| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2017/02232/И |
| Дугаар | 101/ШШ2017/03368 |
| Огноо | 2017-10-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2017/03368
| 2017 оны 10 сарын 25 өдөр | Дугаар 101/ШШ2017/03368 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Гийн /РД: 000000000/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Д.Э /РД: 000000000/,
Хариуцагч: Г.Б /РД: 00000000/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 41.974.995 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Э, Г.Б нарын 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл бүхий иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батжаргал,
Хариуцагч Д.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюун,
Хариуцагч Г.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхчимэг,
Гэрч Д.Баттөмөр, Т.Гүррагчаа, А.Эрдэнэбат, Е.Хишигдорж, Д.Мөнхзаяа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мягмарнаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Б.Г, гэрчээр оролцох Д.Баттөмөр нар нь нэг гэр бүлийн буюу эхнэр, нөхөр бөгөөд Д.Баттөмөрийн дүүгийн нөхөр А.Эрдэнэбат нь Г.Б, Т.Гүррагчаа нарыг ах, эгчээсээ эднээс мөнгө зээлэхэд зуучилсан. А.Эрдэнэбат нь найзуудад маань мөнгө хэрэгтэй байна, туслаач хэмээн тэднийг танилцуулсан.
Ингээд Г.Б, Т.Гүррагчаа нарт 2014 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Г.Бы дансанд 5.000.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Г.Б, Т.Гүррагчаа нарт 8.000.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдөр мөн Г.Б, Т.Гүррагчаа нарт 5.000.000 төгрөг, нийт 23.000.000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн.
Хариуцагч Г.Б нь 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 3.250.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 1.150.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 1.150.000 төгрөг, нийт 5.550.000 төгрөгийг зээлийн хүүнд төлөөд үүнээс цааш огт төлбөр төлөөгүй.
Ингээд эд ярилцаад боломжийг нь харгалзаад зээл өгсөн, авснаа баталгаажуулья гээд 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн зээлийн гэрээг байгуулсан. Д.Баттөмөр, Б.Г нарыг эхнэр, нөхөр гэдгийг гэрч Д.Баттөмөр, А.Эрдэнэбат, Е.Хишигдорж нар мэдүүлсэн ба Д.Баттөмөрийн бусдад зээлсэн 23.000.000 төгрөг тэдний гэр бүлийн мөнгө байсан талаар Д.Баттөмөр мөн сая өөрөө мэдүүлсэн.
Г.Б нь зээлийн барьцаа гэж морины хусуур, буу хоёрыг өгсөн ба ямар нэг гэрээ болон баримт үйлдээгүй, эдгээр нь байгаа. Мөнгийг Г.Б нь Г.Гүррагчаатай хамт зарцуулсан гэдэг бөгөөд сүүлд гэрээ байгуулахад Т.Гүррагчаагийн иргэний үнэмлэх байхгүй байсан учраас эхнэр нь болох Д.Э зээлийн гэрээнд гарын үсэг зурсан.
Иймд хариуцагч нараас 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 4 сар, 10 хоногийн хүү 4.983.330 төгрөг, үндсэн зээл 23.000.000 төгрөг, алданги 13.991.665 төгрөг, нийт 41.974.995 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюун шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Г.Б 2014 оны 7-12 дугаар саруудад одоо яригдаад байгаа 23.000.000 төгрөгийг Д.Баттөмөрөөс зээлсэн. Энэ мөнгийг Г.Б нь Т.Гүррагчаатай хийж байгаа хамтын бизнестээ ашигласан юм билээ.
Г.Б, Т.Гүррагчаа нар зээлийн хүү гэж 2015 оны 1 дүгээр сард 1.150.000 төгрөг, 2015 оны 2 дугаар сард мөн 1.150.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Г.Б нь Д.Баттөмөрийн Хаан банкны дансанд 3.250.000 төгрөг, 2015 оны 6 дугаар сард Г.Б 1.150.000 төгрөг, 2015 оны 7 дугаар сард Т.Гүррагчаа, Г.Б нар 1.150.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Г.Б 1.150.000 төгрөгийг дансаар, 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Г.Б 1.150.000 төгрөгийг дансаар тус тус Д.Баттөмөрт өгсөн.
2015 оны 10 дугаар сард Д.Баттөмөрийн дүү Д.Батчимэгийн нөхөр А.Эрдэнэбатад 1.150.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сард Г.Бы эхнэр Д.Мөнхзаяа нь 1.150.000 төгрөгийг Д.Баттөмөрийн дүү Д.Батчимэгт, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Д.Э нь 1.150.000 төгрөгийг Д.Баттөмөрийн дүү Д.Батчимэгт, 2016 оны 1 дүгээр сард Д.Мөнхзаяа, Д.Э нар нь 1.150.000 төгрөгийг Д.Баттөмөрийн дүү Д.Батчимэгт, 2016 оны 2 дугаар сард Д.Э нь Д.Баттөмөрт 1.150.000 төгрөг, 2016 оны 3 дугаар сард Д.Э нь Д.Баттөмөрт 1.150.000 төгрөг, нийт 17.050.000 төгрөгийг 23.000.000 төгрөгийнхөө зээлийн хүүнд төлсөн.
Т.Гүррагчаа нь Г.Бы Д.Баттөмөрөөс зээлсэн мөнгөний барьцаа болгож өөрийнхөө морины хусуур, бууг Г.Баар дамжуулан Д.Баттөмөрт өгсөн. Ингэж барьцаалсантай холбоотой ямар нэг баримт үйлдээгүй байдаг.
Д.Эын тухайд 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн гэрээний дагуу мөнгө аваагүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч Г.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхчимэг шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Г.Б нь нэхэмжлэгч Б.Гээс мөнгө аваагүй. Б.Г бол зээлдүүлэгч биш.
Харин түүний гэр бүлийн хүн Д.Баттөмөрөөс 2014 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 5.000.000 төгрөг дансаар, 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 5.000.000 төгрөг, нийт 23.000.000 төгрөгийг авсан.
Ингэж авахдаа сарын 5 хувийн хүүтэй зээлсэн ба зээлийн барьцаанд өөрийн найз Т.Гүррагчаагийн морины хусуур болон bennilli нэртэй ангийн бууг барьцаалсан. Эдгээрийг барьцаалахдаа барьцааны гэрээ байгуулаагүй, ямар нэгэн баримт үйлдээгүй.
Тухайн үед яагаад энэ мөнгийг зээлсэн бэ гэвэл Г.Б, Т.Гүррагчаа нар уул уурхайн салбарт хамтран ажиллаж байсан. Г.Б нь 23.000.000 төгрөг зээлсэн зээлийнхээ хүүнд нийт 13.600.000 төгрөгийг Д.Баттөмөрт өгсөн. Г.Б, Т.Гүррагчаа нарын хамтын бизнес амжилт муутай болж эхэлсэн ба 2016 оны 1 дүгээр сараас хүүгээ төлж чадахаа больсон.
2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн гэрээний дагуу Б.Гээс мөнгө аваагүй. Энэ бол Д.Баттөмөрөөс авсан мөнгө.
2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Д.Баттөмөрийн эхнэр гэх Б.Г нь Г.Бы гэрт ирээд манай нөхрөөс авсан зээлээ төл, төлөгүй бол чамайг яахыг хараарай гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан. Д.Баттөмөрөөс авсан 23.000.000 төгрөгт хангалттай хүү төлсөн гэхэд үлдэгдэл мөнгийг Т.Гүррагчаа төлөх ёстой гэж гэхэд тэгвэл Т.Гүррагчаагийнх руу явна гээд явсан.
Т.Гүррагчаагийнд очоод эхнэр Д.Эыг нь дагуулж нотариат дээр очиж дээрх гэрээг байгуулсан. Иймд нэхэмжлэгч Б.Гийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч Д.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюун, хариуцагч Г.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхчимэг нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Гийн нэхэмжлэлтэй Д.Э, Г.Б нарт холбогдох 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 41.974.995 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч нар нь дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан.
2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Б.Г, Д.Э, Г.Б нарын хооронд хууль бусаар хийгдсэн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч гэх Б.Г нь зээлдэгч гэх Д.Э, Г.Б нарт ямар ч мөнгө, эд хөрөнгө шилжүүлээгүй.
Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болгосон энэхүү хууль зөрчсөн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдах шаардлага болон мөн хуулийн 196 дугаар зүйлд заасан гэрээ байгуулсанд тооцох шаардлагад тус тус нийцээгүй тул хүчин төгөлдөр бус хэлцэл байна.
Б.Г нь энэхүү гэрээг нотариатаар батлуулж Д.Э болон Г.Б нараар гарын үсэг зуруулж авах гэж тэдний орон гэрт нь орж амгалан тайван байдлыг алдагдуулан доромжилж, та нарыг хангалттай хүлээлээ, манай нөхрөөс авсан мөнгөө яг одоо өг, эсвэл нотариат явж гэрээ байгуулья, та нарыг тайван байлгана гэж байхгүй гээд хэлэх хэлэхгүй үгээр дайрсан.
Ингээд Г.Б, Д.Э нар нь аргагүй байдлын улмаас 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр зээлийн гэрээнд гарын үсэг зурсан болно. Түүнчлэн зээлдэгч, зээлдүүлэгч нарын хооронд зээл хүссэн, зээл өгөх талаар гэрээний гол нөхцлийн талаар ярилцсан тохиролцсон ямар ч харилцаа үүсээгүй бөгөөд энэ гэрээ нь гэрээний хүчин төгөлдөр байх шаардлагад нийцээгүй.
Нотариатаар батлуулсан гэрээ нь гэрээ байгуулагдсан, үүрэг үүссэн гэх үндэслэл болохгүй бөгөөд зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг талуудад байсан, гэрээний зүйл болох мөнгө зээлдэгчид бодитойгоор шилжсэн тохиолдолд гэрээг хууль ёсны бөгөөд хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл болох юм.
2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр байгуулагдан нотариатаар батлуулсан Б.Г, Д.Э, Г.Б нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан хүч хэрэглэж хийсэн хэлцэл байх тул уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Б.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Г.Б, Д.Э нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Б.Г, Д.Баттөмөр нар нь 2006 оноос хамтран амьдарч байгаа бөгөөд эхнэр, нөхөр ба гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй.
Хариуцагч Г.Б, Д.Эын нөхөр Т.Гүррагчаа нар нь нэхэмжлэгч Б.Гийн нөхөр Д.Баттөмөрөөс 2014 оны 7 дугаар сараас мөн оны 12 дугаар сарын хооронд нийт 23.000.000 төгрөг зээлсэн бөгөөд үүнийгээ хүлээн зөвшөөрч 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн зээлийн гэрээг нөхөн байгуулсан.
Хариуцагч нар нь Б.Г, Д.Баттөмөр нарыг гэр бүлийн хүмүүс гэдгийг болон дээрхи 23.000.000 төгрөгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч гэрээг нөхөн байгуулсан. Хүлээн зөвшөөрөхгүй байсан бол гэрээг байгуулахгүй байж болох байсан. 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Д.Э, Г.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 41.974.995 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг,
/үндсэн зээл 23.000.000 төгрөг, 4 сар, 10 хоногийн хүү 4.983.330 төгрөг, алданги 13.991.665 төгрөг, нийт 41.974.995 төгрөг/,
хариуцагч Д.Э, Г.Б нар нь 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.
Б.Г нь Д.Э, Г.Б нартай харилцан тохирч 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр тэдэнд 23.000.000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл буюу 4 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн талаархи гэрээ байх ба уг гэрээнд талууд хэн аль гарын үсгээ зуран баталгаажуулж нотариатаар гэрчлүүлсэн байна.
/ХХ-ийн 4 дүгээр тал/
Хариуцагч тал Уг гэрээний дагуу мөнгө аваагүй, дээрхи гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар үйлийн 56.1.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл. Нэхэмжилж буй 23.000.000 төгрөгийг Б.Г бус түүний нөхөр гэх Д.Баттөмөрөөс нийт 5 удаагийн тохиолдлоор зээлсэн гэж,
Нэхэмжлэгч нь Урьд өмнө мөнгө зээлснээ баталгаажуулан дээрхи гэрээг байгуулсан. Үүнийг хариуцагч нар зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан хэмээн тус тус маргаж байна.
Д.Баттөмөр 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ:
Б.Гтэй 2006 оноос хойш хамтран амьдарч байгаа ба гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй. 2014 оны 7-12 дугаар саруудад Г.Б нарт нийт 23.000.000 төгрөг зээлсэн ба зээлээ төлөхгүй байсан тул эхнэр Б.Гтэйгээ ярилцаад мөнгө өгснөө баталгаажуулж 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн зээлийн гэрээг байгуулсан. Бид хоёр ярилцаад уг мөнгийг эхнэр Б.Г нэхэмжлэхээр болсон гэжээ.
Хариуцагч Г.Б нь Д.Баттөмөрөөс 2014 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 5.000.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 5.000.000 төгрөг, нийт 23.000.000 төгрөгийг бэлнээр болон дансаар хүлээн авсан, мөн уг мөнгийг Т.Гүррагчаатай хамтран явуулсан бизнестээ зарцуулсан талаар Г.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан ба талууд энэ талаар маргаагүй болохыг дурьдлаа.
/ХХ-ийн 84 дүгээр тал/
Хариуцагч Г.Б нь 23.000.000 төгрөгийн зээлийн хүүнд 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 3.250.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 1.150.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 1.150.000 төгрөг, нийт 5.550.000 төгрөгийг төлсөн нь талуудын тайлбар болон Г.Бы Хаан банк дахь дансны хуулгаар тогтоогдсон болно.
/ХХ-ийн 52, 58, 59 дүгээр тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан тайлбараа өөрөө баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч Г.Б нь өөрөө болон эхнэр Д.Мөнхзаяагаар дамжуулан, мөн Т.Гүррагчаа, түүний эхнэр Д.Э нар нийлэн 23.000.000 төгрөгийн зээлийн хүүнд нийт 17.050.000 төлсөн гэх боловч үүнийгээ баримтаар нотлоогүй, энэ талаарх баримтаа ирүүлээгүй болно.
Хариуцагч нар нь 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус байх хэлцлийн талаар заасан бөгөөд 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл,
60 дугаар зүйлийн 60.1-д нөгөө тал, эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэж тус тус заажээ.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д анхнаасаа хүчин төгөлдөр бус байх үндэслэлгүй хэлцлийн талаар заасан бөгөөд Хууль зөрчсөн гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ.
Тухайн төрлийн хэлцлийг хийхэд хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн боловч агуулгын хувьд байж болох хэлцэл энэ зүйлийн зохицуулалтад хамаарахгүй.
Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, нийгмийн зан суртахуунтай зөрчилдөж буй хэлцлийг зан суртахуунд харш гэж үзнэ.
Хүч хэрэглэснээр нөгөө этгээдийн бие махбодид шууд халдаж нөлөөлөхийг хэлэх ба харин заналхийлэл гэдэг нь нөгөө этгээдийн бие махбодид шууд халдахгүйгээр, хожим гэм хор учруулахаар урьдчилан мэдэгдэж байгааг ойлгох бөгөөд зээлдүүлэгч нь зээлдэгчид 23.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн талаар талууд тайлбарласан, Д.Баттөмөрийн урьд өмнө Г.Бд зээлсэн 23.000.000 төгрөгийг баталгаажуулан гэрээг бичгийн хэлбэрт оруулсан талаар зохигчид болон гэрчүүд тайлбарласан зэргээс үзэхэд дээрх хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл, хүч хэрэглэж хийсэн хэлцэл гэж үзэхгүй.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар гэр бүл гэж ... эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ гэж заасныг болон гэрч А.Эрдэнэбат, Е.Хишигдорж нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээс үзэхэд Б.Г, Д.Баттөмөр нар нь гэр бүл мөн байх бөгөөд гэр бүлийнхээ бусдад зээлдүүлсэн мөнгийг гэр бүлийн гишүүн болох Б.Г нэхэмжилсэн талаар гэрч Д.Баттөмөр мөн мэдүүлсэнээс үзэхэд Б.Г нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн байна гэж үзлээ.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан бөгөөд энэ нь хэлцэлд оролцогчдын хэн алины хүсэл зоригийг тусгасан нэгдсэн нэг баримтын агуулгыг хүлээн зөвшөөрснийг баталгаажуулах зорилгоор хэлцэл хийж буй, эсхүл эрх бүхий этгээд өөрийн нэр болон бусад тодорхой тэмдэглэлийг уг баримтад тусгахыг ойлгох ба 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн гэрээ нь хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл мөн байна.
2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн гэрээний дагуу Б.Гээс мөнгө зээлээгүй, уг 23.000.000 төгрөг нь Б.Гийн нөхөр Д.Баттөмөрөөс 2014 оны 7-12 дугаар саруудад зээлсэн мөнгө болох талаар зохигчид хэн алин нь тайлбарласан, урьд өмнө нь дээрхи хэмжээний мөнгө зээлснээ төлөхөөр хүлээн зөвшөөрч хожим гэрээ байгуулсныг буруутгах үндэслэлгүй.
Зээл авсны дараагаар уг зээлийн нөхцлийг бичгийн хэлбэрт оруулан баталгаажуулсан нь талуудын хүсэл зориг, гэрээний чөлөөт байдлыг үгүйсгэхгүй байгаагаас гадна хожим зээлийн нөхцлийг бичгийн хэлбэрт оруулсан нь хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээс буюу хариуцлагаас үүрэг гүйцэтгэгчийг чөлөөлөх үндэслэл болохгүй болно.
Т.Гүррагчаа 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ:
...Би Г.Бд зээлэнд барьцаал гээд өөрийн bennilli нэртэй ангийн буу болон морины хусуурыг өгсөн. Ямар нэг бичиг баримт үйлдээгүй. ... 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Д.Баттөмөрийн эхнэр гэх Б.Г ирээд манай нөхрөөс авсан мөнгийг чи Г.Бтай хамт хэрэглэсэн байна. Мөнгө өг, зээлийн гэрээ байгуулья гэж шаардсан ба гэрээ байгуулахаар нотариат дээр очиход миний иргэний үнэмлэх байгаагүй учраас эхнэр Д.Э гэрээнд гарын үсэг зурсан гэжээ.
2014 оны 7-12 саруудад Д.Баттөмөрийн гэр бүлээс мөнгө зээлэх үед Т.Гүррагчаа байлцсан, зээлдэгч Г.Бы хамт мөнгийг зарцуулсан талаар болон Т.Гүррагчаагийн иргэний үнэмлэх байхгүй байсан үндэслэлээр 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн гэрээнд түүний эхнэр Д.Э нь гарын үсэг зурсан талаар талууд болон гэрчүүд мэдүүлсэн.
Хариуцагч Г.Б уг 23.000.000 төгрөгийг Д.Баттөмөрөөс зээлсэнээ хүлээн зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан бөгөөд Д.Эад уг 23.000.000 төгрөгийг төлөхтэй холбоотой үүрэг үүсээгүй тул түүнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагч Г.Б зээлийн төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч тал түүнээс зээлээ буцаан шаардсан нь үндэслэлтэй бөгөөд зээлдэгч Г.Бы гэрээг бичгийн хэлбэрт оруулан баталгаажуулахаас өмнө хүлээн зөвшөөрч 5.500.000 төгрөгийн хүү төлснийг үндсэн зээлээс хасч тооцох боломжгүй.
Хариуцагч Г.Бы гүйцэтгэх ёстой үүрэг:
-Үндсэн зээл 23.000.000 төгрөг,
-23.000.000 төгрөг*5 хувь=1.150.000 төгрөг /1 сарын хүү/
-1.150.000 төгрөг/30 хоног=38.333 төгрөг /1 хоногийн хүү/
-Алданги- 13.991.665 төгрөг, нийт 41.974.995 төгрөг.
Иймд хариуцагч Г.Баас 41.974.995 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Гт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Д.Эад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.Э, Г.Б нарын 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Г.Б нь Т.Гүррагчаагийн морины хусуур болон bennilli нэртэй ангийн бууг түүнээс авч Д.Баттөмөрт зээлийн барьцаанд барьцаалсан, Т.Гүррагчаа нь өөрийн нэр дээр бүртгэлтэй ангийн буу болон морины хусуурыг Г.Бд зээлэнд барьцаал гэж өгсөн талаар хэн аль нь тайлбарласан ч барьцаалсантай холбоотой зээлдэгч, зээлдүүлэгч хэн аль нь ямар нэг бичгийн баримт буюу барьцааны зүйлийн шинж байдал, үнэлгээ гэх мэт барьцаатай холбоотой зүйлийг тусгасан баримт үйлдээгүй, энэ талаар шаардлага гаргаагүй тул зээлэнд барьцаалсан гэх эд хөрөнгийг хэрхэх талаар шийдвэрлэх боломжгүй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Г.Баас 41.974.995 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Гт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Д.Эад холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.Э, Г.Б нарын 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 368.000 төгрөгийг болон хариуцагч Д.Э, Г.Б нарын сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Баас 368.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Гт олгосугай.
4. Хариуцагч Г.Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Н.САРАНГҮН