Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2022/0847

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “Д*** с*** н***” ХХК /РД:5***/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б*** /РД:ЧБ7***/,

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Э.Б***,

Гуравдагч этгээд: “А** б***” ХХК /РД:2***/,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “А** б***” ХХК-ийн Хуулийн хэлтсийн захирал Б.О***, хуульч М.С***,

Гуравдагч этгээд “А** б***” ХХК-ийн өмгөөлөгч: Д.Б*** /ШТЭҮ:0***/

Гуравдагч этгээд “У*** и***” ХХК,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.Б*******,

Гуравдагч этгээд “У*** и***” ХХК-ийн өмгөөлөгч: О.Б*** /ШТЭҮ:1***/ нарын хоорондын “А** б***” ХХК-ийн шинэчилсэн дүрмийг бүртгэсэн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн улсын бүртгэлтэй холбоотой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***, хариуцагч улсын бүртгэгч Э.Б***, гуравдагч этгээд “А** б***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С***, Б.О***, өмгөөлөгч Д.Б***, гуравдагч этгээд “У*** и***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнханд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Д*** с*** н***” ХХК нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Э.Б***т холбогдуулан Улсын бүртгэгч Э.Б***ын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “А** б***” ХХК-ийн шинэчилсэн дүрмийг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

            2. “А** б***” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс “А** б***” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр шийдвэрлэн, хурлын товыг банкны хувьцаа эзэмшигч “Д*** с*** н***” ХХК-д 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн ТБ/08 дугаар албан бичгээр мэдэгдсэн.

            2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 10 цаг 00 минутад хуралдсан “А** б***” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд “Д*** с*** н***” ХХК-иас төлөөлөл хүрэлцэн ирээгүй тул “А** б***” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тооллогын комиссын 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 08/18 дугаар тогтоолоор ирцийг баталгаажуулан, хурлыг хүчин төгөлдөрт тооцон хурлыг үргэлжүүлж, 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Х/03, Х/04 дүгээр тогтоолыг гарган, банкны дүрмийн шинэчилсэн найруулгыг баталсан.

            Улмаар, тухайн дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр 2021

оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсаныг хариуцагчаас 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бүртгэн, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд холбогдох тэмдэглэлийг хийжээ

            3. Нэхэмжлэгч “Д*** с*** н***” ХХК-иас хариуцагчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 292 дугаар албан бичгээр гомдол гаргаснийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 7/2009 дугаартай албан бичгээр гомдлыг хангахаас татгалзсан хариуг өгсөн.

            Нэхэмжлэгч тухайн хариуг эс зөвшөөрч 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.

.           4. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

            “А** б***" ХХК-ийн удирдлагыг хэрэгжүүлж байгаа гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд гэх этгээдүүд болон "У*** и***" ХХК-ийн үүсгэн байгуулагч нар нь 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлаж, уг хурал хучин төгөлдөр бус болсон учраас хойшлогдсон гэх хурлыг 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр зарлан, "Д*** с*** н***" ХХК-ийг оролцуулахгуйгээр хууль бус хурал хийж, Х/03, Х/04 тоот хууль бус тогтоолуудыг гаргаж, банкны дүрмийн шинэчилсэн найруулгыг баталсан байна. Улмаар Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд гэх этгээдүүд нь "А** б***" ХХК-ийн гуйцэтгэх удирдлага гэх хууль бусаар томилогдсон этгээдэд үүрэг өгч, хууль бусаар нэмэлт өөрчлөлт оруулсан банкны дүрмийг Монголбанкны 2021 оны банкны эрх зүйн актын буртгэлийн 2549 дугаарт бүртгүүлж, Улсын бүртгэлийн еренхий газрын Хуулийн этгээдийн буртгэлийн газарт 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бүртгүүлэн, хуулийн этгээдийн гэрчилгээнд тэмдэглүүлсэн тухайгаа бидэнд 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Б-813 тоот албан бичгээр ируулсэнээр бид энэ тухай асуудлыг мэдэж, холбогдох гомдол, нэхэмжлэл гаргах болсон.

            “А** б***” ХХК-ийн удирдлага гэх хүмүүс нь Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.11-т “Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн талаарх бүх мэдээллийг авах, санхүүгийн болон бусад баримт бичигтэй танилцах эрхтэй” гэж заасныг зөрчиж, хувьцаа эзэмшигчийг огт мэдээллээр хангахгүй байгаа учраас бид энэ мэт хууль бус үйлдэл, үйл ажиллагааг хэсэг хугацаа өнгөрсний дараа буюу нэгэнт болоод өнгөрснийх нь дараа мэдээлэл авч байгаа билээ.

            Үүнтэй зэрэгцүүлэн банканд хууль бусаар томилогдсон Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд гэх хүмүүс нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мөн л Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлаж байгаагаа 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ТБ-16 тоот бичгээр, мөн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон хууль бус хурлын тогтоолын дагуу 1181 ширхэг хувьцааг эргэлтэд гаргасан талаараа, түүнийг худалдан авах эсэх саналаа 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ирүүлэхийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ТБ-15 тоот бичгээр тулган шаардаж, хувьцаа эзэмшигч "Д*** с*** н***" ХХК-ийн хуулиар олгогдсон эрх, ашиг сонирхолыг ноцтой зөрчих эрсдлийг үүсгээд байна.

"А** б***" ХХК нь үүгээр ч зогсохгүй ийнхүү хууль бус хурлын шийдвэрээр улсын буртгэлд бүртгүүлсэн дүрмийг үндэслэн "А** б***" ХХК-ийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх нэрийн дор банкны ажилчдын эрх, ашиг сонирхолыг зөрчиж, ажлаас халах, тушаал бууруулах зэргээр дураараа авирласаар байна.

Цаашид энэ мэтээр хууль бусаар банканд томилогдсон, эрх зүйн чадамжгүй этгээдүүд хууль зөрчсөн үйлдлээ хэрэгжүүлсээр байвал "А** б***" ХХК нь удахгүй дампуурах, хувьцаа эзэмшигч надад нэгэнт учираад байгаа хохирол өдөр өдрөөр нэмэгдэх, банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашиг хохирох эрсдлийг бий болгож байна.

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А-17, А-21 тоот тушаалуудаар "А** б***" ХХК-д банкны нөхцөлт удирдлагын арга хэмжээг хэрэгжүүлж, тус банканд нэг жилийн хугацаатай бүрэн эрхт төлөөлөгч томилсоны дараа улмаар банканд хянагч томилон одоог хүртэл ажиллуулан банкны бүхий л үйл ажиллагааг хязгаарласан хэвээр байгаа билээ.

"А** б***" ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын хойшлогдсон гэх 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн хурал нь хучин төгөлдөр бус, тухайн хурлаас гаргасан Х/04 тоот тогтоол нь хууль бус болох нь дараах байдлаар тайлбарлагдаж байна. Үүнд:

Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.5-д "Энэ хууль болон компанийн дүрэмд зааснаас дээгүүр хувь тогтоогоогүй, эсхүл хуульд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн гишүүдийг сонгохоос бусад асуудлаар гаргах шийдвэр хуралд саналын эрхтэй оролцож байгаа хувьцаа эзэмшигчдийн олонхын саналаар хүчин төгөлдөр болно", 69 дүгээр зүйлийн 69.1-т "Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-иас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно", 69.2-т "Компанийн дүрмээр хувьцаа эзэмшигчдийн хурлын ирцийн хувийг энэ хуулийн 69.1-д зааснаас дээгүүр тогтоож болно", 69.3-т "Энэ хуулийн 69.1-д заасан хувь хүрээгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэн тухайн хурлыг хойшлуулж, дахин хуралдах өдрийг төлөөлөн удирдах зөвлөл товлох бөгөөд энэ тохиолдолд хойшлогдсон хурлаар хэлэлцэх асуудлыг өөрчлөхийг хориглоно", 69.4-т "Компанийн дүрмээр илүү өндөр хувь тогтоогоогүй бол саналын эрхийн 20 буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хуралд оролцсоноор энэ хуулийн 69.3-т заасны дагуу хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр болно", 69.5-д "Компанийн дүрмээр илүү өндөр хувь тогтоогоогүй бол энэ хуулийн 62.1.1-62.1.6-д заасан асуудлыг хэлэлцэх хойшлогдсон хурал нь саналын эрхийн гуравны нэгээс доошгүй хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид оролцсоноор хучин төгөлдөр болно гэж заасан, мөн "А** б*** ХХК-ийн дүрмийн 8.11-т "Саналын эрхтэй нийт хувьцааны дийлэнх олонхийг (2/3) эзэмшиж хурал хүчин төгөлдөр болно", 8.12-т "Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хуралд оролцсон хувьцаа эзэмшигчдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэнэ гэх зэргээр хуульд заасан заалтыг зөрчиж, хууль бус хурлаар хүчин төгөлдөр бус тогтоол гаргаад байгаа юм.

Тодруулбал, Компанийн тухай хуулийн 69.2-т "Компанийн дүрмээр хувьцаа эзэмшигчдийн хурлын ирцийн хувийг энэ хуулийн 69.1-д зааснаас дээгүүр тогтоож  болно" гэж заасны дагуу "А** б***" ХХК-ийн дүрмийг батлахдаа дүрмийн 8.11-т "Саналын эрхтэй нийт хувьцааны дийлэнх олонхийг (2/3) эзэмшиж буй хувьцаа эзэмшигч буюу тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно”, 8.12-т "Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хуралд оролцсон хувьцаа эзэмшигчдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэнэ" гэж тус тус зааж өгснөөр 2 хувьцаа эзэмшигчтэй банкны хувьд 66.6 хувийн хувьцаа эзэмшигч буюу хувьцаа эзэмшлийн 2/3 нь оролцсоноор хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр байхаар зохицуулж өгсөн байдаг. Нэгэнт хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах боломжгүй бол Компанийн тухай хуулийн 69.9-д "Хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн хурал нь энэ хуулийн 69.6-д Заасан хугацаанд хуралдаж чадаагүй бол шинээр хурал зарлах бөгөөд ирц /кворум/-ийг энэ хуулийн 69.1-д зааснаар тогтооно" гэж заасны дагуу Хувьцаа эзэмшигчдийн хурлыг дахин зарлаж хуралдуулах нөхцөл үүссэн байхад хуулийн заалтыг баримтлалгүйгээр хууль бус тогтоолыг санаатайгаар гаргасан нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Энэ нь мөн Банкны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасан банкны хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах болон хурлын шийдвэр хүчин төгөлдөр болох зэрэг асуудлыг Компанийн тухай хуулийн 60-74 дүгээр зүйлээр зохицуулахаар заасан хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэрэг боллоо. Үүний өмнө нь ч гэсэн бидний эрх зөрчигдсөн.

Тухайлбал: "А** б***" ХХК-ийн хувьцааг "Д*** с*** н***" ХХК нь 60,46%, "У*** и***" ХХК нь 39,54% тус тус эзэмшдэг ба "Д*** с*** н***" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Б.Э*** бөгөөд "А** б***" ХХК-иас 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж, хууль бус тогтоол гарган банкны дүрэмд өөрчлөлт оруулан "Д*** с*** н***" ХХК-ийн эзэмшлийн хувьцааг 42.32 болгож, үндэслэлгүйгээр өөрчлөн багасгаж эрх ашгийг хохироосон тул одоогоор уг хууль бус хурлаас гаргасан тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаад байгаа юм. Энэ мэт хууль бус үйлдлүүдийг таслан зогсоох хууль зүйн шаардлага тулгараад байгаа ба "Д*** с*** н***" ХХК нь "А** б***" ХХК-ийн хувьцаа эзэмшигч болохынхоо хувьд Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын хойшлогдсон 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн хурлаас Х/03, Х/04 тоот хууль бус тогтоолыг гаргаснаар бидний хуульд заасан хувьцаа эзэмшигчийн эрх хөндөгдсөн, улмаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан чөлөөт бизнесийн буюу аж ахуй чөлөөтэй эрхлэх эрхийг ноцтой зөрчиж, хувьцаа эзэмшигчийн банканд эзэмшиж буй хувьцааны хувь буурсан, үүнээс болж ихээхэн алдагдал хүлээж байгаа, цаашид хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхэд ноцтой халдаж байгаа юм.

Нөхцөл байдал нэгэнт ийм байхад улсын бүртгэгч Э.Б*** нь дээр дурьдсанаар хууль бус хурлаас гаргасан, хууль бус шийдвэрийг үндэслэж буюу Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зуйлийн 18.7-д улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу, 18.1.2-т “үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй", 18.1 3-т "өргөдөл гаргагч хууль тогтоомжид заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн бол улсын бүртгэлийн байгууллага тухайн банкны дурмийн шинэчилсэн найруулгыг бүртгэхээс татгалзах үүрэгтэй байсан. Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д "Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг уг хуулийн 22.1.3-т бүрдүүлнэ" гэж заасан хуулийн заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй буюу заасан үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол, хурлын тэмдэглэлийг хүлээн авч, хуулийн шаардлага хангаж байгаа эсэх, шийдвэрт тухайн компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн гарын үсэг бүгд зурагдсан эсэх, тэдгээрийн хууль ёсны эрх, ашиг сонирхол бүрэн хангагдсан эсхүл зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт хийх, холбогдох нэмэлт баримтыг шаардан гаргуулах зэрэг зайлшгүй үүргээ биелүүлээгүй байна.

Иймд улсын бүртгэгч Э.Б***ын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн "А** б***" ХХК-ийн шинэчилсэн дүрмийг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... “А** б***” ХХК-ийн удирдлагыг хэрэгжүүлж байгаа субъектүүд болох Төлөөлөх Удирдах Зөвлөлийн гэх гишүүд, тэдгээрийн шийдвэрийг гүйцэтгэж байгаа гүйцэтгэх удирдлагын зүгээс хувьцаа эзэмшигч нарын ээлжит бус хойшлогдсон хурлыг 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хийгээд Х/03 Х/04 дугаартай тогтоолыг гаргасан. Энэ тогтоолоор “А** б***” ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулж, дүрмийн санг нэмэгдүүлэхтэй холбогдуулан “А** б***” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Д*** с*** н***” ХХК-ийг оролцуулахгүйгээр, хууль бус хурал хийж, шийдвэр гаргаж, энэ шийдвэрийн улмаас “Д*** с*** н***” ХХК-ийн эрх, ашиг сонирхол ноцтойгоор хөндөгдөх болсон. Тухайлбал “А** б***” ХХК-ийн 60.46 хувийн хувьцааг эзэмшиж байсан хуулийн этгээдийн хуулиар олгогдсон эрх, эд хөрөнгөтэй холбоотой саналын эрхийг үндэслэлгүйгээр багасгаж, 42.32 хувь болгон бууруулж улсын бүртгэлд бүртгүүлсэн асуудал гарсан. Энэ хууль бус хурлаас гарсан тогтоол шийдвэрийг үндэслэж улсын бүртгэгч Э.Б*** нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тус дүрмийг бүртгэж улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэл хийсэн. Улсын бүргэгч Э.Б***ын бүртгэл нь өөрөө хуулийн хувьд үндэслэлгүй, компанийн үүсгэн байгуулах баримт бичиг буюу компанийн дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлэх эрхтэй эсэхийг лавлахгүйгээр Улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1 дэх хэсэгт “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох” гэж заасан үүргээ ноцтойгоор зөрчиж, улмаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10 дахь заалтад заасан “А** б***” ХХК, “Д*** с*** н***” ХХК-ийн хувьцаа болон бусад хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Прокурорын тогтоол хүчин төгөлдөр байхад энэ бүртгэлийг хийсэн байгаа нь хууль бус байна гэж үзэж байна. Хувьцаа эзэмшигчдийн хурал нь өөрөө хуулийн дагуу хийгдсэн эсэх, хууль зөрчсөн зүйл байгаа эсэх талаар огт дүгнэлт хийгээгүй. “А** б***” ХХК-ийн дүрмийн 8.11 дэх заалтад “Хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр, тухайн хуралд оролцож байгаа нийт хувьцаа эзэмшигчдийн 2/3 буюу дийлэнх олонх оролцсоноор хурлын шийдвэр хүчинтэй болно” гэсэн тодорхой улсын бүртгэлийн дүрэм, Компанийн тухай хуулийн тодорхой заалтууд байсаар байхад үүнийг ноцтой зөрчиж, тодруулахгүйгээр улсын бүртгэлийг хийсэн. Мөн энэ улсын бүртгэлийг хийхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад “улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу”, 18.1.2 дахь заалтад “үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй”, 18.1.3 дахь заалтад “өргөдөл гаргагч хууль тогтоомжид заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн” гэж тус тус заасны дагуу хуульд заасан шаардлагыг хангаагүй байхад үүнийг тодруулалгүйгээр тус хуулийн заалтыг зөрчиж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан “нөхцөл байдлыг тодруулж үүнтэй холбоотой баримт нотолгоо тайлбарыг авалгүйгээр” улсын бүртгэлийг хийсэн нь энэ бүртгэлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна. Тиймээс манай нэхэмжлэлийн шаардлыг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.

                 5. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч Э.Б***оос шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ” гэж заасны дагуу баримт бичгийн бүрдлийг шалгаж бүртгэлийг хийсэн. Мөн Монголбанканд бүртгэгдсэнийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэгдсэний дараа улсын бүртгэлд бүртгүүлэхээр заасан байгаа. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт “Эрх бүхий төрийн байгууллагаас зөвшөөрөл авч бүртгүүлдэг өөрчлөлтийн хувьд тухайн байгууллагын зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлнэ” зааснаар бүртгэгдсэн тухай бичиг нь хавсрагдаж бүртгэсэн байна. 2021 оны 8 дугаар сарын 18-ны Х-04, Х-03 гэсэн тогтоолттой хамт “Д*** с*** н***” ХХК-д хамаарах хурал зарласан тов, тов хүргүүлсэн баримт зэргийг хавсаргаж хүргүүлсэн байдаг. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дэх хэсэгт “Хуулийн этгээдийн хувийн хэрэг дэх мэдээлэлд өөрчлөлт оруулах тохиолдолд баримт бичгийн эх хувь болон өмнө нь орсон өөрчлөлтийн талаарх мэдээллийг хэвээр хадгална”, 20 дугаар зүйлд тус тус заасанчлан улсын бүртгэлд хориг тавигдаагүй. Улсын бүртгэлийн систем дээр нээлттэй байсан. Мөн улсын бүртгэгч нь өөрийн дээр шатны ахлах, дарга, хяналт гэсэн этгээдүүдэд танилцуулдаг. Тухайн бүртгэлийг улсын бүртгэл дээр танилцуулсны дараа бүртгэсэн” гэв.

   6. Гуравдагч этгээд “А** б***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С***ээс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан банкийг хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах төлөвлөгөө боловсруулах, үүнтэй холбогдуулан арилжааны банкууд хувь нийлуулсэн хөрөнгийн доод хэмжээг 100 тэрбум төгрөг болгох үүргийг Монголбанк хучин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд бүх банкуудад үүрэг болгосон. Үүнтэй холбогдуулан А** б***” ХХК нь судалгаа, тандалт хийн хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах төлөвлөгөөг Монголбанкны шаардсан хугацаанд боловсруулсан бөгөөд хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 100 тэрбум төгрөг болгох банкны дүрмийн өөрчлөлтийн төслийг бэлтгэн хувьцаа эзэмшигчдийн хурлаар баталгаажуулахаар болсон байдаг.

Ингээд 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ТБ/07 тоот мэдэгдлээр Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 10:00 цагт болох тухай хаяг, байршлыг зааж, тус хурлын хүрээнд дараах 3 асуудлыг хэлэлцэхээр товлосон Үүнд:

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг банкны дурэмд заасны дагуу бүрдүүлэн сонгох,

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан төлөвлөгөөг батлах,

"А** б***" ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхтэй холбогдуулан графикт төлевлөгөөг батлах, банкны дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэн батлах зэрэг юм.

А** б***” ХХ-ийн зүгээс хурлын мэдэгдлийг хувьцаа эзэмшигч бурт 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр тус бүр хүргүүлсэн байдаг.

Тодруулбал нэхэмжлэгч “Д*** с*** н***" ХХК-д 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Б-468 тоот “Хувьцаа эзэмшигчдийн хурлын мэдэгдэл хүргүүлэх тухай 6 хуудас бүхий албан бичгийг хавсралтын хамт хүргүүлсэн байдаг бөгөөд энэ нь баталгаат шуудангаар илгээсэн RD157744905 тоот баримтаар тогтоогдоно.

“Д*** с*** н***” ХХК-иас 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Тооллогын комиссын зүгээс тус хурлыг хүчингүйд тооцсон.

Улмаар 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон хурлын мэдэгдлийг “Д*** с*** н***” ХХК-д 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүргүүлсэн бөгөөд энэ нь баталгаат шуудангаар илгээгдсэн RD157751702 тоот баримтаар нотлогдоно.

Ингээд 57.68 хувийн хувьцаа эзэмшигч “У*** и***” ХХК дангаар шийдвэр гаргаж, Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан төлөвлөгөөг хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Х-03 дугаар тогтоолоор, Банкны дүрмийн шинэчилсэн найруулгыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Х-04 дүгээр тогтоолоор тус тус баталсан.  

Тус тогтоолоор нэг бүр нь 21,166,565.90 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 2363 энгийн хувьцаа нэмж гаргах замаар банкны зарласан хувьцааг нэмэгдүүлж, банкны дүрмийн 4.2 дахь заалтад нийт 4756 ширхэг энгийн хувьцаатай байх, зарласан хувьцааны нийт дүн нь 100,033,190,443 төгрөг байхаар шийдвэрлэсэн.

Үүнийг 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр баримт бичгийн бүрдлийг хангаж

Улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтээ гаргасан боловч “...Улсын бүртгэлийн ерөнхий газар нь 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн бүртгэлтэй холбоотой Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаа явагдаж байгаа тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14 дэх хэсэгт заасны дагуу бүртгэхээс татгалзаж” буцаасан. 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дахин бүрдүүлэх баримт бичгийг бүрэн ханган улсын бүртгэгчид өгсөн бөгөд Монголбанкны Хууль, эрх зүйн газраас 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А-10/1158 тоот албан бичгээр “... А** б***ны хувьцаа эзэмшигчдийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит бус хурлын Х/04 тоот тогтоолоор А** б***ны шинэчилсэн найруулгыг Монголбанкны 2021 оны банкны эрх зүйн актын бүртгэлийн 2549 дүгээрт бүртгэснийг үүгээр мэдэгдэе” гэсэн байдаг.

“Д*** с*** н***” ХХК болон тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагад А** б***наас зарласан хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус товлогдсон хурал бүрийн мэдээлэл, зарыг хууль тогтоомж, дүрэм, журамд заасны дагуу тухай бүр хүргэдэг хэдий ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, санаатайгаар хуралд ирдэггүй байж байнга, хууль шүүхийн маргаан үүсгэж байгаагаас үүдэн банк нь Хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлж, хувьцаат компани болж чадахгүй, банк байгуулах тусгай зөвшөөрлөө цуцлуулах эрсдэл үүсээд байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “А** б***” ХХК-ийн өмгөөлөгч Д.Б*** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Хариуцагчийн бүртгэсэн улсын бүртгэл хууль нийцсэн гэж үзэж улсын бүртгэгчийн бүртгэлийг хэвээр үлдээж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн “А** б***” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын ээлжит бус хурлын Х-03, Х-04 дугаар тогтоолын дагуу “А** б***” ХХК-ийн дүрэмд 100 тэрбум гэж өөрчлөлт оруулсан хэсгийг хүчингүй болгох талаар маргаж байгаа. Яагаад“А** б***” ХХК-ийн дүрмийн санг 100 тэрбум болгох хэрэгтэй байсан бэ гэхээр тус банканд хувьцаа эзэмшигч, харилцагч, зээлдэгч, олон этгээдүүдийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байдаг учраас холбогдох төрийн байгууллагаас шийдвэр гаргаж үүнийх нь дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл, Монголбанкнаас хяналт тавьж явагддаг. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкиудад дүрмийн сангаа 100 тэрбум байх үе шаттайгаар дүрмийг сангийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлага тавьсан. 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн ээлжит бус хурал болсонтой холбоотой 2021 оны Банкны тухай хуульд өөрчлөлт оруулсан. Хуульд өөрчлөлт оруулахдаа тухайн арилжааны банкууд хувьцаат банкны хэлбэртэй, 1 хувьцаа эзэмшигч нь 20 хувиас дээш хувьцаа эзэмшихгүй байхыг шаардсан. Үүний дагуу тухайн банк төлөвлөгөө гаргаж, яаж хувьцаагаа нэмэх талаар шаардлага үүссэн. Үүний дагуу Х-03, Х-04 дугаар тогтоол гаргасан. 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 276 дугаар Монголбанкны ерөнхийлөгчийн “Банк 100 тэрбум төгрөгийн дүрмийн сантай байх шаардлага тавьж, үүнийг биелүүлэхгүй байвал Банкны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дэх хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэсэн мэдэгдэл шаардлага өгсөн. Үүний дагуу 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 100 тэрбум төгрөгийн дүрмийн сантай байх шаардлага хүргүүлсэн. Энэ хугацаандаа шийдвэр гаргахын тулд “А** б***” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн зүгээс дүрмийн сангаа 100 тэрбум болгох хэрэгцээ шаардлага бий болсон. Хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотой, мөн Монголбанкнаас тавьсан шаардлагын дагуу “А** б***” ХХК нь хувьцаа эзэмшигчийн ээлжит бус хурлыг зарласан. 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн төлөөлөн удирдах зөвлөлийн ТБ/07 тоот мэдэгдлээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 10 цагт болох талаар хаяг байршлыг зааж, хувьцаа эзэмшигч нарт хүргүүлсэн. “Д*** с*** н***” ХХК-д 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Б-468 дугаар Хувьцаа эзэмшигчийн хурлын тэмдэглэл хүргүүлэх тухай 3 хавтас баримтыг хавсралтын хамт хүргүүлсэн. Тус мэдэгдлийг хавсралтын хамт баталгаат шуудангаар хүргүүлсэн талаар баримтыг хэрэгт гаргаж өгсөн байгаа. “Д*** с*** н***” ХХК нь 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр “А** б***” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Тухайн үед “Д*** с*** н***” ХХК нь 42.32 хувийн хувьцаа эзэмшигч байсан. “У*** и***” ХХК 57.68 хувийн хувьцаа эзэмшигч байсан. “А** б***” ХХК-ийн компанийн дүрмийн 8.11 дэх хэсэгт зааснаар дийлэнх олонхын хувьцаа эзэмшигч ирээгүй учир энэ хувьцаа эзэмшигчдийн хурлын ирц хүрээгүй. Тиймээс тооллогын комиссын зүгээс хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчингүйд тооцож, тус хурлаар хэлэлцэх асуудлыг хэлэлцэх хүчинтэй хурлын ирцийг баталгаажуулах ёстой байгаа учир Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3 дэх хэсэгт “Энэ хуулийн 69.1-д заасан хувь хүрээгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэн тухайн хурлыг хойшлуулж, дахин хуралдах өдрийг төлөөлөн удирдах зөвлөл товлох бөгөөд энэ тохиолдолд хойшлогдсон хурлаар хэлэлцэх асуудлыг өөрчлөхийг хориглоно” гэж зааснаар хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон хурлыг 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр товлосон. Ингээд 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагт дахин хуралдахаар болж Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3 дэх хэсэгт “Энэ хуулийн 69.1-д заасан хувь хүрээгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэн тухайн хурлыг хойшлуулж, дахин хуралдах өдрийг төлөөлөн удирдах зөвлөл товлох бөгөөд энэ тохиолдолд хойшлогдсон хурлаар хэлэлцэх асуудлыг өөрчлөхийг хориглоно” гэж заасны дагуу “А** б***” ХХК нь хувьцаа эзэмшигч нарт мэдээ, мэдээллийг нэн даруй тогтоосон хугацаанд хүргүүлдэг бөгөөд хувьцаа эзэмшигч нарын хойшлогдсон хурлын мэдэгдлийг “Д*** с*** н***” ХХК-д 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүргүүлсэн байгаа юм. Энэ нь баримтаар нотлогдож байгаа. “А** б***” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “У*** и***” ХХК-ийн санал шаардлагын дагуу Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4 “Компанийн дүрмээр илүү өндөр хувь тогтоогоогүй бол саналын эрхийн 20 буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хуралд оролцсоноор энэ хуулийн 69.3-т заасны дагуу хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлын ирц хүчин төгөлдөр болсны дагуу “У*** и***” ХХК дангаар шийдвэр гаргаж, Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах журмын 1 дүгээр зүйлд заасан төлөвлөгөөг хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Х-03, Х-04 тогтоолоор тус тус баталсан. Энэ нь Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4 “Компанийн дүрмээр илүү өндөр хувь тогтоогоогүй бол саналын эрхийн 20 буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хуралд оролцсоноор энэ хуулийн 69.3-т заасны дагуу хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр болно” гэж зааснаар компанийн дүрмээр илүү өндөр хувь тогтоогоогүй бол саналын 20 буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хуралд оролцсоноор хойшлогдсон хурлын хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу тухайн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн тус хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр болсон. “Дэм сангхүүгийн нэгдэл” ХХК-д хувьцаа эзэмшигчдийн хурлын товыг мэдэгдсэн. “Д*** с*** н***” ХХК нь өөрөө хүндэтгэн үзэх шалгаангүйгээр хуралд ирээгүй байж хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэрийг хууль бус гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

2019 оны Прокурорын зөвшөөрлийн дагуу “А** б***” ХХК-ийн холбогдох бүртгэл, дүрэмд өөрчлөлт оруулахыг хязгаарласан байсан гэж маргаж байна. Энэ бүртгэл нь тийм биш байсан гэдгийг хариуцагч талаас хэлж байсан. Манай зүгээс Нийслэлийн Ерөнхий прокуророос гаргаж ирүүлсэн албан бичгийг нотлох баримтын шаардлага хангуулж гаргаж өгсөн. Тус албан бичигт 4613 дугаартай тогтоолын дагуу “А** б***” ХХК-ийн холбогдох бүртгэл, дүрэмд өөрчлөлт оруулахыг хязгаарласан зүйл байхгүй, “Д*** с*** н***” ХХК-ийн хувьцаатай холбоотой асуудлыг заасан. Иймд нэхэмжлэгчийн тайлбарласан прокрурын тогтоол үндэслэлгүй. “А** б***” ХХК-ийн дүрмийн 8.11 дэх хэсэгт заасан дийлэнх олонхи гэдэг асуудал яригдахгүй.

2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр г-03, г-04 дугаартай төлөвлөгөө болон “А** б***” ХХК-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлаар Монголбанкнаас зөвшөөрөл авсан. Энэ зөвшөөрлийн дагуу манай зүгээс хариуцагч байгууллагад бүртгүүлэхээр хүргүүлсэн. Энэ бүх ажиллагаа хуульд нийцсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн гаргасан тайлбар үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү” гэв

            Гуравдагч этгээд “У*** и***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б***ээс тус шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Банкны тухай хуулийн 35 дугаар зуйлийн 35.2 дах хэсгийг үндэслэн Монгол банкны ерөнхийлөгчийн 2015 оны А-58 тушаалаар 50 тэрбум төгрөгт, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А-276 дугаар тушаалаар 100 тэрбум төгрөгт хүргэхийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа банкуудад үүрэг болгосон байдаг. Улмаар тус тушаалын дагуу А** б***ны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээнд хүргэхээр хувьцаа эзэмшигчдийн хурлыг удаа дараа хуралдуулсан байдаг боловч "Д*** с*** н***" ХХК нь тус хуралдаанд нэг ч удаа хүрэлцэн ирж оролцдоггүй байсан учир Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4-т Компанийн дүрмээр илүү өндөр хувь тогтоогоогүй бол саналын эрхийн 20 буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хуралд оролцсоноор энэ хуулийн 69.3-т заасны дагуу хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу буюу тус хуулийг үндэслэж хойшилсон хурлын ирц 20 буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хуралд оролцсоноор хучин төгөлдөр болсон.

Хэрвээ Монголбанкны тушаалыг биелүүлээгүй тохиолдолд Банкны тухай хуулийн 17 дугаар зуйлийн 27.1.2 дах хэсэгт зааснаар банкны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор маш тодорхой заасан. Улмаар 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон хуралд А** б*** ХХК-ийн хувьцаа эзэмшигч "Д*** с*** н***" ХХК нь хурэлцэн ирээгүй учир У*** и*** ХХК дангаар шийдвэр гаргаж Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлелт оруулах журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан төлөвлөгөөг хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Х-03 дугаар тогтоолоор банкны дүрмийн шинэчилсэн найруулгыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Х-04 дугээр тоолоор тус тус баталсан. Тус тогтоолоор нэг бүр нь 21,166,565.90 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 2363 ширхэг хувьцаа нэмж гаргах замаар банкны зарласан хувьцааг нэмэгдүүлж банкны дүрмийн 4.2 дахь заалтад Банк нь нэг бүр нь 21,166,565.90 төгрөгийн нэрлэсэн үнэ бухий 4726 ширхэг энгийн хувьцаатай байх ба зарласан хувьцааны нийт дүн нь 100,033,190,443 төгрөг байхаар шийдвэрлэсэн.

Улмаар Д*** с*** н*** ХХК нь А** б***ны 2021 оны 4 дүгээр сарын 22-ны дүрмийн өөрчлөлтийг хучингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, анхан шатны шүүхээс 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 3382 тоот дугаартай шуугчийн захирамж гарсан бөгөөд “Д*** С*** Н***" ХХК-ийн гомдлоор 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 406 тоот Заргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоолоор хэрэгсэхгүй болгож эцсийн шийдвэр гарсан байдаг.

Ингээд тус шүүхийн тогтоолийг үндэслэн 2021 оны 11 дугээр сарын 25-ны өдрийн А** б***ны хүсэлтийн дагуу Улсын бүртгэгч Э.Б*** 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр эрх хэмжээнийхээ хүрээнд "А** б***" ХХК-ийн дурмийн шинэчилсэн найруулгыг баталгаажуулан бүртгэл хийсэн.

Өөрөөр хэлбэл Улсын бүртгэгч Э.Б***ын 2021 оны 11 дүгээр сарын 30-

ны өдрийн А** б***ны дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн явдал нь ямар нэгэн хууль зөрчсөн явдал биш юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх нэхэмжлэгч “Д*** с*** н***” ХХК-иас тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй байна гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч “Д*** с*** н***” ХХК-иас тус шүүхэд хандан Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Э.Б***т холбогдуулан “Улсын бүртгэгч Э.Б***ын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “А** б***” ХХК-ийн шинэчилсэн дүрмийг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

3. Нэхэмжлэгч тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслээ:

                 1. “А** б***” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр зарлан, "Д*** с*** н***" ХХК-ийг оролцуулахгуйгээр хууль бус хурал хийж, Х/03, Х/04 тоот тогтоолуудыг гаргаж, банкны дүрмийн шинэчилсэн найруулгыг баталсан нь хууль бус байсан,

                 2. Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.11-т “Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн талаарх бүх мэдээллийг авах, санхүүгийн болон бусад баримт бичигтэй танилцах эрхтэй” гэж заасныг зөрчиж, хувьцаа эзэмшигчийг огт мэдээллээр хангаагүй,

               3. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг дахин зарлаж хуралдуулах нөхцөл үүссэн байхад хуулийн заалтыг баримтлалгүйгээр хууль бус тогтоолыг санаатайгаар гаргасан нь хуулийг ноцтой зөрчсөн байхад улсын бүртгэгч дээрх нөхцөл байдлыг шалгалгүй бүртгэлийг хийсэн нь хууль бус зэрэг үндэслэлээр тайлбарлан маргаж байна.

            4. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

            Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны А-276 дугаар тушаалаар банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 100.0 тэрбум төгрөгт хүргэн нэмэгдүүлэхээр тогтоосон.

Улмаар Монголбанкнаас 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А-1а/758 дугаар албан бичгээр “А** б***” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “У*** и***” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.Б***, “Д*** с*** н***” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Э*** нарт хандан “...Банкны тухай хууль, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар өгөгдсөн дээрх үүрэг даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд Банкны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.6 дахь заалтад заасан банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нөхцөл байдал үүсгэж болзошгүйг анхааруулъя” гэсэн агуулга бүхий албан бичгийг хүргүүлсэн.

Үүнтэй холбогдуулан “А** б***” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Т/20 дугаар тогтоолоор Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагт хийхээр шийдвэрлэн энэ талаарх ТБ/07 дугаар мэдэгдлийг хувьцаа эзэмшигч нарт хүргүүлж, тухайн өдөр товлогдсон ээлжит бус хуралдаанд хувьцаа эзэмшигч “Д*** с*** н***” ХХК-ийн төлөөлөл хүрэлцэн ирээгүй тул “А** б***” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Т/20 дугаар тогтоолоор Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагт хийхээр шийдвэрлэсэн.

2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан “А** б***” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас “... банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх төлөвлөгөөг” батлан, “...энгийн хувьцаа нэмж гаргах замаар “А** б***” ХХК-ийн зарласан хувьцааг нэмэгдүүлж, банкны дүрмийн 4.2 дахь заалтад өөрчлөлт оруулж” шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч “Д*** с*** н***” ХХК-иас  “А** б***” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит бус хурлын шийдвэрийг эс зөвшөөрч Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргаснийг шүүхээс иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас тухайн захиргааны маргаан нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас үл хамааран шийдвэрлэгдэх боломжтой бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулах хүсэлтийг шүүх хуралдааны явцад гаргасан болох нь,

“А** б***” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Т/41 дүгээр тогтоолоор “А** б***” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.А***ыг чөлөөтэй байх хугацаанд түүнийг орлон ажиллах ажилтнаар Дэд захирал /О.Х***/-ыг томилсон” дагуу О.Х***аас 2021 оны 11 дүгээр сарын  25-ны өдөр Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөлөөр “Дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх” хүсэлтийг хариуцагчид хандан гаргасан.

Улмаар “А** б***” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийг түр орлон гүйцэтгэгч дэд захирлын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б-764 дүгээр итгэмжлэлээр “...банкны дүрмийн шинэчилсэн найруулгыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэх, бүртгүүлсэн дүрмийг буцаан авах ажлыг компанийг төлөөлөн хийх эрхийг Н*** овогтой Ц***д олгосон” дагуу итгэмжлэлээр эрх олгогдсон этгээд болох Н.Ц***гээс 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өргөдөл, түүнд хавсаргасан 36 хуудас баримтыг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч Э.Б***т “Өргөдөл хүлээн авах хуудас” /А хэсэг/-аар хүлээлгэн өгсөн болох нь,

Итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц***гээс 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүрэг дэх Нийслэлийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан гаргасан “А** б***” ХХК-ийн “мэдээлэлд оруулсан өөрчлөлт бүртгүүлэх”, “шинэчилсэн дүрэм” гэх өргөдөл, холбогдох материал, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл УБ-03 маягт, Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Х/04 тогтоол, 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн “А** б***” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон хурлын тэмдэглэл, “А** б***” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийг түр орлон гүйцэтгэгч дэд захирлын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б-764 дүгээр “...банкны дүрмийн шинэчилсэн найруулгыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэх, бүртгүүлсэн дүрмийг буцаан авах ажлыг компанийг төлөөлөн хийх эрхийг Нацаг овогтой Цагаанхүүд олгосон” итгэмжлэл, “А** б***” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “А** б***” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.А***ыг чөлөөтэй байх хугацаанд түүнийг орлон ажиллах ажилтнаар Дэд захирал /О.Х***/-ыг томилсон” Т/41 дүгээр тогтоол, “А** б***” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчид чөлөөл олгох тухай Т/40 дүгээр тогтоол, Монголбанкны 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэсэн тухай” А-10/1158 дугаар албан бичиг, Монголбанкны 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн “Банкны дүрмийн шинэчилсэн найруулгыг Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхэд Монголбанкнаас зөвшөөрөл олгох шаардлагагүй болохыг мэдэгдсэн” А-1/888 дугаар албан бичиг, “А** б***” ХХК-ийн дүрэм, Монголын татварын албаны 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Аж ахуйн нэгж, байгууллагын тодорхойлолт, тайлан болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтыг хавсаргасан байсан болох нь,

Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4613 дугаар тогтоолоор “Эрүүгийн 1902005640238 дугаартай хэрэгт ач холбогдолтой хөрөнгийг нуух, эрх шилжүүлэх бодитой үндэслэл байх тул “Д*** с*** н***” ХХК /РД:5***/, “Ч*** с***” ХХК /РД:6***/, “Э***” ХХК /РД:2****/, Э***ын Ж***, Э**ын Т**, Э**ын Т** нарын буюу аж ахуйн нэгж, хувь хүний нэр дээрх хувьцаа, хүчин төгөлдөр өмчлөлд байгаа хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай мөрдөгчийн саналыг хүлээн авах үндэслэлтэй байна. Иймд ...2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай прокурорын зөвшөөрөл олгов” хэмээн шийдвэрлэн, Нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1/375 дугаар хариу мэдэгдэх хуудсаар “А** б***” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.А***д хандан “...“А** б***” ХХК-ийн дүрэмд орж буй өөрчлөлттэй холбоотой асуудал нь хуулийн хүрээнд прокурорын байгууллагад хамаарах асуудал биш бөгөөд төрийн захиргааны байгууллагын шийдвэрлэвэл зохих асуудал байна. ... Эрүүгийн 1902005640238 дугаартай хэрэгт хяналтын прокуророос “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянан хязгаарлах” тухай зөвшөөрөл олгохдоо “А** б***” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Д*** с*** н***” ХХК-д хамааралтай буюу хэрэг шалгагдах үеийн компанийн хувьцаа буюу хөрөнгийг бусдад шилжүүлэхийг хязгаарласан байх бөгөөд “А** б***” ХХК-ийн хөрөнгө, хувьцааг нэмэгдүүлэхэд болон тус компанийн хувьцаа эзэмшигч “У*** и***” ХХК-ийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаагүй” болохыг мэдэгдсэн болох нь хэргийн оролцогчдийн тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт нотлох баримтаар авагдсан Монголбанкны 2021 оны А-1а/758, А-10/1158 болон А-1/888 дугаар албан бичиг, “А** б***” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны Т/20 болон Т/41 дүгээр тогтоол,  “А** б***” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит бус хурлын тэмдэглэл, “А** б***” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийг түр орлон гүйцэтгэгч дэд захирлын 2021 оны Б-764 дүгээр итгэмжлэл, Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, Өргөдөл хүлээн авах хуудас /А хэсэг/, Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 4613 дугаар тогтоол, Нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын 2021 оны 1/375 дугаар хариу мэдэгдэх хуудас, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1205 дугаар албан бичиг болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.

5. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т “Эрх бүхий төрийн байгууллагаас зөвшөөрөл авч бүртгүүлдэг өөрчлөлтийн хувьд тухайн байгууллагын зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлнэ”, 15 дугаар зүйлийн 15.1-д “Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг өргөдөл гаргах эрх бүхий дараах этгээдийн аль нэг нь гаргаж болно”, 15.1.1-т “хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага” 15.1.5-д “итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд”,  22 дугаар зүйлийн 22.1-т “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ”,  22.1.2-т “баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл”, 22.1.3-т “үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл”, 22.1.4-т “үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт”, 22.1.5-т “шаардлагатай тохиолдолд итгэмжлэл; 22.1.6.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт”, 22.1.7-д “хувь нийлүүлсэн хөрөнгөд өөрчлөлт оруулах тохиолдолд баталгаажсан санхүүгийн тайлан, тэнцэл”, 22.1.8-д “хуулийн этгээдийн хаягийн нотлох баримт”, 22.1.9-д “улсын бүртгэлийн гэрчилгээ”, 22.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага өргөдөл гаргагчаас энэ хуулийн 22.1, 22.3-т зааснаас бусад баримт бичгийг шаардахгүй” хэмээн тус тус хуульчилсан.

6. Иймд шүүх, Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4613 дугаар тогтоолоор “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянан хязгаарлах” тухай зөвшөөрөл нь “Д*** с*** н***” ХХК-д хамааралтай болохоос бус “А** б***” ХХК-ийн хөрөнгө, хувьцааг нэмэгдүүлэхтэй холбоотой үйл ажиллагаанд хамаарахгүй.

“А** б***” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит бус хурал хууль ёсны байсан эсэх болон тухайн хурлаас гаргасан Х/03, Х/04 дүгээр тогтоолууд нь хуульд нийцсэн эсэхийг шалган шийдвэрлэх эрх хууль тогтоомжоор хариуцагчид олгогдоогүй.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 болон  22 дугаар зүйлийн 22.1-т заасан баримтыг бүрдүүлсний үндсэн дээр мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан эрх бүхий этгээдээс гаргасан хуулийн этгээдийн дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлт, түүнд хавсарган өгсөн баримтаас өөр баримтыг өргөдөл гаргагчаас шаардлахыг мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгээр улсын бүртгэгчид тухайлан хориглосон тул гуравдагч этгээд “А** б***” ХХК-иас гаргасан хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх тухай хүсэлтийг түүнд хавсаргасан баримтыг хэлбэрийн хувьд шалган улсын бүртгэлд бүртгэсэн хариуцагчийн үйл ажиллагаа хууль зөрчөөгүй хэмээн үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Үүнтэй холбогдуулан, “А** б***” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны ээлжит бус хурал хүчин төгөлдөр байсан эсэх, тухайн хурлаас гарсан Х/03, Х/04 дүгээр тогтоол хууль ёсны эсэх асуудал нь тус шүүхийн хяналтын цар хүрээнд хамаарахгүй, шүүхийн шийдвэрт тухайн үйл баримттай холбогдуулан дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, 22 дугаар зүйлийн 22.1 болон 22.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн  нэхэмжлэгч “Д*** с*** н***” ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Э.Б***т холбогдуулан гаргасан “Улсын бүртгэгч Э.Б***ын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “А** б***” ХХК-ийн шинэчилсэн дүрмийг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.МӨНХТУЛГА