэж хэлээд замын хажуу талын нүх рүү тулаад зогссон.. Золзаяа надруу янз янзаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би таньтай харьцаа нийлэшгүй нь гэж хэлсэн. Тэгтэл чи надтай харьцдаггүй яасан том юм бэ би шумууланд цусаа соруулж, боохойны хоол болно та гурав энэ банзал авгайтайгаа банзалдаарай би зайг чинь тавьж өгье гээд уйлаад яваад өгсөн...Золоо эгчээ явья гэртээ очиж байгаад учраа ольё одоо гадаа харанхуй болж байна гэсэн. Тэгтэл чи зүгээр зайл гээд гутлаа тайлаад хөлийн булчин руу цохисон. Тэгээд би явья гэхэд гарын хоёр булчингаас базаад хөхөрсөн тэгээд би хаяад машинд орж суусан. Баяндалай, Золзаяа хоёр хоорондоо хэрэлдсэн тэгсэн чинь Золзаяа миний махыг идээд ханахгүй байна уу гэсэн. Тэгээд намайг очтол Баяндалай зүгээр зогсож байсан. Тэгээд би очоод холд гээд Баяндалайг явуулсан. Тэгэхэд Баяндалайруу Золзаяа хөгшин намайг хаясан, залуу наадахтайгаа янхандаарай гэж хэлсэн. Тэгээд миний ардаас шороо цацаад байсан. Зогсож байхад пивоны сав шидсэн. Тэгээд ирээд намайг заамдаж аваад үхээтэх гээд сэгсчээд байсан. Чи элэг бүтэн амьдарч байгаа. Аавтайгаа, ээжтэйгээ гэж хэлээд миний үснээс зулаагаад авахаар нь би зөрүүлээд үсдсэн. Тэгээд бид хоёр салаад байж байхад ардаас хөөсөн...зугтаад Баяндалайгийн хажууд очоод суутал дахиад үсдээд авсан. Тэгэхээр нь би дахиад үсдээд авахад Баяндалайг боль гэхээр нь би больтол Золзаяа намайг тавихгүй байсан. Тэгэхээр нь би дахиад нэг зулгаасан...Тэгээд Гантөмөр би чамайг хамгаалаад явья урд суугаад яв гэхээр нь суугаад хөдлөхөд шууд миний үснээс хуруугаа ороож байгаад зулгаасан...Базаж авсан газраар нь хөхөрсөн байсан. Хөлийн булчин дээр бас хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг/хх 41-42-рт/,

Гэрч Б.Доржпаламын хэрэг бүртгэлтэнд мэдүүлсэн: 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Ховдын Дарвийн наадам үзэхээр Ганболд, Гантөмөр, Баяндалай, Золзаяа нартай явсан. Тэгээд наадам 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дууссан. Тэр өдөр 19 цагийн орчимд Дарвиас гарч байна гэж ярьж байсан. Тэгэхэд манай эхнэр Баярхүү нь гэртээ утсаа орхичоод явсан байсан. Тэгээд Ганболдын утас руу залгасан. Тэгээд дахиад залгахад Ганболд мэдэхгүй гэсэн. Сүүлд сонсоход Золзаяа эгчийг уурлаад гүйгээд явахаар нь надаас санаа зовоод хэлээгүй байсан. Тэгээд шөнө Баярхүү залгасан хэдэн цаг болж байсныг нь сайн мэдэхгүй байна. Үснээс зулгаагаад зодоод машиндаа оруулахгүй байна ирээд аваадах гэж ярьсан. Одоо харанхуй болсон байна өглөө очоод авья гэж ярьсан. Тэгээд өглөө нь 09 цагийн үед очсон намайг очиход Гантөмөр, манай эхнэр хоёр урдаас тосоод алхаад ирж байсан. Тэгээд дөхөөд очиход урдаас тосоод ирсэн. Баяндалай ах Ганболд ах хоёр цаана сууж байсан. Золзаяа машинд сууж байгаад намайг очиход буугаад ирсэн. Тэгээд танай банзал эхнэр чинь намайг ингэж зодлоо гэсэн. Тэгэхээр нь та банзал гэдгийг нь яаж нотлох юм бэ гэтэл Гантөмөр тэгж надад хэлсэн гэсэн. Тэгэхээр нь чи яаж мэдэж байгаа юм гээд Гантөмөр лүү би уурлахад би тэгээгүй гэтэл Золзаяа эгч Баяндалай хэнтэй унтасныг нь мэдэж байгаа гэж хэлтэл Баяндалай чи юу яриад байгаа юм бэ би тэгж хэлээгүй гэсэн. Тэгээл хэрүүл болох шинжтэй болохоор нь эхнэрээ аваад явсан...” гэх мэдүүлэг/хх 43-44-рт/,

Гэрч Д.Гантөмөрийн хэрэг бүртгэлтэнд мэдүүлсэн: “...Ховдын Дарвийн сургуулийн 90 жилийн ойн баяр үзэхээр Баяндалай, Баярхүү, Ганболд, бид дөрөв Ганболдын машинтай явж байсан тэгээд машин нь болохоо болиод буцаад Баяндалай ахынд очоод машиныг нь авсан. Тухайн үед Золзаяа орж ирж суусан тэгээд бид явсан. Тэгээд Дарви ороод орой нь буцна гэж байгаад болиод маргааш нь наадам дуусгаад явсан. Найз нөхөдтэйгээ бага зэрэг уусан байсан. Тэгээд замдаа явж байхад Золзаяа эгч уурлаад байсан юунаас болсоныг нь би сайн мэдэхгүй байна тэгээд хэсэг зуур унтсан. Нэг сэрэхэд Баярхүү, Золзаяа хоёр нь хоорондоо үсдэлдчихсэн орилолдоод байж байсан. Тэгэхээр нь би та болиочээ гээд салгасан. Тэгээд хээр хоносон. Золзаяа эгч машиндаа унтсан бусад нь гадаа хоносон. Золзаяа эгч бид нарыг бүгдийг нь Баярхүүтэй яриад наадахтайгаа яв гичий энэ тэр гээд машиндаа оруулахгүй байсан учраас хээр хоносон. Баярхүү айгаад машинд нь суухгүй байсан. Тэгээд өглөө нь Баяндалай ах явья гэхэд Баярхүүг Золзаяа машинд оруулахгүй байсан. Удалгүй Баярхүүгийн нөхөр Доржпалам ирээд Баярхүүг аваад явсан тэгээд бид хэд гэр лүүгээ явсан...” гэх мэдүүлэг/хх 45-46-рт/,

Гэрч Д.Баяндалайн хэрэг бүртгэлтэнд мэдүүлсэн: “...Тэгээд Ховд аймгийн Дарви суманд хоноод маргааш нь баяр дуусгаад орой 20 цагийн үед буцаад гэр лүүгээ явсан. Тэгээд явах үед Золзаяа, Баярхүүд хандаж нөхөр чинь араас ирэх болж байна уу гэж залгаад байна гэтэл Баярхүү машинд чинь суухгүй байж их юм болж гэж хэлсэн тэгээд гарч яваад хэсэг чимээгүй болсон. Замд явж байхад Баярхүү зүгээр яваач гэж хэлсэн хэнд хэлсэнийг нь сайн мэдэхгүй байна. Тэгтэл Золзаяа, Баярхүүг хойно таарахгүй бол урагшаа суу би хойно сууя гэсэн тэгээд Баярхүү, Золзаяа хоёр маргалдаад болохгүй болохоор нь би машинаа зогсоогоод бууж тамхи татчихаад эргээд ортол Золзаяа машинаас буугаад алхсан. Араас нь Гантөмөр очоод явья гэтэл яваагүй араас нь Ганболд очоод Золзаяаг дагуулаад ирж байсан. Тэгэхэд Гантөмөр машинд тэврээд суулгачихья гэсэн Золзаяа машинд суухгүй байсан. Тэгэхээр нь Ганболд, Гантөмөр бид 3 машинаас буугаад сууж байтал Золзаяа, Баярхүү хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Нэг харахад Золзаяаг Баярхүү үснээс зулгаагаад газарт чирээд явж байсан. Тэгээд гайгүй юм байлгүй гээд өнгөрсөн. Бүгд машинд суусан тухайн үед Золзаяагийн нүүр нил цус байсан. Тэгээд машинд суугаад явахад Баярхүү Гантөмөрийн өвөр дээр сууж явсан. Тэгээд 2, 3 км явж байхад Золзаяа Баярхүүг ардаас нь үсдсэн. Тэгээд зогсоод машинд Золзаяа хоносон бусад нь бүгдээрээ хээр хоносон. Тэгээд өглөө босоход Золзаяагийн нүүр нил сорви болсон байсан. Баярхүүг нөхөр Доржпалам нь ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг/хх 46-47-рт/,

Гэрч Б.Ганболдын хэрэг бүртгэлтэнд мэдүүлсэн: “...Гантөмөр бид хоёр халамцуу байсан. Би зүүрмэглээд байж байтал гэнэт машин зогссон. Тэгээд хартал Баяндалай ах чамаас боллоо зүгээр байгаач гэж Золзаяад хэлсэн. Тэгтэл Золзаяа Баярхүүтэй хэрэлдээд буугаад гүйсэн. Тэгэхэд Гантөмөр араас нь явсан тэгээд байж байтал Баяндалай ах бид нарын үгэнд орохгүй чи очоод гуйгаад аваад ир гэж хэлсэн. Тэгээд араас нь очоод байж байтал ардаас Баяндалай машинтайгаа ирсэн тэгээд машинд суусан. Тэгэхэд Золзаяа, Баярхүү, Гантөмөр хоёрыг урд суучих гээд суулгасан тэгээд хөдлөөд явж байхад дахиж хоорондоо хэрэлдээд нэг нэгнийгээ үсдэж авсан. Тэгэхэд Баяндалай ах машинаа зогсоосон бид нар тэр хоёрыг салгасан. Тэгээд би жаахан халанцуу байсан болохоор дээл нөмрөөд унтсан. Өглөө босоход Баярхүү хөлдөж үхлээ дээлээ өгөөдөх гэж хэлсэн тэгээд дээлээ өгөөд байж байтал Доржпалам ирээд Баярхүү, Гантөмөр хоёрыг аваад явсан. Би Баяндалай, Золзаяа хоёртой явсан...” гэх мэдүүлэг/хх 50-51-рт/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №542 дугаар:

1.Э.Баярхүүгийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2.Э.Баярхүүгийн биед учирсан дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Э.Баярхүүгийн биед гэмтэл учирсан боловч цаг хугацааг нь нарийн тогтоох боломжгүй. 4.Э.Баярхүүгийн биед учирсан дээрхи гэмтэл нь  Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д... ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр/5-10 хувь/ тогтонги алдагдсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт/хх 24-рт/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн №525 дугаар:

1.Р.Золзаяагийн биед гэмтэл учирсан байна. 2.Р.Золзаяагийн биед тархи доргилт, зүүн хацар хэсэгт 2х0.3 см, 1х0.2 см, 1.5х0.4 см, баруун гарын шууны дотор талд 1.8х0.6 см сорвинууд гэмтэл тогтоогдлоо. 3.Р.Золзаяагийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой боловч цаг хугацааг нь нарийн тогтоох боломжгүй. 4.Р.Золзаяагийн биед учирсан дээрхи гэмтэл нь  Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д... ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр/5-10 хувь/ тогтонги алдагдсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт/хх 31-рт/,

Шүүгдэгч Р.Золзаяагийн хэрэг бүртгэлтэнд яллагдагчаар хоёр дугаар удаа мэдүүлсэн “...Дарвиас явж байгаад машинаас буугаад нилээд удаж байтал намайг шууд үсдэж, 5-10 минут хугацаатай санаатайгаар чирсэн...Би Баярхүүг ерөөсөө цохиогүй машинд явж байхдаа ардаас үсдэх гэтэл гар хүрээгүй...” гэх мэдүүлэг/хх 221-222-рт/,

Шүүгдэгч Э.Баярхүүгийн хэрэг бүртгэлтэнд яллагдагчаар хоёр дугаар удаа мэдүүлсэн “...Дарвиас гэрлүүгээ явж байхдаа нөхөр Баяндалайтайгаа Золзаяа нь муудалцсан. Тэгээд тэрнээсээ болоод намайг янз янзаар хэлээд доромжлоод байсан. Тэгээд гутлаараа хөлийн булчин руу цохиж авсан... Машинаас буугаад толгойны орой дээрээс зулгаасан. Тэгээд би зөрүүлээд үсдтэл намайг тавиач гэж хэлсэн. Би тавиад хоёр гараа өргөчихөөд хүмүүсээ тавиулаач гэхэд Золзаяа болиоч гэж Баяндалай ах хэлсэн. Тэгээд тавихгүй болохоор нь би самардсан...Тэгээд явж байхад бас намайг үсдэж авсан. Тэгэхэд машины урд суудалд Гантөмөртэй цуг сууж явсан...500 метр орчим яваад ахиж намайг ардаас гэдийлгээд үснээс зулгаасан...Золзаяаг цохиж аваагүй. Үснээс зулгаахаар нь зүүн хацарнаас нь самардсан. Бас толгойноос нь үсдсэн ерөөсөө цохиж аваагүй...” гэх мэдүүлэг/хх 225-226-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэг гарсан байдлыг тодруулбал: Шүүгдэгч Р.Золзаяа, Э.Баярхүү нар нь 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Ховд аймгийн Дарив сумын нутагт хувийн таарамжгүй харьцааны улмаас харилцан зодолдож бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдох ба энэ хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №148 дугаар акт зэргээр хэрэгт хангалттай нотлогджээ.

 

Шүүгдэгч Р.Золзаяа, Э.Баярхүү нар нь тодорхой сэдэлттэйгээр буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас харилцан зодолдож бие биедээ хөнгөн гэмтэл санаатай учруулсан бөгөөд тэдгээрийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Р.Золзаяа, Э.Баярхүү нарт холбогдох хэрэгт хэрэг бүртгэлтийн шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул Р.Золзаяа, Э.Баярхүү нарыг бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 147 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон байх тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэн зөв, хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

 

Уг гэмт  хэрэг нь анх 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гарсан ба Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байх тул шүүгдэгч Р.Золзаяа, Э.Баярхүү нарт холбогдох эрүүгийн 201607000176 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Р.Золзаяа, Э.Баярхүү нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдож байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Р.Золзаяагийн нэхэмжилсэн 1.135.810 төгрөгийн баримтаас 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Ач заяа” эмнэлгээр үйлчлүүлсэн 147.000 төгрөгийн баримт нь хэргийн нөхцөл байдалтай холбоогүй буюу хэрэгт хамааралгүй, 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 66.600 төгрөгийн, 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 66.600 төгрөгийн баримтад бичигдсэн худалдан авагч Бямбажаргал гэх хүн нь хэн болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нийт 280.200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлээс үлдсэн 855.610 төгрөгийг шүүгдэгч Э.Баярхүүгээс гаргуулж Р.Золзаяад,

Шүүгдэгч Э.Баярхүүгийн нэхэмжилсэн 302.100 төгрөгийн баримтаас 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Монос Алтай эмийн сангаас авсан 252.700 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэрэгсэхгүй болгож, үлдсэн 49.400 төгрөгийг шүүгдэгч Р.Золзаяагаас гаргуулж Э.Баярхүүд олгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Уг гэмт хэрэг нь  Ховд аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бөгөөд тухайн хэргийн сэжигтэн, яллагдагч Р.Золзаяа, Э.Баярхүү, гэрч Б.Ганболд, Д.Баяндалай, Д.Гантөмөр нар нь бүгд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баянговь багт оршин суудаг, улмаар шүүгдэгч Р.Золзаяа, Э.Баярхүү нар нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Ховд аймгийн Цагдаагийн газарт “Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт хэргийг шилжүүлэн өгөх” тухай хүсэлтийг гаргасан байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 дахь хэсэгт зааснаар Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газар хэрэг бүртгэлтийн ажиллагааг хийж дуусгасан  байна.

 

Энэхүү нөхцөл байдал нь Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг бүрэн бодитойгоор шийдвэрлэхэд нөлөөлөхгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 221  дүгээр зүйлийн 221.4, 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар Р.Золзаяа, Э.Баярхүү нарт холбогдох 201607000176 дугаартай эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Р.Золзаяа, Э.Баярхүү нар нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэднээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  248, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Зураач овогт Раднаагийн Золзаяа, Хөх овогт Эрдэнийн Баярхүү нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Золзаяа, Э.Баярхүү нарт холбогдох эрүүгийн 201607000176 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Золзаяа, Э.Баярхүү нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Золзаяагаас 49.400 төгрөгийг гаргуулж шүүгдэгч Э.Баярхүүд олгох, шүүгдэгч Э.Баярхүүгээс 855.610 төгрөгийг гаргуулж шүүгдэгч Р.Золзаяад тус тус олгосугай.

4. Шүүгдэгч Р.Золзаяа, Э.Баярхүү нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Р.Золзаяа, Э.Баярхүү нар нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэднээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Р.Золзаяа, Э.Баярхүү нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.МӨНХТУЯА