| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилдоржийн Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/0163 |
| Дугаар | 2025/ШЦТ/141 |
| Огноо | 2025-03-12 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | М.С |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/141
2025 03 12 2025/ШЦТ/141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Мөнхбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М,
улсын яллагч М.С,
шүүгдэгч Ө.М, түүний өмгөөлөгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.М-д холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2406080060127 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1900 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “О С” ХХК-д салбарын менежер ажилтай, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 000-0 тоотод оршин суудаг,
урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-н өдрийн 706 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 246 дугаартай шийтгэх тогтоолоор урьд шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Ш овогт Ө М /РД:УП00000000/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.М нь 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 1000 оюутны байрны урд талд байрлах биллиардны газарт С.Э-той маргалдаж, улмаар биед нь халдаж, цохиур модоор толгой хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь дух ясны гадна болон дотор ялтас яс баруун нүдний ухархайн дээд ханыг хамарсан нийлмэл хугарал духны хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн голомтод няцрал духны хуйханд язарсан шарх, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:
1. Шүүгдэгч Ө.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хохирогч С.Э-той биллярдны газар согтуу байснаас болж маргалдаж, түүний толгой руу цохиж хүнд гэмтээсэндээ маш их харамсаж гэмшиж байна. С.Э-оос уучлал гуйж, хохирол төлсөн. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх гэж сайн дураар хүсэлтээ гаргасан нь үнэн...” гэсэн мэдүүлэг,
2. Хохирогч С.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгаас ирээд манай таньдаг дүүгийн ажиллуулдаг биллиардны газарт очсон. Тэнд М, биллиардны эзэн Б бид нар 1 шил архи, 1 шил виски хувааж уусан. Тэгээд би жаахан согтоод байж байтал манай найз болох Б ирээд бид нар тоглож, наргиж байгаад би согтуурхаад М-г өдөж хоргоогоод цохиж авсан. Тэгтэл найз болон тэнд байсан дүү нар салгасан. Тэгээд би сууж байгаад дахин М-г зүгээр байж байхад нь боож аваад барьцалдсан. Тэгтэл дахин нөгөө хүмүүс салгаад намайг аваад явтал гэнэт миний ухаан байхгүй болоод сэрээд хартал эмнэлэгийн орон дээр сэрсэн. Тухайн үед өөр юу болсон гэдгийг мэдэхгүй байна. Миний толгой цөмөрсөн одоо миний бие зүгээр байгаа, архи уугаад согтуурхаад л маргалдсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, архинаас болоод зүгээр байсан хүнд би өөрөө гай болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,
3. Гэрч С.З-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өчигдөр орой 23 цагийн орчимд 1000 оюутны байрны хажууд байрлах биллиардад очоод нөхрийгөө авах гээд хүлээсэн. Тэгтэл нөхөр намайг гарч ирж аваад дотогш ортол 6 залуу, 2 эмэгтэй хүн байсан. М гэх залууг би өмнө гэрийн гадна нэг удаа харж байсан. Тэгээд байж байтал М манай нөхрийг өдөөд байсан. Манай нөхөр болон М хоёр 2 удаа ариун цэврийн өрөө орж ярилцаад байсан. Тэгээд хэсэг юм яриад сууж байтал надад виски өгсөн залуу миний цамцыг оролдоод тэрийг нөхөр хараад уурлаад маргалдсан. Тэгтэл М гэх залуу нэг үг хэлтэл нөхөр очоод барьцалдаад авсан. Тэнд байсан хүмүүс салгаад хоёр тийшээ болоод байж байтал араас тас гээд л явсан. Тэгтэл нөхрийн хамар болон толгойноос нь цус гараад эхэлсэн. Тэгээд цагдаад хандсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40/,
4. Гэрч А.З-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Болдоо ах найзыгаа дагуулаад дэлгүүр ороод 1 литртэй Валентайнс гэх виски авч ирээд 6-уулаа хувааж уусан. Тухайн үед Б ах эхнэртэйгээ хэрүүл хийгээд орж гараад яваад байсан. Уух юм дуусаад Б гэх найз нь дахиад 1 шил виски аваад удаагүй байж байтал 20 цагийн орчимд гаднаас эхнэр нь орж ирсэн. Эхнэр нь орж ирсэн цагаас хойш Б ах агсарч эхэлсэн. Тэгээд М-г 2-3 удаа ариун цэврийн өрөө рүү дагуулж явсан. Тэндээ 2-3 удаа цохисон гэж надад хэлсэн. Тэгээд биллиардны ширээний хажууд байхдаа М руу Б ах агсарч эхэлсэн. Тэгээд тэр хоёрын дунд маргаан үүсээд заамдалцаад М-г ариун цэврийн өрөө рүү чирсэн. Өрөө рүү орохгүй зогсож байтал М 2-3 удаа нүүр хэсэгт нь цохисон. Тэгээд би очоод тэр 2-ыг салгаад байж байтал М палк аваад Б ахын толгой хэсэгт 1 удаа цохисон. Тэгтэл Б ах газарт унаад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-43-44/,
5. Гэрч Б.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тоглож байх хугацаанд М-тай маргалдах гээд үг хаяад өдөөд байсан. Тэгээд авсан юмаа ууж дуусгаад бужигналдаад байсан. М тэр хоёр 1 гараад, 1 ороод байгаад байсан. Тэгээд нэг мэдэхэд зодоон болоод Б ах цус нөжтэйгээ холилдсон сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/,
6. Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/,
7. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10/,
8. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-15/,
9. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 14274 дугаартай “...С.Э-ын биед дух ясны гадна болон дотор ялтас яс цөмөрч, баруун нудний ухархайн дээд хананыг хамарсан нийлмэл хугарал, духны хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн голомтод няцрал, духны хуйханд язарсан шарх, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Амь насанд аюулгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 32-34/,
10. Шүүгдэгч Ө.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52, 82-84)
11. Хохирогч С.Э-ын “...хохирлын мөнгө болох 3.000.000 төгрөг хүлээн авсан надад гомдол санал байхгүй...” гэх хүсэлт (хавтаст хэргийн 87) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч Ө.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлсэн, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Ө.Мгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэх шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Ө.М нь хохирогч С.Э-д учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоолыг мэдэгдэхэд татгалзаагүй байх тул шүүгдэгч Ө.М нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар 1ш Си Ди хураагдан ирсэн, шүүгдэгч Ө.М нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэгт 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Ө-ий М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Мд 12,000 (арван хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 (арван хоёр сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.Мд оногдуулсан 12,000,000 төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт хураан эд мөрийн баримтаар хураан авсан 1 ширхэг Си Ди-г хэргийн хамт хадгалсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.М нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ө.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.МӨНХБАЯР