| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилдоржийн Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/0161/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/140 |
| Огноо | 2025-03-12 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Г.Ч |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/140
2025 03 12 2025/ШЦТ/140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Мөнхбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М,
улсын яллагч Г.Ч,
шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч Т.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1.3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Н-д холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2502000000048 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1900 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 00 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл-5, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 00 байр, 0000 тоотод оршин суух хаягтай,
урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2019/ШЦТ/264 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, О овогт А-н Н (РД:ДЮ00000000).
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Н нь нийтийн албан тушаалтан буюу С дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Б Б” ХХК-ийн менежер Н.Н-тэй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн:
С дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах С дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэст бохир ус соруулах, зөөвөрлүүлэх зорилгоор 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр тус хэлтсийн дарга, "Б Б" ХХК-тай “Бохир ус тээвэрлэх” ажлын 6 дугаартай гэрээг компанийн гэрээ хариуцсан менежер Н.Н-тэй байгуулан,
2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд 155 удаа бохир ус соруулах ажил гүйцэтгэсний хариуд 14 удаагийн гүйлгээгээр 20,150,000 төгрөгийн санхүүжилтийг төрийн сангийн 000000000000, 000000000000 тоот данснаас “Б Б" ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 000000000 тоот данс руу шилжүүлэн авч,
Улмаар 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд дээрх мөнгөн хөрөнгөөс бохир соролтын тоо, хэмжээг нэмэгдүүлж 6,077,500 төгрөгийн илүү төлбөр гаргуулан өөрийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох нөхөр О.Б, нярав С.П нарын харилцах дансаар 4,062,000 төгрөгийг авч хувийн хэрэгцээндээ захиран зарцуулсан,
Мөн “Б Б" ХХК-ийн гэрээ хариуцсан менежер Н.Н илүү төлбөр болох 6,077,500 төгрөгийн 20 хувь буюу 1,215,500 төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болгох боломжийг бүрдүүлэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, С дүүргийн Төрийн сангийн хэлтэст нийт 6,077,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:
1. Шүүгдэгч А.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний бие хийсэн гэмт хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байгаа. Гэм буруу дээрээ ямар ч маргаан байхгүй. Өөрийн хүсэлтээр сайн дураараа хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан...” гэсэн мэдүүлэг,
2. Хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С дүүргийн 000, 000, 000, 000, 000 дүгээр цэцэрлэг, С дүүргийн хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсүүд нь улсын болон орон нутгийн төсвөөс бүрддэг. Цэцэрлэгүүдийн чиг үүрэг нь сургуулийн өмнөх боловсрол хүүхдэд эзэмшүүлэх чиг үүрэгтэй, харин С дүүргийн хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс нь гэмт хэрэг зөрчлийн улмаас хохирсон иргэдийг түр хамгаалж, эрх ашгийг хамгаалах чиг үүрэгтэй ажилладаг. Тус дүүргийн орон нутгийн төсөв С дүүргийн төрийн сангийн хэлтсээс санхүүждэг. Тухайн олгосон санхүүжилт нь С дүүргийн төрийн сангийн хэлтсээс орон нутгийн санхүүжилтээс жилийн төсөвт батлагдсан төсвийн дагуу олгодог. Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн батлагдсан төсвийн хуваарийн дагуу тухайн байгууллагууд руу cap бүр санхүүжилтийг шилжүүлдэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон бодит хохирлыг нэхэмжилж байна. Нэмж нэхэмжлэх хохирол байхгүй...” гэх мэдүүлэг (1 хх 21-23 дугаар хуудас),
3. Гэрч Н.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: " ...С дүүргийн Хүүхэд хамгааллын байрнаас 000 дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогч Д-ийн хамаатай гэх эмэгтэй нягтлан бодогч охин мөн бохир соролтын мөнгө цөөн удаа гаргуулж авсан. Энэ охин өөрөө яриад авч байсан. 2023 онд авч эхэлсэн. Цэцэрлэгүүдтэй ижил гар болгон гаргуулж аваагүй, цөөн хэдэн удаа гаргуулж авсан. Мөн бага дүнгээр гаргуулж авсан. Эдний соролт зарим сардаа 4, заримдаа соролтгүй өнжих үе байдаг. Хамгаалах хүүхэд нь их байгаа capдаа их сордог, хүүхэдгүй үед соролтгүй cap байдаг. Дарга гэж байдаг юм уу мэдэхгүй байна, зөвхөн нягтлан охин нь гаргуулж авсан. Байршил нь 159-р цэцэрлэгийн урд засмал зам дагуу байдаг...” гэх мэдүүлэг (1 хх 35-39 дүгээр хуудас),
4. Гэрч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дээрх цэцэрлэгүүдийг мөнгө илүү хийгээд гаргуулж авдгийг мэддэггүй байсан. Танай байгууллага дээр дахин ирэхэд мэдсэн. Учир нь би санхүүгийн гүйлгээнд огт оролцдоггүй, эхнэртэй хариуцуулдаг юм. Танай байгууллагаас дахин дуудаад эхнэрээсээ асуухад “дээрх цэцэрлэгүүдийг авдаг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би бүх цэцэрлэгүүдийг үнэнийг нь хэл гэж эхнэртэй хэлээд явуулсан. Манай эхнэр бүх үнэнээ хэлж бүх цэцэрлэгийг илчилсэн. Сүүлд эхнэрээс энэ асуудлыг сонсоход хясан боогдуулж, гэрээг цуцална, танайхаар соруулах гэж асуудал байнга гаргадаг байсан байна...” гэх мэдүүлэг (1 хх 41-42 дугаар хуудас),
5. Гэрч С.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний дансанд орж ирсэн 2024.06.03-ны өдрийн 1,040,000 төгрөгийг манай нягтлан бодогч Н хийлгэсэн. Тухайн хийлгэсэн мөнгөөр Х дүүргийн тэмээтэй хөшөөний цаана байрлах Шунхлай шатахуун түгээхийн оффисын байрнаас 1,040,000 төгрөгийн бензиний талон авхуулсан. Би тухайн бүх мөнгөнд 10,000 төгрөг, 20,000 төгрөгийн бензиний талон аваад бүгдийг нь Н-д хүлээлгэн өгсөн байна...” гэх мэдүүлэг (1 хх 49-50 дүгээр хуудас),
6. Гэрч О.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай эхнэр Н ажлын мөнгө байгаа юм гэж хэлээд миний дансны дугаарыг аваад дээрх гүйлгээнүүдийг хийсэн. Манай эхнэр над руу утсаар залгаад чиний дансанд хэдэн төгрөг орсон байгаа, тэр данс руу шилжүүл гэж хэлэхээр нь би тухайн данс руу нь шилжүүлээд, эсвэл бэлнээр гаргаад аваад ир гэж хэлэхээр нь АТМ-ээс бэлнээр гаргаж аваад эхнэрт өгдөг. Хаанаас ямар учиртай гүйлгээ орж ирсэн талаар мэдэхгүй байна. Ажлын мөнгө гэж хэлээд шилжүүлээд эхнэр буцаагаад авсан. Би энэ мөнгийг ашигласан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1 хх 54-55 дугаар хуудас),
7. Гэрч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хэлтсийн хүүхэд хамгааллын байр нь бохир соролт хийгддэгийг мэдсэн. Манай хэлтсийн даргын үүргийн орлож байхад нягтлан бодогч Н бохир соролтын санхүүжилтийг танилцуулахдаа тухайн хүүхэд ихтэй байсан, олон соролт гарсан ийм үнийн дүнтэй шилжүүлэхээр байна гэж танилцуулж байсан. Үүний дагуу би баталгаажуулж гарын үсэг зурсан. Бохир соролтоос илүү мөнгө гаргаж авах талаар үүрэг өгөөгүй, энэ талаар ч надад хэлээгүй...” гэх мэдүүлэг (1 хх 62-63 дугаар хуудас),
8. Гэрч Л.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мэдээгүй. Сүүлд танай байгууллагаас албан бичиг ирээд бохир соруулалтын тооцоог авахад Н надад бохир соруулалтын мөнгөнөөс би мөнгө гаргуулаад авсан байсан юм, уучлаарай даргаа гэж хэлэхээр нь би яагаад ийм үйлдэл хийж байгаа юм гэж хэлээд орхисон байсан. Миний хувьд гаргаж нэхэмжлэх үүсгэж боломж надад байдаггүй... Энэ талаар огт мэдээгүй байсан. Саяхан 7 хоногийн өмнө Н надад хэлсэн. Н хэлэхдээ “илүү мөнгө гаргаж өгөхгүй бол гэрээгээ цуцаллаа гээд илүү мөнгийг гаргаж өгдөг байсан” юм гэж хэлсэн. Компанийн данснаас бэлнээр гарсан мөнгийг Н хувийн дансандаа шилжүүлж хийгээд зарцуулдаг байсныг мэднэ, хэрхэн зарцуулдаг байсныг мэдэхгүй байна. Компанийн данснаас буцааж тухайн цэцэрлэгийн төрийн сангийн данс руу илүү соролтын мөнгө гэж буцааж шилжүүлсэн зүйл байхгүй, тайланд тусгагдаагүй. Тэгэхээр бэлнээр авсан мөнгөнөөсөө л илүү мөнгийг нь гаргаж өгч байсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг (1 хх 46-47 дугаар хуудас),
9. О.Б-ын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (1 хх 11-13 дугаар хуудас),
10. А.Н-гийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (1 хх 11-13 дугаар хуудас),
11. С дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн 2023-2024 онд “Б Б” ХХК-руу бохир ус соруулсны төлбөрт шилжүүлсэн мөнгөний дэлгэрэнгүй тооцоо (1 хх 96-166 дугаар хуудас),
12. А.Нгийн хувийн байдлыг тодруулсан баримтууд (хөрөнгө орлогын мэдүүлэг, ажлын байрны тодорхойлолт, ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ) (1 хх 182-188 дугаар хуудас),
13. 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Мөрдөгчийн магадлагаа (1 хх 201-205, 224-228 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч А.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлсэн, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч А.Нгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэх шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч А.Н нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гэвч гэмт хэргийн улмаас хууль бусаар олсон орлого болох 6.077.500 төгрөгийг А.Нгаас гаргуулж улсын орлогод оруулсан болно.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1.3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Н нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт А-ийн Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1,3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Нг нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч А.Нгийн гэмт хэргийн улмаас хууль бусаар олсон орлого болох 6.077.500 төгрөгийг түүнээс гаргуулж улсын орлогод оруулсаныг дурьдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Н нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.МӨНХБАЯР