Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 116

 

МАГАДЛАЛ

 

2019.01.14                                                 Дугаар 116                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Ц.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/02419 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч А.У-д холбогдох,

400 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн өмгөөлөгч: Н.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр А.У-тай “Үл хөдлөх эд хөрөнгө арилжих тухай иргэд хоорондын итгэлцлийн гэрээ” гэсэн нэршилтэй “Арилжааны гэрээ” байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу нэг талаас Ц.Б нь Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35-52а тоот хаягт байрлах 540 метр квадрат үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг А.У-ын өмчлөлд шилжүүлэх, нөгөө талаас А.У нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах Жардин /Jardin/ хорооллын 190 метр квадрат талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Ц.Б-ын өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Ийнхүү “Арилжааны гэрээ” байгуулсаны дагуу Ц.Б нь гэрээгээр хүлээсэн үндсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж дээрх үл хөдлөх хөрөнгийг А.У-ын өмчлөлд шилжүүлсэн боловч А.У нь Ц.Б-ын өмчлөлд шилжүүлэх хариу үүргээ гүйцэтгээгүй. Иймээс Ц.Б нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу “Үл хөдлөх эд хөрөнгө арилжих тухай иргэд хоорондын итгэлцлийн гэрээ”-нээс татгалзаж, 540 метр квадрат үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхээ А.У-аас буцаан шилжүүлж авсан. Улмаар 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 01 “Үл хөдлөх эд хөрөнгө арилжих тухай иргэд хоорондын гэрээнээс татгалзах, худалдагчид учирсан хохирол, зардал төлүүлэх тухай гэрээ”-г А.У-тай байгуулж, тус гэрээний 8 дугаар зүйлд заасанчлан А.У нь өмнөх гэрээний үүрэг зөрчсөний улмаас Ц.Б-т учирсан хохиролд 400 000 000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон. Иймд А.У-аас гэрээний үүргийн зөрчил, Ц.Б-т учруулсан хохиролд 400 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгэгчид зайлшгүй орох байсан орлого зэргийг хохиролд тооцно хэмээн заасан байдаг. Нэхэмжлэгчийн учирсан хохиролд тооцон нэхэмжилж буй 400 000 000 төгрөг нь ямар зардал, эд хөрөнгийн гэмтэл, алдагдал, олох ёстой орлого болох нь тодорхой бус байна гэж үзэж байна. 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө арилжих” тухай гэрээнээс татгалзах, худалдагчид учирсан хохирол зардал төлүүлэх гэрээг Ц.Б-тай байгуулсан боловч гэрээний 8 дугаар зүйлтэй холбоотой тодорхой тооцооллыг надад үзүүлэлгүйгээр тулган шаардаж гэрээнд гарын үсэг зуруулсан. Би гэрээнээс татгалзах саналыг хүлээн зөвшөөрсөн боловч Ц.Б-ын учирсан хохиролд 400 000 000 төгрөгийг түүнд өгөхийг хүлээн зөвшөөрөхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.У-д холбогдуулан орох байсан орлогын хохирол 400 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 157 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэргийн үйл баримт, 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Арилжааны гэрээний агуулгаас харвал тус гэрээний 1.2-т "Б тал буюу А.У-ын үл хөдлөх хөрөнгийг улсын комисс хүлээж аваагүй, улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй байгаа учраас 21 хоногийн дотор захиалгын гэрээг Ц.Б-ын нэр дээр шилжүүлж өгөх үүрэг хүлээнэ" гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл тус гэрээгээр тохирсоны дагуу А.У нь ирээдүйд бий болох эд хөрөнгийн өмчлөх эрхийг Ц.Б миний нэр дээр шилжүүлэхээр үүрэг хүлээсэн, энэ нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэг болон 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгтэй нийцсэн. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид нь ирээдүйд бий болох тодорхой эд хөрөнгийн хувьд бусадтай өмчлөх эрх шилжүүлэх гэрээ байгуулах бүрэн боломжтой байна. Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 56 дутаар зүйлийн 56.1.8 дахь заалтыг барьж 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь, улмаар тус хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасныг үндэслэж 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцсон нь Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь маргааны зүйл болсон Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35-52а тоот хаягт байрлах 720 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг бусад гуравдагч этгээдүүдэд төлбөртэй эзэмшүүлж, ашиглуулсан бол олох байсан орлогыг нэхэмжлэхэд чиглэсэн ба тус шаардлагатай холбогдуулан дээрх объект дээр бусад гуравдагч этгээдүүдтэй байгуулагдсан нийт 9 “Түрээсийн гэрээ”-г нотлох баримтын журмаар шүүхэд гаргаж өгсөн. Иймд 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр А.У-тай "Арилжааны гэрээ" байгуулсан үеэс 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр "хохирол барагдуулах хэлцэл" хийх үе хүртэл 2 жил 15 хоногийн хугацаанд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35-52а тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг бусад гуравдагч этгээдүүдэд төлбөртэй эзэмшүүлж, ашиглуулсан бол тодорхой хэмжээний ашиг олох байсан нь дээрх 9 түрээсийн гэрээнээс тодорхой харагдана. Иймд Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийн материалд авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч А.У-д холбогдуулан орох байсан орлогын хохирол 400 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтад талуудын хооронд 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө арилжих тухай иргэд хоорондын итгэлцлийн гэрээ” гэх нэртэй гэрээ бичгийн хэлбэрээр хийгдэж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүрэг 15 дугаар хороо Бэлхийн 35-52а тоот хаягт байрлах, 540 кв.м талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд, харин хариуцагч нь Хан-Уул дүүрэг 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Жардин хорооллын 190 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд тус тус шилжүүлэхээр тохиролцсон байна.

Талууд үл хөдлөх эд хөрөнгө арилжих гэрээг байгуулж, уг гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй, хариуцагчийн шилжүүлж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь А.У мөн эсэх нь тодорхойгүй, А.У-д уг үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрх олгосон зохих этгээдийн зөвшөөрөл байсан эсэх нь тодорхой бус байна. Энэ тохиолдолд дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн” гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Түүнчлэн, талуудын хооронд 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө арилжих тухай иргэд хоорондын гэрээнээс татгалзах, худалдагчид учирсан хохирол, зардал төлүүлэх тухай хэлцэл” гэх баримт дээр үндэслэн орох байсан орлогын 400 000 000 төгрөгийн хохирол төлүүлэхээр шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй байна. Учир нь “Үл хөдлөх эд хөрөнгө арилжих тухай иргэд хоорондын гэрээнээс татгалзах, худалдагчид учирсан хохирол, зардал төлүүлэх тухай хэлцэл” гэх баримт дээр үндэслэгдсэн анхны гэрээ буюу “Үл хөдлөх эд хөрөнгө арилжих тухай иргэд хоорондын итгэлцлийн гэрээ” гэх гэрээ нь дээрх байдлаар хүчин төгөлдөр бус хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар эдгээр гэрээний дагуу үүрэг үүсэх, улмаар үүргийг зөрчсөн гэж хохирол шаардах эрх нэхэмжлэгчид байхгүй.

Нэхэмжлэгч нь зайлшгүй орох байсан орлогоо олоогүй гэж хохирол нэхэмжилж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй.

Шүүх нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, хариуцагчийн татгалзал, түүнд холбогдох нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцүүлэн дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас орох байсан орлогын хохирол 400 000 000 төгрөг гаргуулахыг шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/02419 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 157 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                             ШҮҮГЧИД                                   Б.НАРМАНДАХ

 

                                                  М.НАРАНЦЭЦЭГ